Зураг
Зураг
Индэр    
2019 оны 9 сарын 10
Зураг
Хөрөнгийн зах зээл бол баялгийг тэгш хуваарилах, улстөрийг цэвэрлэх хамгийн үр ашигтай систем юм.

TRQ: "Оюу толгой"-н хувьцааг авах уу?

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрсөн 2013 оноос хойш тогтмол ажиглаж байгаа хүний хувьд энэ хувьцааны талаар хэд хэдэн дүгнэлтээ багцлан хүргэе гэж бодлоо.

Гадаад зах зээл, хувьцаа, форекс сонирхдог хүмүүс энэ хувьцааг "Авах уу? Яах уу?" гэж бодлогошрон суугаа болов уу.

ХУВЬЦААНЫ ХАНШ БОДИТ ҮНЭ ЦЭНЭЭСЭЭ ХЭТ БАГА ТҮВШИНД ИРСЭН

Блүүмбэргт таамаглал өгсөн шинжээчдийн дундаж ханшийн таамаглал 1.42 ам.долларт хүрчээ. Харин зах зээлийн ханш 0.455 ам.доллар. Эндээс харахад бид бодит үнээс нь 3 дахин хямд үнээр авах боломжтой гэж ойлгож болох юм. Хэрвээ тийм л үнэтэй эд юм бол яагаад 3 дахин хямд байгаа юм бэ? Энэ бол манай “улс төрийн эрсдэл”.
 
Монголын улс төрийн эрсдэл хөрөнгө оруулагчдыг үргээж, өөрсдийнхөө баялгийг 3 дахин хямд үнэтэй болгож буй хэрэг. Түүнийг нь зах зээл үнэлж байна шүү дээ. Оюутолгойн орд Монголд биш Чили, Бразил, Индонезэд байсан бол хувьцааны үнэ багадаа 3-4 ам.долларт хэлбэлзэх боломжтой гэж миний хувьд дүгнэдэг. Тэгэхээр өндөр ашгийг өндөр эрсдэл дагаж байна.

ЯМАР ЭРСДЛҮҮД ТАНЫГ ОТОЖ БАЙНА ВЭ?

Эрсдлийг илүү ойлгож, мэдэх, ухамсарлахын тулд түүх сөхье. Илүү бодит дүгнэлт гаргахад тань тус болж магадгүй гэсэн санааны үүднээс доорх графикийг тайлбарын хамт орууллаа. Өөр өөрсдийн оюунд тунгаан шүүнэ биз ээ.

 

Ч.Сайханбилэг Оюутолгойн далд уурхайн гэрээ байгуулах болсноо зарлав: 2013 онд зогсоод байсан далд уурхайн хөрөнгө оруулалт хоёр жил гацсаны эцэст Ч.Сайханбилэг Ерөнхий сайд Дубайн гэрээг байгуулсан билээ. Тэрбээр энэ талаар дөрөвдүгээр сарын 5-ны Ням гарагт орой хэд хэдэн телевизээр мэдэгдэл хийж, Оюутолгой болон Тавантолгойн гэрээг үзэглэх талаар зарласан юм.

Харин маргааш нь УИХ-ын дарга З.Энхболд Тавантолгойн гэрээнд гарын үсэг зурсан ямар ч сайдыг огцруулна гэсэн бол Оюутолгойн талаар нэг ч үг унагаагүй юм. Ингээд 3 орчим ам.долларын үнэтэй байсан хувьцаа нэг сарын дараа 4.4 ам.долларт хүрсэн билээ. 
 
Хятадын хөрөнгийн зах зээлийн хөөс хагарч, томоохон зах зээл бүгд уналтад оров: 2014 оноос эхлэн Хятадын Засгийн газраас ард иргэдээ хөрөнгийн зах зээлд идэвхтэй оролцохыг уриалж, улмаар хувь хүмүүсийн хэт их оролцоо зах зээлийг хөөсрүүлж орхисон юм. 2014 оны эхэнд 2,000 нэгж байсан Шанхайн биржийн индекс 2015 оны хагас гэхэд 5,250 нэгжид хүрч, 160%-аар өсөөд байлаа. Энэ үед Хятад даяар нийт 90 сая хүний арилжааны данс нээгдсэн байсан нь коммунист намын гишүүдийн тооноос ч их байлаа.
Тэд нийт арилжааны 70%-80%-ийг бүрдүүлж байв. Өөрөөр хэлбэл, хувь хүмүүсийн хэт их оролцоо хөрөнгийн зах зээлийг хөөсрүүлж орхиод байсан юм. Ингээд 2015 оны зургаадугаар сараас хөөс хагарч, 2016 оны эхэн хүртэл үргэлжилсэн ба зэсийн ханш дагаад унасан юм. Энэ нь "Оюу толгой"-н хувьцааны үнийг 4.4-оос 1.75 хүртэл 60%-аар буурахад хүргэсэн билээ.
 
Үүний дараа 2018 он хүртэл бүх зүйл хэвийн байлаа. Ил уурхайн олборлолт хэвийн байж, далд уурхайн бүтээн байгуулалт урагшилсаар. Зэсийн үнэ ч өсөлттэй, тун сайхан цаг байв. Энэ хооронд ханш 1.75-аас 3.5 хүртэл 100%-иар өсчээ.
 
ТЕГ-аас "Оюу толгой"-д 155 сая ам.долларын акт тавив: 2018 он гарангуут Татварын ерөнхий газраас 155 сая ам.долларын актыг "Оюу толгой"-д тавив. "Оюу толгой" үүний 1/3-ийг төлөх бэлэн гэдгээ хэлсэн ч Монголын тал зөвшөөрөөгүй бөгөөд өнөөдрийг хүртэл асуудал шийдэгдээгүй хэвээр байна.
 
Гадаад худалдааны дайнаас үүдэн зэсийн ханш унав: 2018 оны нэгдүгээр сард АНУ-ын ерөнхийлөгч Трамп БНХАУ-тай гадаад худалдааны маргаан эхлүүлж өдгөө уг асуудал гадаад худалдааны дайны хэмжээнд хүрч хүндэрчээ. Дэлхийн эдийн засгийн 40 хувийг бүрдүүлдэг их гүрнүүд нийт 660 тэрбумын бүтээгдэхүүндээ 10%-30%-ийн тариф тогтоосноор дэлхийн эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж улмаар зэсийн ханш тн тутамд 6,850-аас 5,790 хүртэл 13%-иар буурав. Энэ хооронд "Оюу толгой"-н ханш 3.5-аас 1.5 хүртэл 57%-иар буурчээ.
 
УИХ-аас Оюу толгойн далд уурхайн гэрээг шалгах ажлын хэсэг байгуулав: Уг ажлын хэсэг нь нэг жил гаран хугацаанд шалгалт хийж эцсийн дүгнэлтээ гаргахдаа “уг гэрээ нь Монголын талд ашиггүй. Хуулийн хүрээнд хийгдээгүй. Гэрээг шинэчлэх шаардлагатай” гэж дүгнэжээ. Энэ хооронд ханш 3.5-аас 1.5 хүртэл буурсан байна. Харин Рио Тинтогийн зүгээс “гэрээнээс нэг ч цэг, таслал өөрчлөхгүй” гэж хариу өгөөд байгаа.
 
Оюутолгойн далд уурхай эхлэх хугацаа хойшилж болзошгүй талаар компани мэдээлэл зарлав: 2019 хоёрдугаар сарын сүүлээр "Оюу толгой"-оос далд уурхайн зардал хэтэрч болзошгүй талаар анх удаа мэдэгдсэн юм. Ингэснээр дахин 2013 оны үйл явдал давтагдах эрсдэл үүссэн учир хөрөнгө оруулагчид хувьцаагаа хурдхан шиг худалджээ. Ингээд ханш 1.5-аас 1 хүртэл 33%-иар буурав
 
Далд уурхайн зардал 1.2-1.9 тэрбум ам.доллараар хэтэрч, хугацаа 2.5 жилээр хойшлох эрсдэл үүсэв: "Оюу толгой"-оос далд уурхайн зардал хэтэрч, олборлолт хийх хугацаа хойшлох талаар албан ёсоор мэдэгдэв. Ингээд ханш жинхэнэ утгаараа гоожив. Нэг өдрийн дотор 44%-аар унаж, 60 центэд хүрчээ. Нэг ам.доллараас бага үнэтэй болсон тул Нью-Йоркийн биржийн журмын дагуу биржээс хасагдах нөхцөл үүсэв.
 
ХОЁР ТАЛЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ

"Рио Тинто"-ийн хувьд (Рио Тинто ХК нь TRQ-ийн 51 хувийг эзэмшдэг ба TRQ нь Оюутолгойн ордын 66 хувийг эзэмшдэг) ирэх оны сонгуулийг хүлээх нь улс төрийн талаасаа оновчтой алхам юм. Ирэх жилийн сонгуульд ямар нам ялж, ямар хүмүүс төрийн өндөрлөгт гарахыг тодорхой болгох нь чухал.
Харин эдийн засаг талаасаа гадаад худалдааны дайны нөлөөгөөр зэсийн ханш 5,790 хүртэл буурсан, уг асуудал магадгүй АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл /2020 оны эцсээр/ шийдэгдэхээргүй байгаа үед хүч гарган далд уурхайг дуусгаж, олборлолтоо яаралтай эхлүүлэх шаардлагагүй болсон. Учир нь зэсийн ханш эргээд 7,000 хүрэхийн тулд дор хаяж 3-4 жил шаардлагатай гэж бодож байна. 
 
Энэ хооронд "Рио Тинто"-д Монголын сонгуулийг амжилттай давж, далд уурхайн зардлын хэтрэлтийг тохиролцох хангалттай цаг хугацаа байна.
 
Сонгуулиар гарч ирсэн нам засгийн эрхийг авч зохион байгуулалтад ороод "Рио Тинто"-той хэлэлцээр хийх хүртэл тодорхой хугацаа өнгөрнө. Хэлэлцээр эхлээд тохиролцоонд хүртэл бас л багагүй хугацаа орно. Өмнөх туршлагаар бол хоёр жил хэрэгтэй. Ингээд бодохоор уг асуудал үндэс сууриараа шийдэгдэх хүртэл цаашид 3-4 жил шаардлагатай болж байгаа юм. 

"РИО ТИНТО" МОНГОЛООС ГАРАХ УУ?
 
Үүнийг хэлэхэд үнэхээр хэцүү юм. Учир нь Оюутолгой шиг залуу бас нөөц ихтэй зэсийн орд дэлхий дээр ховор болсон юм билээ. Мөн уг орд нь зэсийн хэрэглээний хагасыг дангаараа эзэлж буй Хятадын хилээс хэдхэн км-ын зайтай. Хятадын хувьд уг орд тун үнэ цэнэтэй. Учир нь бид зэсийн баяжмал гаргаж байгаа.
 
2017 оноос эхлэн Хятад улс зэсийн баяжмалыг түлхүү авч, боловсруулсан зэс болон зэсийн хаягдал импортлохоо багасгаж эхэлсэн. Энэ нь байгаль орчин болон эдийн засгийн шалтгаантай. Тэгэхээр ийм үнэ цэнэтэй ордоо "Рио Тинто" тийм ч амар орхихгүй болов уу. Орхилоо гэхэд багагүй өндөр үнээр зарж таараа. Хамгийн боломжит худалдан авагч нь хүмүүсийн таамаглаж буйгаар Хятад байх болов уу даа.
 
БИД ЯАХ ЁСТОЙ ВЭ?
 
Энэ бүх нөхцөл байдалд Монгол иргэн би, та, бид яах ёстой вэ? Бидний ордын үнэ цэнэ бодит үнэ цэнээсээ 3 дахин хямд болж. Гэхдээ эрсдлүүд байгааг бодитоор харлаа. Ийм нөхцөлд танд дараах санааг хүргэе. 

  1. Алдсан ч харамсахааргүй мөнгөөрөө хувьцаа авах хэрэгтэй. Хэрэв нөхцөл байдал 1,000 хувь буруугаар эргэж, ханш уналаа гэхэд та оруулсан мөнгөндөө харамсахгүй байх хэрэгтэй. Тодруулбал, талхныхаа мөнгөөр хувьцаа хэзээ ч авч болохгүй. Харин хэрэглээнээсээ илүү гарсан мөнгөөрөө авах хэрэгтэй. Учир нь эрсдэл өндөр.  
  2. Нэг дор бус бага багаар авах хэрэгтэй. Бүх мөнгөөрөө нэг дор хувьцаа аваад хэрэггүй. Нэгэнтээ л бид эрсдлийг 100% тооцоолж чадахгүйгээс цааш сар бүрт тогтмол дүнгээр хувьцаа авбал таны дундаж ханш буурах боломжтой. Эс бөгөөс бүх мөнгөөрөө нэг дор авчихсан чинь ханш дахиад унавал яах вэ?
  3. Хувьцаа авсан мөнгөө мартах хэрэгтэй. Энэ хувьцаанаас ашиг олно гэдэг тэвчээртэй хүний ажил гэдийг та дээрх графикаас тодорхой харсан байх. Харин тэвчээртэй байхын хэрээр таныг зах зээл шагнана гэдэгт эргэлзэхгүй байна. 
  4. Нью-Йоркийн биржээс биш Торонтогоос аваарай. Хувьцааны ханш 1 ам.доллараас доош орсон тохиолдолд Нью-Йоркийн бирж нь бүртгэлээсээ хасдаг журамтай. Харин Торонтогийн биржид ийм зохицуулалт байхгүй. Юмыг яаж мэдэх вэ компани нь арга хэмжээ авч, ханшаа 1-ээс дээш гаргахгүй орхичихвол бас нэг ажил болно шүү дээ. Харин Торонтогоос хувьцаа авсан тохиолдолд та ам.долларын хувьцаа бус, канад долларын хувьцаа эзэмшдэг болох тул валютын ханшийн эрсдлээ тооцох хэрэгтэй. 

За энэ хүрээд нийтлэлээ дуусгая. Уг нийтлэл маань ямар нэгэн арилжаа, хөрөнгө оруулалтын зөвлөгөө биш бөгөөд зөвхөн мэдээлэл хүргэх зорилготой гэдгийг цохон тэмдэглэж байна. 

Таны шийдвэр мэргэн байг.
 
ИЛҮҮ ИХИЙГ МЭДЭХИЙГ ХҮСВЭЛ
 
Гадаад зах зээлийн талаар илүү их мэдээлэл, мэдлэгтэй болохыг хүсвэл 99664477 утсаар холбогдож жагсаалтанд бүртгүүлээрэй. Ингэснээр та тогтмол мэдээлэл, судалгааг хүлээн авч зах зээлтэй хөл нийлүүлэн алхах болно.