Индэр    
2019 оны 9 сарын 7
Зураг
Эдийн засагч, шинжээч

НӨАТ-ын 5 хувийн буцаан олголт боломжтой юу?

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Татварын суурь зарчим

Тосгонд хэдэн өрх амьдардаг байж. Тэд дундаа нэг худагтай. Өрх бүр ус авахдаа худгаа зохих ёсоор нь хэрэглэж чаддаггүйгээс худгийн ус нь бохирдоно. Нэг удаа тэд цуглаж, худгаа сэргээн засварлахаар тохиролцов. Дундаасаа тодорхой хэмжээний зоос гаргаж худгаа сэргээх, түүнийг байнга арчилж байх хэн нэгэн(төр) төлөөллийг сонгохоор шийдэв. Үр дүнд нь тэд мөнгө төлснийхөө төлөө тунгалаг ус уух боломжтой болно гэсэн үг. Цаашлаад зөвхөн худаг ч бус тосгоны сайн сайхан байдлыг нэмэгдүүлэх, улмаар өрх бүрд эерэг нөлөөлөх тийм зүйлсийг энэ мөнгөөр хийнэ гэсэн үг. Татварын энгийн суурь нь энэ. 

Бид орлогынхоо тодорхой хэсгийг нь улсад өгснөөр өөрийнхөө нийгмийн сайн сайхан байдлаа дээшлүүлэх, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ авах, гудамж талбай, гэрэлтүүлэг гэх мэт нийгмийн барааг хэрэглэхийн тулд төлж байгаа мөнгө. Бид татварыг шууд болон шууд бус байдлаар төлдөг. Орлогын албан татвар шууд татвар бол НӨАТ нь шууд бус татвар юм. “Нэмэгдсэн өртгийн” гэж нэрлэсэн шалтгаан нь тухайн бүтээгдэхүүний бүх өртөг шингэсний дараа борлуулалтаас нь авч буй татвар юм. 

Яагаад НӨАТ-ын буцаан олголт олгодог болов?

Эдийн засагт бүртгэлжүүлж чадахгүй ашиг, цалин, түрээс, татвар бүгдийг нь далд эдийн засагт хамааруулдаг. Дэлхийн банкны судалгаагаар манайх эдийн засгийнхаа 35 хувьтай тэнцэхүйц далд эдийн засагтай аж. ААН, иргэд татвараас бултах, татвараа багаар төлөх эсвэл нуун дарагдуулсан мөнгө нь далд эдийн засагт шингэдэг. Мэдээж тэр хэмжээгээр нь төсвийн орлого буурч, хэрэглэгч ч төлсөн татварынхаа үр ашгийг хүртэж чаддаггүй.  Тиймээс сууриар нь татварын орлогоо гүйцэд цуглуулахын тулд татвар төлөгчөөр нь хянуулах систем бодож олжээ. Үүнийг дэлхийд аль хэдийн татварын сууриа сайжруулах, бүртгэлжүүлэлтээ нэмэх зорилгоор ашиглаад эхэлчихсэн. Харин Монголд 2015 онд НӨАТ-н тухай шинэчилсэн хууль баталж, 2016 оноос хэрэгжүүлэв. 

Иргэдийн худалдан авсан бараа, үйлчилгээний НӨАТ-н орлогын 80 хувийг нь улс өөрөө авч, 20 хувийг нь "НӨАТ-н буцаан олголт" нэртэйгээр хэрэглэгчид урамшуулал болгон өгөх болов. Төр дангаараа ийм шат бүхэн цавчаатай, авилгажсан системд ААН-ээсээ НӨАТ цуглуулж барахгүй. Тиймээс татвар төлөгчтэй хамтдаа хянахаар шийдсэн. Мэдээж идэвхтэй 60 мянган ААН-г улсын татварын байцаагчаас гадна 3 сая хэрэглэгч хянах нь илүү үр дүнтэй биз ээ.

Зураг 1. НӨАТ-с хэрхэн буцаан олголт авдаг вэ?

 
Эх сурвалж: И-баримт, НӨАТ-н тухай хууль

НӨАТ-ын буцаан олголт зорилгодоо хүрэв үү?

Дээр хэлсэнчлэн эцсийн зорилго бол далд эдийн засагт яваад буй тэдгээр нуугдсан татваруудыг илрүүлэх замаар улсын төсөвт татварын орлогоо нэмэгдүүлэх байв. Харин энэхүү зорилгодоо хүрч чадсан эсэхийг нь жил бүрийн татварын орлогод НӨАТ-н орлогын эзлэх хувиас харах боломжтой. Тухайлбал 2016 оноос эдийн засаг сайжирсантай холбоотой татвар нэмэгдсэн гэж хэлж болох ч улсын татварын орлогод НӨАТ-н орлогын эзлэх хувь 2015 онд 21 байсан бол 2018 онд 27 хувь болтлоо өсчээ. Энэ нь тодорхой хэмжээнд зорилгодоо хүрч чадсаныг илтгэж байна.

Зураг 2. НӨАТ-н орлогын татварын орлогод эзлэх хувь

 
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

Азтан тодруулах мөнгөнийхөө оронд НӨАТ-н 2 хувийн буцаан олголт 5 хувь болгох боломж бий юу?

Бидний хамгийн их харддаг зүйл нь сугалааны тохирлоорх азтан нь асуудалгүйгээр тодордог уу? гэх хардлага. Учир нь жил бүр дунджаар 600 мянган татвар төлөгч НӨАТ-н буцаан олголт авдгаас сугалааны тохирлоор азтан болох магадлал тун бага. Жишээ нь, 2018 онд 100 саяын азтан 1, 20 саяын азтан 12, 4 саяын азтан 223 тодорчээ. Угтаа сугалаа, хонжвор ийм л зарчимтай. Хүмүүс сугалааны тохирлоор азтан тодруулахаа болиод НӨАТ-н 2 хувийн буцаан олголтын дүнгийн 5 хувь болгох санал, уриалга их гардаг. Эндээс бидэнд хэд хэдэн асуулт урган гарч ирнэ.

Сугалааны ШАГНАЛ-н сан нь НӨАТ-н 2 хувийн буцаан олголтыг 5 хувь хүртэл өсгөх мөнгөтэй дүйцэх үү? Мэдээж дүйцэхгүй. 

Статистик сөхье. Сугалаанаас азтан болсон татвар төлөгчдийн хожсон мөнгөн дүн нь 2016 онд 3.7 тэрбум төгрөг, 2017 онд 5.5 тэрбум төгрөг, 2018 онд 9.2 тэрбум төгрөг байсан. Харин НӨАТ-н 2 хувийн буцаан олголтоор 2017 онд 497 мянган татвар төлөгчид 35.1 тэрбум төгрөг, 2018 онд 654 мянган татвар төлөгчид 78.1 тэрбум төгрөг олгожээ. Тэгэхээр сугалааны азтаны шагналын дүн нь ердөө л НӨАТ-н 2 хувийн буцаан олголтоорх мөнгөн дүнгийн 10 орчим хувьтай л тэнцэж байна. 

Зураг 3. 2018 оны НӨАТ-н буцаан олголтын бүтэц, тэрбум төгрөг

 
Эх сурвалж: И-баримт, Үндэсний статистикийн хороо, Тайлбар: НӨАТ-н буцаан олголтын сангийн бүтцэд татвар төлөгчдийн авсан буцаан олголтын мөнгө, сугалааны шагналын сангийн мөнгө, тухайн сугалааг хийх, үйл ажиллагааг явуулахтай холбогдон гарах зардлын нийлбэрээр тодорхойлогдоно. НӨАТ-н сугалаатай холбоотой гарах зардлыг Сангийн яамнаас НӨАТ-н буцаан олголтын тодорхой хувийг зааж өгдөг.

Эх сурвалж: И-баримт, Үндэсний статистикийн хороо, Тайлбар: НӨАТ-н буцаан олголтын сангийн бүтцэд татвар төлөгчдийн авсан буцаан олголтын мөнгө, сугалааны шагналын сангийн мөнгө, тухайн сугалааг хийх, үйл ажиллагааг явуулахтай холбогдон гарах зардлын нийлбэрээр тодорхойлогдоно. НӨАТ-н сугалаатай холбоотой гарах зардлыг Сангийн яамнаас НӨАТ-н буцаан олголтын тодорхой хувийг зааж өгдөг.

Үнэндээ сугалааны тохирлоос азтан тодруулж буй нь ердөө л НӨАТ-н орлого бүрдүүлэх системээ үргэлжлүүлэн идэвхтэй байлгахад оршиж буй. Нөгөө талаас хүмүүс НӨАТ-н баримтаа бүртгүүлж хэдийн хэвшсэн гэдгийг ч бодож үзэх нь зүйтэй биз ээ.

Хэрвээ сугалааны тохирлоор азтан тодруулахгүйгээр шагналын сангийн мөнгийг шууд буцаан олголтод хуваарилсан бол дунджаар 1 хүнд хэдэн төгрөг нэмэгдэх боломжтой вэ?

Асуултад хариулахын тулд НӨАТ-н 2 хувийн буцаан олголтоос 1 хүн дунджаар хэдэн төгрөг авахыг тооцож үзэх хэрэгтэй. Тооцооллоор 2017 онд дунджаар 1 татвар төлөгч буцаан олголтоос 70 мянган төгрөг, 2018 онд 119 мянган төгрөг авчээ. Харин сугалааны шагналын санг шууд хуваарилсан бол 2017 онд дунджаар 1 татвар төлөгчид 11 мянган төгрөг, 2018 онд 14 мянган төгрөг тус тус нэмэгдэх байжээ.

НӨАТ-ын 5 хувийг буцаан олголтоор өгөх боломж бий юу?

Нэгэнт л сугалааны шагналын сангаас дорвитой мөнгө орж ирэхгүй хойно НӨАТ-н 2 хувийн буцаан олголтыг 5 хувь болгохын тулд улсын төсөвт орох иргэдийн төлсөн НӨАТ-н орлогоос авах ёстой. Гэвч ийм боломж бий эсэхийг нь харцгаая. 

2018 онд иргэдийн төлсөн НӨАТ-н орлого 570 тэрбум байв. Үүнээс төр өөрийнхөө 80 хувь болох 456 тэрбумыг өөртөө авав. Харин үлдсэн 20 хувь буюу 114 тэрбум төгрөгөөс 78 тэрбумыг татвар төлөгчдөд буцаан олголтоор олгосон(үлдсэнийг нь НӨАТ-н сугалаатай холбоотой зардал, шагналын санд зарцуулагдсан). Харин НӨАТ-н 5 хувийн буцаан олголтын зарчим нь орж ирсэн орлогыг нь улс, иргэн 50:50 хуваая л гэсэн үг. Тооцвол татвар төлөгчид ойролцоогоор 250 орчим тэрбум авах бөгөөд дунджаар 1 татвар төлөгч 380 орчим мянган төгрөг авахаар байна.  

Зураг 4. НӨАТ-н 2 болон 5 хувийн буцаан олголтоор тооцсон хувилбар, 2018 оны дүн

 
Эх сурвалж: И-баримт, Үндэсний статистикийн хороо, Тайлбар: 2018 оны буцаан олголтын дүнг ашиглав. НӨАТ-н 2 хувийн буцаан олголт нь хэрэгжсэн бодит утга. Харин 5 хувийн буцаан олголт нь тооцсон хувилбар

Улсын төсвөөс энэ хэмжээний мөнгө гаргах уу? Энэ нь хэр их мөнгө вэ?

Тэгэхээр шууд л талыг нь буюу 250 тэрбумыг нь буцаан олголтоор олгочихно гэдэг тэр хэмжээгээр татварын орлогыг бууруулна гэсэн үг. Энэ нь хэр их мөнгө вэ?

  • Улсын татварын орлогын 3.5 хувь
  • Тэтгэврийн сангийн алдагдлыг тэр чигээр нь нөхөх мөнгө
  • Жил бүрийн дундаж ЖДҮ-н санхүүжилт 62 тэрбум байдаг. Үүнээс 4 дахин их мөнгө

Тэгэхээр ийм хэмжээний мөнгө олгоно гэдэг бараг л боломжгүй л болов уу.