Индэр    
2019 оны 9 сарын 4
Зураг
Хөрөнгийн зах зээл бол баялгийг тэгш хуваарилах, улстөрийг цэвэрлэх хамгийн үр ашигтай систем юм.

УХААЛАГ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ №2: Ухаалаг тэвчээр хэрэгтэй

Зураг

Омахагийн зөнч хэмээх нэрээр олноо алдаршсан Уоррен Буфет эрхэм өдгөө хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийснээр 79.2 тэрбум ам.долларын хөрөнгийн эзэн болжээ.

Энэ жил 89 насыг зооглож буй энэ эрхэм зургаан настайгаасаа эхлэн "Кока кола" зарж бизнесээ эхэлж байсан түүхтэй. 

Тэрбээр 11 настайдаа анх удаа Сити Сервис компанийн хувьцааг 38 ам.доллараар авч байжээ. Төд удалгүй ханш нь 27 ам.доллар хүрсэн ч эргээд 40 хүрэхэд нь шууд л зарж орхиж.

Гэтэл зарсан хувьцааг нь хэсэг хугацааны дараа бүр 200 ам.долларт хүрсэн аж. Үүний дараа л тэр хөрөнгийн зах зээлээс ашиг олно гэдэг тэвчээртэй бөгөөд тууштай хүний ажил гэдгийг ухаарчээ. 

 

Яг үүнтэй төстэй үйл явдал надад ч бас тохиолдсон юм.

Би 2008 оны хавар ахынхаа найзаас хоёр сая төгрөг зээлэн Монголын хувьцаануудаас худалдан авч байв. Харамсалтай нь тэр үед надад АНУ-аас эхтэй дэлхийн эдийн засгийн хямрал өрнөж байгаа талаар ямар ч мэдээлэл, ойлголт байгаагүй юм. 

Ингээд 2009 оны зун гэхэд 800 орчим мянган төгрөг болтол хувьцааны ханш буурсан. Тухайн үед ингээд л хөрөнгийн зах зээл дахиж сэргэхгүй нь гэх бодол толгойд орж ирж билээ.

Үнэхээр арилжаа хэд дахин буурч, ханш хэд дахин унаж, итгэл найдвар тасарч байсан учраас хувьцаагаа бүгдийг нь зараад мөнгөө хадгаламжид хийлээ. Гэтэл яг намайг зарж дууссаны дараа ханш нь өндийж эхэлснээр 2011 он гэхэд хэд дахин нугарсан юм.

Хэрвээ би хүлээж байсан бол хоёр сая төгрөг маань 2011 онд 10 сая төгрөг болох байв. Ялангуяа нүүрсний хэдэн компаниуд хагас жил ч хүрэхгүй хугацаанд 10-30 дахин өсөж хөөсөрсөн юм.

Энэ үйл явдлаас би мэдээлэлгүйн дээр, тэвчээргүйн хорыг амссан. 2011 онд гуравдугаар курсын оюутан байсан би юун дээр алдсан талаараа эргүүлэн судалж дүгнэлт хийв.

2008 оны есдүгээр сард Lehman Brothers дампуурч, үүнээс ч өмнө буюу 2008 он дөнгөж гарахад АНУ-ын Доу-Жонсын индекс унаад байсан юм билээ. Үүний нөлөө нь дэлхийн эдийн засгийг унагааж 2009 онд эд хямрал тохиож байв.

Гэтэл 2009 онд Хятадын засгийн газраас 600 тэрбум ам.долларын сангийн тэлэх бодлого хэрэгжүүлж түүхий эдийн үнийг дээш шидэж орхилоо.

АНУ, Европ, Азийн томоохон эдийн засгууд мөнгөний бодлогын хүүгээ хурдацтай бууруулж тэлсний зэрэгцээ “Quantitative easing” хэмээх уламжлалт бус мөнгөний бодлогоор эдийн засагт шууд валютын нийлүүлэлт хийн идэвхижүүлж байв.

Бид ч Оюу толгойн гэрээг 2009 онд үзэглэж 2010 оноос доллар орж ирлээ. Ингээд 2011 онд Монгол Улс эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлж гайхан шагшигдаж байв.

Энэ нь Монголын хувьцаануудын үнэ тэнгэрт хадах суурь шалтгаан болсон байжээ. Үүнээс хойш хэрвээ би мэдээлэлтэй, судалгаатай, мэдлэгтэй, тэвчээртэй байсан бол их юм хүртэх байж хэмээн бодож, ирээдүйд хэрхэн эрсдэлийг боломж болгон ашиглах талаар төлөвлөдөг болсон юм.

Аливаа зүйл сайн муу хоёр талтай. Одоо эд өрнөж буй гадаад худалдааны дайн ч бидэнд эерэг болон сөрөг нөлөөгөө үзүүлж байна.

Жишээ нь, Зэсийн үнэ буурсан нь манай улсын экспортын орлогыг бууруулсан сөрөг үзүүлэлттэй байгаа бол алтны ханш өссөн нь эдийн засагт эерэг нөлөө үзүүлж байна. 

Хөрөнгийн зах зээлд тэвчээр маш чухал. Хамгийн гол нь “ухаалаг тэвчээр” хэрэгтэй.

"Ухаалаг тэвчээр” гэдэг нь зүгээр л хүлээгээд суухын нэр биш бөгөөд “мэдээлэлтэй, мэдлэгтэй, судалгаатай байж түүндээ итгэж үнэмшин хүлээцтэй байх”-ыг хэлнэ.

Өөрөөр хэлбэл, хувийн санхүүгээ зөв тооцоолж, мөнгөн урсгалаа оновчтой үнэлэн хувьцаанд хийсэн хөрөнгийнхөө үр дүнг нь гартал хүлээцтэй ажиглахыг хэлнэ. 

Ихэнх хүмүүс арилжаа бүрээс ашиг олох юм шиг санадаг. Гэвч бодит байдалд амжилттай хөрөнгө оруулагчид төгс хүн байдаггүй гэдгийг мэддэг учраас наймаа бүрээс ашиг олох боломжгүйг хүлээн зөвшөөрдөг.

Гагцхүү алдагдлаа эрт зогсоож, ашгаа бүрэн авах замаар санхүүгээ нэмэх дүнтэй байлгах нь чухал. Эхний удаа ашиг олохгүй бол тэвчээртэй байж, дараагийн боломжийг хүлээх хэрэгтэй.

Хэрвээ дахин алдвал хаана алдсанаа олж, алдаагаа засаад дараагийн алхмаа хий. Дахин дахин оролд.

Гурван удаагийн оролдлого хийхэд хоёрт нь алдсан ч нэгт нь оноход ашигтай биш юм гэхэд ядаж алдагдалгүй гарах боломжтой. Ингэсэн тохиолдолд дараагийн цикл дээр нэг алдаж, хоёр онож нэмэхтэй гарна. Харин  энэ бүхнийг зөв хийхэд зөвхөн “ухаалаг тэвчээр” л хэрэгтэй юм билээ. 

Нэгэнт хувьцааны хөрөнгө оруулалт маань амжилтгүй болчихсон юм чинь зээлсэн мөнгөө яаж төлсөн гэж үү?

Намайг 2012 онд их сургуулиа төгссөнийхөө дараа ажилд орсон юм. Тэр үед надад мөнгө зээлсэн хүн маань банкны хүүгээр бодож мөнгөө авна гэв.

2008 оны хавар авсан хоёр сая төгрөг 2012 оны хавар хүүтэйгээ 3.8 сая болсон байв. Ингээд би гэдэг хүн сар бүр цалингаасаа тодорхой хэмжээний мөнгө өгсөөр дуусгасан юм. 

Эргээд бодоход энэ бүхнээс би 3.8-хан сая төгрөгөөр маш үр дүнтэй төдийгүй дэлхийн ямар ч алдартай сургуульд заагаагүй тийм амьдралын туршлагыг олж авсан.

Тиймээс тэрхүү алдагдалдаа би огтхон ч харамсдаггүй бөгөөд одоо мэргэжлийн байгууллагад ажиллахад ийм гэнэн алдаа гаргахгүй байх ВАКЦИН-тай болсон.