Индэр    
2019 оны 8 сарын 16
Зураг
Хөрөнгийн зах зээл бол баялгийг тэгш хуваарилах, улстөрийг цэвэрлэх хамгийн үр ашигтай систем юм.

УХААЛАГ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ. ДУГААР 1: Ашгаасаа өмнө эрсдэлд төвлөр

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хэрэв мөнгөтэй болох амархан байдаг бол энэ дэлхийн бүх хүн мөнгөтэй,  чинээлэг байх байлаа. Гэвч 2018 оны байдлаар дэлхийн нийт насанд хүрсэн хүмүүсийн 1 хувь нь нийт баялагийн талыг эзэмшдэг бол нийт хүн амын тал нь нийт баялгийн 1 хувийг эзэмшиж байгааг 2018 оны Credit Suisse-ийн судалгаа болон Global Wealth Databook-ээс харж болно.

Судалгаанаас харахад та 1 сая ам.доллараас дээш хөрөнгөтэй болж чадах магадлал 1 хувь бол 10,000 ам.доллараас доош хөрөнгөтэй байх магадлал 64 хувь. Тэгэхээр хөрөнгө, чинээтэй болж санхүүгийн эрх чөлөөнд хүрч тэтгэвэртээ эрт гаран порше, феррари хөлөглөн салхи татуулан давхих, тансаг орд харшид амьдарч виски, вино шимэн суух, хүссэн үедээ хүссэн брэндээ худалдан авч гангарах, хүссэн орон руугаа хүссэн хугацаагаараа аялах боломж 5.4 тэрбум хүний 1 хувьд нь ногдож байна. Ганцхан 1 хувь шүү дээ. Тэгэхээр баян болох боломж байхгүй юм бишүү? 

Байзнаараа. Тэгвэл 1 хувь нь хэдэн хүн юм бэ? 54 сая хүн шүү дээ. Тэгвэл 54 сая хүний нэг нь байж болох юм биш үү? Мэдээж бололгүй яахав. 54 саяас 1 шүү дээ. Тэгвэл яаж тэдний нэг болох вэ? Үүний тулд та амархан аргыг биш харин ухаалаг аргыг сонгох хэрэгтэй. 

Амархан аргаар баяжих аргад Монголчууд бид дэндүү их хууртлаа даа. Байсхийгээд ийм тийм инвестмент, трэйдэрүүд гарч ирнэ. Шүдэнз шиг ассан тэр хүмүүс зул шиг бадамлаж чадалгүй мөхнө. Учир нь тэдний зарим нь анхнаасаа таныг луйвардах зорилготой байсан. Харин зарим нь өөрсдийгөө үргэлж дүрэлзэж чадна гэж итгэсэн байдаг. Гэвч эцэстээ бүгд л буруу тийшээ эргэсэн түүх дэндүү олон. Бүр хэдэн арван тэрбумаар салхинд хийсгэжээ.

Иймээс аливаа зүйлд мөнгөө хийж өсгөх гэж байгаа бол түр хүлээгээрэй. Та ашгаасаа өмнө эрсдэлд төвлөрөх хэрэгтэй. Өндөр ашиг өндөр эрсдэл. Их л ашиг амлах тусмаа тэр чинээгээрээ найдваргүй байх магадлал тун өндөр. Бүр ерөөс эрсдлийн тухай ярихгүй, зөвхөн ашиг л яриад байвал мөнгийг чинь авах гэж буй тэр хүн тэр чигтээ буруу замаар явж байна гэсэн үг. Тийм хүмүүсээс эртхэн шиг зайгаа барих хэрэгтэй.

Гэвч хүн бүрт тэгэж чадддаггүй. Учир нь хүний дотор “шунал” хэмээх айхтар хорон чанар оршиж байдаг. Тэр шунал хэтийдээд ирэхээрээ таны нүдийг сохолж эрсдэл хэмээх ангал руу түлхдэг. Зарим зальжин этгээдүүд тэрхүү шуналыг тань өдөөж мөнгийг чинь амархан салгаж чадна. Учир нь сарын 20 хувийн өгөөж өгнө гэж хэлэхэд танд юу бодогдох уу? 10 саяыг өгчихвөл жилийн дараа 240 хувиар өсөөд жилийн дараа 34 саятай болж түүгээрээ байрны урьдчилгаа хийж болох юм байна гэж бодно. Эсвэл Приусээ солиод Кроун болгочих юм байна гэж мөрөөднө.

Харин зарим нь өөрөө ч мэдэхгүй эрсдэл рүү гүйж орохдоо таны мөнгийг хамтад нь чирээд орно. Тэдний хувьд анхнаасаа таныг хуурах бодол байгаагүй ч өөрсдөө юу руу орж байгаагаа бүрэн ухамсарлаагүй байдаг. Ингээд төд удалгүй гал дүрэлзэж юу ч үгүй үнс болох нь тэр. 

Тэгэхээр ухаалаг хөрөнгө оруулагч аливаа зүйл рүү орохдоо шууд л эрсдэлд төвлөрөх ёстой. Яавал би мөнгөө алдаж болох вэ? гэдэг асуултад бодитой хариулт олж эрсдэлүүдээ хаах, удирдах хэрэгтэй. Наад зах нь тухайн компанийн /хүний/ үйл ажиллагаа, туршлага, хүмүүсийг нь судална.

Мэдээж ийм өндөр хувиар өсгөх гэж байгаа юм чинь эрсдэлтэй ажил хийж таараа. Тэрхүү эрсдэлтэй ажлаа хийх ур чадвар, мэдлэг үнэхээр байгаа юу? гэдгийг шалгана. Ихэнхи тохиолдол санхүүгийн чиглэлийн ийм/хөрөнгө оруулалт, арилжаа/ үйл ажиллагааг эрхлэхэд тусгай зөвшөөрөл шаарддаг. Тэгвэл тэр тусгай зөвшөөрөл нь байна уу? Хүмүүс нь мэргэшлийн зэрэгтэй юу? гэх зэрэг наад захын зүйлсийг харах ёстой юм. Ингэж чадвал та ядаж мөнгөө алдахгүй гэсэн үг. 

Мөнгөө алдахгүй байна гэдэг өсгөхийн эхний алхам юм. Ялангуяа санхүүгийн зах зээлд дөнгөж орж байгаа та “өөртөө бодит хүлээлт тавих хэрэгтэй”. Энэ жил би мөнгөө алдахгүй байх зорилго тавилаа. Зорилгодоо хүрж чадвал дараа жил 10 хувиар өсгөх зорилго тавь. Түүний дараа 20 хувиар, тэгээд 30 хувиар гэх мэтээр бодит зорилго тавьж түүндээ хүрж чадвал санхүүгийн эрх чөлөөнд хүрнэ.

Харин нэг сарын дотор мөнгөө 30 хувиар өсгөх, нэг, хоёр нугалах тухай бодохын ч хэрэггүй, тийм үлгэрт итгэх ч хэрэггүй. Магадгүй аз таараад  1,000 ам.долларыг 2,000 болгож болох юм. Үүндээ хэт харалган болж дараагийн сард машинаа зараад ахиад орно. Тэр үед та 20,000-ийг алдана. Учир нь таны амьдралд үргэлж аз таарна гэж итгэх нь дэндүү харалган бодол юм. Нэгэнтээ алдсан бол даруйхан зогсож алдаагаа засаад цаашаа хөдлөх хэрэгтэй. Эс бөгөөс нэг мөсөн сүйрнэ. 

Алдарт хөрөнгө оруулагч Омахагийн зөнч Уоррен Буффет “Дүрэм 1 бол мөнгөө алдахгүй байх. Харин дүрэм 2 бол дүрэм 1-ийг хэзээ ч мартахгүй байх” гэж хэлсэн удаатай. 

Дараагийн нийтлэлээр танд Ухаалаг хөрөнгө оруулагчийн дараагийн шинж чанарыг танилцуулах болно.