2019 оны 8 сарын 12
Эрүүл мэндийн боловсрол олгох цуврал подкаст

Unsick podcast #6: Кофег зөв зохистой хэрэглэвэл элэгний хавдар, хатуурал зэрэг эмгэгээс урьдчилан сэргийлнэ

Нийслэлчүүд бидний өдөр тутмын хэрэглээний нэг бол яах аргагүй кофе болжээ.

Кофе бол кафейн, антиоксидант, дитерпене зэрэг 1000 гаруй биологийн идэвхтэй бодис агуулсан нэгэн төрлийн бүтээгдэхүүн юм.

Энэ удаагийн дугаараар бид томоохон судалгааг нэгтгэсэн кофены хэрэглээ ба эрүүл мэнд сэдэвтэй мета-анализ судалгааг сонгон авч ярилцлаа.

Тэгэхээр кофе нь хүний биеийн эрүүл мэндэд зарим талаараа ашигтай, зарим талаараа сөрөг нөлөөтэй байдаг. Эрүүл мэндэд ашигтай тал нь цөсний чулуу үүсэлтийг бууруулах, чихрийн шижин өвчинд сайн нөлөөлөх, сэтгэл гутралыг багасгах зэрэг үйлчилгээ үзүүлдэг боловч хамгийн сайн нөлөөг элгэнд үзүүлдэг. Тухайлбал, элэгний хавдар, хатуурал үүсэхээс урьдчилан сэргийлэх, элэгний өөхлөлтийг бууруулах үйлдэл нь олон төрлийн судалгаагаар баттай нотлогдсон байна. Яагаад гэвэл хүчирхэг антиоксидант, эс хамгаалах бодисыг агуулах учраас элэгний эсийн задралыг багасгах, эсийг хамгаалах үйлдэл үзүүлсэнээр элэгний хавдар, хатуурлаас урьдчилан сэргийлдэг байна.

Харин зүрх дэлсэх, хэм алдагдалтай, жирэмсэн эхчүүдэд кофе хэрэглэхэд зохимжгүй нөлөө үзүүлдэг. Яагаад гэхээр кофе өөрөө кафейн хэмээх мэдрэлийн системийг идэвхжүүлэх бодис агуулна. Бид кофе уухад цусанд эдгээр идэвхтэй бодисын нөлөөгөөр зүрх дэлсэх, бага зэргийн даралт нэмэгдэх үзэгдэл ажиглагдана. Харин жирэмсэн эхчүүд ураг тээж байгаа учраас зүрх ачаалалтай, даралт ихсэх хандлагатай байна. Энэ үед кофе уухад сөргөөр нөлөөлдөг. 

Кофе эрүүл мэндэд ашиг тустай боловч зохистой хэрэглэх шаардлагатай. Энэ судалгаанд дурьдсанчлан кофег бага хэмжээгээр өдөр тутам хэрэглэхэд зарим хавдараас урьдчилан сэргийлэх үйлчилгээ үзүүлж байсан бол их хэрэглэхэд эдгээр үйлчилгээ буурч байлаа. Кофе их хэмжээгээр уухад витамин Д, эрдэсийг шээсээр ялгаруулах үйлчилгээтэй учраас яс сийрэгжих эрсдэл үүсэх боломжтой.

Хэрвээ эх сурвалж болгож ашигласан судалгааг унших бол энд дарна уу. Кофе эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөхийг подкастаар дэлгэрүүлж сонсоорой.

Unsick podcast
Apple podcast
Google podcast
Spotify
Stitcher
Anchor
Castbox

 

x