Зураг
Зураг
Индэр    
2019 оны 8 сарын 12
Зураг
iKon.mn сэтгүүлч

Тайгын хамгаалагч

Зураг
Гэрэл зургийг Ж.Төмөрсүх даргын фэйсбүүк хуудсаас авав.

"Залуу байхад нөхрөө ажилдаа явахад нь уйлаад л үлддэг байлаа. Хоёр, гурван сараар хаа яваа нь мэдэгдэхгүй, сураг чимээгүй явчихдаг тул хэцүү байдаг байсан. Гэхдээ ажлынх нь чухлыг мэддэг учраас яваандаа ажилд нь уусчихдаг юм билээ" хэмээн ярих С.Наранцэцэгийн нөхөр Ж.Төмөрсүх Хөвсгөлийн Улаан тайгын Улсын тусгай хамгаалалтын газрын даргаар ажилладаг.

Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд байрлах Улаан тайгын УТХГ-ын хамгаалалтын захиргаатай танилцаж, Ж.Төмөрсүхийн ярианаас тайгын байгаль хамгаалагчийн амьдралын жаргал баяр, хүнд хэцүүг сонссоноо хуваалцъя.

Тайгад “Тайгын хууль” үйлчилдэг
 
Гэрэл зургийг Хөвсгөлийн Улаан тайгын УТХГ-ын танилцуулгаас авав.

Тайгын байгаль хамгаалагчид жилийн 150-200 хоногийг тайгад өнгөрүүлдэг бөгөөд байгаль цаг уурын янз бүрийн нөхцөл, өвлийн хахир хүйтэнд агуй, модны доор хоноглон ажилладаг байна. Нэг байгаль хамгаалагчид ойролцоогоор 50x10 км орчим газар нутаг ногддог тул тэд урт хугацаагаар тайгад байхаас аргагүйд хүрдгийг Ж.Төмөрсүх дарга тайлбарлав.

Ж.Төмөрсүх гуай 1987 онд МУИС-ийг төгссөн даруйдаа уугуул нутагтаа буцаж, байгаль хамгаалах чиглэлээр ажиллаж эхэлжээ. Байгаль хамгаалагчийн ажлын хүнд хэцүүг ярьж эхэлсэн түүний ярианаас энэ ажлыг сэтгэл зүтгэлтэй хүн л хийдэг болох нь ойлгогдоно.

Тэр дундаа улаан тайгын байгаль хамгаалах ажил асар хүнд нөхцөлтэй аж.

“Байгалийн хүнд нөхцөл шалгуурыг даван туулсан хүн тайгад ажилладаг. Тайгын байгаль хамгаалагч цасанд хөлдчихгүй, усанд урсчихгүй, хаднаас нисчихгүй амьд үлдэх ёстой. Энэ бол тайгын хууль.

Энэ ажлыг сэтгэл зүтгэлтэй хүн хийнэ хэмээсний учир нь байгаль хамгаалагчийн цалин 400,000 төгрөг. Миний удирдлага дор ажилладаг 31 байгаль хамгаалагч лав цалин, мөнгөний төлөө биш тэднээс өөр хүн энэ ажлыг хийж чадахгүй гэдгийг ухамсарлан ажиллаж байна” хэмээн Ж.Төмөрсүх дарга бахархалтайгаар ярина.

Байгаль цаг уурын хүнд нөхцөлд ажиллаад  маш бага цалин авдаг хэрнээ жилийн талаас илүү хугацааг, баяр ёслолоор  ч тайгад өнгөрүүлэх зүтгэл юунаас эхтэйг бишрэн гайхмаар.

Байгаль хамгаалагчдын ажиллах нөхцөл:

 
Гэрэл зургийг Хөвсгөлийн Улаан тайгын УТХГ-ын танилцуулгаас авав.
 
Гэрэл зургийг Хөвсгөлийн Улаан тайгын УТХГ-ын танилцуулгаас авав.
 
Гэрэл зургийг Хөвсгөлийн Улаан тайгын УТХГ-ын танилцуулгаас авав.

Одоо ажиллаж байгаа байгаль хамгаалагчид дунд өмнө нь нэлээд гаршсан хулгайн анчин байсан есөн хүн лав байгаа. Тайгын аль бүсэд ямар нөхцөл рүү хэдэн настай, ямар ур чадвартай аль байгаль хамгаалагчаа явуулах вэ гэдэг нь тактик гэдгийг Ж.Төмөрсүх дарга хэлэв. Түүний яриаг анхааралтай сонсон суусан бид гайхширан “Хулгайн анчинг  яаж байгаль хамгаалагч болгосон юм бэ” гэхэд “Би энэ нутгийн уугуул, эндхийн хүмүүсийг ер нь мэднэ. Хулгайн ан хийх гэж байсан хүнийг барьж аваад, өөрийнх нь төрж, өссөн газраар дагуулаад явдаг. Ингээд нутгийнх нь сайхныг, яагаад хайрлаж хамгаалах ёстой талаар ярьж өгнө дөө. Төрж өссөн уулынхаа энгэр, голынхоо хөвөөнд байгаа хүн түүнийгээ энэрэн хайрладаг. Би тэр сэтгэлийг нь л гаргаж ирж, ойлгуулахыг хичээдэг.

Зах зээлийн үед байгаль хамгаалагчид сумын хуралд яваад орохоор ард иргэд яг л дайсан мэт харж, байгалийн хишгийг өөрсдөөс нь харамлалаа хэмээн эгдүүцэн хүлээн авдаг байлаа. Гурван ч удаагийн хурал дээр яриа хийгээд гарсны дараанаас хүмүүс ойлгож эхэлсэн" хэмээн хариулав.

Уур омог гарган дайрах бус харин үг хэлээрээ ойлгуулах түүний арга барил.

Тэр үргэлж  үлгэрлэдэг
 
Гэрэл зургийг Ж.Төмөрсүх даргын фэйсбүүк хуудсаас авав.

Байгаль эзэнгүй болж, байгалиас ашиг олж болох бүхнийг цөлмөж эхэлсэн үед тайгаас алт олборлон, чулуу түүж, уламжлалт ан агнуур хулгайн ан болон хувирч тайгын уугуул оршин суугчид агнах ангүй болж байсан үе бий.

Тухайн үед тайгын хойд хэсэгт 44 лиценз олгогдож, нинжа нарын тоо 7,000-д хүрэн, түүнийгээ дагаад Улаан-Уул суманд архидалт, гэмт хэргийн гаралт ч нэмэгдэж байсан нь тайгыг улсын тусгай хамгаалалтад авах шаардлагатайг батлан харуулсан байна.

2011 оны 11 сард БОАЖ сайдын тушаалаар Улаан тайгын УТХГ-ын захиргаа байгуулах шийдвэр гарч, 2012 оны 9-р сараас үйл ажиллагаа явуулж эхэлсэн. УТХГ-ын захиргаа байгуулагдахад Ж.Төмөрсүх гуай даргаар нь томилогдов.

Улаан тайгын УТХГ-ын захиргааны харьяанд Хорьдол-Сарьдагийн ДЦГ, Улаан тайгын ДЦГ, Тэнгис-Шишгэдийн БЦГ гэсэн гурван хамгаалалттай газар бүхий дөрвөн  сумын 1.5 гаруй сая га тайга бүхий нутаг хамрагддаг.

Бүс нутаг УТХГ-д орсон нь маш чухал шийдвэр байсныг Ж.Төмөрсүх дарга онцлон энэхүү ТХГ гэсэн нэрийн хуудсаар орж тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх бамбай болгосныг тайлбарлав.

Тайгыг тусгай хамгаалалтад авсан даруйд 1990 оноос хойш тоо толгой эрс буурч байсан зэрлэг цаа буйг, халиун буга, баданг хүдэр, тул загасны хууль бус агнуур тэмцэх ажлыг эрчимжүүлсэн байна. Үүний үр дүнд Аргаль 1990 онд 33 байсан бол 2017 онд 100 толгой, хандгай 180-210 толгой, гахай 100-150 толгой болон өсжээ. Түүнчлэн алтны нинжа нарыг тайгаас гаргах ажлыг эрчимжүүлэн, алт олборлож байсан газрыг цэвэрлэх ажлыг 2013-2016 онд хийж, олборлолт хийж байсан ул мөрийг арилгасан байна.

Алтны ул мөрийг арилгах цэвэрлэгээний ажил:

 
Гэрэл зургийг Хөвсгөлийн Улаан тайгын УТХГ-ын танилцуулгаас авав.
 
Гэрэл зургийг Хөвсгөлийн Улаан тайгын УТХГ-ын танилцуулгаас авав.
 
Гэрэл зургийг Хөвсгөлийн Улаан тайгын УТХГ-ын танилцуулгаас авав.

Тайгын экосистемд аюул заналхийлж байсан дээрх хоёр асуудлыг шийдсэний дараа УТХГ-ын захиргааны төв болон ууланд байгаль хамгаалагчдын байр барьж эхэлжээ.

“2016 онд ууланд байсан байгаль хамгаалагчийн байрыг хорлон сүйтгэгч шатаачихсан. Хэн шатаасныг би гадарлаж байлаа. Тиймээс тэр газарт байгаль хамгаалагчид өөрсдийн хүчээр долоо хоногийн дотор дахин байшин бариад, тэндээ сэжиглэж байсан хүнээ уриад цайлсан” хэмээн Ж.Төмөрсүх даргын хэлэх нь хүнд юм бодогдуулахын төлөө байдгийг нь илтгэнэ.

 
Гэрэл зургийг Хөвсгөлийн Улаан тайгын УТХГ-ын танилцуулгаас авав.

Өдгөө тус хамгаалалтын захиргааны төв болон ууланд нийтдээ 22 байшин байгаагаас 13-ыг нь байгаль хамгаалагчид өөрсдийн хүчээр барьжээ.

Хамгаалалтын захиргааны хашаан дахь замын чулууг хүртэл Ж.Төмөрсүх дарга ажилдаа ирж очих замдаа машиндаа нэг, хоёроор тавьж ирснийг ажилчид нь хэлж байв. Ийнхүү дэргэд нь байгаа хүн даган дуурайхгүй байхын аргагүйгээр үлгэрлэдэг аж.

Нөхрөө ажилдаа явахад нь уйлаад үлддэг байсан эхнэр С.Наранцэцэг нь өдгөө Хөвсгөл далай руу түрэн орсон Ар давхар  хойгийн эрэгт байгальд ээлтэй аялал жуулчлалын бааз ажиллуулдаг.

Тэрбээр “Аялал жуулчлал байгаль хамгаалал хоёр хамт яригдах ёстой.  Бид онгон байгалийг аялагчдад үзүүлэхийг зорьдог учраас ан амьтан хамгаалах ажлыг хийж байна.

Нэг байгаль хамгаалагчид ногдох талбай их байдаг учраас УТХГ-ын бүсэд байрладаг манай бааз энэ орчмын бүсдээ байгаль хамгаалагчийн ажлыг хийчихдэг юм. Байгаль хамгаалах ажлыг заавал төрийн байгууллагын ажилтан хийх бус тус бүс нутагт ажиллаж байгаа бааз хийх боломжтойг бусдадаа үлгэрлэн харуулж байна” хэмээн ярилаа.

Нар, салхиар эрчим хүчээ бүрэн шийдсэн, жорлонгоос ямар ч бохирдол хөрс рүү нэвчдэггүй, хогоо ангилан хаядаг гэх мэт байгальд ээлтэй аргаар асуудлаа шийдэж буй тус баазаас буцаад Хатгал тосгон руу завинд суухад таны амарсан гэрт байсан хогийг ууттай нь өгөөд явуулна. Энэ баазад авчирсан хогоо буцаан авч явах, харагдсан бол авах, заавал ангилан ялгах гэсэн дүрэм үйлчилдэг.

Тайгад байршуулсан камерууд 2018 онд нийт 70,000 гэрэл зураг дарсны дотор ирвэсийн зураг үлджээ
 
Гэрэл зургийг Хөвсгөлийн Улаан тайгын УТХГ-ын танилцуулгаас авав.

Улаан тайгын улсын тусгай хамгаалалтай газрын захиргаанд улсын төсвөөс жилд дунджаар 340 сая төгрөг олгодгийн 78 хувь нь цалин, урамшуулал, 9 хувь нь НДШ, 2 хувь нь байр ашиглалтай холбоотой зардал, 11 хувь нь бусад зардалд зарцуулагддаг байна.

Тус захиргаа өөрсдийн хариуцсан бүсэд байршуулах хаяг, тэмдэг тэмдэглэгээг нэг стандартаар хийх зорилгоор  дэргэдээ цех байгуулсан нь амжилттай болж, бусад газруудаас хаяг хийлгэх захиалга ирэх болсон байна. Энэ нь зөвхөн төсөв харж суулгүй үйл ажиллагааны зардлаа олох нэг гарц болоод байгаа аж.

 
Гэрэл зургийг Хөвсгөлийн Улаан тайгын УТХГ-ын танилцуулгаас авав.

Дээр дурдсан эерэг өөрчлөлтүүд гарсны дараа төслийн санхүүжилт нэмэгдэж, иргэд, клубүүд ч сайн дураараа хандив өгөх болсныг Ж.Төмөрсүх дарга хэлж байлаа.

Тайгын хамгаалалтын бүсийн хилээс дотогш 5 км-т л машин техникээр очих боломжтой бусад хэсэгт зөвхөн мориор болон явган очдог тул захиргаа болон эрдэм шинжилгээний байгууллагууд, их дээд сургуулиудтай хамтран тайгад камер суурилуулсан байна. Судалгааны болон автомат камерууд 2018 онд нийт 70,000 гэрэл зураг дарсны дотор ирвэсийн зураг үлдсэн байжээ.

Ж.Төмөрсүх дарга “Ирвэсийн зургийг хараад шууд л тайга руу гарсан. 2018 оны арванхоёрдугаар сарын 31-нд тайгад ирвэс харсан. Хэрвээ би баяр тэмдэглээд, оргилуун дарс буудуулаад сууж байсан бол тайгад ирвэс байгааг нотолж чадахгүй өнгөрөх байв. Байгаль хамгаалагчид ингэж л ажилладаг. Бид тайгад байхгүй бол хулгайн анчинг, алтны нинжаг зогсоож чадахгүй. Тиймээс бид баяраар ч тайгадаа л байдаг” хэмээн ярихдаа тун сэтгэл дүүрэн харагдана.

Ж.Төмөрсүх гуай ирвэсийн зураг хараад шууд тайга руу гарсан нь ч учиртай биз. Түүний ууган хүү, биологич Т.Лхагвасүмбэрэл агсан Өмнөговь аймагт ирвэс хамгаалах чиглэлээр ажиллаж байсан билээ.

Хань ижил, үр хүүхэд нь ийнхүү байгаль хамгаалах ажилд дурласан нь өөртэй нь холбоотой байх даа хэмээхэд түүний нүд нулимсаар дүүрнэ.