Индэр    
2019 оны 8 сарын 6
Зураг
Эдийн засагч, шинжээч

Монголын эдийн засгийн төлөв: Дата юу өгүүлнэ вэ?

Зураг

Нэг талаараа эдийн засгийг тал бүрээс нь тоогоор хэмжиж чадсан нь улс төрч, эдийн засагчдад тавьсан зугтах боломжгүй занга байсан юм.

Өөрөөр хэлбэл эдийн засаг уналттай үед ажилгүйдлийн түвшин өсөж, цалин ашиг буурснаар нийгмийн сайн сайхан байдал буурдаг. Улмаар улс төрч, эрх баригчид дараагийн сонгуулийн дүнгээ тавиулдаг гэсэн үг. Угтаа бол бидэнд байгаа хамгийн том зэвсэг бол эдийн засгийг хэмждэг эдгээр үзүүлэлт л юм. Магадгүй бид ийм үзүүлэлтүүдийг ойлгож, ярьж, хэлж, тэмцдэг бол сонгуулийн амлалт, хөтөлбөр, бодлого нь ч гэсэн дагаад өөрчлөгдөхсөн. 

Манай жижиг эдийн засаг сайн явна уу, муу явна уу? Цаашид яах талаар харцгаая.

Баялагийн хэмжүүр маань зөв заахгүй байна уу?

2019 оны эхний улиралд эдийн засгаа 8.6 хувиар өсгөж чаджээ. Энэ өсөлт гээд байгаа зүйлийн цаана гадаад, дотоодын компаниудын ашиг болон тэдгээрийн ажилчдадаа өгч буй цалин нь өмнөх жилтэйгээ харьцуулахад хэр өсөж чадсан эсэхийг харуулаад байгаа хэрэг.

Угтаа бол энэхүү 8.6 хувиас 3.5 нь уул уурхайгаас бий болсон тэр дундаа Оюу толгойн зэсийн агууламж нэмэгдэж, орлого нь 43 хувиар өссөнтэй холбоотой.

Бид энэ өсөлтийн хүртээмжгүй, тэгш бус байна гэж их ярьдаг. Ингэж хэлээд байгаа нь өнөөх гадаадын компаниудын ашиг, ажилчдын цалин болон уул уурхайтай холбоотой ажилладаг манай дотоодын хэдэн компаниудын ашиг, ажилчдын цалин нь л нэмэгдэж байгаа юм.

Нөгөө талаас үндэсний компаниудын ашиг, тэдний ажилчдадаа өссөн цалин өссөн эсэхийг үндэсний орлогоор хэмжиж болдог. Энэхүү үзүүлэлт 2018 оны байдлаар 2 хувиар буурчээ.

2019 оны хандлага: Эдийн засгийн өсөлтийг Дэлхийн банк, ОУВС, Монголбанк зэрэг томоохон судалгааны байгууллагаас 7 орчим хувьд байхаар төсөөлж байна. Эдийн засгийг дэмжих хүчин зүйл нь мэдээж мөнгө.

Эдгээр мөнгө нь хаагуур урсаж байгаагаас шалтгаалан эдийн засаг өсөж, буурах нь шалтгаалдаг. Эхний мөнгөний урсгал бол мэдээж банк. Банкуудын зээлийн хүү төдийлөн өсөөгүй нөхцөлд зээлээр дамжин ААН-үүдийг дэмжсээр байна.

Харин хоёр дах мөнгөний урсгал нь төсвийн мөнгө. Сонгууль дөхөж байгаатай холбоотой төсвөөр янз бүрийн худалдан авалтууд хийгдэнэ. Мэдээж та энэ урсгалууд дээр зогсож байгаа үед тэрхүү өсөлт гээд байгаа зүйлээс хүртэх боломжтой.

Инфляц: Хэрвээ таны цалин жилийн өмнөхөөс өсөөгүй бол худалдан авах чадвар тань 8.1 хувь буурчээ

Одоогоор инфляц 8.1 хувьтай байгаа нь таны цалин өсөөгүй бол худалдан авах чадвар тань энэ хувиар буурчээ гэсэн үг.

Хамгийн энгийнээр бид хэрэглэж байгаа маш олон нэр төрлийн бүтээгдэхүүнийхээ үнэ өсөж, буурч байгаа эсэхийг нь тодорхойлох хэрэгтэй байдаг.

Жишээ нь, Үхэр, адуу, хонь гэх мэт махны үнүүдээс ганцхан дундаж махны үнэ гаргаж авна. Энэ мэтчилэнгээр түгээмэл хэрэглэгддэг 300 гаруй бараа бүтээгдэхүүнийг дахин дундажлаад нэг инфляц гэсэн индекс гаргаж авдаг.

2019 оны хандлага: Дээр дурдсан өсөлт байгаа нөхцөлд бараа, бүтээгдэхүүний үнэ ч бас өсдөг. 2019 онд инфляц нэмэгдэх хандлагатай байгаа нь төсвийн орлогоо баруун, солгойгүй цацахаар төлөвлөсөн Засгийн газартай салшгүй холбоотой. Энэ нь мэдээж үнийн өсөлтийг бий болгоно. Тиймээс төв банкнаас бодлогын хүүг өсгөх магадлалтай. Мэдээж сонгуулийн дүнгээ сайн тавиулах гээд манай нөхдүүд хажуунаас нь дарамтлаад байхгүй бол шүү дээ.

Валютын ханш: Намайг бариарай

Гар бариад, бугуй барина гэдэг шиг ам.долларын ханш төгрөгийн эсрэг аажмаар чангарсаар байна. Доллар чангарах үед хэрэглээнийхээ 80 гаруй хувийг гаднаас авдаг манай улсад хүндээр тусдаг.

Он гарсаар Монгол банк валютын зах зээлд 1.2 тэрбум ам.доллар буюу одоогийн валютын нөөцийнхөө 30 хувьтай тэнцэхүйц валют нийлүүлжээ. Ер нь бид нар ногоонтой ноцолдвол амар барахгүй. Буулгах гэж үзэх тусам улам л чангарсаар байх болно.

Учир нь эдийн засагт гарч буй шийдвэр бүхэн хүний тархинд бүрэлдэж байдаг бодлоос гаралтай. Хүмүүс дотроо ам.доллар чангарна гээд хүлээчих л юм бол яг л түүн шигээ үйлдлийг зах зээлд гаргана гэсэн үг.

2019 оны хандлага: Валютын ханшийг мэдээж таамаглана гэдэг хэцүү. Гэвч бид хандлагыг нь ойлгох боломжтой. Он дуустал валютын ханш тогтвортой байх хэд хэдэн шалтгаан байна.

  • Улс төрийн сонирхол буюу сонгуулийн өмнө эдийн засгийн үзүүлэлт сайн гаргах
  • Төлбөрийн тэнцэл ашигтай хийгээд валютын орох урсгал, гарахаасаа их байна.
  • Банкуудын өөрийн хөрөнгийн эх үүсвэрийг шалгасны дараах ОУВС-н хөтөлбөрийн мөнгө
Хүлээгдэж буй эрсдэл

Мэдээж эдгээр нөхцөл байдал нь хүлээгдэж буй эрсдэл нь хэрхэхээс ихээхэн шалтгаална. Биднийг энэ онд хэд хэдэн томоохон эрсдэл хүлээж байна.

2019 оны хүлээгдэж буй эрсдэл

Үр дүн

Саарал жагсаалт

Гадагшаа төлбөр тооцоо хийхэд хүндрэлтэй болно. Гадаадын шууд хөрөнгө оруулалт, зээлжих зэрэглэл буурч, улсын эдийн засагт сөргөөр нөлөөлнө.

Оюутолгойн асуудал

Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотой зардал нь 2 тэрбум ам.доллараар нэмэгдэх тухай толгой компаниас мэдэгдсэн. Энэхүү шийдвэрийг Засгийн газраас хүлээж авах эсэхээс эдийн засагт томоохон үр дагавартай.

Төсвийн алдагдал нэмэгдэх

Сонгуулийн жил учраас төсвийг алдагдалтай баталсан. Гэвч хүлээгдэж буй алдагдлаас ихэнх нөхцөлд нэмж алдагдал бий болгодог нь эдийн засагт хортой.

Төв банкны хараат бус байдал

Инфляц өсөж, эдийн засаг халалттай байгааг хөндлөнгийн судалгааны байгууллагууд анхааруулсаар байгаа. Он дуустал төв банк инфляцыг тогтвортой барихын тулд хүүгээ өсгөх дарамт их байна. Харин энэхүү бодлогын шийдвэр хараат бус байж чадах уу гэдэг нь асуудалтай.

Түүхий эдийн үнэ

Хэдийгээр худалдааны дайн дэгдэж, түүхий эдийн үнэд сөргөөр нөлөөлж байгаа ч энэ онд төдийлөн хүчтэй нөлөөлөхгүй. Харин 2020, 2021 онуудад эдгээр нөлөөлөл нь хүчтэй мэдрэгдэх магадлалтай.