2019 оны 8 сарын 3
UNLOCK Podcast Мэдлэг мэдээллийг анлок хийж хуваалцацгаая.
iKon.mn сэтгүүлч

#UNLOCK 23: Эрүүлээр урт удаан амьдрахад туслах 12 төрлийн хүнсийг нэрлэж байна

Майкл Грегерийн эмээ нь 65 насандаа зүрхний хүнд өвчин тусаж, эмчилгээгүй хэмээн оношлогджээ.

Гэртээ суух болсон эмээ нь нэгэн удаа эрүүл хооллолтын сургалтад сууж, амьдралдаа хэрэгжүүлсний үр дүнд хүнд өвчнөө ялан дийлэв.

Энэ нь Майкл Грегерт эмч болох хүслийг төрүүлж, эрүүл хооллолтын үнэ цэнийг ойлгуулсан явдал байв. 

Ахлах сургуулиа төгсөөд тэрбээр дэлхийд нэр хүнд бүхий 10 сургуульд тэнцэв. Тэдгээрээс ирээдүйд суралцах сургуулиа сонгохдоо эрүүл, зөв хооллолтын талаар аль нь илүү их цагаар хичээл ордгийг харьцуулж байж сонгосон гэдэг. Гэвч их сургуульд зааж буй хичээлүүд чамлалттай санагдсан тул бие даан судалж, төгссөнийхөө дараагаар олон газарт явж, лекц, сургалт зохион байгуулах болжээ.

Эрүүл зөв хооллолт судлаач, эмч Майкл Грегерийн мэргэжлээ сонгосон түүх энэ бөгөөд 2015 онд "How not to die" номыг бичсэн байна. Энэхүү номыг iKon.mn сайт, UNLOCK подкаст хамтран та бүхэнд хүргэж байна. 

"How not to die" номыг сонсох:

Уг ном нь хоёр бүлэгтэй бөгөөд нэгдүгээр бүлэгт хүнийг үхэлд хүргэдэг 15 өвчний тухай тухай, түүнээс сэргийлэх болон эмчлэх тухай өгүүлсэн байна. Харин хоёрдугаар бүлэгт хэрэглэвэл зохистой 12 төрлийн хүнсний тухай бичжээ.

Бүлэг 1. Хүнийг үхэлд хүргэдэг аюулт өвчнүүд

Доктор Майкл Грегер хүнийг үхэлд хүргэдэг 15 өвчнөөр зүрх, уушги, тархи, хоол боловсруулах эрхтний өвчин, чихрийн шижин, цусны даралт ихсэх, бөөр, элэгний төрлийн өвчнүүдийг нэрлэжээ.

Дэлхий нийтэд хамгийн их тохиолдож буй нь цусны даралт ихсэх бөгөөд жилд есөн сая хүн энэ өвчний улмаас хорвоог орхидог. Тэгвэл өвчнийг үүсгэх нэг шалтгаан нь давсны хэт их хэрэглээ юм.

Давс нь боловсруулсан хүнсэнд их хэмжээгээр орсон байдаг. Жишээлбэл, пицца, тахианы шарсан мах, лаазалсан хүнс зэрэгт давс их агуулагддаг тул хүнс авах гэж буй бол 100 граммд хэр хэмжээний давс орсон байгааг заавал шалгах хэрэгтэй. Хэрэв 100 граммд агуулах давсны хэмжээ 100 мг-аас илүү байвал авахаас татгалзаарай.

Мөн бүхэл үрийн гурил даралт бууруулдаг. Тиймээс гурил авахдаа бүхэл үрийн гурил сонгох зүйтэй хэмээн доктор М.Грегер зөвлөжээ.

Бүлэг 2. Эрүүл аж төрөхөд туслах 12 төрлийн хүнс

Эрүүл хооллолт судлаач, эмч Майкл Грегер хүнсийг гурван ангилалд хуваажээ.

Ногоон гэрлийн хүнс: Ургамлын гаралтай 12 төрлийн хүнс
Шар гэрлийн хүнс: Мал, амьтны гаралтай боловсруулаагүй хүнс-Мах, сүү, сүүн бүтээгдэхүүн...
Улаан гэрлийн хүнс: Мал, амьтны гаралтай боловсруулсан хүнс-Хиам, лаазалсан бүтээгдэхүүн...

Номын энэ бүлэгт Ургамлын гаралтай хүнсийг 12 төрөлд бүлэглэн, ач тусыг нь тоочжээ. Харин улаан гэрлийн хүнсээс татгалзахыг, шар гэрлийн хүнсний тухайд аль болох хэрэглээгээ багасгахыг зөвлөжээ.

Ногоон гэрэлд багтаж буй хүнс:

 

1. Буурцаг - Хорт хавдрын эсрэг эрүүл хооллолтын тухай томоохон судалгааг 2007 онд хийжээ. Судалгааны дүнд хүн бүр өдөр тутамдаа буурцаг, бүхэл үрийн гурил, бор будаа хэрэглэх нь хорт хавдрын эсрэг хамгийн сайн хамгаалалт болно хэмээснийг номд онцолсон байна.

Түүнчлэн маханд байдаг бүх төрлийн уураг нь буурцагт ч бий бөгөөд махнаас илүү шим тэжээлтэйгийн дээр холестериныг бууруулдаг.

Хүмүүсийн сайн мэдэх дүфүг буурцагны сүүгээр хийдэг бол Япончуудын гол хэрэглээний нэг мисо шөлийг ч буурцгаар хийдэг. Үүнээс мисо шөлийг доктор Грегер онцгойлон авч үзжээ. Учир нь мисо шөлөнд ходоодны ашигтай бактер агуулагддаг. Гэвч мисог буцалгахад тэрхүү ашигтай бактер устдаг тул хоолны орцууд бүгд болсон хойно хамгийн сүүлд мисогоо хийж, уусгах ёстой аж. 

 
Гэрэл зургийг mpa.mn

2. Жимсгэнэ-Аньс, чацаргана, нэрс зэрэг тод өнгийн жимсгэнүүд антиоксидант буюу үл исэлдүүлэгч ихээр агуулдаг. Үл исэлдүүлэгч нь тархины хөгшрөлтийг удаашруулах, хорт хавдраас сэргийлэх, дархлааг сайжруулах гээд олон давуу талтай. Гэвч жирэмсэн эмэгтэйчүүд сүүлийн гурван сард хэрэглэхгүй байх нь зүйтэй.

3. Жимс-Жимсийг идэхдээ хальслалгүйгээр бүхлээр нь идэх нь биед илүү ашигтай аж. Мөн жимс сонгохдоо тод өнгийнхийг нь сонгох хэрэгтэй. Сонирхуулахад, киви гадил хоёрыг харьцуулахад киви хүүхдийн дархлааг хоёр дахин ихэсгэж, ханиад хүрэх магадлалыг бууруулдаг нь тогтоогджээ. Гадил жимсний антиоксидант 60 нэгж бол гүзээлзгэнийх 300, цангис жимснийх 330 байдаг.

 

4. Байцааны төрлийн ногоо-Ямар ч аргаар ургуулсан бай ногооны ашиг тус адил байдаг гэнэ. Генийн өөрчлөлттэй аюултай гэгдсэн ногоонуудыг туршиж үзэхэд хүний биед ямар нэгэн аюул учруулаагүйг "How not to die" номд өгүүлжээ. Иймд хоол хүнсэндээ ногоог түлхүү хэрэглэж байхыг эрүүл хооллолтын мэргэжилтэн зөвлөжээ. Учир нь ямар ч ногоо махнаас илүү үр ашигтай

Мөн цэцэгт байцаа, байцаа, хүрэн байцааг тогтмол хэрэглэх нь зөв. Үүнд хорт хавдраас сэргийлдэг, нүдний хараанд сайн бодис байдаг. Харин удаан буцалгаснаас алдагддаг тул тэрхүү ашигтай бодисыг хадгалахын тулд байцааг хэрчсэний дараа 40 минутын хугацаанд тасалгааны хэмд хадгалж байж хоолондоо хийх хэрэгтэй юм.

5. Навчит ногоо-Түүхийгээр нь хэрэглэж болохуйц бууцай зэргийн навчит хүнс. Ногоонд байж болох бүх төрлийн амин дэм, эрдэс бодис нь навчит ногоонуудад бий.  

6. Бусад төрлийн ногоо-Олон төрлийн ногооноос сармисыг онцолж байна. Энэхүү ногоо нь хорт хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Мөн "How not to die" номын хэсэгт зарим ногоог буцалгаж хэрэглэхэд амин дэм нь ихэсдэг тухай бичсэн байна. Жишээ нь лууванг буцалгахад А амин дэм нь зургаа дахин ихэсдэг, улаан лоолийн шүүсийг буцалгаж хэрэглэхэд үр шим нь нэмэгддэг.

7, 8.  Үр, самар- Энэ нь омега-3-ыг их хэмжээгээр агуулдаг. Самар идэхгүй байх нь өвчин тусах гурван том шалтгааны нэг хэмээн номд өгүүлжээ. 

 

9. Халуун ногоо-Цагаан гаа, карри, сармис, синнамон, турмерик зэрэг нь энэ ангилалд багтана. Турмерик нь 1/4 халбага хэрэглэснээр хортой утааны нөлөөг хоёр дахин бууруулдаг. Элдэв амт, үнэргүй тул ямар ч төрлийн хоолонд хэрэглэх боломжтой. Мөн толгой нь хатгуулж өвддөг хүмүүст цагаан гаа сайн.

10. Бүхэл үрийн гурил, бор будаа-Энэ төрлийн хүнсний зүйлд гэдэсний ашигтай бактери, пробиотикийг дэмждэг бодис их байдаг. Тиймээс гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөний сайжруулдаг. 

11. Шингэн уух зүйл-Шингэний хэрэгцээг нөхөхөд ус, сүү чихэр холиогүй цай, кофе юм. Хүний өдөрт уух усны хэмжээ нь найман аяга гэдэг ч таван аяга байхад хангалттай гэжээ. Үлдснийг нь бид хоол, жимс зэрэг бусад төрлийн хүнсээс авдаг байна.

12. Дасгал хөдөлгөөн-Идэх амархан ч калорийг нь шатаахын тулд их хөдөлмөр, цаг зарцуулдаг. Тухайлбал, нэг зүсэм талхан дээрээ түрхсэн маслог шатаахын тулд 1.5 км алхах ёстой болдог. 

Түүнчлэн, та өдөр бүр 30 минут гүйдэг эсвэл нэг цаг дасгал хийдэг байлаа ч суугаа ажил хийдэг бол хөдөлгөөнтэй ажилладаг хүнтэй харьцуулахад урт наслах магадлал буурдаг. Тиймээс удаан хугацаагаар суухгүйн тулд цай, ус уухаар босож явах, шатаар алхах гэх зэргээр хөдөлж байх хэрэгтэй гэжээ.

x