Монголчуудын уламжлалт сайхан соёл бол зун цагт наадамлан амарч аваад, ирэх намартаа эрч хүчээр дүүрэн ажил болон сургуульдаа ордог. Тэгэхээр зуны сайхан өдрүүдэд хөдөө гадаа наранд гарч витамин Д-г биедээ сайн нийлэгжүүлж авахыг зөвлөе. Иймд энэ удаагийн дугаартаа Витамин Д-тэй холбоотой судалгааны өгүүллийг сонгон авч ярилцав.
Бид витамин Д-ийн дутагдлыг зөвхөн рахит, сульдаа өвчнөөр хязгаарлахгүй, дархлаа тогтолцоо, харшил, ясны сийрэгжилт зэрэг олон эмгэгт чухал үүрэгтэй оролцдог болохыг мэдэх хэрэгтэй. Бактерийн халдварын үед дархлааны залгигч эс болон макрофаг эсийн идэвжүүлэх үйлдэлтэй учраас витамин Д бол сүрьеэгийн микобактерийг устгах, зайлуулахад чухал үүрэгтэй юм.
Энэ удаагийн дугаарт Medicine сэтгүүлд хэвлэгдсэн “The association between vitamin D status and tuberculosis in children, A meta-analysis” судалгааны ажлыг сонгон авч ярилцлаа. Энэхүү 18-аас доош насны хүүхдэд хийгдсэн мета-анализ судалгаа нь нийтдээ 585 судалгаанаас ижил төстэй 103 судалгааг сонгож авч, хүүхдийн витамин Д ба сүрьеэгийн микобактер хоёрын хоорондох хамаарлыг судалж тодорхой үр дүнгүүдийг гарган авсан.
Витамин Д бол дархлааны эсүүд, нэн ялангуяа залгигч эсийн үйл ажиллагаанд оролцдог кателицидин хэмээх уургийн нийлэгшлийг нэмэгдүүлнэ. Тийм учраас сүрьеэгийн микобактерыг устгах болон зайлуулахад чухал үүрэгтэй оролцдог. Сүрьеэгийн халдвар авсан болон эрүүл хүүхдийн витамин Д-ийн агууламжийг үзэхэд сүрьеэгийн халдвартай хүүхдэд тус витамины хэмжээ маш бага байсан. Олон судалгааны үр дүнгээс харахад витамин Д агууламж бага байх нь хүүхэд сүрьеэгийн халдвараар өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэг болохыг нотолжээ.
Хүний бие нарны хэт ягаан туяаны тусламжтайгаар витамин Д-г арьсанд нийлэгжүүлдэг. Үүнээс гадна элбэг агуулах хүнсний бүтээгдэхүүн болох загас, загасны тос, витамин Д-ээр баяжуулсан сүү, өндөг зэргээс авах боломжтой (Зураг). Монгол орон далайд гарцгүй учраас загас болон далайн гаралтай бүтээгдэхүүний хэрэглээ маш бага байдаг. Мөн нэмэлтээр Монгол орон өвлийн улиралд нарны тусгалаас холдож хүйтэрдэг учраас арьсанд витамин Д-ийн нийлэгжих боломж хомс юм.
Витамин Д-ээр баялаг хүнс
Энэ судалгаагаар сүрьеэтэй хүүхдэд витамин Д агууламж бага байгаа нь Монгол төдийгүй Австри, Испани, Индонез зэрэг олон улс оронд хийгдсэн судалгаагаар нотлогдсон. Хүний биед халдварласан сүрьеэгийн микобактерийг дархлааны эсүүд залгиж гадагшлуулахад Витамин Д-ын үүрэг чухал болохыг олон судалгаагаар баталжээ.
Бид подкаст бэлтгэхдээ олон улсын нэр хүнд бүхий сэтгүүлд хэвлэгдсэн олон судалгааг харьцуулан судалсан мета-анализ болон удирдамжийг эх сурвалж болгон ашигладаг. Мөн уг эх сурвалжийг дараах линкээс татах боломжтой юм.
Эх сурвалж: https://bit.ly/2NrNwTG
Дэлгэрэнгүй ярилцлагыг подкастаар сонсоорой.
Unsick podcast:
Apple podcast
Google podcast
Spotify
Podbean
Stitcher
Anchor
Castbox
Radiopublic