Хотууд ногоон байгууламж, нийтийн паркуудаа алдахтай зэрэгцээд төрөл бүрийн бохирдол нэмэгдэж буйг дэлхийн хотууд туршлагаараа нотолсон бөгөөд Нью-Йорк, Сингапур зэрэг хотууд үүний эсрэг эрчимтэй арга хэмжээ авч, үлгэр дууриал болж чадаж байна.
Хэдхэн сар харж баясдаг ч гэлээ ногоон байгууламж, мод ургамал хотод байх нь ямар ач холбогдолтой вэ?
Ингээд тооцвол манай Хүүхдийн парк, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн гэх мэт байгууламжууд асар их үнэлгээтэй нь харагдана. Хотын зүгээс эдгээртэй адил ногоон зай талбай бүрийг нарийвчлан судалж, тэдгээр газрын үнэлгээг улам өсгөх хөрөнгө оруулалтыг сайтар хийснээр ирээдүйн өгөөжийг нь нэмэгдүүлэх алсын хараатай ажиллах ёстой. Мэдээж дагаад эргэн тойрных нь газрын үнэлгээ өсөх ёстой юм.
Нью-Йоркийн Централ паркийн үнэлгээ 48.7 тэрбум ам.доллар
Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэхдээ асар их ажил болж, газар чөлөөлөлт хийгдэж байгаа. Гэсэн хэдий ч тухай байршилдаа ахиад л үнэлгээ муутай орон сууцны нэг хоёр барилга барих нь урт хугацаандаа ямар ч үнэ цэнгүй төлөвлөлт харагдаад байгаа юм. Нэг хэсэг газрыг тэр чигт нь нүүлгэн шилжүүлж, нөхөн сэргээх ажил сайтар хийсний дараагаар Улаанбаатар хот дахь хамгийн том цэцэрлэгт хүрээлэн байгуулах боломж мэдээж бий. Дагаад өнөөх үнэтэй бүтээн байгуулалтууд нь хийгдээд ирэх бөгөөд гэр хорооллуудыг ийм аргаар томоор нь хумих боломжийг туршаад үзэх хэрэгтэй. Хамгийн эхэнд Баянбүрд, 7 дугаар хороолол, 100 айл орчмоос эсвэл Яармагаас эхлэх хэрэгтэй.
Хотын АА зэрэглэлийн байршил дахь боломжит бүх барилгуудын гаднах хашаа хашлагуудыг буулгаж, бут сөөг, модоор орлуулах санаачилгыг хотоос сайтар дэмжих хэрэгтэй. Ингэж албадан чиглүүлэх боломж, хүний нөөц, эрх мэдэл хотын удирдлагуудад хангалттай бий. Албадлагаас зайлсхийе гэвэл төрөл бүрийн татаас, урамшууллын аргаар энэ тал дээр ажиллавал богино хугацаанд маш эерэг өөрчлөлт гарч болно.
Дээврүүдээ ногооруулах, паркууд байгуулах санаачилгууд нэг хэсэг эрчимтэй хөгжсөн. Энэ талаар судалгаа хийж, ашиглагдахгүй орхигдсон дээврүүдийн аюулгүй байдлыг ханган ашиглалтад оруулах. Эсвэл Vertical garden буюу босоо цэцэрлэгжүүлэлтийг дэмжих ажлууд хийх. Цаг уурын төстэй нөхцөлд туршигдсан дэлхийн олон хотуудын жишээ байгаа тул хийгээд туршчихсан газраас нь тусламж авч болохгүй гэх зүйлгүй. Энэ тал дээр хувийн хэвшлүүд манлайлан ажиллах бүрэн боломжтой.
Дунд сургуулийн сурагчид, оюутнуудыг хотын ногоон байгууламжийг сайжруулах, арчлалт хамгаалалтыг нэмэгдүүлэх тал дээр цагийн ажлын системээр урамшуулан дайчлах боломж бий. Шинэ үеийн хотын иргэд дуртайяа, таатайяа хайрлан гамнаж энэ төрлийн ажлыг гүйцэтгэнэ гэдэг итгэл надад байдаг. Саяхан Филиппин улсад төгсөх ангийн сурагч бүр заавал 10 мод тарих хууль хэрэгжиж эхэлсэн тухай та уншсан биз ээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!