Зураг
Зураг
Индэр    
2019 оны 6 сарын 15
Зураг
UNLOCK Podcast Мэдлэг мэдээллийг анлок хийж хуваалцацгаая.
Зураг
iKon.mn сэтгүүлч

#UNLOCK16: Өнөө цагийн хамгийн баян эрхэм Жэф Безос ба Амазоны эрин үе

Зураг

Цахиурын хөндийд 20 орчим жил ажиллан, технологийн шинэ нээлт, бүтээгдэхүүнийг сурвалжилдаг сэтгүүлч, зохиолч Брэд Стоун "The everything store: Jeff Bezos and The Age of Amazon" буюу өнөө цаг дахь манай гарагийн хамгийн баян эрхэм Жэф Безосын тухай номыг 2013 онд гаргажээ.

Энэхүү ном хэвлэгдсэн даруйдаа олон улсын шилдэг борлуулалттай номын жагсаалтуудыг тэргүүлж, өдгөө 26 улсын хэлд орчуулагдаад байна.  

"The everything store: Jeff Bezos and The Age of Amazon" Жэф Безосын зан араншин, бизнесийн зарчим, арга барил болон ихэнх хүний танил Амазон хэрхэн бүрэлдэн бий болсон тухай өгүүлдэг. Олны өмнө инээмсэглэсэн дөлгөөн хүн шиг харагдах Жэф Безосын хувьд хэрэглэгчид нь нэн тэргүүнд байх ёстой гэж үздэг ба ажилтнууддаа өндөр шаардлага тавьж, тун хатуу ханддаг байсан тухай ч дурджээ. Мөн хурлын үеэр хэлдэг хатуухан үгүүдийнх нь жагсаалтыг ч оруулсан байдаг. 

Амазоныг үүсгэн байгуулагч нэгэнтээ хэлэхдээ “Ухаантай байх амархан, сайн хүн байх хүнд, эелдэг сайн хандана гэдэг хэцүү” хэмээсэн нь бий. 

Шууд сонсох:

Жэф Безос гэж хэн бэ?

Тэрбээр багадаа маш ухаалаг хүүхэд гэгдэж, үргэлж тэргүүний сурагч байжээ. Түүний хүмүүжил төлөвшилд хамгийн их нөлөө үзүүлсэн хүн бол түүний өвөө бөгөөд олон зүйлийн талаар зааж сургасны нэг нь сансар огторгуйн тухай байв. 

Безос бага наснаасаа эхлэн огторгуйн тухай ном уншин, кино үзэж, нэг үгээр бол дурласан байдаг. Сонирхуулахад, ахлах сургуулиа төгсөхдөө тэргүүний сурагч болж, илтгэл тавих үедээ өөрийнхөө мөрөөдлийг сансарт хүн нисгэх гэж ярьж байсан ба илтгэлийн бичлэгийг ээж нь одоог хүртэл хадгалдаг аж.

Сүүлд тэрбээр энэ мөрөөдлөө биелүүлж, “Blue Origin” компанийг үүсгэн байгуулсан. “Blue origin” нь сансарт аялах хүсэлтэй жирийн хүмүүсийг сансрын аялалд явуулдаг компани юм.

Номын дэлгүүрээс эхэлсэн хүчирхэг бизнес

 

Жэф Безос Принстоны их сургуулийг компьютерийн чиглэлээр төгсөн, Wallstreet-ийн санхүүгийн компаниудад долоон жил ажиллав. Үүнээс сүүлийн дөрвөн жилд нь "D.E.Shaw&Co.,L.P."-д амжилттай ажиллаж, өндөр албан тушаал, их хэмжээний цалинтай болтлоо өсөн дэвшсэн юм. Тухайн үед Безос хийж байсан судалгааныхаа үр дүнд интернет хурдацтай хөгжинө гэсэн дүгнэлтэд хүрч, энэ салбарт орохоор эргэлт буцалтгүйгээр шийдэн эхнэрийнхээ хамт Сиатл хот руу нүүж, компаниа байгууллаа.

Эрс шийдэмгий алхмын дараагийн нүүдэл нь цахимаар ном зарах байсан юм. Учир нь ном хаана ч нэг л үнээр зарагдахын сацуу овор хэмжээ ч багатай. Харин томоохон номын сүлжээнээс ялгарахын тулд тэр бүр хүний мэддэггүй нарийн мэргэжлийн номуудыг ч зарахаар байрлуулж байв. Аажмаар Амазон хүчээ авсаар жижиг зооринд байсан агуулах нь Walmart дэлгүүрийн том агуулахтай эн зэрэгцэх хэмжээний болов. Тэдгээр том агуулах нь хожим болсон “dotcom bubble”-д сөхрөлгүй зогсох давуу тал нь болсон билээ. 

Үйлчлүүлэгчдээ татахын тулд Амазоны үүсгэн байгуулагч үргэлж шинэ төрлийн үйлчилгээг санаачилж, амжилтад хүрч байв. Тухайлбал,

  • “Market place”- Энэ нь бусад худалдаалагчийн бүтээгдэхүүний өөрийн платформд байршуулан борлуулж, хувь авах байлаа. Санаа ч амжилттай хэрэгжсэнээр нэг талаас Амазон олон төрлийн бүтээгдэхүүн худалддаг мэт харагдах, нөгөө талдаа борлуулагчдад орлогоо нэмэгдүүлэх том боломж болов. 
  • “Amazon Prime” гэх гишүүнчлэлийн үйлчилгээнд хэрэглэгч бүтэн жилийн төлбөр төлж, бараагаа үнэгүй хүргүүлэхээс эхлээд бусад төрлийн үйлчилгээг хөнгөлөлттэй эдлэх эрхийн эзэн болохыг санал болгосон. Үүнээс үүдэн Амазонд донтох гэх хэллэг ч гарч байжээ.

“Өөр бусад нь чиний бизнесийг хөнөөхөөс урьтаж өөрөө устга”

 

Шинээр байгуулагдсан жижиг, дунд компаниудын мэдээллийг хадгалдаг “Amazon web server” үйлчилгээг гаргасны дараа Амазон “Kindle”-ийг зах зээлд танилцуулжээ. Амазоны анхны бизнес нь ном худалдаалах байсан бол “Kindle” хэмээх зөвхөн ном уншдаг таблет гаргаж буй нь өөрөө өөрийгөө цохисон хэрэг байв.

Энэ талаар Жэф Безос “Хэрвээ чи өөрөө өөрийнхөө бизнесийг хөнөөхгүй бол өөр бусад нь хөнөөх нь ойлгомжтой. Тиймээс түүнээс нь урьтаж устгах хэрэгтэй” гэжээ. Гэвч “Kindle”-ийг гаргах нь зам тийм ч дардан байсангүй, хэвлэмэл номын эхийг "eBook" болгон хувиргах, борлуулах үнэ гэх мэт дээр хэвлэлийн компаниудын эсэргүүцэлтэй тулгарч, тэдэнд шахалт үзүүлсээр Амазон ялж, эхний удаад 90 мянган номыг “eBook” хэлбэрт хувиргажээ. 

Номын дэлгүүрээс эхэлсэн Амазон одоо цахим худалдаа, үүлэн систем, дижитал стрийминг, хиймэл оюун зэрэг олон чиглэлийн технологийн компани болтлоо хөгжсөн билээ. 

Санхүүгийн хямрал Амазоныг хүчирхэгжүүлэв

 

2008 оны эдийн засгийн хямрал нь олон дэлгүүрийг өвдөг шороодуулсан. Харин Амазонд энэ нь сайнаар нөлөөлсөн юм. Учир нь тус компани ямагт бусдаас хамгийн хямд үнийг санал болгож, үйлчлүүлэгчдийн хүрээгээ тэлж байлаа.

Түүнчлэн энэ үед Амазон илүү олон төрлийн барааг худалдаалах зорилгоор жижиг онлайн дэлгүүрүүдийг шахалт үзүүлсээр худалдан авч эхлэв. Ингэхдээ тэд ихэвчлэн илүү хямд үнэ, хүргэлтийн үйлчилгээгээрээ далайлгадаг аж.