Индэр    
2019 оны 5 сарын 27
Зураг
Эдийн засагч, шинжээч

Яг түүн шиг...

 

Энэ бол талх. МЭӨ 6000 жилийн тэртээ Месопотамид нунтаглаж, устай хольсон буудайг шарах, жигнэх байдлаар хэрэглэх болсон тэр үеэс анхны талх үүссэн гэж үздэг. Талх хийхийн тулд гурил, ус, исгэгч, давс зэргийг ашигладаг. 

Яг түүн шиг, зээлийг талх гэж төсөөлье. Тэгвэл талхны үнэ нь зээлийн хүү байж таарах нь. Талхны хамгийн гол түүхий эд нь гурил бол зээлийн хүүний гол түүхий эд нь хадгаламж. Хэрвээ гурилын үнэ өсвөл талх өснө, гурилын үнэ буурвал талхны үнэ буурна. Яг түүн шиг, хадгаламжийн хүү өсвөл зээлийн хүү дагаж өснө. Хадгаламжийн хүү буурвал зээлийн хүү дагаж буурна. Хэрвээ талхаа хямд үнээр идмээр байвал бид гурилын үнийг бууруулах шаардлага тулгарч байна. Яг түүн шиг, хямд хүүтэй зээл авахын тулд бид хадгаламжийн хүүг буулгах хэрэгтэй. Ийм холбоотой байдаг учир дэлхийд зээлийн хүү нь өндөр улсуудаас 10-т, хадгаламжийн хүү нь өндөр улсуудаас 7-д бичигдэж байгаад гайхах зүйлгүй.

Гурилын үнэ буудайнаас... Буудайн үнэ цаг агаараас хамаардаг

 

Гурилыг бид буудайнаас гаргаж авдаг. Тиймээс буудай ямар байхаас гурил хамаарна гэсэн үг. Яг түүн шиг хадгаламжийн хүү ч инфляциас хамаардаг. Ургац ихтэй сайхан жилүүдэд буудай ч ихээр гарч, улмаар гурилын үнэ буурах болно. Харин ган гачигтай хэцүү жилд ургацын гарц муудаж, гурилын үнэ өсөх болно. Яг түүн шиг инфляци өндөртэй жилүүдэд хадгаламжийн хүү өндөр, эсрэгээрээ тогтвортой нам инфляцитай үед хадгаламжийн хүү бага байх болно(1 улирал инфляци нам түвшинд байх тухай бус 5, 10 жилийн турш тогтвортой нам түвшинд байхыг ойлгоно). 

Хэдийгээр бид өөрсдөөсөө хамаарах үр тариагаа суулгасан ч буудай ургах, ургахгүй эсэх нь байгаль цаг уураас хүчтэй хамааралтай. Дэлхийн хамгийн том ган гачиг 1876-1879 онд Хятадад болж байжээ. 3 жилийн турш бороо ороогүйн улмаас 13 сая хүн өлсгөлөнгөөр үхсэн байна. Мөн хугацаанд Энэтхэгт ч мөн 5 орчим сая ижил шалтгаанаар нас барж байжээ. Эдийн засагт ч гэсэн ийм ган гачиг их тохиодог. Тэр тусмаа манай улс байнгын ган гачигт нэрвэгдсэн учраас инфляц үргэлж өндөр байдаг.

Уг нь үүл буудаж, бороо оруулан, ган тайлдагтай адил. Бид ч гэсэн эдийн засаг дахь ган гачигаа тайлж чадна. Төсвийн алдагдалгүй, өрийн дарамтгүй, үр ашигтай бодлого 5, 10 жилээр нь тогтвортой хэрэгжүүлээд эхэлбэл инфляци нь нам түвшинд ороод эхэлнэ. Бодлогын хүү ч буурч, хадгаламжийн хүү ч буурах болно. Улмаар бидний хүсэн хүлээсэн тэр зээлийн хүү буурах болно.

Дээс томж, найзыгаа авардаг шоргоолж

 

Зээлийн хүү нь ужгирсан олон хүчин зүйлс дээр тулгуурлан бий болдог зүйл байх нь. Яг найзыгаа аврах гээд дээс томдог шоргоолж шиг. Хэрвээ ган гачигтай бол ургац байхгүй, ургац байхгүй бол гурил үнэд орж, эцэстээ үнэтэй талх иднэ. Яг түүн шиг, төсвийн алдагдалтай, гадаад өрийн дарамттай, хулгайч, худалч бодлого боловсруулагч нар байхад инфляц өндөр байсаар байна, инфляц өндөр учир хадгаламжийн хүү нь ч өндөр байна. Улмаар түүнээс тулгуурлан тогтож буй зээлийн хүү ч өндөр тогтох болно.