Индэр    
2019 оны 5 сарын 23
Зураг
iKon.mn сэтгүүлч

Мэргэжлээ сонгоход анхаарах ёстой ТУЛГЫН ГУРВАН ЗҮЙЛ

Зураг

Өөрт тохирох мэргэжлийг хэрхэн сонгох вэ, надад ямар мэргэжил тохирох вэ? Ахлах ангийн сурагчид төдийгүй гэр бүлийнхэнд энэ асуулт хамгийн чухалд тооцогддог. Зарим нь ирээдүйн мэргэжлийг хэдийнээ сонгосон байх бол зарим нь эргэлзсээр байж болох юм. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын институтээс 2015-2016 онд их, дээд сургууль төгсөгчдийн дунд хийсэн судалгаандаа мэргэжил сонголтын алдааг хэрхэн бууруулах талаар тодруулжээ.

Ингэхэд төгсөгчдийн 31.7 хувь нь ажил мэргэжлийн танилцах аялал, практик дадлагад хамруулах, 26.4 хувь нь хүсэл сонирхлоо эрт тодорхойлох, 13.3 хувь нь хичээлийн жил бүрд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт явуулах гэж хариулсан бол 13.0 хувь нь өөрийгөө таньж мэдэх сэтгэл зүйн сорилд хамрагдах зэрэг нь мэргэжил сонголтын алдааг бууруулахад илүү нөлөөлнө гэж үзжээ.

Ж.Нямцэцэг: Гаднаас орчуулсан тестүүд нь монгол хүний сэтгэл зүйд шууд нийцнэ гэж байхгүй

Нийт төгсөгчийн 13 хувь нь сонгож буй сэтгэл зүйн сорил гэж юу болон мэргэжил сонгохдоо юуг анхаарах нь зүйтэй талаар СЭМҮТ-ийн Сэтгэл зүйн оношилгооны багийн ахлах зэрэгтэй эмч Ж.Нямцэцэгтэй ярилцлаа.

-Хүүхдүүд мэргэжлээ янз бүрээр сонгодог. Зарим нь эцэг эхийн зөвлөснөөр, зарим нь цалин хөлсийг харгалзаж гээд. Ер нь мэргэжил сонгоход юуг харгалзан үзэх ёстой байдаг вэ?

-Мэргэжил сонголтын тулгын гурав гэж нэрлэгддэг, мэргэжлээ сонгоход зайлшгүй харгалзан үзэх ёстой гурван зүйл бий.

Нэгдүгээрт, өөрийн сонирхол чухал. Хүн дуртай зүйлдээ цаг хугацаа, сэтгэл зүрхээ зориулахад бэлэн байдаг. Эсрэгээрээ, хүүхдийг дургүй зүйлд нь хүчлэхэд хэцүү. Харин юу ч сонирхохгүй байна гэдэг нь тухайн хүн өөрийгөө “олоогүй” байгаа гэсэн үг.

Хоёрдугаарт, хүүхдийн авьяас, сэтгэц физиологийн онцлог шинж. Жишээ нь, маркетингийн менежер хүн нээлттэй, хөдөлгөөнтэй, сэргэлэн байх ёстой. Нягтлан хүн анхаарлын төвлөрөлт сайн гэх мэтчилэн онцлогууд бий.

Гуравдугаарт, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг харгалзан үзвэл зохилтой. 

-Хүн өөрийхөө юунд авьяастайг яаж мэдэх вэ. Би үүнийг хийж чадна гэж санаанд багтаад байгаа боловч бодит байдал дээр өөр байж болох юм? 

-Өсвөр насны хүүхэд битгий хэл том хүн ч өөрийгөө төгс танин мэдэхэд хэцүү. Сэтгэл зүйн оношилгоонд мэргэжлийн чиг хандлагыг судлан илрүүлэх олон аргачлалыг авьяас сонирхлыг илрүүлэхэд ашиглаж байна. Сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлдэг зарим байгууллагад хэрэглэж байна. Манай СЭМҮТ-д энэ чиглэлийн оношилгооны аргуудыг ашиглаж, хүүхдүүдэд мэргэжлээ хэрхэн сонгох талаар зөвлөгөө өгдөг. 

-Үүнийг дэлгэрүүлж асууя. 2015-2016 оны төгсөгчдийн 13 хувь сэтгэл зүйн сорил, оношилгоонд орж мэргэжлээ сонгох нь зөв гэсэн хариулт хэлсэн байсан. Сорилд хэрэглэж буй аргууд хэр үр дүнтэй, бодитой байдаг вэ? 

-Монгол хүний зохиосон сэтгэл зүйн тест одоогийн байдлаар бараг байхгүй гэхэд болно. Ихэнх нь гадны улс орнуудаас сертификаттай нь худалдаж авч, хэрэглээнд оруулж байгаа. Гэхдээ гаднаас орчуулж хэрэглэж байгаа тестүүд нь монгол хүний сэтгэл зүйд шууд нийцнэ гэж байхгүй. Тиймээс тестийн монгол хувилбарыг боловсруулах буюу нутагшуулах ажил хийгддэг. Энэ үе шаттай явагддаг нарийн ажиллагаа хийгдсэний дараа тестийн баталгаат чанар тогтоогдоно.

Сүүлийн үед мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт, сорил тест авдаг газар нэлээд нээгдэж болж. Хэрэв тэдгээр хандаж буй бол шууд орчуулж хэрэглэж байгаа юу гэдгийг сонирхож байх хэрэгтэй. Сэтгэл зүйн оношилгооны зорилго, чиглэл олон янз. Энэ дундаа хүн амьдралынхаа замыг сонгоход шууд нөлөөлдөг учраас мэргэжил сонголтын асуудалд эцэг, эхчүүд маш болгоомжтой хандах хэрэгтэй.

-Хүүхдийн мэргэжил сонголтын тал дээр сургуулийн зүгээс юу анхаарах ёстой вэ?

-Хүүхдийг идэвхтэй байлгах, янз бүрийн үйл ажиллагаанд оролцуулах боломжийг бүрдүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олгох ажлыг системтэй хэрэгжүүлэх шаардлагатай санагддаг. 1970-аад оны үеэс Сурганы хүрээлэнд ажил мэргэжлийн баримжаа хариуцсан мэргэжилтэн ажилладаг байсан. Энэ үеэс нэлээн дорвитой бодлого хэрэгжиж байсан байдаг.

Сургууль бүрт доод тал нь гурван дугуйлан хичээллэнэ. Дугуйлангууд төлбөргүй тул ямар ч амьдралтай айлын хүүхэд хамрагдаж, өөрийгөө хөгжүүлэх боломжтой байв. Сургууль дээр зохиогдож байгаа сургалт хүмүүжлийн ажил ч хүүхдийг өөрийгөө нээхэд их дөхөм болдог байж. Одоо дугуйлангууд хүүхдэд хүртээмжтэй ойр баймаар. Төлбөр, гэрээс хол учир тэр бүр явах боломжгүй гээд олон шалтгаанаар нэмэлт боловсролд тэгш хамрагдаж чадахгүй байна. 

-Тэгвэл эцэг, эхчүүдэд юу гэж зөвлөх вэ? 

-Эцэг эхийн хувьд амьдралын гол утга учир бол зөв хүмүүжүүлсэн хүүхэд гэдэгтэй олон хүн санал нийлэх байх. Хавар нь сайн усалж, бордсон ногоо сайхан ургадагтай адил хүүхдийн авьяас сонирхлыг эрт нээж илрүүлэх, энэ тал дээр цаг заваа харамгүй зарцуулах хэрэгтэй. Дараах зүйлийг анхаараарай:

  • Хүүхдээ багаас нь сайн ажиглаж, тэмдэглэл хөтөлж байх - Тоглох дуртай тоглоом, хийх дуртай зүйлс гэх мэтийг нь бичиж, тэмдэглэж байх,
  • Аль болох олон чиглэлийн үйл ажиллагаанд хамруулах - Биеийн, оюуны, урлагийн гээд гурван чиглэлийн дугуйлан секц, сургалтад явуулж үзээрэй. Гэхдээ нэг дор биш гэдгийг анхааруулъя. Дугуйланд явуулахдаа хүүхдэд ирэх ачаалал, түүнийг даах чадвар таны хүүхэд хэр байна вэ гэдгийг бодолцох ёстой.
  • Дунд ангид хүүхдийн сонирхол тогтворгүй хэсэг үе байдаг. Нэг зүйлийг 2-3 долоо хоног орчим сонирхоод орхиж магадгүй. Тиймээс сонирхол тогтворгүй үед нь боломжийн хирээр дэмжээд өгөх хэрэгтэй. Харин шүүмжилж болохгүй.

Мөн хүүхэдтэйгээ илэн далангүй ярилцаж байх хэрэгтэй. Эцэг эхчүүд хүүхдийн яриаг “буруу” сонссоноос болоод хүүхдүүд өөрийгөө нээж ярилцаж чадахаа байдаг. “Буруу” сонсоно гэдэг нь ярьж байх үед өөр зүйл хийх, хайхрамжгүй хандах, загнах, шүүмжлэх, бусад айлын хүүхдүүдтэй харьцуулах зэргийг хэлдэг. Мэргэжлийн хүнд хандаж, сэтгэл зүйн оношилгоо хийлгэх, харилцааны тал дээр зөвлөгөө авч байх нь зүйтэй. 

Монгол хүүхдүүдийн сонголт 13 мэргэжилд эргэлдэж байна

Дэлхийд 10 гаруй мянган мэргэжил бий. Тэгвэл 2013 онд хийсэн судалгаагаар ахлах ангийн сурагчдын 81.42 хувь нь 16 мэргэжлийг нэрлэсэн бол нийслэлийн ахлах ангийн сурагчдын 80 гаруй хувь нь 13 төрлийн мэргэжлийг сонгожээ. Эдгээр нь инженер, эдийн засагч, эмч, хуульч, багш, загвар зохион бүтээгч, менежмент, сэтгэл судлаач, батлан хамгаалах салбар, сэтгүүлч, жүжигчин, программист, архитектор зэрэг юм.

Харин эдгээрээс зарим нь хөдөлмөрийн зах зээлд илүүдэлтэй байгааг 2017 онд хийгдсэн Хөдөлмөрийн зах зээлийн барометрийн судалгаанд харуулжээ.

График, Монгол Улсад хөдөлмөрийн зах зээл дээрх илүүдэлтэй мэргэжлийн жагсаалт:

Тиймээс хөдөлмөрийн зах зээлийн илүүдэлтэй гэх ангилалд бус эрэлттэй байхын тулд өөр бусад мэргэжлээс өөрт тохирохыг судлахыг мэргэжлийн эмч зөвлөлөө. Үүний тулд мэргэжлийн сонгох, ямар ур чадварууд хэрэгтэй болдог талаар судлах хэрэгтэй юм. Өөрөөр хэлбэл, мэргэжлүүдийн талаар гарын авлагыг өөрөө зохиосноор сонголтоо хийхэд дөхөм болох юм.