Индэр    
2019 оны 5 сарын 18
Зураг
UNLOCK Podcast Мэдлэг мэдээллийг анлок хийж хуваалцацгаая.
Зураг
iKon.mn сэтгүүлч

#UNLOCK 12: Дадал зуршлын хүч

Зураг

"Unlock" подкастын бичмэл тэмдэглэлд хөрвүүлж буй ээлжит номоор хүний амьдралыг ямар ч нөхцөлд өөрчилж болохуйц гайхамшигт аргын тухай бичсэн Чарлес Духиг зохиолчийн "Power of Habit" буюу "Дадал зуршлын хүч" номыг уншигчиддаа хүргэж байна.

Энэхүү ном нь 2012 онд хэвлэлтэд гарсан даруйдаа хамгийн их борлуулалттай номоор тодорч, 40 гаруй хэл дээр хэвлэгдсэн шилдэг бүтээл юм. Номын зохиолч Чарлес Духиг нь 1,000 гаруй судалгааны ном уншиж, судалсны үр дүнд бичиж гаргасан тул уншигчдад шийдвэр гаргахад нь бодит нөлөө үзүүлдэг гайхалтай ном ажээ.

Мөн “Дадал зуршлын хүч” номын дугаар "Unlock" подкастад орсон цагаасаа хойш монголын хамгийн их сонсогдсон, эрэлттэй таван подкастад ордог. Мөн зарим дугаарыг хүмүүс  10, 20 удаа, зарим нь өдөр бүр сонссон гэх статистик мэдээлэл ирсэн талаар "UNLOCK" подкастын санаачлагчид болох Наги, Дээгий нар хэлсэн байдаг. 

Энэхүү ном нь гурван дэд бүлгээс бүрдсэн бөгөөд уншигч танд ойлгомжтой байх үүднээс утга санааг илтгэсэн жишээний хамт тоймлон хүргэе.

Номын тухай #Unlock подкастыг ШУУД СОНСОХ: Дугаар 4
 ДАДАЛ ЗУРШИЛ ЗУРШИЛ ХЭРХЭН ҮҮСДЭГ ВЭ?

“Дадал зуршил гэдэг” нь хүн амьдралынхаа үйл явцад хийж буй үйлдлээ бүрэн автоматжуулахыг хэлдэг байна. Хүний өдөрт хийж буй үйлдлийн  40-45 орчим хувь нь дадал зуршлын үндсэн дээр гарсан шийдвэрүүд байдаг аж. Энэ нь нөгөө талаар тархиа чөлөөлж, илүү чухал зүйлдээ анхаарлаа хандуулах боломжийг олгож буй хэрэг юм. 

Хамгийн хачирхалтай нь хүний тархи аливаа зүйлийг автоматжуулж хадгалахдаа сайн, муугаар нь ялгадаггүй. Харин муу дадал зуршлыг сайнаар сольж болдгийг энэхүү номоор дамжуулан ойлгуулахыг зорьжээ. 

ХУВЬ ХҮНИЙ ДАДАЛ ЗУРШИЛ 

Сайн дадал зуршилтай болохыг хүсдэггүй хүн гэж байхгүй. Тэгвэл дадал зуршил нь: 

  1. Сэжүүр
  2. Үйлдэл
  3. Урамшуулал гэх гурван цикл эргэлдсэн зангилааны үр дүнд бий болдог байна. Ингэснээр тухайн хийж буй зүйл нь хүний тархинд автоматаар хийгддэг үйлдэл болж хувирдаг. Энэ нь дадал зуршлыг бий болгодог гол зангилаа юм.  
     

    Муу дадал зуршлыг солих арга нь зангилааны дунд буй үйлдлээ эерэгээр сольсноор сайн зуршил болгож болдгийг номоор дамжуулан өгүүлж байна. Учир нь ихэнх хүмүүс сэжүүр гарах үед ямар ч бодолгүйгээр шууд үйлдэж эцэст нь өөрт ирэх урамшууллын талаар төдийлөн боддоггүй аж. Тиймд урамшууллаа бодож тооцоолох нь дадал зуршлыг бий болгоход хамгийн илүү үр дүнтэй арга юм. Тухайлбал, хоол идэх сэжүүр төрөөд үйлдэх буюу идэх явцдаа хэтрүүлж хэрэглэхээ болих нь мууг сайнаар сольж буй хэрэг.

Жишээ: Бидний сайн мэдэх "Pepsodent" шүдний оо 1900-аад оны эхээр гарч ирэн ердөө таван жилийн дотор АНУ-д төдийгүй дэлхийд борлуулалтаараа тэргүүлсэн бүтээгдэхүүн болж чаджээ. Үүний шалтгаан нь дээр дурдсан дадал зуршлын зангилааны хүч байж. 

  1. Сэжүүр – Шүдэн дээр тогтсон өнгөрийг "Pepsodent" шүдний оо арилгах
  2. Үйлдэл – "Pepsodent" шүдний оо-гоор шүдээ угаах
  3. Урамшуулал- Шүдээ угаахад хөөсөрч, сэнгэнэсэн амт гарах

Өөрөөр хэлбэл, шүдээ угаахад хөөсрөөд, сэнгэнэсэн амт гарч цэвэрхэн болдог хэмээх урамшууллын төлөө хүмүүс шүдээ угааж, сайн дадал зуршил болгон хэвшүүлж чадсан байна. 

"Pepsodent" шүдний оо гарахаас өмнө АНУ-ын нийт хүн амын 7 хувь нь шүдээ угаадаг байсан бол оо гарснаас хойш арван жилийн дотор АНУ-ын нийт хүн амын 65 хувь нь шүдээ угаадаг болсон.
АЛБАН БАЙГУУЛЛАГЫН ДАДАЛ ЗУРШИЛ 

Уг номонд бичигдэж, судалгаанд гарснаар албан байгууллагад дадал зуршил бий болохдоо "тулгын чулуу болсон дадал зуршил"-аар  тодорхойлогдоно гэжээ. Ингэж тодорхойлсноор тухайн байгууллагын ирээдүй, цаашдын чиг нь тодорхойлогдох бүрэн боломжтой байдаг аж.

 
valuecapturellc.com

Жишээ: АНУ-ын хөнгөн цагаан үйлдвэрлэгч "Алкоа" компани нь 1987 онд санхүү болон компанийн соёл нь доройтсон үед гүйцэтгэх захирлаар нь Пол О'Нил хэмээх нэгэн болжээ. Шинэхэн гүйцэтгэх захирал өмнө нь компани удирдаж байсан туршлагагүй нэгэн байсан ч тус компанийн тулгын чулуу болсон дадал зуршлыг юу байвал болохыг олж харснаар компани нь эргээд хөл дээрээ босжээ.

Ингэснээр 1987-2002 оны хооронд буюу 13 жилийн турш энэ хүний удирдлага дор тус кампанийн орлого тав дахин өсөж, 1987 онд долоо хоног болгон осол гардаг компани эсрэгээрээ дэлхийн хамгийн аюулгүй ажиллагаатай шилдэг компанийн нэг болж чадсан байна.

Тус байгууллагын тулгын чулуу болсон дадал зуршил нь аюулгүйн үйл ажиллагаа юм. Өөрөөр хэлбэл, компанийнхаа уриа, зорилгыг аюулгүй ажиллагаа болгосон ба ингэж чадсанаар ажилчид нь хийж буй зүйлдээ аюулгүй ажиллагааг эрхэмлэдэг дадал зуршилтай болсон юм. Мөн аюулгүйн үйл ажиллагааг сайжруулснаар компани зардлаа хэмнэж, ажилчдын ажлын бүтээмж нь өндөрсөн сэтгэл ханамжтай болж, доод дээд албан тушаалтнуудын нэгдмэл байдал бүрэлдсэн зэрэг бусад асуудлууд нь сайжирч компани амжилттай ажиллахад нөлөө үзүүлжээ.

Жижиг амжилтууд том амжилтын эх үүсвэр болдог

 Олон хүний хамтын ажиллагаан дээр тогтсон муу дадал зуршлыг сайн руу шилжүүлж болдог гэдгийг энэ компани харуулж чадсан. Хувь хүн, албан байгууллагын аль аль сайн дадал зуршлыг бий болговол амжилтад хүрэх бүрэн боломжтой гэдгийг дээрх жишээ харуулж байна.

НИЙГМИЙН ДАДАЛ ЗУРШИЛ

Ном төгсгөл рүүгээ ойртох тусам дадал зуршлын хүч томорч буйг та ажиглаж байна уу. Нийгэм дадал зуршлын хүчээр олон нийт хэрхэн хөдөлдөг болохыг нэгэн түүхээр дамжуулан тайлбарлажээ.

 

Жишээ: АНУ-ын Алабама мужийн Монтгомери хот нь хүний эрхийн хөдөлгөөн анх өрнөсөн АНУ-ын түүхэн хот. Уг хотод 1955.12.01-нд Rosa Parks хэмээх нэгэн өнгөт арьстан ядарчихсан явж таараад автобусанд орж суухдаа өнгөт арьстан, цагаан арьстны аль аль нь суух боломжтой хэсэг дээр суучихжээ. (Тухайн үед тус хотод  автобусанд суухдаа цагаан арьснууд нь урд талын суудалд суудаг.  Хэрвээ ард суудал үлдвэл өнгөт арьстнууд суудаг хуулийн зохицуулалттай байсан) Гэтэл цагаан арьстнууд орж ирэхэд автобусны жолооч Rosa Parks-ийг суудал тавьж өгөхийг шаардахад тэр дургүйцэж, хууль зөрчсөн хэргээр шоронд оржээ. Хэдийгээр өмнө нь олон хүн энэ хэргээр шоронд орсон боловч түүнийг шоронд орох үед нь нийгэмд нөлөөлсөн гурван том хүчин зүйл бий.   

  1. Хотдоо нийгмийн идэвх сайтай, олон хүн таньж мэддэг нэгэн байсан тул гэр бүл, найз нөхөд нь болох ойрын хүрээлэл нь шоронд орсныг нь эсэргүүцсэн.
  2. Ойрын хүрээллийнхний найз нөхөд, танилууд нь буюу холын сүлжээнүүд уг сургаар цугларч эхэлсэн.
  3. Олон хүн цугларсан бүлэг хүмүүсээс хоцрохыг хүсээгүй бусад хүмүүс нийлж цугларсан.

Яг энэ үед ассан очийг гал болгохоор Бага Мартин Лютер Кинг гарч ирэн олон нийтийг уриалан дуудаж, “та бүгд арьс өнгөөр ялгаварлан гадуурхахыг зогсоох түүхэн үйл явдалд гар бие оролцож байна” гэх утга бүхий мессежийг өгч, Монтгомерийн автобусын хоригийг удирдсанаар  нийгэмд шинэ зуршил үүсгэсэн байна. Хөдөлгөөн нь жилийн дараа үр дүнгээ өгч АНУ-ын шүүхээс автобусны хоригийг хүчингүй болгосон ба улмаар 1964 онд арьс өнгөөр ялгаварлан гадуурхахыг хорьсон хүний эрхийн хуулийг батлав.

Тиймээс нийгэмд гарч буй аливаа хөдөлгөөнд нийгмийн дадал зуршлыг хэрхэн ашиглахаас шалтгаалан нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөж болдгийг энэхүү гайхамшигт жишээнээс харж болно.

Та ч бас энэ мөчөөс эхлэн өөртөө сайн зуршлыг бий болгоорой.