- Хөрөнгийн зах зээлийн тухай цуврал -
2018 онд Говь компанийн орлого 173.4 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оноос 39 хувиар буюу 49 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт болсон билээ.
Компанийн гүйцэтгэл яагаад ийн сайн байгааг асуух, бусад зүйлсийг тодруулах зорилгоор 2019 оны 4-р сарын 18-ны өдөр 10:00 цагаас жилд ганц удаа болдог хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцлоо. Тухайн өдрийн өглөө 09 цагт очиход компанийн албаныхан бэлтгэл ажлаа хангаж байв.
Ингээд хурал 210 хувьцаа эзэмшигчид буюу 88.6 хувийн ирцтэйгээр эхэлж ТУЗ-ийн дарга Д.Гэрэлмаа үг хэлсэн юм. Үүний дараа Говь ХК-ийн дэд захирал н.Сүрэнрагчаа өнгөрсөн оны гүйцэтгэлээ танилцууллаа.
2018 онд анхаарал татахуйц дараах онцлох үйл явдлууд болжээ. Үүнд:
Борлуулалт:
Үйлдвэрлэл:
Санхүү:
График 1, Ашгийн хэмжээ,
График 2, Эргэлтийн хөрөнгө,
Дүгнэлт:
Удирдлагуудад баяр хүргэе.
2018 он бол Говь ХК-ийн хувьд их бүтээн байгуулалт, үйлдвэрлэл, борлуулалтын жил байсан нь тодорхой байна.
Эдгээрийг нэгэн зэрэг хийж бодит амьдралд бизнесээ өргөжүүлж чадна гэдэг тэр бүр компаниудын хийж чаддаг менежмент биш гэдийг дурьдах нь зүйтэй. Ялангуяа санхүүжилтийн хэрэгцээгээ зээлээр хангах нь цаг хугацааны нарийн төлөвлөлтийг шаарддаг. Зээлээ цаг хугацаанд авч түүхий эдээ цаг хугацаанд нь татах, үйлдвэрлэлээ өргөжүүлэх, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ цаг тухайн бүрт нь зах зээлд нь хүргэж борлуулан зээлээ эргэн төлөх гэдэг хүнийг нойргүй хоноход хүргэнэ. Энэ бүхнийг амжилттай хийж чадсан компанийн гүйцэтгэх удирдлагад баяр хүргэмээр санагдлаа.
Цаашид энэ өсөлтөө хадгалж чадах уу? Орлого, ашигаа өсгөх боломжтой юу?
Монгол Улс 27.3 сая ямаатай.
2018 онд 9,500 орчим тн ноолуур авснаас 10 орчим хувийг нь эцсийн бүтээгдэхүүн болгож чаджээ. Ингээд харахаар Монгол улс үйлдвэрлэлээ дахиад 5-6 дахин өсгөх боломж нь байна. Ийм л зах зээлийг харж Говь ХК 2007 онд хувьчлагдсанаас хойш нийт 99.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж хүчин чадлаа нэмж иржээ. Цаашид ч нэмэх шаардлагатай байна. Гэхдээ үйлдвэрлэлээ өсгөөд борлуулж чадахгүй бол зүгээр л агуулах болж хувирна.
Дараагийн асуулт борлуулалт ямар байна?
Нэгтгээд харвал Говь ХК-ийн нийт борлуулалтын орлогын 70 хувийг гадаадын иргэдийн худалдан авалт эзэлж байна. Энэ үзүүлэлтээрээ Говь ХК шиг экспорт хийж буй компани гэвэл Эрдэнэс Таван Толгой, Эрдэнэт хоёр л болох байх.
Компанийн хувьд 2018 онд онлайн борлуулалт хийж багагүй амжилтанд хүрсэн байна. Үүнийгээ ч 2019 онд улам ахиулна гэж төлөвлөжээ. Ингээд бодохоор чанартай бараа үйлдвэрлэж зах зээлдээ хүргэж чаддаг гэж дүгнэж болохоор байна.
Хамгийн гайхалтай нь дэлхийн ноолуурын салбарын хэмжээ 3.2 тэрбум ам.доллар байхад Хятад улс үүний 34 хувь, АНУ 25 хувь эзэлдэг байна.Үүний дараа Европын орнууд 16 хувиар удаалж байгаа бол Говь ХК нь 2018 онд дэлхийн нийт үйлдвэрлэлийн дөнгөж 2.2 хувийг л эзэлжээ.
Дэлхийн зах зээл рүү гарахад Говь ХК-д юу дутаж байна вэ?
Миний бодлоор хямд үнэтэй санхүүжилт. 2018 оны байдлаар компанийн өр эздийн өмчийн харьцаа 1.11, зээлийн хүүг төлөх чадварын харьцаа 2.2 байгаа нь өндөр биш ч гэлээ боломжийн түвшинд байна.
График 3, Өр төлбөр ба эздийн өмч,
Гэвч үнэхээр хурдацтай өргөжихийг хүсвэл дахиад санхүүжилт хэрэгтэй. Дахиад зээл авъя гэхээр боломжоо тултал нь ашиглачихжээ. Дангаараа барахгүй нь. Тэгэхээр хувьцаа нэмж гаргаад цаг хугацаагаа товчлох уу? Эсвэл энэ хурдаараа чадлаараа урагшлах уу? Энэ бол эздүүдийн гаргах стратегийн шийдвэр. Хэрхэхийг бүгдээрээ харж сууя. Ямартай ч хэдэн жилийн өмнөх шиг эрсдэл /галын аюул/ дахиж гарахгүй бол энэ мэтийн зээлийн эрсдлийг даваад гарах удирдлагын ур чадвар, санхүүгийн боломж бий гэдэгт эргэлзэх зүйл алга.
Энэ компанийг хэн удирдан залж байна вэ?
Хэдэн жилийн өмнө одоогийнхоос өөр гүйцэтгэх захирал байсныг санаж байна. Зогсолтгүй тэмүүлэх хүчээрээ бусдаас ялгардаг Ц.Баатарсайхан захирлын хүлээлтэд хүрээгүй юу, юу болсон мэдэхгүй төд удалгүй өөрөө гүйцэтгэх захирал нь болоод авсан. Бас нэгэн сонирхолтой зүйл ажиглагдсан нь ТУЗ-ийн даргаараа өөрөөсөө үл хамаарах мэргэжлийн хүнийг сонгож тавьсан байдаг. Дээрээс нь дэлхийн дөрвөн том аудитын нэг болох Делоиттоор аудитаа хийлгэж байгаа хүн яав ч Монголын хэмжээнд сэтгээгүй нь тодорхой харагдаж байна.
ГОВЬ ХК-ИЙН СҮҮЛИЙН 12 ЖИЛИЙН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУРААНГУЙ
Хувьцааны ханш хэдтэй байна вэ?
2016 онд 85 төгрөг байсан ханш өнөөдрийн байдлаар 292 төгрөгт хүрч 243 хувиар өссөн бол банкны хадгаламжийн хүү 50 хувьд хүрэхээр байна. Гэхдээ хувьцаа бүр ингэж өсөхгүй гэдгийг мартаж болохгүй. Гагцхүү зөв хувьцаагаа, зөв цагтаа авах хэрэгтэй гэдгийг бүүр мартаарай. Үүний тулд бодит мэдээлэл, чанартай судалгаатай байх шаардлагатай.
Хувьцааны ханшийг: http://mse.mn/mn/company/354
Энэ хувьцааны үнэлгээ ямар байгаа вэ?
PE харьцааг 2018 оны цэвэр ашигт үндэслэн тооцвол 14.89-д хүрсэн байна. Харин 2019 оны цэвэр ашигийн таамаглалд үндэслэн тооцвол 8.38 болж буурах боломжтой юм. Олон улсын түвшинд уг харьцаа 10-аас бага байвал “ирээдүйд ханш өсөх” боломжтой гэж үздэг. Харин 15-аас их байвал ирээдүйд ханш унах магадлалтай гэж үздэг байна. Мэдээж хэрэг тухайн зах зээлийн нөхцөл байдлаас хамаарч энэ онол богино хугацаанд биелэхгүй байж болох ч урт хугацаандаа үр дүнгээ өгдөг. Харин PB харьцааны хувьд 2.25-аас 1.64 болж буурах боломжтой бөгөөд 2-оос бага байвал ирээдүйд ханш өсөх магадлал нэмэгддэг.
Мэдэгдэл: Энэхүү нийтлэл нь хөрөнгийн зах зээлд оролцогчдод мэргэжлийн шинжээчдийн боловсруулсан дүгнэлтийг хүргэх мэдээллийн зорилготой бөгөөд ямар нэгэн арилжаа, хөрөнгө оруулалтын зөвлөмж биш болно. Хэрэв та арилжаа, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах гэж байгаа бол илүү дэлгэрэнгүй бүрэн хэмжээний мэдээлэл, анализтай танилцсаны дараа шийдвэрээ гаргахыг зөвлөж байна.
Ашигласан эх сурвалж: