Зураг
Зураг
Индэр    
2019 оны 5 сарын 7
Зураг
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Хүмүүс ашигладаг “амьд” гудамж талбайг бүтээх нь

Зураг

Нийслэлийн Засаг дарга Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га талбайг зориулалтын бусаар эзэмшиж байсан компанийн газар эзэмших эрхийг цуцлах захирамж гаргасан нь их сонирхолтой үзэгдлийн эхлэл болов. Автомашины зогсоолыг татан буулгаж, нийтийн амралтын бүс байгуулах талаар санал явж эхэлтэл олон нийтийн сүлжээнд Улаанбаатарчууд уурсаж эхлэв.

Зориулалтын дагуу ашиглаагүй хотын төв хэсгийн энэ том сайхан талбайг утгаар нь хөгжүүлж амралт, чөлөөт цагаа өнгөрүүлдэг, хотынхон очиж баясдаг газар болгохоос илүүтэй машинаа байрлуулж, өдөржин хөглөрүүлж байх нь хотынхонд таалагдаж байна. Ойр хавийн албан газруудад ажил төрлөө хөөцөлдөн явдаг хүмүүст энэ талбай үнэхээр хэрэгцээтэй байдаг нь үнэн боловч хаалганаас гараад хаалганыхаа үүдэнд бууж машинаар зорчиж байх хүсэлтэй Улаанбаатарчуудад ногоон орчин, амрах таатай бүс хэрэггүй санагдаж байгааг олон нийтийн сүлжээний сөрөг сэтгэгдлүүдээс харж авлаа.

Машин замаа өргөтгөөд түгжрэл буурахгүй, зогсоол нэмж бариад зогсоолын хэрэгцээ барагдахгүй. Тиймээс машингүй үедээ очиж, алхаж болдог жижиг ч атугай орон зайг гаргах талаар одооноос бодож эхэлцгээхгүй юм уу?

Хотын залуу иргэний хувьд, мөн хотоо амьдрахад таатай болгох багахан ч атугай өөрчлөлт хийх чин хүсэлтэйгээр ажилладгийн хувьд эрх нь цуцлагдсан дээрх талбайд олон улсын жишигт нийцсэн, хотынхоо цаг агаарын онцлог байдалд зохицох, жилийн 4 улиралд хүмүүс нааш цааш зөрөн өнгөрч байдаг олон нийтийн амралтын бүс байгуулаасай гэж хүсэж байна. Гэхдээ онолын дагуу хөгжүүлж амьдруулаасай гэж хүсэж байна. 

Олон нийтйин гудамж талбайг бүрдүүлж байдаг төрөл бүрийн элементүүдийн хоорондын зохицол, шийдлийг сайтар төлөвлөхгүй бол тухайн зай талбайг хүн ашигладаггүй. Хүн ашигладаггүй нийтийн эзэмшлийн гудамж, талбай бол үхмэл орон зай. Тэнд ямар нэг алдаа байна гэсэн үг. Тиймээс зөв төлөвлөөд, түүнийхээ дагуу хэрэгжүүлбэл хотын гудамж талбай “амьдардаг”. Амжилттай төлөвлөж, гүйцэтгэсэн олон нийтийн гудамж, талбайн нийгэм, эдийн засагт үзүүлэх эерэг нөлөө маш их.

Тэгвэл хот доторх олон нийтийн гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэнгүүдийг хэрхэн амилуулах вэ?

Дэлхийн хотуудын мянга мянган гудамж талбайг судалж, үнэлсний үндсэн дээр PPS хэмээх олон улсын байгууллага дараах үндсэн 4 зарчмыг зайлшгүй мөрдсөн байх ёстойг тодорхойлжээ. Эдгээрийн дагуу хэд хэдэн үнэлгээний асуултууд өгөгдсөн нь хотын ямар ч гудамж, талбайг төвөггүй үнэлээд аль элемент нь дутагдаад буйг хялбархан илрүүлэх боломжтой юм. Цааш уншихаас өмнө хэл амны бай болоод буй Сүхбаатарын талбайн урд хэсгийн цэцэрлэгийг нэмэлт асуултуудаар үнэлж үзэхийг хүсье.

  1. Хүмүүс чөлөөтэй нэвтрэх, ашиглах боломжтой эсэх

Тухайн нийтийн эзэмшлийн талбай эргэн тойрныхоо үзэгдэх орчин болон физик орчинтой хэрхэн нийцэж, холбогдсон байгааг ажиглаарай. Тухайн талбай руу орох гарахад төвөггүй, холоос ч, ойроос ч нэвт харагдаж байвал амжилттай төлөвлөсний жишээ. Тухайн гудамж, талбайн эмжээр бас чухал. Жишээлбэл хов хоосон цулгуй ханатай гудамжнаас илүү үргэлжилсэн жижиг дэлгүүрүүдтэй ч юмуу эсвэл өндөр хашаа хашлагагүй шууд гудамжны  хөдөлгөөнтэй нийлэх байдлаар шийдэх нь хүнд аюулгүй, тайван мэдрэмж төрүүлдэг байна. Үүнийг онолын хувьд “Нүдтэй гудамж” хэмээн нэрлэдэг. Учир нь хажууд нь амьдрал өрнөж байх тусмаа хүнд аюулгүй санагдаж, тухайн гудамж тухтай уур амьсгал бүрдүүлдэг ажээ.

Нийтийн эзэмшлийн гудамж талбайн нээлттэй байдлыг үнэлэх нэмэлт асуулт:

  • Тухайн нийтийн эзэмшлийн талбайг та холоос харж, ялгаж чадаж байна уу? Талбайн дотор хэсэг гаднаасаа нэвт харагдаж байна уу?
  • Тухайн талбай эргэн тойрныхоо барилга байгууламжтай залгаа байна уу? Эсвэл хоосон ханаар хүрээлэгдсэн байна уу? Хавь ойрынх нь барилга доторх хүмүүс тухайн зай талбайг ашиглаж байна уу?
  • Явган хүмүүс тэр талбайд очих хэр амархан бэ? Эргэн тойрон автомашины хөдөлгөөн тасралтгүй хөвөрч байна уу?
  • Эргэн тойрон дахь гудамжны явган хүний зам шууд тийш нь хөтөлж аваачиж чадаж байна уу?
  • Тусгай хэрэгцээтэй иргэд төвөггүй зорчих боломж бүрдсэн үү?
  • Тухайн талбай доторх явган хүний зам ашиглахад хялбар, зорьсон газарт нь чиглүүлэн хүргэж өгч чадаж байна уу? Тэмдэг тэмдэглэгээ байна уу?
  1. Тухайн орчин ая тухыг мэдрүүлэхүйц үзэмжтэй байгаа эсэх

Нийтийн эзэмшлийн гудамж талбайн үзэмж, харагдах байдал нь хамгийн чухал. Цэвэрхэн, орчин үеийн дизайнлаг, өвөрмөц тухлаг байдлыг бүрдүүлэх нь сайтар анхаарах зүйл юм. Тэр орчинд очсон хүн тухлан хэсэг саатмаар санагдтал, хэсэг амсхийн суух нөхцөлийг бүрдүүлж өгөх нь чухал.

Сүүлийн үед дэлхийн томоохон цэцэрлэгт хүрээлэн, олон нийтийн гудамж талбайг зөөвөрлөдөг сандалны тренд дэлгэрээд байна. Энэ шаардлагыг хангахын тулд хэд хэдэн элемент заавал сайтар шийдэгдсэн байх ёстой. Ногоон байгууламж нь олон төрлийн мод ургамлаас бүрдсэн байх. Гэрэлтүүлэг мэргэжлийн төлөвлөгчөөр хийгдсэн байх. Усан элемент буюу усан оргилуур, жижиг нуур, горхи гэх мэтийг оруулбал тун сайн. Шийдэл сайтай сандал, хурц нарнаас хамгаалах сүүдрэвч зэргийг заавал шийдсэн байх.

Талбайн тав тухыг үнэлэх нэмэлт асуулт:

  • Тухайн гудамж, талбайг хараад хүнд шууд эерэг сайхан сэтгэгдэл төрж байна уу?
  • Тухайн орон зайг эмэгтэйчүүд эрчүүдээс илүү ашиглаж байна уу?
  • Суух суудал хангалттай хүрэлцэж байна уу? Байршлыг урдаас төлөвлөн сандал суурилуулсан байна уу? Эсвэл хүмүүс өөрсдөө хүссэн газраа зөөвөрлөн сууж, наранд эсвэл сүүдэрт тухлах боломжийг бүрдүүлсэн үү?
  • Хог хаягдалгүй цэвэрхэн байна уу? Хэн арчлалт хамгаалалтыг хариуцаж байна вэ?
  • Өдрийн аль ч үед тэр талбайд байхад аюулгүй байж чадах уу? Харуул хамгаалалт ойрхон харагдаж байна уу? Хэрвээ хамгаалалттай бол хэзээ, хэрхэн ажлаа гүйцэтгэж байна вэ?
  • Хүмүүс зураг авч байна уу? Зураг авах боломжтой чамин хэсгүүд талбайн эргэн тойронд хэр элбэг байна вэ?
  • Тухайн орон зайд авто тээврийн хэрэгсэл нэвтрэх боломж байна уу? Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглосон ямар нэг хориг саад байна уу?
  1. Тухайн орчинд байгаа хүмүүс ямар нэг зүйл хийх, арга хэмжээнд хамрагдах боломжтой эсэх

Тухайн орон зайд хүмүүс хоорондоо харилцаж, ямар нэг үйл ажиллагаа хамт өрнүүлж байх нь амжилттай шийдсэн олон нийтийн гудамж, талбайн илрэл болж байдаг. Хүмүүс хоорондоо нийлж, сэтгэлээ сэргээх гэж тийм төрлийн газруудыг зорьдог. Тухайн улс, хотынхоо нэгдмэл соёлоос үүдсэн төрөл бүрийн сонирхолтой арга хэмжээгээр хүмүүс хоорондоо холбогдож, олон нийтийн гудамж, талбайнууд амь орон улам өвөрмөц болдог. Хэрвээ тэнд дуу чимээ, хүмүүсийн хөдөлгөөөн, хоорондын амьд харилцаа үүсэхгүй, нам гүм үхмэл байвал ямар нэг байдлаар өөрчлөх хэрэгтэй болсны дохио.

Тиймээс дараах зарчмуудыг төлөвлөлтдөө анхаарч авч үзээрэй.

  • Хэн бүхэн оролцох боломжтой төрөл бүрийн арга хэмжээ тогтмол зохион байгуулагдаж байх тусмаа илүү сайн.
  • Эр, эм хүйсийн харьцаа тэнцвэртэй байх хэрэгтэй
  • Төрөл бүрийн насныхан тэнд байх боломжийг бүрдүүлэх нь чухал. Хүүхэд томчууд чөлөөт цагаа тэнцүүхэн зугаатай өнгөрөөх боломжтой байх.
  • Тэрхүү орон зайг бүтэн өдрийн турш ашиглагддаг байхаар төлөвлөх
  • Ганцаараа байгаа хүн ч олуулаа яваа хүмүүс ч ашиглаж болох шийдлийг тусгах нь зүйтэй боловч олуулаа байгаа нөхцөлд ашиглах шийдлүүдийг түлхүү оруулах нь зөв. Олуулаа ирсэн хүмүүс хоорондоо нийлж, илүү сонирхолтой, содон зүйлс санаачлан хийж тухайн орон зайг амилуулдаг.
  • Аливаа олон нийтийн гудамж талбайг тохижуулаад л орхиход хүмүүс ашиглаад эхлэх мэтээр санах нь өрөөсгөл. Тэнд тогтмол менежмент явагдаж, амь оруулж байх ёстой.

Нэмэлт асуулт:

  • Тухайн талбайг хүмүүс ашиглаж байна уу? Эсвэл ихэнхдээ хоосон байна уу?
  • Төрөл бүрийн насны иргэд зорин ирж байна уу?
  • Хүмүүс олуулаа ирж байна уу?
  • Хэчнээн төрлийн арга хэмжээ зэрэг өрнөх боломжтой байна вэ? Жишээ нь, хүмүүс тэнд алхах, идэх, суух, амрах, унших, шатар тоглох гэх мэт төрөл бүрийн зүйл хийж чадаж байна уу?
  • Аль хэсгийн талбайг илүү их ашиглаад алийг нь ашиглахгүй байна вэ?
  • Тэр газрыг хариуцаж буй ямар нэг ажилтан эсвэл удирдлагын төв байна уу?
  1. Хүмүүс хоорондоо харилцах орчин нөхцлийг бүрдүүлж буй эсэх

Хэцүү мэт боловч олон нийтийн гудамж, талбайг сайн төлөвлөж чадвал хүмүүсийн хамгийн их хайрладаг орон зай болох боломжтой. Найзууд, гэр бүлийнхэнтэйгээ тэнд цаг болзон уулздаг болохоос гадна тэр орчимд яваа хэнтэй ч харилцахад тухгүй санагдахаа больдог. Нэг ёсондоо тухайн орчны хүмүүсийн хоорондын нэгдмэл чанарыг бий болгож, бие биедээ эерэг найрсаг, дотно байдлыг мэдрүүлдэг орчин болгох боломжтой.

Нэмэлт асуултууд:

  • Найзуудтайгаа цаг товлоод уулзахдаа тухайн газрыг санал болгож, сонгож чадах уу? Тэнд найзуудтайгаа уулзах, эсвэл таарах сэдэл төрж байна уу?
  • Хүмүүс олуулаа цуглаж байна уу? Цугласан хүмүүс хоорондоо харилцаж байна уу?
  • Хүмүүс гэр бүл, найз нөхдөө бахархалтайгаар энд авчирч танилцуулж байна уу?
  • Хүмүүс тэнд инээмсэглэж байна уу? Хүмүүс бие биенийхээ нүд рүү эгцлэн харж байна уу?
  • Хүмүүс тэнд ахин дахин очиж байна уу?
  • Тэнд байгаа хүмүүс газар унасан хог зэргийг сайн дураараа түүж, цэвэрлэж байгаа харагдсан уу?

Дээрх асуултууд бол ердөө тандах маягийн ерөнхий асуултууд бөгөөд олон нийтийн гудамж талбайг төлөвлөхдөө мөрдөх үндсэн зарчмууд юм. Уншсаны дараа эргээд дүгнэхэд та ч бас доорхтой адил бодолтой үлдсэн байж мэдэх юм:

  • Улаанбаатарчууд бид нийтийн эзэмшлийн талбай, ногоон орчин, цэцэрлэгт хүрээлэн гэж мэдэхээ больсон тул нэхэхээ больсон.
  • Хэрэв нэгэнт байгаа орон зай нь ашиглагдахгүй, амьгүй байгаа бол түүнийгээ өөрчлөх сэдэл гаргахгүй байна
  • Байгаа хэдэн гудамж талбай нь менежмент муу, аюулгүй байдал хангаагүй тул хүмүүс тэнд очдоггүй, ашигладаггүй
  • Тав тух, дизайны шийдэл муу учир хүмүүс бахархалтайгаар ашигладаггүй
  • Ихэнх цэцэрлэгт хүрээлэн, нийтийн эзэмшлийн талбай өндөр төмөр хашаагаар битүү хүрээлэгдсэн байдаг тул хүн дотогш нэвтэрч орох, алхах, амрах сэдэл төрдөггүй  нь аюулгүй байдал амалдаггүйтэй холбоотой ажээ
  • Тэнд арчлалт, цэвэрлэгээ тогтмол хийгддэггүй тул ихэнхдээ элэгдэж хуучирдаг.
  • Хөршийн сэтгэлгээ, хамтын сэтгэлгээ байхгүй болсон тул хоорондоо амьд харилцаа үүсгэх нь багассан. Тиймээс тэднийг холбох нэгтгэх дундын орон зай бий болгох нь зайлшгүй хэрэгцээтэй байгаа. 
  • Хүний тав тух хангах дизайны шинэлэг шийдэл гудамжинд нэвтрэхгүй байна гэх мэт.

Та бүхэн энэ чиглэлээр хийгдэх гэж буй залуусын сайн дурын төслийн талаар ЭНЭ подкастаас мэдээлэл авах боломжтой. Нэгэнт бидэнд нийтээр эзэмших боломжтой талбай олдсон тул орчин үеийн хотуудын жишгээр тохижуулж, иргэдийнхээ сэтгэлийг сэргээх нэг ч гэсэн "амьд" орчин бүрдүүлэхийг хүсэж байна.