Индэр    
2019 оны 4 сарын 22
Зураг
Эдийн засагч, шинжээч

Залуусын мөрөөдөл байшин, машин биш... Залуу нас бол ГАДААД ПАСПОРТ

Дэлхийн 2-р дайны үр нөлөө тухайн цаг үедээ ч бус өнөөдөр ч хүртэл бидний амьдралд нөлөөлсөөр байна. Үүний нэг тод жишээ нь миллианистуудын амьдралын хэв маягт өөрчлөлт орсон явдал юм. Дэлхийн 2-р дайны дараа олон мянган цэргүүд эх нутаг руугаа буцаж, улс орнуудад төрөлтийн түвшин маш их нэмэгдсэн. Дайны дараа төрсөн эдгээр хүүхдүүдийг “baby boomers” гэх бөгөөд өнөөгийн 54-72 насныхан болжээ. Өнөөдөр тэд дэлхийн ажиллах хүчний голлох хувь, дэлхийн баялгийн дийлэнх хувийг бүрдүүлж байна.

Харин энэ нөхцөл байдлаас шалтгаалан миллианистуудын (19-38) боломж багасаж эхэлсэн. Тэдэнд boomers шиг хямд боловсролын систем байсангүй. Ихэнх нь өндөр төлбөртэй их сургуульд зээлээр суралцаж, улмаар эргэн төлөх шаардлага тулгардаг төдийгүй төгсөөд ажлын байр олно гэдэг нь том асуудал болж байв. Тиймээс миллианистуудад байшин, машин гэх мэт материаллаг хөрөнгө оруулалтаас илүүтэй материаллаг бус зүйлд хөрөнгө оруулах нь илүү чухал болж хувирсан. Энэ нь тэднийг аялал, адал явдал, дотоод сэтгэлийн амар амгалан гэх мэт олон зүйлсийг чухалчилдаг амьдралын хэв маяг руу шилжихэд нөлөөлсөн.

Эх үүсвэр: NVSS

Дэлхийгээр жилд 1.5 тэрбум хүн аялалаар явж, өөрсдийн хүсэж мөрөөдсөн тэр зүйлсээ нүдээрээ харж биеэрээ мэдэрдэг. Эдгээр хүмүүсийн дунд 15-29 насныхан буюу залуу үеийнхний эзлэх хувь жилээс жилд нэмэгдэж 2017 оны байдлаар дэлхийн нийт аялагчдын 23 хувийг бүрдүүлж байна.  Залуу аялагчдын хувьд мөнгө бага ч, цаг зав ихтэй байдаг. Тэд нэг аялалдаа дунджаар 15 хоног аялж, 3852 ам.доллар зарцуулдаг байна. Хамгийн их аялдаг газар нь АНУ, Европ, Азийн орнуудаас Тайланд байдаг. Монголчууд маань ч энэ трендээс дутсангүй.

2014 оны байдлаар гадагшаа аялсан Монгол иргэд 39 мянга байсан бол 2018 онд энэ тоо 3.3 дахин өсөж 131 мянга болжээ. Монгол банкны түүвэр судалгаанаас Монгол аялагчид дунджаар 12 хоног аялж, 1576 ам.доллар (олон улсын нислэг тээвэр ороогүй) зарцуулдаг байна. Харин хамгийн ихээр зорьдог орнууд нь Хятад, Орос, Солонгос болон Япон зэрэг улсууд байгаа юм. Дээрх тоонууд Монголчуудын гадагш гарах боломж их байгааг харуулж байна. Гэвч бидний зарим нь хэзээ нэгэн өдөр бүх зүйлс жигдэрсний дараа аялж, зугаалах болно гэж боддог. Магадгүй тэгж бодсоор их сургуулиа төгсөж, ажилд орж, гэр бүлтэй болж, завгүй амьдралын хэмнэлд цаг хугацаа харвасан сум шиг өнгөрдөг.

Эх үүсвэр: ҮСХ

АЯЛАЛ БОЛ ХЯМД ҮНЭЭР ТАНСАГ БАРАА АВАХТАЙ АДИЛ 

Эдийн засагт өөрийн төсвийнхөө хязгаарт ханамжаа хэрхэн хамгийн их байлгах тухай авч үздэг. Үүнийг ихэвчлэн Лагранжийн аргаар бодож, оновчтой утгыг нь олдог. Миний хувьд амьдралдаа ханамжаа хамгийн их байлгаж чадсан нэг жишээгээ та бүхэнтэй хуваалцахыг хүсэж байна. Би дэлхийн хөгшин түүхийн гэрч болсон Турк улсад суралцахаар тэтгэлэг авсан юм. Сар бүр 950 лира буюу тухайн үеийнхээ ханшаар 610 мянга орчим төгрөг авдаг байв.

Очсон даруйдаа ойролцоох хотуудаар аялж үзсэнээс хойш аяллын амтанд орж, ирэх сарынхаа мөнгийг юу ч бодолгүй аялалд төлөвлөдөг болов. Тухайн хотынхоо хамгийн алдартай газруудыг нь газрын зураг дээр тэмдэглэн, холбогдох бүх зардлуудаа тооцон тэтгэлэг буух тэр өдрийг хүлээдэг байв. Гар дээр маань бараг хэрэглээний мөнгө л чадан ядан үлддэг байсан. Гэвч би дэлгүүр ороод ямар нэг хувцас худалдаж авах, сарын турш старбакс орж 20 лираны кофе уух мөнгөөр өөрийн амьдралдаа үнэ цэн, сайхан дурсамж, амьдралыг илүү олон өнгөөр харах боломжийг худалдаж авч чадсан юм.

Зөвхөн үүгээр ч зогсохгүй дэлхийн хамгийн хөгшин түүхийн мөрөөр алхаж, түүнийг судалж ойлгохоос эхлээд орчин нөхцөлдөө дасан зохицох, биеэ авч явах гэх мэт олон зүйлсийг би хувьдаа сурсан юм. Магадгүй хамт суралцдаг найз маань байгаагүй бол энэ аялалууд биелэхгүй байх байсан биз. Мэдээж хамтдаа явах нь аялал илүү адал явдалтай, илүү хямд болоход нөлөөлсөн.

Ихэнх хүмүүс тансаг зочид буудал, түрээсийн машиныг үнэтэй гэсэн төсөөлөлтэй байдаг ч хавар, намрын улиралд тансаг зочид буудлууд 80 хувь хямдардаг төдийгүй машин түрээс нь ч хангалттай буурдаг байлаа. Заримдаа онгоцоор явах нь автобусаар явахаас ч хямд тусдаг байв. Тиймээс ийм бага мөнгөөр тансаг үйлчилгээ бүхий тав тухтай аялалыг хийж чадсан нь миний хувьд гайхалтай байсан юм. Ингэж аялалын төлөвлөгөөгөө өөрөө зохиох нь маш хямд төдийгүй, тав тухтай, цагт баригдахгүй байдагт оршдог. Хэрвээ ямар нэгэн аялалын компанид хандвал дор хаяж миний нэг аялалын 800 лиранаас багадаа л 2 дахин үнэтэй тусдаг төдийгүй аялалын явцад ямар нэгэн адал явдал, сонин хачин зүйлс тохионо гэж найдахад хэцүү. 

Биднийг аяллаа дуусгаад ирэх үед гадаад оюутнууд “Rich man” гэж тоглоом хийдэг байсан юм. Учир нь тэд яг л бидэнтэй адил тэтгэлэг авдаг байсан төдийгүй хэзээ ч тэдэнд энэ мөнгө нь хангалттай санагдадгүй байсан биз. Тиймээс л биднийг ар гэрээсээ ч юм уу, хаа нэгтээгээс мөнгө авдаг баян хүмүүс гэж боддог байсан биз.   

 

ИРЭЭДҮЙН ӨӨРТЭЙГӨӨ ГЭРЭЭ БАЙГУУЛАХ НЬ

Тиймээс залуу үеийнхэн маань төсөв мөнгө нь хязгаартай ч цаг хугацаа нь хязгааргүй байгаа энэ үедээ ханамжаа хамгийн их байлгах сонголтыг хэрхэн хийж болох вэ? 1, 2, 3 жилийн дараах Франц, Итали, Англид аялж буй ирээдүйн өөртэйгөө гэрээ байгуулаарай. Хуримтлал бол ирээдүйн өөртэйгөө гэрээ байгуулж байгаа хэрэг юм. Хүмүүс ихэвчлэн хуримтлалаас өгөөж хүртэх, ямар нэгэн эрсдэлээс сэргийлэх, өөрийн мөрөөдөлдөө хүрэх гэсэн 3 зорилгоор хадгалдаг. 

Одооноос эхэл. Хэн нэгний гоё газар очсон зураг харж, очихыг хүссэн газраа шэйр хийхээс илүүтэй одооноос хүсэл мөрөөдлийнхөө төлөө хадгалаарай. Тийм ээ, бидний амьдралд үүнээс чухал аминд тулсан олон асуудал бий. Аялал яг одоо миний бодох зүйл биш учир нь би ... гэж хэлэх түмэн шалтгаан байгаа. Энэ асуудал хэзээ ч дуусахгүй. Тиймээс яг одоо л эхэл. Зорилготой хуримтлал илүү урт настай байдаг юм шүү.

Ер нь тэгээд миллианистууд, бүүмэрс шиг баян болох тухай биш харин санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийг илүү чухалчилдаг болсон. Санхүүгийн эрх чөлөө нь энгийнээр өөртөө болон өөрийн ирээдүйдээ илүү боломж олгох тухай юм. Тиймээс аав, ээжээ чардайлган байж болсон болоогүй их сургуульд суралцан, дараа нь байр машины зээлд хамрагдаж, түүнийхээ төлөө өдөр шөнөгүй ажилладаг энэ хэв маягаас бид өөрсдийгөө чөлөөлөх хэрэгтэй.