Зураг
Зураг
Индэр    
2019 оны 4 сарын 1
Зураг
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Машинд зориулагдсан хотыг дизайнаар эвдэх нь

Зураг

-Ирээдүйн хотууд №2- 

Улаанбаатарчуудын бухимдал, тэвчээрийн хязгаарыг шалгадаг замын түгжрэлийг нэмэгдүүлэх санаачилгуудыг жилээс жилд улсын төсвөөр дэмжин хийсээр. Замыг өргөтгөлөө гээд түгжрэл буурсангүй. Нүхэн гарц, гүүр бариад ч үр дүн гарахгүй гэдэгтэй одоо бид эвлэрэх цаг болсон. Биднийг ийн мунгинах зуур томоохон хотууд автозамаа нарийсгах, болж өгвөл автомашингүй гудамж болгон хаах, нүхэн болон гүүрэн гарцаа нураан явган зорчигчдод орон зай гаргах арга хэмжээ авч эхлээд байна. Иймд хэдийнэ хоцрогдож эхлээд буй шийдлүүдэд олон жил хоцорсон үр ашиггүй хөрөнгө оруулсаар байгаагаа хүлээн зөвшөөрөх ёстой. 

Хотын төв цэгээс 1-2 км радиуст, хүн ам ихээр төвлөрөн суурьшсан хэсгүүдэд яагаад нийтийн тээврийн хүрэлцээ хамгийн муу, явган хүний стандартын шаардлага хангахуйц зам байхгүй байна вэ? Зөв хооллолттой жишин зүйрлэвэл автомашин бол дан махан хоол юм. Харин хоолны дэглэм барихдаа бид илүү чанартай хүнс тэжээл болох жимс, ногоо, сайн чанарын өөх тос сонгож, хоолны орцоо төрөлжүүлдэгтэй яг адил хотын тээвэр хөдөлгөөнд ийм төрлийн дэглэм зайлшгүй орж ирэх хэрэгтэй. Хувийн автомашины хэрэглээг бууруулах санаачилгуудыг төрөөс үе шаттай хэрэгжүүлж, аль болох нийтийн тээвэр эсвэл явган болон дугуйгаар зорчих боломжийг бүрдүүлэх тухай анхаарч буй ч царай муутай хотын гудамжаар царай алдан алхахыг бид хүсэхгүй байна. 

 

Улаанбаатар хотын олон нийтийн гудамж, зам талбай аль хэдийнэ зориулалтаа алдан хэрэглээнээс гарч, “амьгүй” болсон гэдэгтэй би 100 хувь санал нийлдэг. Гудамж амьгүй болоход хүмүүс тухайн гудамжийг ашиглахгүй, хөрөнгө оруулалт тийшээ чиглэхгүй, тэнд байгаа бизнест орлого орохгүй. Хотын гудамжууд бол тухайн хотын амин судаснууд бөгөөд хотын нийгэм эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлж байдаг.

Хоосон сул гудамж талбай бүхэн ашиглагддаг гэсэн үг биш. Манай хотын А зэрэглэлийн бүсэд олон нийтийн хэд хэдэн гудамж талбай байдаг ч тэнд амьдрал өрнөдөггүй. Хүмүүс тэр орон зайг ашиглахгүй байна гэдэг нь дизайны шийдэл, төлөвлөлтөд асуудал байна гэсэн үг.  

Дэлхийн олон оронд хотынхоо нүүр царайг өөрчлөх хөдөлгөөнийг залуус өөрсдөөсөө эхлүүлж байна. Манай хот яагаад ийм царай муутай юм бол? Манай дизайнер, архитекторууд хангалттай чадварлаг хэрнээ яагаад ийм царай муутай хотод дөрвөн, хананы дунд бид ихэнх цагаа өнгөрөөж байна вэ? Хот яагаад бүтээлч байдлаар гудамжуудаа зохион байгуулж чадахгүй байна вэ? Иргэд яагаад бүтээн байгуулалтын ажилд, амьдарч буй орчиндоо өөрчлөлт хийх оролцоогүй байсаар байна вэ гэх мэт зовнил олон. 

Чухам яагаад дизайны шийдлээр гудамжуудыг дахин загварчлах нь байгаль орчин, уур амьсгалын асуудалтай холбогдож буйг та бүхэн бас эргэцүүлэн бодоорой. Урин дулааны цагт хүн бүр хувийн автомашин унаж зорчихгүй, боломжоороо, тайван таатай алхах нөхцөлийг бүрдүүлэх нь дизайны шийдэл сайтай гудамжуудын үүрэг. 

Иргэдийн сэтгэл санаанд эергээр нөлөөлж, хотын өнгө үзэмжийг дээшлүүлж байдаг олон нийтийн гудамж талбай нь онолын дагуу дараах 5 үүргийг гүйцэтгэдэг:

НЭГ. Алжаал тайлах
 

 

Гудамжинд алхаж яваад хэсэг сууж хөлөө амраах, үдийн завсарлагаараа салхилах, бороо уснаас хоргодож түр зогсох гэх мэтээр олон нийтийн талбайг иргэд ашиглах ёстой. Биеийн алжаалаа тайлах эсвэл сэтгэл санаагаа сэргээж, завсарлага авах зориулалтаар иргэд гадаа гарч тайвшрал, амралт авч байх хэрэгцээ байдаг. Энэ үүргийг хамгийн сайн гүйцэтгэдэг сайн жишээнүүдийн нэг АНУ-ын Брайнт Парк. 1980-аад онд паркийн ашиглалт, дизайныг сайжруулах алхмууд үе шаттай авсаар одоо хамгийн их хөл хөдөлгөөнтэй паркуудын нэг болсон. 

Мөн БНСУ-ын Сөүл хот, Канадын Халифакс эргийн тохижилтын дизайнууд онолын дагуу хөгжүүлсэн олон нийтийн гудамж талбайн бас тод жишээ юм. 

ХОЁР. Амрах, эрч хүчээ сэлбэх 

 

Хот дотор байгалийн элементүүд авчрах нь амралт, таашаал мэдрүүлэх үүрэг гүйцэтгэнэ. Ногоон мод, ургамал цэцэг, усны чимээ. Хүн байгалийнхаа зөнгөөр үргэлж байгаль руугаа тэмүүлж байдаг. Хотын амьдрал бидэнд байгальтайгаа ойртох боломж бололцоог төдийлөн олгодоггүй тул ийм орчныг зориудаар бий болгож, ургамал ногоо, ус чийгийн үнэр үнэрлэж, тайвшрал олох хэрэгцээ маш их бий. Нью-Йорк хот дахь жижигхэн хэрнээ гайхалтай шийдсэн Грийнэйкр парк үүний нэг жишээ. Аль болох байгалийн материал ашиглан ногоон, амьд мэдрэмж төрүүлэх шийдлүүд түлхүү хөгжиж байна. Өмнө нь барьсан цемент, блокон хашаа хайсаа буулгаж, байгалийн аргаар нөхөн сэргээж хотоо өөрчилж байна. 

ГУРАВ. Хүмүүстэй шууд бус харилцаанд орох, нийгэмших 

 

Гудамж олон нийтийн талбайд ямар нэгэн үзүүлбэр, арга хэмжээ зохион байгуулах нь тухайн орчиндоо шууд амь оруулдаг. Тухайн гудамжинд иргэд өөрсдөө сайн дураараа олныг хамарсан арга хэмжээ хийх, сонирхлоороо нэгдэн хоббигоо хөгжүүлэх боломжийг хангахуйц байх ёстой. Энгийн үед ч хүмүүс бие биенээ ажиглан тайван суух, гудамжаар урсах амьдралыг унших дуртай байдаг. Эсвэл урлагийн бүтээл байршуулж тухайн бүтээлийг үнэлж, бодолд автан суух нь нэг төрлийн амралт болдог. 

ДӨРӨВ. Амьд харилцаа үүсгэх

 

Тоглоом байршуулах, зөөж хөдөлгөж болдог сандал байрлуулах, хүмүүс цаг товлон болзоод суух байршил бий болгох зэргээр шийднэ. Эсвэл урлагийн бүтээл байршуулж, олон нийтэд сурталчлах, зураг авахуулж, бусдад харуулж, танилцуулах боломжийг бүрдүүлэх гэх мэт.

Солонгосын залуу уран бүтээлчийн “Үндэс” хэмээх бүтээл хэдийнэ Сөүл хотын чимэг болсон нэгэн цэг болжээ.  

ТАВ. Танин мэдэхүй, шинэлэг байдал мэдрүүлэх

 

Олон нийтийн гудамж талбайд дизайны өвөрмөц  шийдэл нэвтрүүлэх замаар тухайн орчинд цагаа өнгөрөөх хүслийг төрүүлэх. Мөн хотын зүгээс менежмент хийж, олон нийтийг хамарсан урлагийн арга хэмжээ зэргийг зохион байгуулах боломжтой.

Сошиал сүлжээний тусламжтай энэ төрлийн гудамжуудын эрэлт хурдацтай нэмэгдсэн тул тухайн хотод шинээр бий болсон дизайнлаг орчинд хүмүүс зургаа авахуулан бие биедээ түгээснээр гудамж талбайн ашиглалт улам ихсэж, ойр орчмын бизнесүүд цэцэглэх нөхцөл бүрдэж байна. Барууны орнуудын олон бүтээлч шийдлүүдийг нэрлэж болно. 


Автомашинд бус, хүнд зориулагадсан гудамжтай болохын тулд залуус өөрсдийн санаачилгаараа "Би+Д Өөрөөсөө эхэлье" нэртэй сайн дурын төслөө үргэлжлүүлэх гэж байгаа юм байна. Хотоос тохижилтын ажил олныг хийдэг ч онолын дагуу хөгжүүлэхгүй, дизайны шийдэл дутмаг эсвэл олон нийтийн гудамж талбайн амин сүнс болсон зарим чухал элементүүдийг орхигдуулсан зэргээс үүдэн тэдгээр ажлууд амьгүй болж байна. 

Өнгөрсөн жил шилдэг график дизайнеруудын хамт Улаанбаатар хотын орчны бохирдлыг зурагт хуудсаар шүүмжилсэн сайн дурын төсөл хийж байсан залуус энэ удаа залуу архитектор, дизайнеруудын хамт олон нийтийн жишиг талбай бүтээж харуулахаар зорьж байна. Уншигч та ЭНД дарж "Би+Д Өөрөөсөө эхэлье" хөдөлгөөний хуудсанд нэгдээд, дизайнаар өөрчилж эвдмээр байгаа, өдөр бүр алхаж өнгөрдөг олон нийтийн гудамж талбайн зургуудаа бүтээлч санаатайгаа илгээж нэгдээрэй.