Индэр    
2019 оны 3 сарын 22
Зураг
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Хотууд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ТЭЭВРИЙН ямар шийдлүүд нэвтрүүлж байна вэ?

Зураг
-Ирээдүйн хотууд №1-
 
Өмнөх нийтлэлдээ дэлхий дахинаа хотжилт хэрхэн хурдацтай эрчимжиж буй талаар, хүн амын өсөлт, нягтаршил дагасан байгаль орчны бохирдол, уур амьсгалын өөрчлөлт, түүний үр дүнд бий болж буй эмзэг байдал, эрсдлүүдийн тухай товч бичсэн. 
 
Дэлхийн томоохон хотууд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодитой манлайлал үзүүлэн эрсдэл тээгээд ч хамаагүй бодлогуудаа ногооруулан, зоримог технологийн шийдлүүдэд хөрөнгө оруулж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Мэдээж үр дүнгүүд эерэг, улам ч ногоон төслүүдийнхээ цар хүрээг томруулсан, сайжруулсан жишээнүүд олон байна. 
 
Уур амьсгалын ногоон хөрөнгө оруулалт эхэн үедээ зардал ихтэй, хөгжиж буй орнуудын төсөвт их дарамттай мэт боловч алсын хараатай, тооцоололтой байж чадвал урт хугацаандаа хамгийн ашигтай шийдэл байж чаддаг. Хотжилтын улмаас нүүрсхүчлийн хий (CO2) хэмээх нэг төрлийн хүлэмжийн хийн ялгарал улам ихсэх болсонтой холбоотойгоор энэ төрлийн хийн ялгарлыг бууруулах технологийн шийдлүүдийг хөгжингүй орнуудад эрчимтэй хөгжүүлж байна. 
 
Хүлэмжийн хий нь хүн амын эрүүл мэнд, ус, хөрс, хүнсний нөөцөд нөлөөлж байдаг. Тухайн бүс нутгийн газар зүйн байрлалаас шалтгаалан өртөх байдал нь харилцан адилгүй ч уур амьсгалын сөрөг нөлөө нь дэлхийн нийт хүн амын амжиргааг бууруулж, дэд бүтцийн өртөг зардлыг нэмсээр байгаа. Иймээс эрт дээр нь арга хэмжээ авахгүй бол эмзэг байдал улам нэмэгдэхийн сацуу тухайн улсынхаа нийгэм, эдийн засагт хүчтэй сөрөг нөлөө үзүүлж эхлэхийг салбарын судлаачид сануулсаар байгаа.
 
Зөвхөн Ази тивд л даруй ямар нэгэн арга хэмжээ авахгүй энэ чигээр хөгжвөл 2100 он гэхэд ДНБ-ий 10 гаруй хувь эрсдэлд орно гэсэн урьдчилсан тооцоолол хийсэн байна. Иймээс хүн ам, ДНБ-ий дийлэнх хувь нь төвлөрсөн хотууд “ирээдүйн найдвар” болж хувираад байгаа юм.
 
Хамгийн оновчтой шийдлүүд зөвхөн хотын асуудлууд дээр төвлөрөн хөгжиж, туршигдаж буй энэ цаг үед манай урд хөрш тээврийн салбартаа хэрхэн шинэчлэл хийж буй хэдэн жишээг танилцуулъя. 
 
Давхар үр ашигтай шийдлүүд буюу агаар, орчны бохирдол, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахын зэрэгцээ хотын нийгэм эдийн засагт эерэг үр нөлөө үзүүлж буй жишээнүүд сонгосныг тодотгон хэлье.  
НЭГ. Бээжин хот. Замын бөглөрөл, хүлэмжийн хийн ялгарлын шийдэл болж буй замын унаанд дайгдах үйлчилгээ буюу карпүүл
 

Бээжин хот дахь хувийн автомашин эзэмшигчдийн тоо даруй 4.2 саяд хүрсэн бөгөөд нэг автомашины туулах зам өдөрт дунджаар 45 км байна. Ихэнх автомашин жолоочоос өөр зорчигчгүй замын хөдөлгөөнд ордог нь түгжрэлийг дээд цэгт нь хүргээд байгаа. Ойрын хугацаанд та урд хөршийн нийслэлийг зорьсон бол аймшигтай түгжрэлийг нүдээр үзсэн байх. Харин Бээжин хотын иргэд ухаалаг утасны аппликэйшнд суурилсан "Дида карпүүл" үйлчилгээг сүүлийн үед өргөнөөр ашиглаж байгаа бөгөөд замын унаанд дайгдаж хэвшээд байна.

Мөнгө, цаг заваа хэмнэж хот дотроо, хот хооронд хэн нэгний унаанд дайгдан зорчдог болсон нь автомашины яндангаас ялгардаг хорт утааг багасгаж буй тод жишээ болж байна. 2016 онд л гэхэд Бээжин хотын иргэд энэхүү Дида карпүүл аппликэйшн ашиглан хот дотроо 100 сая, хот хооронд 10 сая удаагийн зорчилт хийжээ. Хотын удирдлагууд энэ шийдлийг улам дэмжин ажиллахаар хууль эрх зүйн зохицуулалт дээр анхаарч байна. Одоогоор тус платформ 60 сая орчим хэрэглэгчтэйн 10 сая орчим нь автомашинтайгаа бүртгүүлжээ. Манай хотод энэ төрлийн үйлчилгээ нэвтэрч эхэлснийг та бүхэн бас туршаад үзэхийг санал болгож байна. 
ХОЁР. Шаньси муж, Тайюуан хот. Цахилгаан такси үйлчилгээ 
 

Тайюуан хотын иргэд Хятадын ихэнх аж үйлдвэржсэн хотуудын нэгэн адил агаарын бохирдлын хор хөнөөлийг амсан амьдарч байна. Энэ хотын тээврийн салбараас ялгарч буй агаар бохирдуулагчийн 16% нь PM2.5 нарийн ширхэгт тоосонцор, 14% нь PM10 байна. 2016 оны нэгдүгээр сараас эхлэн хотын удирдлагууд цахилгаан тээврийн хэрэгслийн чиглэлээр томоохон алхам хийж, ердөө найман сарын дотор хотын гудамжинд зорчиж байсан 8,292 таксиг бүрэн цахилгаан автомашинаар сольжээ. Дэлхийн өөр аль ч хотод ийм богино хугацаанд бүх таксигаа цахилгаан автомашинаар сольсон тохиолдол байгаагүй гэжээ.

Хотын өнцөг булан бүрт 40 киловаттын хүчин чадал бүхий 2,000 ширхэг цэнэглэгч станцууд байрлуулж, нэгэн зэрэг 7,200 такси цэнэглэх хүчин чадал бүхий 18 ширхэг цахилгааны эх үүсвэртэй цамхаг босгожээ. Ийнхүү зургаан сар хүрэхгүй хугацаанд тус хот зөвхөн такси үйлчилгээгээ шинэчилснээр 8,000 тонн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж чаджээ. Агаарын бохирдол ч харьцангуй хурдан буурснаас гадна цахилгаан автомашинаар үйлчилж эхэлсэн такси үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааны зардал эрс буурсан. 
ГУРАВ. Бээжин хот. Дундын автобусны үйлчилгээ 
 

Бээжин хотын нийтийн тээвэр иргэд оршин суугчдынхаа тоотой харьцуулахад хүртээмж муу, туулах зам урт, нийтийн тээврийн зогсоол, хүлээлгийн талбайн шийдэл тааруу зэрэг доголдолтой тал ихтэй. Бээжин хотод хувийн автомашингүй иргэд өдөр тутам метроны үйлчилгээнээс өөр сонголгүй байсан. Харин одоо хурдан шуурхай, цэвэр тухтай дундын автобусны үйлчилгээ дээрх асуудлуудыг шийдэлцэж байна. Хувийн автомашинаа унаж байгаа мэт ажлынхаа яг үүдэнд буух боломж бүхий үйлчилгээг Хятадын хувийн хэвшлээс санаачлан хэрэгжүүлж байна.

Арай өндөр үнэ төлөөд “Pick me Technology” шийдлийг хэрэглэгчид хүртэх боломжтой. 2014 онд анх энэ санааг туршиж эхэлсэн бол одоо өдөр тутам 20 мянга орчим үйлчлүүлэгчтэй интернетэд суурилсан дундын автобус үйлчилгээний платформ болон өргөжжээ. Эдгээр автобуснууд бүгд хувийнх бөгөөд хотын захиргаанаас тавьж буй нөхцөл шаардлагыг бүрэн хангасны дараа үйлчилгээнд гарах эрхээ авдаг байна. 
 
Хятад даяар өргөн хэрэглэгддэг Wechat эсвэл “Pick me technology” аппликэйшн ашиглан зорчих чиглэлээ сонгоод төлбөрөө төлнө. Ингэснээр хүн амын төвлөрөл ихтэй орон сууцны хорооллын үүднээс бизнес дүүргүүд, хотын төв рүү хурдан шуурхай тээвэрлэдэг байна. Хэдий төрийн мэдлийн үйлчилгээ биш боловч хотын захиргаа энэ төрлийн үйлчилгээ эрхлэгчдийг дэмжин автобусны тусгай зам, зогсоолыг ашиглах боломжийг нь бүрэн хангаж өгсөн.
 
Ингэж Бээжин хотноо амжилттай нэвтэрсэн дундын дуудлагын автобус үйлчилгээ Хятадын бусад томоохон хотууд болох Шанхай, Ханжоу, Нанжин хотуудад нэвтэрч цагаан захтнуудын нэг том толгойн өвчин болсон ажилдаа ирж очих асуудлыг нь шийдэлцэж өгөх нь. 
ДӨРӨВ. Хубэй, Ухань хот. Дугуй хөтөлбөр 
 

Хятадын төв хэсэгт байрлах хотуудаас хамгийн их хүн төвлөрсөн Ухань хот мөн л бусад том хотуудын адил замын түгжрэл, агаарын бохирдлын хүндхэн асуудалтай. Бусад хотуудад хэрэгждэг түрээсийн дугуй үйлчилгээнээс ялгарах гол онцлог нь Ухань хотын аль ч хэсэгт байгаа дугуйг унахад эхний нэг цаг нь үнэ төлбөргүй.

2015 оноос эхэлсэн энэ төсөл Хятадын хамгийн амбицтай дугуй төслүүдийн нэг яах аргагүй мөн. Анх 20 мянган дугуй 856 цэгт байршуулж эхэлсэн бол 2018 оны байдлаар 3,160 цэгт нийт 80 мянган түрээсийн дугуй байршуулжээ. Мөн нэмэлтээр цахилгаан скүүтэр цэнэглэх төхөөрөмж дугуйны зогсоол бүрт бонус болгон тоноглож өгсөн нь байгальд ээлтэй тээврийн хэрэгслийг бүрэн утгаар нь дэмжиж буй санаачлага болсон.
 
Ухань хотын дугуй түрээсийн үйлчилгээнээс иргэд оноо цуглуулж болдог нь бас нэгэн ухаалаг шийдэл. Нийт дугуйгаар зорчсон зайгаа хэрэглэгчид гар утасны аппликэйшн дээр бүртгүүлэн тооцуулах бөгөөд хүлэмжийн хий бууруулсан хэмжээгээрээ оноо цуглуулж, эргүүлэн түүгээрээ урамшууллын бараа бүтээгдэхүүн арилжиж авч болдог систем юм. Кино үзвэрийн тасалбар, эсвэл сүлжээ дэлгүүрүүдээр өдөр тутмын хэрэглээний бараагаа тус оноогоороо авч болно. 
ТАВ. Шанхай. 100 хувь цахилгаан нийтийн тээвэр 
 

Шанхай хотод дизель хөдөлгүүртэй 18 мянга орчим нийтийн тээврийн автобус үйлчилдэг байсан нь асар их түлш хэрэглэхийн сацуу хорт бодис ихээр ялгаруулан нийгэм, эдийн засаг, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг байв. Харин одоо авто баазуудынхаа дээврийг бүхэлд нь нарны хавтангаар тоноглон 100 хувь цахилгаан автобуснуудыг үйлчилгээнд нэвтрүүлээд буй анхны хот болоод байна.

Дээвэр дээр суурилуулсан 195 кВц нарны системээр нэгэн зэрэг зургаан автобус цэнэглэх хүчин чадалтай бөгөөд жилдээ 20 мВц эрчим хүч үйлдвэрлэж байна. Ийнхүү үйлдвэрлэн гаргасан цэвэр эрчим хүчээ бусад хэрэгцээндээ ашиглаад зогсохгүй, үлдэгдлийг нь сүлжээ рүү нийлүүлж чаддаг ажээ. Нийт 2,000 мкв дээврийн талбайг бүрхсэн энэхүү нарны хавтангууд дээврийн дулаан алдагдлыг бууруулдаг давхар үр ашигтай. 
ЗУРГАА. Ичан хот, Хубэй муж. ​BRT буюу тусгай замын нийтийн тээврийн үйлчилгээ 
 

Хувийн автомашинтай иргэдийн тоо огцом нэмэгдсэнээс Хубэй мужийн хоёр дахь том хот Ичан түгжрэлийг шийдэх BRT буюу тусгай замын нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлсэн байна. Нийт 24 км урт энэхүү тусгай замын автобус үйлчилгээ нь хурдан, хямд зорчих боломжийг хотын иргэдэд нээж өгсөн төдийгүй нийтийн тээврээр үйлчлүүлэгчдийн тоо огцом өссөн.

Бусад төрлийн нийтийн тээврийн шугам, орон сууцны хорооллуудтай холбогддог тусгай замын автобус үйлчилгээг өглөөний цагаар хотын иргэд нэн их ашиглах болжээ. BRT төсөл хэрэгжиж эхэлснээс гурван сарын дараа автомашинаар зорчигчдын тоо 40 орчим хувиар буурсан бөгөөд тусгай замын автобусаар үйлчлүүлэх иргэдийн тоо 18 хувиас 34 хувь болжээ. Автобус хүлээлгийн  дундаж цаг 13 минутаас 6 минут болж богиноссон бөгөөд зам дээр, машин дотроо ихэнх цагаа алддаг байсан хотынхон үр дүнд нь сэтгэл хангалуун байдгаа тогтмол хуваалцаж байна.
 
Манай хот мөн тун удахгүй Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр тусгай замын нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх гэж байгаа. 
ДОЛОО. Чончинь хот, Сичуан муж. Дундын автомашин үйлчилгээ 
 

Чончинь хот уулархаг өндөрлөг газар байрладаг тул дугуйгаар эсвэл явган зорчихыг уриалах нь тийм ч таатай санаа биш. Иймээс тус хотод Азид анх удаа танилцуулагдаж буй  Car2Go нэртэй дундын автомашин үйлчилгээг нэвтрүүлжээ. Системдээ 300,000 орчим хэрэглэгч бүртгэлжүүлсэн бөгөөд машин түрээслэх үйлчилгээ үзүүлдэг тодорхой цэг зааж өгөөгүй гэдгээрээ онцлог.

Хотын гудамжинд зорчих байгальд ээлтэй 600 гаруй дундын автомашиныг ихэвчлэн залуус ашиглаж байна. Тэд гар утасны тусгай апп ашиглан машинаа асаах бөгөөд зорьсон газраа хүрээд нийтийн авто зогсоолд эсвэл тусгай цэг дээр байршуулж түгжинэ. Автомашины түрээсийн үнэ нэг минут тутамд тооцогдох бөгөөд залууст энэ нь дарамт учруулахааргүй боломжийн үнэ байгаа гэж үзжээ.
 
Системд бүртгэлтэй нийт машинуудын дийлэнх нь цахилгаан эсвэл түлш зарцуулалт багатай, энгийн автомашинтай харьцуулахад 50 хувиар хэмнэлттэй жижиг оврын тэрэгнүүд байгаа юм.