Индэр    
2019 оны 3 сарын 20
Зураг
iKon.mn сэтгүүлч

Минаматагийн сургамж: БИДНИЙ АЛДААГ БИТГИЙ ДАВТААРАЙ

LCD, OLED дэлгэцийн/зурагт, компьютер, гар утасны/ дэлхийн нийт хэрэгцээний 40 орчим хувийг үйлдвэрлэдэг Японы JNC корпораци ашгийнхаа ихэнх хувийг 70 жилийн өмнө хариуцлага алдсан үйлдлийнхээ төлбөрт төлдөг байна.

Энэ талаар тус үйлдвэрийн ажилтан Кидо Риэ "1908 онд ургамлын бордоо үйлдвэрлэж эхэлсэн манай компани үйл ажиллагаагаа өргөжүүлсээр олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх болсон. 70 жилийн өмнө хуванцрыг  зөөлрүүлж, гялгар уут болгоход ашигласан бодисыг үйлдвэрлэхдээ мөнгөн ус ашигласан байдаг. Ингээд бохирдсон усаа цэвэршүүлэлгүйгээр далайд асгасан нь үйлдвэрийн алдаа болсон юм.

 

Үйлдвэрийн бохир ус далайн хошууг бохирдуулж тэндээс барьсан загасыг идсэн хүмүүс нэгэн шинэ өвчин туссаныг “Минамата өвчин” хэмээн нэрийдсэн. Уг өвчин манай үйлдвэрийн буруутай үйлдлээс үүдсэн учраас бид хохирогч болсон иргэдэд санхүүгийн, сэтгэлзүйн дэмжлэг үзүүлж, гаргасан алдааныхаа тухай олон нийтэд мэдээлж, бидний алдааг хэн ч битгий дахин давтаасай гэж хүсдэг" хэмээн ярив.

70 жилийн өмнө болсон уг үйлдлээс болж 2,700 иргэн хохирогч болсон гэдгээ шүүхээр тогтоолгон насан туршдаа байнгын тэтгэмж, дэмжлэг авдаг болжээ. Үүнээс гадна 50,000 орчим иргэн “Минамата өвчин”-өөр өвчилсөн хэмээсэн ч шүүхээр эцэслэн тогтоолгож чадаагүй байна. Гэсэн хэдий ч JNC корпорацийн зүгээс өөрсдөд нь хандаж, хүсэлт гаргасан иргэдийн эмнэлгийн зардлыг төлдөг аж.

"Минаматагийн сургамж танд ч бас хамаатай"

Тухайн үед хар цэнхэр улаан өнгийн зүйлүүд далай руу орж байжээ. Гэхдээ мөнгөн ус өнгө үнэргүй, дээрээс нь мөнгөн ус гэдэг бодис ямар хортой талаар ойлголт огт байгаагүй гэнэ. Тиймээс 1932-1968 он хүртэл Чиссо/одоогийн JNC/үйлдвэр мөнгөн ус болон бусад химийн бодисоор бохирлогдсон усаа далай руу асгасаар байжээ.

 

"Чиссо үйлдвэрийн ойролцоо амьдардаг байсан иргэд бараг бүгдээрээ тус үйлдвэрт ажилладаг байв. Тиймээс олон жил далай руу бохир ус орж байгааг мэдсэн, энэ нь хүмүүс өвчлөхөд хүргэж байгааг таамагласан ч дуугүй байсаар байсан" хэмээн "Минамата өвчний түүхийн эх сурвалжийн музей"-н орлогч дарга Күсано Тецуя ярив.

Энэ үед үйлдвэрийн харьяа эмнэлгийн эмч шинэ төрлийн өвчин юунаас болж байгааг тогтоохоор далайн бохирдсон хэсгээс барьсан загасаар муур хооллон туршилт хийжээ. Туршилтад орсон муур үсэрч цовхчин, тэгшхэн явж чадахгүй гуйвж дайвах болсон нь хүмүүст илэрсэн татах, тэнцвэрээ алдах шинж тэмдэгтэй адил байсан тул үйлдвэрийн захиргаанд туршилтын үр дүнгээ танилцуулжээ.

Гэтэл компани тэр даруй туршилтыг зогсоосон байна. Ингээд хэсэг хугацаанд намжмал байсан ч дахин Минамата өвчний дэгдэлт гарч, Күмаматогийн их сургууль, Минамата хотын эрүүл мэндийн газраас туршилт, судалгаа хийж өвчний шалтгааныг тогтоожээ.

Энэ үед үйлдвэрийн зүгээс эсэргүүцлээ илэрхийлж, эрдэмтдийг доромжилж эхэлсэн байна. Тэд хэвлэлээр мөнгөн уснаас өвчин үүсээгүй гэх агуулгатай мэдээлэл цацаж, үйлдвэрийн бохирдлыг цэвэрлэх төхөөрөмж байгуулав. Түүгээр үл барам захирал нь цэвэрлэсэн усаа ууж үзүүлж байжээ. Гэвч удалгүй үйлдвэрийн захирал өөр цэвэр ус уусныг ард иргэд олж мэдсэн байна.

Ингээд эрдэмтдийн судалгааг үндэслэн шүүхээс өвчин үйлдвэрийн бохирдлоос үүдэлтэй гэх шийдвэрийг гаргажээ.

Шүүхийн шийдвэр гарах үед үйлдвэрийн бохирдол хэдийн далайн хошууг бүхэлд нь бохирдуулсан байв. Тиймээс далайн хошууг бүхэлд нь шороогоор дүүргэж, газар бий болгожээ. Ингэхдээ хордсон хэсгийн бүх загасыг барин том том торхонд хийж, шороонд булсан байна.

Энэ ажил 13 жил үргэлжилж 400 сая доллар зарцуулжээ.

"Одоо харахад далай цэвэрхэн, бүх зүйл сайхан болсон мэт харагдаж байгаа ч мөнгөн ус байж л байгаа.  

Хохирогч, хохируулагч хоёр зэрэгцэн амьдарч байна. Хохироогч тал хэчнээн их мэрийн зүтгэж, хохирлыг барагдуулахаар ажиллаж байгаа ч “Минамата өвчин”-ийг эмчлэх аргыг одоо хүртэл нээгээгүй бөгөөд өвдөж зовсон, нас барсан иргэд, тэдний ар гэрийнхний гомдол хэзээ ч барагдахгүй.

 

Энэ бол зөвхөн Япончуудын асуудал биш. Энэ бол түүх. Түүхээс суралцаж өөрсдийн амьдралдаа давтахгүй байхын төлөө анхаараарай. Насан туршдаа битгий мартаарай" хэмээн эх сурвалжийн музейн орлогч дарга дахин дахин сануулж байв.

"Минамата өвчин нэг хүний өвчин биш, гэр бүлийн зовлон байсан"

Эх сурвалжийн музейг үзэж дууссаны дараа Минамата өвчний улмаас нөхөр, хүүхдээ алдсан Үэно Эико эмээ амьдралынхаа түүхийг хуваалцсан юм.

Эмээ яриагаа Минамата өвчин нэг хүний өвчин биш, гэр бүлийн зовлон байсан хэмээн эхлүүлэв.

 

Түүний нөхөр Чиссо үйлдвэрт ажиллахын хажуугаар эхнэртэйгээ хамт загасны аж ахуй эрхэлдэг байжээ. Залуу гэр бүл өөрсдийн гэсэн гэр оронтой болохын тулд шаргуу хөдөлмөрлөж байсан ч нэгэн өдөр нөхөр нь  загас барьж байх үедээ тэнцвэр алдан унасан байна. Тухайн үед нөхрөөсөө зүгээр эсэхийг нь асуухад "Би зүгээр ээ" хэмээн хариулсан ч удалгүй яриа нь тасалдаж, орой нь гэртээ харихдаа үг хэлэх тэнхэлгүй болсон байсан. Маргааш нь нөхрөө дагуулаад хотын эмнэлэгт очиход эмч ойлгомжгүй өвчин болохыг нь хэлээд Чиссо үйлдвэрийн харьяа эмнэлэгт очихыг зөвлөжээ.

Үэно эмээ "Үйлдвэрийн харьяа эмнэлэгт очсон ч маш хүнд байдалтай байсан. Учир нь тухайн үед ийм өвчтэй хүнийг "гажиг өвчтэй" хэмээн ад үздэг байв. Эмнэлгийн хонгилд олон хүмүүс биднийг муухай харж байсан ч бидэнд тэнд эмчид үзүүлэхээс өөр арга байгаагүй. Тэр орой гэртээ харьсан ч нөхрийн минь биеийн байдал улам муудсаар байлаа. Ярьж чадахгүйн дээр хоолоо асгах, тэнцвэрээ алдаж унах, татах, гэнэт үсэрч цовхрох мэт шинж тэмдгүүд илэрч байв.

Тэр үед би есөн сартай жирэмсэн байсан учраас нөхрөө унахад нь босгож чадахгүй, үсэрч цовхроход нь хамт унаж туссаар бидний гар хөл зүсэгдэж, урагдсан тул би хэвлий дэх хүүхдээ бодоод нөхрөө эмнэлэгт хэвтүүлэхээр шийдсэн юм.

Ингээд Күмамото хотын эмнэлэгт очсон ч эмчилгээ үр дүнд хүрэхгүй байсаар нөхөр минь нас барсан. Нөхөр маань нэг сар хүлээсэн бол шинэ төрөх хүүхдээ хараад бид гурав аз жаргалтай амьдрах байлаа. Харин “Минамата өвчин” бидний гэр бүлийн аз жаргалыг булаасан. Тиймээс би маш их гомдолтой байдаг.

Эмнэлэг дээр нөхрөө чандарлуулаад гэр лүүгээ буцсан би “цаашдаа яаж амьдрах вэ, хүүхдээ яаж тэжээх вэ” гэдгээс өөр юу ч бодохгүй байлаа. Нөхөр маань нас барснаас хойш зургаа хоногийн дараа би дутуу төрж, охин Рёоко маань мэндэлсэн.

 

Охиноо төрж байхад маш их баярлаж, “Минамата өвчин”-өөр өвчилсөн хэмээн огт төсөөлөөгүй. Гэтэл охиноо гурван сартай болох үед өвчтэй болохыг нь мэдсэн. Тухайн үед охиныг маань эмч тархины саажилттай хэмээн оношилж, эмчилгээ хийх болсон. Миний охинтой адил 14 хүүхэд мөн эмчлүүлж байв. Хүүхдүүдийг бүгдийг нь тархины саажилттай хэмээн оношилж, нугаснаас нь ус авдаг байсан бөгөөд нугаснаасаа ус авхуулах мөчид хүүхэд маш ихээр өвдөн уйлж, дараа өдрийн турш ямар ч хөдөлгөөнгүй хэвтдэг байв. Энэ эмчилгээ огт үр дүнд хүрэхгүй байсан учраас эцэг эхчүүд бид саажилт биш “Минамата өвчин” юм байна гэдгийг ойлгосон. “Минамата өвчин” эхийн хэвлийд бүрэлдэж буй урагт нөлөөлсөн нь энэ байсан юм.

“Минамата өвчин” эхийн хэвлийд бүрэлдэж байсан урагт нөлөөлсөн байв.

Эцэг эхчүүд бидний зүгээс өвчин үйлдвэрийн буруутай үйлдлээс болсон хэмээн үзэж, тус үйлдвэрийн гадаа ээлжлэн суулт хийж байсан ч биднийг үл тоож байлаа. Мөн хүмүүс, үйлдвэрийн ажилчид биднийг доромжлон "Өөрсдөө гажиг өвчтэй хүүхэд төрүүлчхээд үйлдвэрт буруугаа өглөө" хэмээн ад үздэг байв.

Охин минь гурван нас хүрэхийн үед үйлдвэр буруугаа хүлээж, ойлголцолд хүрсэн хэдий ч нэгэн шөнө охины минь бие огцом муудаж, таталт өгсөн. Шөнө охиноо тэврээд харанхуй гудмаар гүйн эмнэлэгт очсон хэдий ч тэр өдрийн маргааш өглөө охин минь амьсгал хураасан юм. Төрсөн цагаасаа хойш өвдөж, шаналсан охин минь өөрийг нь өвчтэй болгосон ээждээ гомдлоо хэлж, туньж чадалгүй нас барахад би "Рёоко ээжийгээ уучлаарай" гэхээс өөр юу ч хэлж чадахгүй хоёр хоног уйлсан.

Гэтэл дахин нэг аймшигтай зүйл тохиосон нь охинд минь задлан шинжилгээ хийж, үхлийн шалтгааныг тогтооно гэсэн. Бүтэн гурван жил өвчинтэйгөө тэмцэж зовсон охиноо үхсэнийх нь дараа хүртэл зовоомооргүй байсан хэдий ч үхлийн шалтгааныг тогтоовол бусад хүүхдүүдийг аврах боломжтой болно гэж эмч нар ятгасан учраас аргагүйн эрхэнд эцэст нь би зөвшөөрсөн.

Удалгүй би дахин жирэмслэх боломжгүй болсноо мэдсэн. “Минамата өвчин”-ий улмаас хайртай ханиа, энхрий үрээ алдсан учраас Чиссо үйлдвэрт гомдсон миний гомдол хэзээ ч тайлагдаагүй" хэмээн өөрийн амьдралын хүнд хэцүү түүхээ дурсав.

1972 онд Минамата хотод "Минамата өвчин"-ий улмаас зовж шаналж буй хүмүүст туслах төв байгуулагдахад Үэно эмээ анхны ажилчдынх нь нэг болон ажилд орж, 15 жил ажиллажээ.


Олон мянган хүнийг мөнгөн усны хордлогоос үүсэлтэй төв мэдрэлийн системийн өвчин тусахад хүргэсэн үйлдвэр өөрсдийнх нь алдааг давтахгүй байхыг захиж, хохирогч олон мянган хүн өнөөдрийг хүртэл сэтгэлдээ асар их гомдол тээн амьдарсаар байна.

 

 

 

Jenesys2018 хөтөлбөрт хамрагдан Япон орноор аялсан тэмдэглэлээс...