Зураг
Зураг
Индэр    
2019 оны 3 сарын 13
Зураг
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Уур амьсгалын бодлого, хөрөнгө оруулалтууд хотууд руу чиглэх ёстойн учир

Зураг
Гэрэл зургийг mpa.mn
Өнөө цагт хот суурин газруудад амьдран сууж буй дэлхийн нийт хүн амын тоо хөдөөнийхөөс хэдийнэ давсан билээ. 2007 онд хүн төрөлхтөн түүхэндээ анх удаа энэ үзэгдлийг гэрчилснээс хойш хотуудын хүн ам тасралтгүй өссөөр байна. Амьдрах таатай орчин эрэлхийлэн, ажил орлого, төрийн үйлчилгээ, зугаа цэнгэл, тав тух хайн хот суурин газар бараадах болсон иргэдийн нүүдэл сүүлийн 60 жил тасралтгүй хот руу чиглэжээ. Энэ үзэгдэл цаашид буурах нь бүү хэл 2050 он гэхэд дэлхийн нийт хүн амын 70 орчим хувь нь хот суурин газар амьдарна гэсэн тооцооллыг олон улсын байгууллагуудын судалгаа тайлангуудаас харж болно. Иймээс ирээдүйд амьдрал хотод л өрнөнө.  
 
Эрчимтэй хотжилт Ази, Африк тивүүдэд хамгийн хурдан явагдаж байна. Зөвхөн Ази тивийн хот суурин газрын хүн ам 2020 он гэхэд дэлхийн нийт хүн амын гуравны хоёрыг эзэлнэ. Азийн хотууд хурдацтай тэлж, дагуул хотууд, шинэ хотууд асар олноор нэмэгдэж байна. Энэхүү эрчимтэй хотжилтыг дагаад эдийн засаг, нийгэм, байгаль орчны төрөл бүрийн асуудлууд хотын удирдлагуудын толгой дээр бууж байгаа юм. Иймдээ ч одооноос орон нутгийн засаг захиргаадын эрх мэдэл, төсөв зарцуулалт, шийдвэр гаргалт, манлайллын ач холбогдлыг дэлхий дахинаа чухалчлан ярьж байна.  
 
Улаанбаатар дэлхийн хотжилтын хамгийн эмгэнэлтэй жишээ болж байгаагийн гэрч нь бид. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 0.3 хувьтай тэнцэх хэмжээний талбайд нийт хүн амын 45 орчим хувь нь амь нас, эрүүл мэндээрээ дэнчин тавин амьдарч байгаа гэдэгтэй хэдийнэ эвлэрээд байх шиг. Дэлхийн хотуудын 75 орчим хувьд орлогын тэгш бус байдал үлэмж нэмэгдсээр байгаа нь байгаль орчны болоод нийгмийн эрүүл мэндийн томоохон эрсдлүүдийн суурь болж байгаа нь манай улсад ч хамаатай. Албан бус суурьшлын бүсүүд их хэмжээгээр нэмэгдсэнээр эрчим хүч, ундны усны эх үүсвэрийн хомсдол дагуулахаас гадна байгаль орчны төрөл бүрийн бохирдлын эх үүсвэр болдог.
 
Улаанбаатар хотын жишээнээс харахад нийт өрхүүдийн 60 гаруй хувь нь гэр хороололд төвлөрсөн дэд бүтэцгүй амьдарч байгаагийн хор хөнөөлийг бид нийтээрээ амсдаг. Харин энэ удаа залхтал сонссон, ярьсан орчны бохирдлын тухай дэлгэрүүлж бичихгүйгээр, хот суурин газруудад хүн ам ихээр суурьшин төвлөрөхөд уур амьсгалын өөрчлөлт ямар эрсдэлд оруулж байдаг тухай товчлон хүргэхээр шийдлээ.

Хот суурин газруудад уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, дасан зохицох арга хэмжээ авах нь

Уур амьсгалын өөрчлөлттэй үндсэндээ хоёр замаар тэмцдэг. 
 
Нэгдүгээрт, сөрөг нөлөөллийг бууруулах буюу сааруулах арга хэмжээ. Энэ нь шатах малтмал буюу нүүрс, газрын тос шатааснаас үүдсэн хүлэмжийн хийн ялгарлыг аль болох багасгах замаар дэлхийн дулаарлыг сааруулах арга зам. Нүүрснээс татгалзах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэхийн тухайд дэлхий нийтээрээ анхаарлаа хандуулж байна. 
 
Харин нөгөө арга зам нь дасан зохицох. Энэ нь нэгэнтээ өөрчлөгдөж буй дэлхийн уур амьсгалаас үүдэн гарч буй төрөл бүрийн байгалийн гамшигт үзэгдэл, нийгмийн халдварт өвчин, байгалийн нөөцийн хомсдол зэргийг хэрхэн даван туулж, дасан зохицох, дархлаатай болох тухай юм. 
 
Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтийн үнэлгээний хоёрдугаар илтгэлд дурьдсанаар уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үзэл баримтлалын үндсийг уур амьсгалын өөрчлөлтөөс улс орны нийгэм-эдийн засгийн эмзэг салбарт цаашид учирч болох эрсдлийг бууруулж, байгаль орчиндоо ухаалгаар зохицсон ногоон хөгжлийн үндсийг бүрдүүлэх явдал гэж тодорхойлжээ. Энэ нь уур амьсгалын өөрчлөлтийн бодит болон болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагаварт байгаль, нийгмийн өртөх байдлыг бууруулах, эсвэл эерэг нөлөөлөл, аятай таатай нөхцөлийг аль болох бүрэн дүүрэн ашиглахад чиглэсэн хүний үйл ажиллагаа, арга хэмжээ гэж хэлж болно. Нэгэнт бид ихээр өртөж буй сөрөг нөлөөллүүдийг цаашид амсахгүй, хор хохирлыг багасгахын тулд хэрхэн холч ухаантай бодлого шийдвэрүүд гаргах ёстойгоо зайлшгүй харж эхлэх цаг болсныг үүгээр хэлэх гэсэн юм.
 
Мэдээж уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд Засгийн газрууд оновчтой бодлого гаргаж, түүнийгээ хэрэгжүүлэх хөрөнгө төсвийг бүрдүүлэх шаардлага тулгарна. Хөгжиж буй орнуудын эрчимтэй хотжиж буй хэсгүүдэд барилга, зам тээвэр, эрчим хүчний салбарт ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийгдсээр байна. Энэ их хөрөнгө оруулалтыг хүрнээр биш ногоон хөгжлийн хөшүүрэгтэй нь уялдуулах замаар санхүүжилтийн төрөл бүрийн механизмууд бий болгож, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах дорвитой алхмууд хийгдэж эхэлсэн. 
 
Нэгэн тод жишээ нь 2015 онд батлагдсан Парисын хэлэлцээрийн дараахан байгуулагдсан Уур амьсгалын ногоон сан юм. Энэ сангийн эх үүсвэрийг ихэвчлэн өндөр хөгжилтэй орнуудын Засгийн газрын төсвөөс, тодорхой хувийг хувийн хэвшлээс босгодог бөгөөд хөгжиж буй орнуудын уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх төсөл хөтөлбөр, үйл ажиллагаануудыг санхүүжүүлдэг. Манай улс одоогийн байдлаар энэ сангаас хамгийн олон төсөл авч хэрэгжүүлж буй орнуудын нэгт тооцогддог. (www.greenclimate.fund)
 
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь Конвенцид Монгол Улс 1993 онд нэгдэн орсон бөгөөд УИХ Парисын хэлэлцээрийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр 2016 оны есдүгээр сарын 1-нд соёрхон баталсан. Ингэснээр улс орон бүрийн амлалт болгон баталсан “Үндэсний зорилтот хувь нэмэр” хэмээх баримт бичгээ Монгол Улс албажуулан хэрэгжүүлэх болсон гэсэн үг юм. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Монгол Улс 2030 он гэхэд хүлэмжийн хийн нийт ялгарлыг хүрэх байсан суурь түвшнээс нь 14 хувиар бууруулах амлалт авсны тал орчим хувийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх боломжтой гэсэн судалгааг 2018 онд Нийслэлийн Байгаль орчны газраас гаргасан байдаг. Энэ нь Улаанбаатар хот уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд томоохон үүрэг хүлээж буйг илтгэж байгаа юм.
 
Үндэсний статистикийн хорооны судалгаагаар 2017 оны байдлаар манай улсад 
  • 1 саяас дээш хүн амтай хот 1 (Улаанбаатар)
  • 50-100 мянган хүн амтай хот 2 (Дархан, Эрдэнэт)
  • 20-50 мянган хүн амтай хот 13
  • 10-20 мянган хүн амтай хот 9 буюу нийт 10 мянгаас дээш хүн амтай төвлөрсөн хот, суурин газар 25 болж, хотжилтын түвшин 67.3 хувьд хүрээд байгаа аж.
Хүн амын хэт төвлөрөл үүссэнээс хот төлөвлөлтийн бодлого бүрмөсөн алдагдаж, түүнийг даган нийгэм, эдийн засгийн давхар бэрхшээлүүд үүсэн, тулгамдсан олон асуудал бий болж буйг бид цаад эх үүсвэр, учир холбогдолтой нь холбож харах хэрэгтэй.
 
Хотжилттой холбоотойгоор хүн ам хэт шигүү суурьшсанаар хүн амын өвчлөл нэмэгдэж байгаа бөгөөд өвчлөлийн тэргүүлэх шалтгаан болох амьсгалын тогтолцоо, зүрх судасны тогтолцооны өвчин, гэмтэл, хордлого болон гадны шалтгаант бусад тодорхой эмгэг ихээр нэмэгдсээр. Хамгийн наад зах нь харшилтай иргэдийн тоо асар хурдацтай нэмэгдэж байна.
 
Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр хотын бичил уур амьсгал өөрчлөгдөн, ургамлын бүрхэвч, хөрс, усны чанар илт дордож байна. Улаанбаатар хотод илрэх уур амьсгалын өөрчлөлтийн үндсэн үр дагавруудыг харуулбал:
  •    Хотын дулааны нөлөө нэмэгдэх, стресс үүсгэх
  •    Халууны долгион (агаарын температур өндөр, хэт халуун байх үе олон хоног дараалан үргэлжлэх)
  •    Хүйтний долгион (агаарын температур бага, хэт хүйтэн байх үе олон хоног дараалан үргэлжлэх)
  •    Хөрсний хөлдөлт, гэсэлтийн давтамж ойртох
  •    Ундны усны чанар муудах
  •    Ус, цаг уурын гаралтай гамшигт үзэгдэл нэмэгдэх (хэт их хур тунадас орох, үер болон хүчтэй салхи шуурга болох)
  •    Хотын ногоон бүсийн ургамлын зүйлийн бүрдэл цөөрөх, талбай нь багасах
  •    Халдварт өвчин тээгч хортон шавьж олшрох, популяци нэмэгдэх
  •    Харшил болон халдварт өвчлөлийн тоо нэмэгдэх
  •    Хотын эрчим хүчний системийн хэвийн горим алдагдах зэргийг тоочиж болно.
Мөн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй үзэгдлүүд нь зам, суваг, дамжуулах байгууламж зэрэг хотын инженерийн болон тээврийн дэд бүтцэд хамгийн их хохирол учруулдаг. Эрдэмтэд хэт халууны долгион, хүчтэй аадар бороо, ул хөрсний хөдөлгөөний үйлчлэл нь замын чанарыг муутгах, барилгын зардлыг өсгөх, хотын хөгжлийг удаашруулах муу нөлөөтэйг тооцоолсон байдаг. Иймд үерийн аюулыг зайлуулах, урьдчилан сэргийлэх инженерийн шугам сүлжээ, сувгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, засах, сэлбэх арга хэмжээ авах, замын чанарт тавих стандартыг мөрдөх, шороон замыг багасгах зэрэг зорилт хотуудад тулгарч байна.  
 
Мөн хотын орчинд зуны цагт хэт халуун, хуурай үеийн эрчим, үргэлжлэх хугацаа нэмэгдэх, түймрийн аюултай үеийн үргэлжлэх хугацаа нэмэгдэх, өвлийн дундаж температур болон дулаан өвлийн давтамж нэмэгдэх, аадар борооны эрчим нэмэгдэх, хаврын шар усны үер ихсэх, цас орох хугацаа, цасны зузаан багасах, гадаргын болон гүний усны түвшин буурах, нөөц багасах, хүчтэй салхи, шороон шуурганы эрчим, давтамж нэмэгдэх, цаг агаарын хэлбэлзлийг илүү мэдэрдэг хүмүүсийн эрүүл мэндэд нөлөөлөх байдлаар агаарын даралтын огцом өөрчлөлт нэмэгдэх зэрэг орно. 

Иймээс Монгол Улсын нийт хүн амын тал нь амьдарч буй Улаанбаатар хотынхны эрүүл мэндийг хамгаалах, гамшиг ослоос урдчилан сэргийлэх нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нэн тэргүүний ажил байх ёстой юм.

Дээр дурдсан сөрөг нөлөөллүүдтэй манай хот хэдийнэ нүүр тулж эхэлсэн тул уур амьсгалын өөрчлөлттэй цаашид дасан зохицохын сацуу ногоон өсөлтийг дэмжин бүтээмж, үр ашиг сайтай үйл ажиллагаануудад анхаарлаа хандуулан, өрсөлдөх чадвараа дээшлүүлэхэд чиглэх хэрэгтэй.
 
Монгол Улс болон Улаанбаатар хотын хувьд хүлэмжийн хийн ялгарал дэлхийн бусад улс, хотуудыг бодоход харьцангуй бага боловч нэг хүнд ногдох ялгаруулалтын хэмжээ, нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зарцуулж буй байгалийн нөөцийн ашиглалт зэргээрээ дэлхийд дээгүүрт ордог. Энэ нь аливаа үйлдвэрлэл үйл ажиллагааны үр ашиг, бүтээмж тун муу байгаагийн шинж.

Хот өөрөө манлайлах нөөц бололцоотой, түүнийг нь хөшүүрэгдэх боломж шийдлүүд ч дэлхийгээр дүүрэн байгаа энэ нөхцөлд шат дараалалтай арга хэмжээнүүд авах боломж дүүрэн байгаа юм.

Эцэст нь хэлэхэд, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад дэлхийн хотууд асар их үүрэг хүлээж эхэлж байна. Үүнийг дагаад хотын удирдлагууд, шийдвэр гаргагчид энэ трендийг онцгойлон анхаарч, манлайлж чадвал хөрөнгө мөнгө тийм ч толгой өвтгөсөн асуудал биш гээд шулуухан хэлчихэж болохоор. Тиймээс уур амсьгалын өөрчлөлтийг бодитоор сааруулж, үр дүнтэй тэмцье гэвэл хотуудад эрх мэдэл, шинийг санаачлан турших боломж олгож бодлого, санхүүжилтээр дэмжих, хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх нь үр дүнтэй.
 
Дараагийн нийтлэлдээ дэлхийн бусад хотууд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох чиглэлээр авч буй арга хэмжээ, технологийн шийдлүүдийг цувралаар танилцуулах болно.