Мөнгө дуудах олон арга бий.
Мөнгөө хэрхэн өсгөх, мөнгийг хэрхэн дуудах тухай маш олон зөвлөгөө бүхий ном, сонин сэтгүүл, лекц байдаг. Харамсалтай нь түүнийг уншсан, түүнд суусан хүмүүс шууд л баяжаад явчихсан уу? гэвэл үгүй л болов уу. Тиймээс бид зүгээр л хэн нэгэн хүний мөнгө хийх арга нь болж байгаа гэдгээ хүлээн зөвшөөрөх ч хэрэгтэй байж магад. Иймэрхүү төрлийн бизнес нь тухайн хүний итгэл үнэмшил эсвэл үл итгэх эргэлзсэн байдал дээр нь тулгуурладаг.
Мөнгөний тухай асуултууд |
Зөвлөгөө |
|
|
Үнэндээ мөнгийг даллах, дуудах, шившлэг хийх гэх мэтээр шашны итгэл үнэмшилтэйгээ холбох нь учир дутагдалтай юм.
Учир нь мөнгө, санхүүтэй холбоотой зүйлсэд бодит хандсан нь хийсвэр хандлагаасаа илүү хэрэгтэй. Өөрөөр хэлбэл үнэн зөв замаар бол мөнгийг хөлс, хөдөлмөрийнхөө үр шимээр олдог гэсэн үг.
Харин нөгөө талдаа мөнгө, санхүүг удирдахтай холбоотой төрөл бүрийн ном, зохиол бичигдсэн байдаг. Мэдээж сайн муу, хэрэгтэй хэрэггүй олон төрлийн ном, зохиол байдаг. Тэдгээр нь шууд л биднийг баян тансаг, их мөнгөтэй болгож чадахгүй ч магадгүй мөнгөтэй, баян болох боломжийг ойлгуулдаг, харуулдаг байж болох юм. Бүр муу ном байлаа гээд ядаж л иймэрхүү төрлийн ном дэмий юм байна гэдгийг ойлгох боломжтой. Ихэнх мөнгө, санхүүгийн талаарх номнууд арга, зарчим, заавар, зөвлөгөөг санал болгодог боловч түүнийг дагаж мөрдөх нь тийм ч урт настай байж чаддаггүй.
Тэгвэл яагаад?
Хүн өөрийн мөнгө, санхүүтэй холбоотой бий болдог зан төлөвөө судалж чадвал сая өөрийн хүссэн аргаараа санхүүгээ удирдаж, мөнгөө олж чадна. Үүнийг орчин үед зан төлөвийн эдийн засгаар тайлбарладаг.
2002 онд сэтгэл судлаач Даниел Канеманд сэтгэл зүйн шинжлэх ухааныг эдийн засгийн шинжлэх ухаантай нэгтгэсэн бүтээл гаргаснаараа Нобелийн шагналыг хүртсэн юм (2017 онд Ричард Х.Тайлор мөн хүртсэн). Тэрбээр хүмүүс мөнгө, санхүүтэй холбоотой ямар нэг шийдвэр гаргахдаа тухайн асуудалд хамааралгүй мэдээлэл ашигладаг болохыг тогтоожээ. Өөрөөр хэлбэл логикоор бус сэтгэл хөдлөл дээрээ үндэслэн иррациональ шийдвэр гаргах нь түгээмэл байдаг байна. Тэгэхээр хэчнээн арга аргачлал, зарчим сураад бид энэ сул талаа мэдэхгүй бол бидний шийдвэр алдаатай гардаг гэсэн үг.
ФАКТУУД:
Өнөөдөр бид маш олон хэрэгтэй, хэрэггүй мэдээлэл дунд амьдарч байна. Тиймээс бидний мөнгө, санхүүгийн чухал шийдвэр гаргалтад тэр хэмжээгээр хэрэггүй олон зүйл нөлөөлөх боломжтой.
Дээрх жишээн дээр дурьдсанчлан мөнгөтэй холбоотой сэтгэл зүйгээ ойлгоогүй хүнд ямар ч арга, зарчим ярих нь утгагүй харагдаж байна.
Хамгийн энгийнээр бид орлого, хэрэглээ, зээл, хадгаламж, хүү гэх мэт санхүүгийн суурь ойлголтоо мэдэх хэрэгтэй. Зээлийг бид амьдралаа дээшлүүлэх гэж авдаг уу? эсвэл цалингаас цалин, зээлээс зээл хооронд амьдрах гэж үү? Төлөвлөсөн зүйлсээ авах нь үр ашигтай хэрэглээ юу? гэх мэт энгийн санхүүгийн боловсролтой болох хэрэгтэй.
Жишээ:
Бидний хийдэг зүйлс ихэнхдээ зуршил болсон байдаг. Мөнгө, санхүүтэй холбоотой асуудал дээр ч тэр. Бид санхүүгийн асуудалд ордог. Харин түүнээсээ янз бүрийн аргаар гардаг. Зарим нэг нь лам дээр очиж, зарим нь мөнгө зээлж, өөр нэг нь илүү цагаар ажиллах ч юм уу боломжоороо шийддэг. Бидэнд ажиглагддаггүй боловч асуудал үүсэхэд бидний гаргаж буй хариу үйлдэл бүр зуршил болсон байдаг. Хэрвээ та хүсвэл “The Power of Habit” хэмээх номыг уншаад үзээрэй.
Мөнгө, санхүүгийн асуудал дээрх өөрийн гаргадаг зуршлаа ажиглах. Та цалин буусны дараа шууд их хэмжээний худалдан авалт хийдэг үү? сар бүр кофенд хэдэн төгрөг зарцуулж байна вэ? гэх мэт зуршил болсон асуудлуудаа олох хэрэгтэй.
Эцэст нь нийгэм хөгжихийн хэрээр хүмүүсийн хэрэгцээ, шаардлага улам л төвөгтэй болж ирж байна. Энэ үед хэрэглэгч бид юмсыг судалж, ойлгосны үндсэн дээр хэрэглэдэг байх шаардлага тулгарч байгаа юм. Бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид биднээс илүү биднийг мэдэж байгаа. Тэд бидэнд юуг, хэрхэн, яаж зарах тухай бүгдийг нь судалчихсан. Тиймээс иймэрхүү худалдан авалтын урхинд автахгүй байхын тулд хэрэглэгч бид дараагийн түвшиндээ гарах цаг нь ирсэн.