Индэр    
2019 оны 2 сарын 26
Зураг
Эдийн засагч, шинжээч

Засгийн газрын хийсэн ажлыг ДНБ-ий өсөлтөөр ХЭМЖИХ НЬ ӨРӨӨСГӨЛ!

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

ДНБ төгс хэмжүүр үү?

Эдийн засгийн тэлэлт, уналтыг тоонд буулган хэмжихийг Орос гаралтай Америк эдийн засагч Күзнец 1930-аад онд тооцон гаргажээ.

Улмаар тус тооцооны системийг олон улсын түвшинд ашиглах болсноор ДОТООДЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮН гэх үзүүлэлт эдийн засгийн шинжлэх ухаанд анх мэндэлсэн түүхтэй. Гэвч түүнээс ч өмнө 1690-д оны үед  баялгийг хэмжих оролдлогыг Английн эдийн засагч У.Пэти хийж байжээ. Тэрээр арай бүдүүн тооцоо гаргахдаа Англи улс өмнөх оноосоо илүү баян болсон гэдгийг тодорхойлсон байна.

Эдийн засгийн тэлэлт, агшилтыг хэмждэг үзүүлэлттэй болсон нь эдийн засгийн шинжлэх ухаанд том дэвшил байсан. Гэвч ДНБ нь үнэхээр төгс хэмжүүр үү гэвэл мэдээж үгүй.

Зарим чухал зүйлсийг ДНБ-д тооцож чаддаггүй. Тухайлбал, албан бус ажил эрхлэлт, сайн дурын ажил, гэрийн ажил, байгаль орчны бохирдол гэх мэт зүйлсийг дурьдаж болно. Жишээ нь, албан бус ажил эрхлэлт манайх шиг хөгжиж буй орнуудад өндөр байдаг. Ялангуяа эмэгтэйчүүд албан бус ажил эрхлэлтийн ихэнх хэсгийг бүрдүүлдэг.

Хэдийгээр зарим эмэгтэй ажил мэргэжлийн хувьд амжилт гаргадаг ч ажил, амьдралаа хослуулан тэнцвэртэй авч явах шаардлага тулгардаг. Өндөр настай аав, ээжээ асрах, хүүхдээ өсгөх зэрэг маш их ажлыг тэд амжуулдаг. Гэвч тэдний хувь нэмрийг ДНБ-д оруулж тооцдоггүй. Статистик ч үүнийг батлах бөгөөд эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин 2008 оноос хойш тасралтгүй буурч 46 хувьд хүрээд байна. Яг үүнтэй адил байгаль орчны бохирдлыг ч ДНБ-д тусгаж тооцдоггүй.

Зураг 1. Ажиллах хүчний оролцооны түвшин, Монгол Улс, Эх үүсвэр: Үндэсний Статистикийн Хороо

 

Улс төрчдөд тавьсан занга

Нэг талаараа ДНБ-ийг хэмжиж чадсан нь улс төрч, эдийн засагчдад тавьсан зугтах боломжгүй занга байсан юм.

Өөрөөр хэлбэл эдийн засаг уналттай үед ажилгүйдлийн түвшин өсч, цалин ашиг буурснаар нийгмийн сайн сайхан байдал буурдаг. Улмаар улс төрч, эрх баригчид дараагийн сонгуулийн дүнгээ тавиулдаг гэсэн үг.

Жишээ нь, уул уурхайгаас хамааралтай манай улсад түүхий эдийн үнийн өсөлт, бууралтаар эдийн засаг нь тодорхойлогддог.

Түүхий эдийн үнийн өсөлтийн үед МАН, харин уналтынх нь үед АН гардаг бараг зүй тогтолтой болсон гэхэд хилсдэхгүй болж. Тиймээс бид тэднийг ДНБ-ий өсөлт гэдэг үзүүлэлтийг хараад  дүгнэх нь нэгэнт өрөөсгөл болжээ.

Тухайлбал ДНБ өндөр өссөн хэдий ч тэрхүү өсөлт нь тэгш хуваарилагдаж чадсан эсэх, цөөн хэдэн хүн ихийг хүртэж, үлдсэн нь маш багыг хүртэж байгаа нь уул уурхайн түүхий эдийн үнэ өсөхөөр эдийн засаг өсдгөөр нотлогдож байна.

Манай улсын хувьд ДНБ-нь хэрхэн тэгш бус хуваарилагдаж байгааг энгийн байдлаар харж болно. Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаагаар чинээлэг бүлэг болох хүн амын 20 хувь нь нийт хэрэглээний 40 хувийг бий болгож байгаа бол ядуу хүн амын 40 хувь нь хэрэглээний 21 хувийг л бий болгодог байна.

Зураг 2. Хүн амын хэрэглээний бүтэц, өрхөөр, Эх үүсвэр: Үндэсний Статистикийн Хороо

 

 

Хөгжлийн шинэ хэмжилтийн эрэлд...

ДНБ-ий сул талыг олон эдийн засагч гаргаж ирж, дэвшүүлж тавьсан ч одоог хүртэл түүнийг бүрэн орлох хэмжигдэхүүнийг гаргаагүй л байна.

Гэвч тэд зүгээр суусангүй. Эдийн засгийн хөгжлийг илүү илэрхийлж чадах үзүүлэлтийг хайж эхэлсэн. Тухайлбал, Дотоодын нийт бүтээгдэхүүнийг орлогын хуваарилалт, байгаль орчны бохирдолт зэргээр засварлан тооцсон. Мөн нийгмийн сайн сайхан байдлыг илэрхийлэх Аз жаргалын индексийг хүртэл хэмжээд байна.

Жишээ нь, Монгол Улс аз жаргалын индексээр 156 улсаас 94-р байранд орж байна. Нийгэм, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, авлига, байгаль орчны ашиглалт зэргээс Монгол Улс доогуур оноо авчээ. Цаашид бид тогтвортой хөгжил, ногоон ДНБ, аз жаргалын индекс зэрэг хүчин зүйлсийг тооцож, хэрэглэж хэвших хэрэгтэй.

Энэ нь бидний бодит байдлыг илүү тодорхойлж өгч, бидний хийх ёстой зүйлийг ойлгуулахад тодорхой хувь нэмрийг оруулна.