Зураг
Зураг
Индэр    
2019 оны 2 сарын 18
Зураг
Medical Doctor | Youth activist (United Nations) |Youth Scholar | International Development

Эрүүл мэндийн суурь мэдлэг яагаад чухал вэ?

Зураг

Эрүүл мэндийн боловсрол бага аав ээжийн хүүхдүүд өвчинд өртөмтгий

Бичиг үсэг тайлагдал нь уншиж бичихээс хальж олон зүйлд суурь ойлголттой байх утгыг ч бас давхар илэрхийлэх болжээ. Аяллын бичиг үсэг тайлагдал, технологийн бичиг үсэг тайлагдал, эдийн засгийн бичиг үсэг тайлагдал, эрүүл мэндийн бичиг үсэг тайлагдал гэх мэт. Дэлхий дээр 5 хүн тутмын нэг нь бичиг үсэг бүрэн тайлагдаагүй ба жил бүр 1.2 триллион ам.долларын хохирлыг дэлхийн эдийн засагт учруулдаг.

Мөн түүнчлэн бичиг үсэг тайлагдалгүй хүмүүс бичиг үсэг тайлагдсан хүмүүсээс 30%-42%-р бага орлого олдог байна. Дэлхий хөгжиж, нийгэм өөрчлөгдөхийн хэрээр бидэнд шинэ зүйл суралцах, тэдгээрийн тухай анхдагч ойлголттой болох шаардлага тулгардаг. Одоогийн бидний өвөө эмээ нар ач зээ нартайгаа фэйсбүүкдэнэ гэж төсөөлж ч байгаагүй байдаа.

Аливаа зүйлд бичиг үсэг тайлагдах нь цаг, мөнгө хэмнэхээс гадна мэдээлэл нотолгоонд суурилсан шийдвэр гаргах боломжийг олгодог. Дэлхий дахин 2015 онд 2030 он хүртэл хэрэгжүүлэх Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг тунхагласан ба үүний нэг нь зорилго 3 буюу Эрүүл мэндийг дэмжих юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага эрүүл мэндийг дэмжихэд сайн засаглал (good governance), эрүүл мэндэд ээлтэй хот (healthy cities), эрүүл мэндийг суурь мэдлэг (health literacy) гурав онцгой ач холбогдолтой гэж үздэг. Энэ удаад эрүүл мэндийн бичиг үсэг тайлагдал буюу эрүүл мэндийн суурь мэдлэг, яагаад олон нийт ойлголттой байх тухай тухай товч бичье. 

Хүн өөрийгөө өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмнэлгийн мэргэжилтэнтэй харилцах, мэдээлэл, нотолгоонд суурилсан эрүүл мэндийн шийдвэр гаргахад эрүүл мэндийн суурь боловсролтой байх нь чухал. Европын 8 оронд эрүүл мэндийн суурь боловсролын судалгаа хийхэд Германчуудын 29%, Австричуудын 51% , Болгарчуудын 61% нь эрүүл мэндийн суурь боловсрол муу эсвэл хангалтгүй гэсэн дүн гарав. Судалгаанд оролцогчдын 49% нь эрүүл мэндийн ухуулга сурталчилгааны материалыг ойлгоход бэрхшээлтэй хэмээн хариулжээ. Эрүүл мэндийн суурь боловсрол багатай хүмүүс яаралтай тусламжийн тэргээр өвчин хүндэрсэн хойно эмнэлэгт ирдэг, эмнэлэгт хэвтэх хугацааг уртасгадаг, өгөгдсөн эмчилгээг дагадаггүй ба нас барах эрсдэл өндөр байдаг. 

Эмнэлэгт очиход энэ эмийг та өдрийн хоёроор уугаарай гэвэл та хэрхэн уух вэ? 12 цагийн зайтай 2 удаа уух уу? Өглөө эсвэл өдөр хоёуланг нь давхарлаад уучих уу? Та эмийн заавар, гаж нөлөөг нь уншаад бүрэн дүүрэн ойлгодог уу? Судалгаанаас үзэхэд үйлчлүүлэгчдийн 40% нь эмчийн өгсөн эм уух зааврыг ойлгодоггүй буюу дутуу ойлгодог.

Мөн хүүхдийн өвчний практикт эмчийн өгсөн шингэн эм уух тунг хэтрүүлэн өгөх хандлагатай байдаг гэжээ. Америкийн нэгдсэн улсад гэрээс гадуурх эмчилгээг буруу хийснээс үүдэлтэйгээр 8 минут тутам 1 хүүхэд бүртгэгддэг ба урьдчилан сэргийлж болох шалтгааны 70% нь эцэг эхчүүд эмийн тун, цагийг тохируулж чадаагүйгээс үүсдэг байна. Эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт хандаж буй хүүхдүүдийн аав ээжүүдийн гуравны нэг нь эрүүл мэндийн суурь мэдлэггүй байдаг.

Японд 3-6 насны 277 хүүхэд болон эцэг эхчүүдийг судлахад жингийн илүүдэлтэй хүүхдийн тоо эрүүл мэндийн суурь мэдлэг хангалтгүй эцэг эхчүүдийн бүлэгт 20.3%-иар илүү байжээ. Таргалалт нь чихрийн шижин, зүрх судасны өвчин, хавдрын гол эрсдэлт хүчин зүйлсийн нэг юм. Эцэг эхчүүдийн эрүүл мэндийн суурь боловсролгүй байдал нь хүүхдийн өвчлөл, хүүхдийн өвчнийг хүндрүүлэх, тусламж үзүүлэхэд оройтох зэрэгт шууд нөлөөтэй.

БИ ЭРҮҮЛ МЭНДИЙН СУУРЬ БОЛОВСРОЛОО ХЭРХЭН НЭМЭГДҮҮЛЭХ ВЭ?

 
  • Нотолгоонд суурилсан эрүүл мэндийн мэдээлэл сурталчилгааны материалтай танилцах
  • Өөрийн өдөрт авах нийт илчлэг, биеийн жингийн индекс, биеийн жинд тохирсон өдөрт уух цэвэр усны нийт хэмжээ зэргийг тооцоолон дасгал ажиллах. 
  • Хэрвээ та өвдсөн бол эрүүл мэндийн ажилтнаас дараах асуултыг асуугаарай.
  • Би ямар өвчнөөр өвчилсөн бэ? 
  • Миний өвчний шалгаан нь юу вэ?
  • Би юу хийх хэрэгтэй вэ? 
  • Эмээ хэрхэн уух вэ? Гаж нөлөө, ууж чадаагүй алгасвал яах вэ?
  • Яагаад би таны зөвлөгөөг дагах нь чухал вэ?
  • Надад ямар шинж тэмдэг илэрвэл би эмнэлэгт яаралтай хандах вэ?

БИД ЭРҮҮЛ МЭНДИЙН СУУРЬ БОЛОВСРОЛОО УЛСЫН ХЭМЖЭЭНД ХЭРХЭН САЙЖРУУЛАХ ВЭ?

  • Нийгмийн орлого бага, анхаарал халамж шаардлагатай бүлэгт эрүүл мэндийн суурь боловсрол хангалтгүй байх хандлагатай тул тэднийг чиглэсэн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх бодлого баримтлах
  • Эрүүл мэндийн хичээлийн үр нөлөөг сайжруулах. Таргалалт тэмбүү хоёр буурахгүй байгаа нь хүмүүс хоолоо хянаж, бэлгэвч хэрэглэх зан үйл бүрэн тогтоогүйтэй холбоотой.  Мэдээлэл олгохын сацуу амьдралын хэв маяг, зан үйлийг өөрчлөхөд үр дүнтэй аргаар хичээлийг зохион байгуулах. 
  • Эрүүл мэндийн байгууллагууд сургалт сурталчилгааны материалаа иргэдэд ойлгомжтой байдлаар хийх. Англичуудын 93%-д ойлгогдох эрүүл мэндийн боловсрол олгох материал 9 настай хүүхдэд зориулагдсан мэт хэрэгтэй гэсэн зөвлөмж байдаг. 

Хүн амьдралдаа хэдэн ч удаа, хэчнээн ч салбарт бичиг үсэг тайлагдах ёстой юм бүү мэд. Эрүүл мэндийн тухайд бичиг үсэг тайлагдсан байх нь өөртөө хийж буй хамгийн том хөрөнгө оруулалт билээ. 

 

Та бүхэнд эрүүл энхийг хүсье