Зураг
Зураг
Индэр    
2019 оны 12 сарын 18
Зураг
Medical Doctor | Youth activist (United Nations) |Youth Scholar | International Development

InstaTalk: Томуу

Зураг

Сайн байцгаана уу эрхэм уншигчид аа, Инстаграм дээр Б. Баярбаатар (@bayarbaatarb), Д. Дэлгэрзаяа (@ddeegiizaya) нарын хөтлөн явуулдаг “InstaTalk” видео сторид суурилсан богино хэмжээний шинжлэх ухаанч ярилцлагыг нийтлэл хэлбэрээр та бүхэнд хүргэж байна. Энэ удаагийн дугаараар томуугийн вирус, томуугийн вирусын эсрэг вакцины тухай Япон улсын Токушима хотын Токушимагийн их сургуульд Геномын институтэд докторын зэргээ хамгаалсан, АШУҮИС-н багш, дархлаа судлаач Д.Мандахнарантай ярилцлаа. 

 

-Томуу, ханиад хоёрын хоорондын ялгаа юу вэ? Томуу, ханиад гэж ярихад зөвхөн нэг, нэг өвчний талаар ярьж байна уу, эсвэл нэлээн хэдэн өвчнүүдийг бүлгээр нь хэлж байна уу?

- Ханиад буюу сommon cold нь олон төрлийн вирусээр үүсгэгддэг амьсгалын дээд замыг гэмтээж, богино хугацаанд үргэлжилдэг аюул багатай. Харин томуу буюу flu нь уушгийг гэмтээдэг, ханиаднаас хүнд тул амь насанд эрсдэл учруулах магадлалаараа өндөр,  тахал хэлбэрээр тархдаг маш аюултай өвчин юм.

-Монгол Улсын хувьд томуугийн вирусээр хэдэн сард хамгийн их хүн өвчилдөг вэ?  Энэ нь хүмүүсийн дархлаа муудсанаас болдог юм уу, эсвэл томуу тархах онцгой гаднын хүчин зүйл байдгаас уу?

- Монгол Улсын хувьд томуу, томуу төст өвчний дэгдэлт жил бүр 12-р сараас эхлэн эрчимжиж 2 сар гаруй үргэлжилдэг. Нийт өвчлөлийн 90%- гаруй хувийг 15 хүртэлх насныхан эзэлдэг. Өвлийн улиралд агаарын температур, чийгшил өөрчлөгддөг. Гэр орон, албан тасалгаагаа агааржуулах нь бага, агааржуулалт багатай орчинд хүмүүс нэг дор бөөнөөрөө байх зэрэг нөхцөлүүд томуугийн вирус өсөж үржих сайхан боломж  болдог.   

-35 хүүхэдтэй анги байлаа гэхэд нэг томуугийн вирус тээгч сурагч өвчний ид үед ангийнхаа хэдэн хувьд вирус халдаах боломжтой вэ?

- Хүүхэд томуугаар өвчлөх эсэх нь тухайн ангийн ариун цэвэр, агааржуулалтын байдал, ханиахдаа гараараа амаа дарж байна уу, гараа угааж байна уу зэрэг хүүхдүүдийн хувийн ариун цэвэртэй шууд холбоотой байдаг.

-Элэгний В вирусийн эсрэг вакцин 2-3 сарын зайтай 3 вакцин хийлгээд тэр нь 10 жилийн турш уг вирусээс хамгаалдаг гэдэг. Гэтэл томууны вакциныг яагаад жил бүр хийдэг юм бэ?

- Элэгний вирусийн эсрэг вакциныг олон дахин хийж буйг вакциныг хүчжүүлэх буюу vaccine adjuvants гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл илүү олон удаа, өөр өөр олон төрлийн вакцинуудыг хийснээр илүү хүчтэй дархлаа тогтох нөхцөлийг бүрдүүлдэг гэж ойлгож болно.

- Жил бүр томууны улирал боллоо гээд вакцин хийлгэдэг. Томуунд вакцин байдаг юм бол ханиаданд яагаад байдаггүй юм?

- Нэгдүгээрт, Ханиад өвчний үүсгэгч нь олон төрлийн вирус байдаг харин томуу өвчний үүсгэгч нь ганц үүсгэгч байдаг. Хоёрдугаарт, ханиад нь томуу өвчнийг бодвол  хөнгөн хэлбэртэй явагддаг тул эдийн засгийн хувьд заавал вакцин зохион бүтээх шаардлагагүй гэсэн үг. Томуу нь илүү хүнд өвчин учир вакцин зохион бүтээдэг.  

-Томуугийн вакцин хийлгэх нь зөвхөн тухайн томуунаас л сэргийлэх үү, эсвэл ханиад мэтийн өвчнөөс сэргийлэхэд нэмэртэй байдаг уу?

- Томуу өвчний вакцин хийлгэх нь зөвхөн томуугийн вирусээс сэргийлэх боловч томуугийн вирусийг дагаж хүндэрдэг өөр олон төрлийн өвчнөөс, хүндрэлүүдээс нь давхар сэргийлдэг ач холбогдолтой. Жишээ нь: Томуугийн вирусээр өвчлөөд хүндэрвэл ханиадны вирусуудээр давхар өвчлөх цаашлаад уушгины хатгаа болох зэрэг хүндрэлүүдээс нь сэргийлдэг.

 

-Бактериуд антибиотикт тэсвэртэй болж байгаа талаар их сонсдог. Түүн шиг томууны вирус вакциндаа тэсвэртэй болдог юм болов уу? Тийм бол жил бүр бид нар вакцин хийлгэхдээ тэр өөрчлөлтийг нь тооцож хийсэн өөр өөр вакцинд хамрагддаг уу?

- Тийм. Томуугийн вирусийн эсрэг вакциныг жил бүр яагаад хийдэг вэ    гэвэл томуугийн вирус нь жил бүр хувьсан өөрчлөгдөж байдаг. Тийм учраас энэ хувьслыг дагаж томуугийн вирусийн эсрэг вакцин өөр өөр болдог.

-Вакцин томууны эсрэг хамгаалах магадлал 100% байж чаддаг уу, эсвэл уг томууг тусах магадлал вакцинжуулалтын дараа бага ч гэсэн байдаг юм уу?

- Судалгаанд дурдсанаар томуугийн вирусийн эсрэг вакцин нь дунджаар 18-64 насны хүнд 50%-60%-н хамгаалалтыг үүсгэдэг. Эрүүл мэндийн шалтгаанаас хамаараад өөр байж болно.

-Бид цусны цагаан эсийг дархлааныхаа системийг гэж үндсэндээ ойлгодог. Бас дасгал хөдөлгөөн хийхээр “дархлаа дэмжигдэнэ” гэж ярьдаг. Гэтэл “дархлаа дэмжинэ” гэхээр цаанаа юу болж байна гэсэн үг вэ? Энэ нь цагаан эсийнхээ тоог нэмж байна гэж ойлгох ёстой юу эсвэл ширхэг цагаан эс бүр улам “хүчтэй” болж байна гэсэн үг үү?

- Дасгал хөдөлгөөн хийнэ гэдэг нь биеийг стресст оруулж дайчилна гэсэн үг юм. Ингэснээр биеийн дотоод бүх нөөц дайчлагдаж биеийн ерөнхий тамир, дархлааг дэмжиж, биеийг сэргээхэд чухал нөлөөтэй.

-Томуугийн вакциныг Монголд том хүнд хэдэн төгрөгөөр хийдэг вэ? Вакциныхаа мөнгийг хэмнэх гэж вакцингүй явж байгаад томуу туссан хүнд учрах зардал нь ойролцоогоор хэдэн төгрөг байдаг юм бол? (Уг зардалд өвдсөн тохиолдолд уух эмийн зардал, алдагдсан боломжийн өртөг буюу ажиллахгүй байснаас үүдэлтэй цалингийн бууралт, мөн бусад хүмүүст халдвар тарааснаар тэдгээр хүмүүст учруулах санхүүгийн нийт хохирлыг оруулж байна).

- Томуугийн эсрэг вакцин хийх үнийн хувьд эмнэлэг эмнэлгээсээ хамаараад өөр өөр байна. Томуу өвчин туссанаас үүдэн ажиллаагүй цагийн хөлс, ажлаасаа чөлөө авсан зардал, эм тарианд зарцуулсан задралаас томуугийн эсрэг вакцин хийлгэх нь хамаагүй эдийн засгийн хувьд хэмнэлттэй байдаг.

-Дархлаа судлаач хүний хувьд яг судалгаагаар батлагдсан хүний дархлааг дэмжигч гээд нэг зүйл нэрлэвэл тэр нь юу байх вэ?  Уг судалгааны үр дүнгээс дурдаач, Яагаад?

- Дархлаа дэмжих гэдэг нь харьцангуй төвөгтэй ойлголт. Одоогоор яг судалгаагаар батлагдсан дархлаа дэмжих зүйл гэвэл дархлаажуулах тарилга буюу вакцинжуулалт юм. Бусад зүйлс бол нэмэлт байдлаар хэрэглэгдэж болно. Гэхдээ дархлаажуулалт бол үнэхээр батлагдсан хүчин зүйл юм. 
 
- Бидний ярилцлагыг уншсан танд баярлалаа