Зураг
Зураг
Индэр    
2020 оны 1 сарын 3
Зураг
Medical Doctor | Youth activist (United Nations) |Youth Scholar | International Development

InstaTalk: Хуучин хувцасны хэрэглээний тухай

 

Инстаграм дээр Б. Баярбаатар (@bayarbaatarb), Д. Дэлгэрзаяа (@ddeegiizaya) нарын хөтлөн явуулдаг “InstaTalk” видео сторид суурилсан богино хэмжээний шинжлэх ухаанч ярилцлагыг нийтлэл хэлбэрээр хүргэж байна. Энэ удаагийн дугаараар хуучин хувцасны хэрэглээ, түүний орчин үеийн хандлагын талаар ярилцлаа.

Д: -  Монголчууд бид хэр их хувцсандаа ач холбогдол өгдөг ард түмэн бэ?

Б: -Судалгаанаас үзэхэд бид өмсөж зүүхдээ маш их анхаарал хандуулдаг юм байна. 2017 оны байдлаар Монголчууд бид нийт 82.6 сая ам.долларыг шинэ хувцас импортоор авахад зарцуулсан бол шинжлэх ухаандаа 15 сая ам.долларыг л зарцуулсан байна.  Бид ийнхүү шинжлэх ухаанд хувцас хэрэглэлээс 4 дахин бага анхаарал хандуулж байгаагаас эрдэм мэдлэг бус эрээн даавуу мандтугай уриатай хувцас хэрэглэлийг чухалчилдаг орон гэдэг нь харагдаж байна. Ийм ч учраас бид хэрэглэгч сэтгэхгүйтэй хэрэглэгч орноос бүтээлч сэтгэхүйтэй үйлдвэрлэгч орон руу шилжиж чадахгүй байна. Бид ёстой хүртэх ёстойгоо л хүртэж байна. Би үргэлжлүүлэх юм уу яах юм?

Д: -Үргэлжлүүл үргэлжлүүл.

Б: -2018 оны 4-р улирлын байдлаар Монголд өрхийн дундаж орлого 1,110,983 төгрөг байсан бөгөөд нийт орлогынхоо 10%-г хувцас хэрэглэл авахад зарцуулсан байна.

Д: -Бид яагаад хувцас, брендүүдэд ингэж их ач холбогдол өгдөг юм бэ? Хүн төрөлхтний түүхэн хугацаанд хувцас байнга ийм ач холбогдолтой байсан юм уу?

Б: -Үгүй ээ. Хувцас түүхэн хугацаанд өөр өөр үүрэг гүйцэтгэж ирсэн. Хүний үүслийн эхэн үед нар салхи байгалийн гамшигаас хамгаалахын тулд хувцас хэрэглэдэг байсан бол төрт ёс, хаант улсууд үүссэнээс хойш тухайн хүн нийгмийн аль давхаргад багтаж буйг илэрхийлдэг давхар үүрэгтэй болсон байх жишээтэй. Иймээс хувцасны мөн чанар байнга хувьсаж өөрчлөгддөг гэж хэлж болох юм. 21-р зуунд ч мөн адил бид дэлхий нийтээрээ шинэ хандлагууд руу шилжиж байгаа нь ажиглагдсаар байна.

Д: - 21-р зуунд бий болж буй олон хандлагуудын нэг нь магадгүй хуучин хувцас худалдан авах болов уу? Хуучин хувцас худалдаж авдаг соёл саяхан бий болоогүй байх. Өнгөрсөн үетэй харьцуулахад энэ хандлага хэрхэн өөрчлөгдөж байна вэ?

Б: -Судалгаанаас үзвэл 1980 оноос хойш төрсөн хүмүүс 1980 оноос өмнө төрсөн хүмүүстэй харьцуулахад 2.5 дахин илүү хуучин хувцас хэрэглэх төлөвтэй байна. Орчин үед энэхүү сонголтыг хийж буйн чухал шалтгаануудын нэг нь байгаль орчноо хамгаалах юм. Ямар нэгэн нийгмийн бүлэгт хамаарахаас илүү байгаль орчноо хамгаалах нь илүү үнэ цэнэтэй гэдгийг дэлхийн залуучууд ухамсарласан хэрэг юм болов уу гэж харж байна. Хуучин хувцас өмссөнөөсөө ичих бус бахархах шинэ хандлага гарч ирж буй бололтой.

Б: -  Заяа, чи байгаль орчны салбарын хүний хувьд хариулаач? Орчин үеийн залуус яагаад хуучин хувцас хэрэглэхийг байгаль орчинд ээлтэй хувилбар гэж үзэж байна вэ?

Д: -Шинэ хувцас үйлдвэрлэлийн байгаль орчинд үзүүлэх бохирдол асар их. Жишээ нь 1 жинсэн өмд үйлдвэрлэхэд дунджаар 6,800 л ус зарцуулна. 1 өмсөхгүй шинээрээ шахуу футболкоо шүүгээндээ хадгалаад байж байхын оронд хэрэгтэй хүнд нь өгчихвөл 2,700 л ундны ус хэмнэчихлээ гэсэн үг. 1кг даавууг ургуулахын тулд 200,000 л усаар зарцуулж, өнгө оруулахад 1 кг химийн бодис, үйлдвэрлэлтэд нь 23 кг хүлэмжийн хий ялгаруулдаг.

Харин хуучин хувцас худалдаад авчихвал шинээр дахиж үйлдвэрлэхэд шаардлагатай энэ бүх хортой процесс байх хэрэггүй болж байгаа юм. Шинэ хувцасны үйлдвэрлэлтэй холбоотой байгаль орчны бохирдлоос хуучин хувцас авснаар зайлсхийх боломжтой учир хүмүүс хуучин хувцас авах нь ихэссэн болов уу. 

 

Б: -Дэлхийн хэмжээнд шинэ хувцас үйлдвэрлэл нийгмийн асуудлуудад хэрхэн нөлөөлдөг вэ?

Д: -Хувцасны үйлдвэрлэлтэй холбоотой нэн түрүүнд яригдах ёстой нийгмийн асуудлууд бол усны бохирдол, усны хомсдол, цөлжилт. Дэлхийд 750 сая хүн өнөөдөр цэвэр усны нөөцгүй байна. Гэтэл бид шинэ хувцас үйлдвэрлэлтэд жил бүр 1.5 их наяд литр усыг зөвхөн материал ургуулахад зарцуулж байгаа.

Монголын газар нутгийн 70-90% нь ноолуур авахын тулд өсгөж буй ямааны бэлчээрээс болж цөлжилтийн нөхцөлд хүрсэн байна. Цаашлаад Энэтхэг, Бангладеш гэх мэт дэлхийн гуравдагч ертөнцийн, хувцасны үйлдвэрлэл давамгайлсан орнуудад хэрэглэгчдийн гар дээр хямд хувцас аваачихын тулд хүүхэд, эмэгтэйчүүдийг хямд хөлсөөр ажиллуулдаг нь нууц биш юм.

Жилд дунджаар 170 сая хүүхэд таны өмсөж байгаа хувцасны үйлдвэрт хууль бусаар ажиллан, эмэгтэйчүүд 7 хоногт 100 гаруй цаг, цагийн 1-25 центээр маш хортой нөхцөлд ажилласаар байна. Тиймээс шинээр хувцас худалдаж авна гэдэг нь өөрөө энэ ёс зүйгүй байдлыг өөхшүүлэн дэмжиж байгаа хэрэг юм. 

Б: -Энэтхэгт үйлдвэрлэсэн хувцаснуудыг авахаа больчихвол энэтхэгт хуримтлагдаад буй хор, бохирдлыг бууруулж чадах уу?  

Д: -Асуудлыг иймэрхүү байдлаар шийдэж болохгүй л дээ. 1 кг хувцсанд 1 кг химийн бодис хэрэглэдэг нь үнэн л юм бол тухайн хувцас Энэтхэгт байна уу Америкт байна уу ялгаагүй хорын түвшин нь адилхан л байна. Иймээс хувцасны эрэлтийн хэмжээ хэвээрээ байгаа тохиолдолд, өөр орны хувцсыг авах нь уг бохирдлын байршлыг л өөр тийш нь шилжүүлэхээс цаашгүй юм.

Дашрамд хэлэхэд Энэтхэгийн ажилчдыг бага цалингаар хортой нөхцөлд ажиллуулж буй компаниудыг эсэргүүцэж Энэтхэгт үйлдвэрлэсэн хувцсыг авахгүй байх нь сайнаасаа муу үр дагавартай. Тэдний хувцсыг авахгүй бол тэр жаахан цалингаар ажиллаж буй ажилчид одоо бүр ажилгүй болж гудамжинд хөөгдөж гарах дээрээ тулна. 

Б: -Хуучин хувцсаа дахин зах зээлд эргэлтэнд оруулах нь байгаль орчинд ээлтэй байдаг юм байж. Харин маш их дурсамж шингэсэн хувцас (жишээ нь хуримын даашинз) -аа яаж хүмүүс өөр хүнд өгөх юм бэ?

Д: -Орчин үед хүмүүс эд зүйлсээр дурсамжаа их орлуулдаг болсон байна. Мэдээж хуримын даашинзаа хүнд худалдах эсвэл бэлэглэх хэцүү хэрэг шүү дээ. Гэвч иймэрхүү үнэ цэнтэй эд зүйлсийг арай өөрөөр харах боломж олгох нэгэн түүхийг би хуваалцмаар байна. Хүмүүсийг хамгийн хэрэгтэй эд зүйлээ хадгалж, хэрэггүйгээ бусдад өгөхийг уриалдаг минималист амьдралын хэв маягийн тухай The Minimalists подкаст болон блогийг хөтлөн явуулдаг Жошуа нэгэн чухал санааг хэлсэн байдаг юм.

Жошуа ээжийгээ нас барсны дараа ээж нь өөрийнх нь хувцаснаас эхлээд хар багадаа хэрэглэж байсан бүх зүйлсийг нь нэг хайрцганд хийгээд хадгалчихсан байсныг олж мэднэ. Хайрцган дахь цуглуулгыг харвал ээж нь Жошуагийн талаарх бүхий л дурсамжийг хадгалж үлдэхийг хичээсэн нь илэрхий. Гэтэл тэр хайрцаг нь харваас зузаан тоосонд дарагдчихсан байсныг Жошуа анзаарснаар ээж нь уг хайрцгийг олон жил онгойлгож огт үзээгүйг ойлгодог юм.

Өөрөөр хэлбэл тэр олон жил хүүгээ санахдаа эх хүн ямар нэг эд зүйлийг харах, барьж үзэх хэрэгцээ байгаагүй ажээ. Үүнээс үзэхэд дурсамжийг хадгалдаг зүйлс бол эд зүйлс биш харин хүмүүс бид өөрсдөө юм. Хуримын даашинзад тань дурсамж шингэсэн гэвэл худал, харин уг даашинз хуримын дурсамжийг тань илүү сайхан болгоход тусалсан хэрэг шүү дээ. Тиймээс тухайн хуримын даашинзыг зөвхөн өөрийнхөө дурсамжийг бүтээхэд ашиглаад дуусах биш харин өөр олон хүмүүсийн дурсамжийг бүтээлцэхэд нь туслалцах хэрэгтэй юм.

Б: -Хуучин хувцас худалдах болон худалдан авах боломжтой ямар дэлгүүрүүд байдаг вэ?

Д: -Хэрэв гадаадад амьдардаг бол дараах онлайн дэлгүүрүүдийг санал болгож байна. Дэлгүүр бүр зөвхөн худалдаж авахаас гадна өөрийн эд зүйлийг мөн худалдах боломж олгодог. 

  1. @ThredUp (thredup.com)-бараг шинээрээ томоохон брендүүдийн хувцсыг хэд дахин хямд үнээр худалдаалдаг.
  2. @Ebay (ebay.com)- зөвхөн хувцаснаас гадна хуучин эдлэлүүд хямд үнээр авах боломжтой. 
  3. @Vinted (vinted.com)-онлайн аккаунт нээснээр дуртай хувцсаа худалдах, худалдаалах боломжтой.
  4. @Poshmark (poshmark.com) - жинхэнэ брэндийн маш сайн эдэлгээтэй хувцаснуудыг худалдаалдаг дэлгүүр (Burberry, Tifanny & Co, Louis Vuitton гэх мэт) Өдөр тутмаас эхлээд хуримын платье хүртэл бий.
  5. @BuyNothingProject- Хөршүүдийн солилцооны групп. Мөнгө огт төлөхгүйгээр хоорондоо солилцож хэрэгтэй зүйлсээ авч өгөлцдөг онлайн групп юм. Эд зүйлс ч бус бүр цагаа бусдад зээлдэг тохиолдол ч бий. Хэн нэгэн хүнсний дэлгүүр явах цаггүй бол группээс тусламж эрж, хөршийн хэн нэгэн (таныг таньдаг байх албагүй) зөвшөөрч таны өмнөөс хүнсийг тань цуглуулаад ирэх тохиолдол ч бий. Энэ групп АНУ-ын өнцөг бүрт бий, харин уншигч та адилхан группийг Монголд Фэйсбүүк групп үүсгэснээр бий болгох бүрэн боломжтой.
  6. @Goodwill-- Хуучин хувцас худалдаж авч бас худалддаг цэг. Мөн эвдэрсэн гар утас, компьютерийг дахин боловсруулдаг тул электрон хаягдлаа хүмүүс хандивладаг. Хуучин хэрэглэгдэхийн аргагүй болсон хувцас байвал мөн аваачаад өгөх хэрэгтэй, учир нь хувцасны материалыг нь дахин боловсруулж шинэ хувцас үйлдвэрлэдэг болсон билээ.
  7. @Buffallo Exchange гэх мэт орон нутгийн шинж чанартай дэлгүүрүүд их бий болсон.