Зураг
Зураг
Индэр    
2019 оны 12 сарын 4
Зураг
Medical Doctor | Youth activist (United Nations) |Youth Scholar | International Development

InstaTalk #1: Махны хэрэглээний тухай

 

Долоо хоног бүр инстаграм дээр Б.Баярбаатар (@bayarbaatarb), Д.Дэлгэрзаяа (@ddeegiizaya) нарын хөтлөн явуулдаг “InstaTalk” видео сторид суурилсан богино хэмжээний шинжлэх ухаанч ярилцлагыг хүргэж байна.

Энэ удаагийн дугаараар анагаах ухаан төдийгүй байгаль орчны салбарын халуун сэдвүүдийн нэг болох махны хэрэглээний асуудлыг хөндөн ярилцлаа.

- Малын мах хэрэглэх нь байгаль орчинд ямар сөрөг нөлөөтэй вэ?

Д: -Энэхүү асуултад хариулахын өмнө миний энэ удаагийн хэрэглэх судалгаанууд барууны орнуудад хийгдсэн гэдгийг хэлье. Дэлхийн газар тариалангийн газрын 70% нь мал аж ахуйн салбарт харьяалагддаг. Тэр утгаараа энэ салбар нь ойгүйжилт, усны бохирдол, ан амьтан хордолтод үзүүлэх нөлөөлөл нь их байдаг. Мөн дэлхийн дулаарлын гол эх үүсвэр буюу хүлэмжийн хийний 15%-ийг мал аж ахуйн салбар дангаараа ялгаруулдаг.

- Хүлэмжийн хий гэж юу вэ? Энэ нь байгаль дээр тодорхой хэмжээнд байдаг уу?

Д: -Хүлэмжийн хий гэдэг нь дэлхийн агаар мандалд байх ёстой бүлэг хийнүүд юм. Үүнд нүүрс хүчлийн хий (СО2), метаны хий (CH4) гэх мэт хийнүүд орно. Эдгээр хийний тусламжтайгаар нарны илч бүр мөсөн сансар огторгуй руу гадагшилж алга болохгүйгээр дэлхийг дулаахан байх нөхцөлийг бүрдүүлдэг. Харин хүлэмжийн хий нь агаар мандалд хэвийн хэмжээнээс илүү хуримтлагдсанаас болж нарнаас ирж буй дулаан сансар огторгуй руу гадагшлах хэмжээгээрээ гадагшилж чадахгүйд хүрч бид дэлхийн дулаарал хэмээх томоохон асуудалтай тулгараад байна.

- Бэлчээр дээр өвсөө идээд явж буй мал хэрхэн дэлхийн нийт хүлэмжийн хийний 15%-ийг ялгаруулаад байна вэ?

Д: -Барууны орнуудад мал аж ахуйн салбарынхан ой модоо тайрч, оронд нь тариа тарих замаар малынхаа идшийг бэлтгэх нь түгээмэл юм. Амазоны устаж үгүй болсон ойн 91% нь газар тариалан болсон гэх баримт бий. Мөн мал хоол боловсруулах явцдаа метаны хийг ихээр гадагшлуулдаг. Тэр дунд үхэр метаны хийг хамгийн их ялгаруулдаг амьтан юм. Агаар мандал дахь метаны хий нь нүүрс хүчлийн хийнээс бага хувийг эзэлдэг ч хор нөлөөлөл нь их юм. Метаны хий адил жинтэй нүүрс хүчлийн  хийнээс 25-30 дахин их дулааныг шингээж авдаг тул богино хугацаандаа 30 дахин их хортой гэж ойлгож болох юм. Ийнхүү нэг кг үхрийн мах идэх нь нэг кг тахиа эсвэл загасны мах идсэнээс 150%-иар их хүлэмжийн хийг ялгаруулдаг.

- Монголын мал аж ахуйн салбарт ой модоо тайраад малын өвс тэжээл бэлтгэх нь ховор байдаг. Монголын мал аж ахуйн салбар байгаль орчинд хэрхэн нөлөөлдөг вэ?

- Монголын нөхцөлд ойгүйжилт, газар тариалантай холбогдох байгаль орчны нөлөөлөл нь бага. Гэвч мал хоол боловсруулах явцдаа үүсгэж буй метаны хийн хор нөлөө хэвээр л байх юм. Мал, тэр дундаа үхрийн тоо толгой ихсэх нь дэлхийн дулаарал үүсгэгч метаны хийн хуримтлал нэмэгдэхэд нөлөөлнө гэсэн үг. 

Малын мах буюу “red meat”  гэж нэрлээд буй энэ маханд ямар амьтдын мах хамаарах вэ?

Б: -Өнөөдрийн ярилцлагад дурдагдах маханд үхрийн мах, адууны мах, хонины мах болон гахайн мах орно. Мөн түүнчлэн боловсруулсан махыг тайлбарлах хэрэгтэй байх. Боловсруулсан мах гэдэг нь амтыг нь нэмэгдүүлэх, хадгалах хугацааг нь уртасгах зорилгоор давсалсан, утсан, амталсан, ферментээр баяжуулсан махыг хэлнэ. Үүний гол төлөөлөгч нь хиам, зайдас, гахайн утсан мах зэрэг юм.

- Малын мах хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар шинжлэх ухааны судалгаанууд бий юу?

Б: -Махны хэрэглээ судлагдсаар ирсэн байдаг. Пабмед судалгааны сангаас хавдар, малын мах гэх түлхүүр үгсээр хайхад 1500 гаруй судалгааны материал гарч ирэх ба энэ чиглэлийн судалгаа 2009 оноос улам эрчимжиж эхэлсэн байдаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хавдрын судалгааны агентлагаас махны хэрэглээний тухай судлаад боловсруулсан мах нь хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй хэмээн зарласан. Мөн махыг өндөр температурт удаан хугацаанд болгох үед хавдар үүсгэгч нэгдлүүд бий болж байдаг.

- Энэ нь боловсруулсан болон боловсруулаагүй мах хоёул хавдар үүсэхэд нөлөөлдөг гэсэн үг үү?

Б: -ДЭМБ-ын Хавдрын Судалгааны Агентлагийн хавдар үүсгэгчийн ангилал гэж байдаг. Энэ ангилал нь дөрвөн бүлэгтэй. Нэгдүгээр ангилалд багтсан бүтээгдэхүүнүүд хавдар үүсгэх магадлал хамгийн өндөр бол дөрөвдүгээр бүлэгт хавдар үүсгэх магадлал хамгийн бага бүтээгдэхүүнүүд багтдаг. Боловсруулсан мах нь энэ ангиллын нэгдүгээр бүлэгт багтдаг харин боловсруулаагүй мах нь 2А бүлэгт хамаардаг. Энэ утгаараа хавдар үүсгэх зэрэглэл нь өөр гэсэн үг. Судалгаагаар боловсруулсан махнаас үүдэлтэйгээр жил бүр 34,000 хүн нас бардаг гэсэн тоо бий.

- Малын мах нь хавдар үүсгэдэг юм бол бид махнаас бүр мөсөн татгалзах хэрэгтэй юу?

Б: -Сонирхолтой асуулт байна. Одоогийн байдлаар АНУ-ын Хавдрын Судалгааны Нийгэмлэгээс хүний долоо хоногт хэрэглэх махны хэмжээг 350-500 гр байх нь тохиромжтой гэж үзэж байгаа бол Их Британид өдөрт хэрэглэх махны хэмжээг 70 гр хэмээн зөвлөж байна. Тиймээс бидний татгалзах ёстой мах нь давсалсан утсан гэгдэх боловсруулсан мах бөгөөд өдөрт тутамдаа хэрэглэж буй малын махаа хэрэглэсээр байх нь зүйтэй юм.

- Мал аж ахуйн салбар нийгмийн асуудлуудад хэрхэн нөлөөлдөг вэ?

- Уг салбараас урган гарч буй хамгийн том нийгмийн асуудлуудын нэг нь яах аргагүй өлсгөлөн юм. Дэлхий дээр өдөр бүр 850 сая гаруй хүн өлсгөлөнд нэрвэгдсэн байдаг гэсэн судалгаа бий. Бид дэлхийн бүх хүн амыг тэжээж хүрэхүйц хэмжээний үр тариа ургуулдаг боловч үүний дийлэнх хувь нь мал хооллоход зарцуулагдаад байна. Хэрэв тарьсан тариагаараа зөвхөн хүн хооллох юм бол дэлхий өлсгөлөнгөөс ангижрах боломжтой билээ. Харамсалтай нь бид хүнийг биш мал хооллосноор мах худалдан авах санхүүгийн чадвартай нийгмийн бүлэг хүмүүст үйлчилж байна хэмээн ойлгож болно.