Зураг
Зураг
Индэр    
2020 оны 5 сарын 27
Зураг
Medical Doctor | Youth activist (United Nations) |Youth Scholar | International Development

“КОВИД-19”-ийн үеийн Анагаах ухаан дахь хиймэл оюун ухааны хэрэглээ

Зураг

Хиймэл оюун ухаан нь бидний амьдралын чанарыг өнгөрсөн үеийн дата - их өгөгдөл дээр суурилан сайжруулж буй 21-р зууны гол хэрэглэгдэхүүн юм. Титэм вирусийн дэлгэлтийн энэ үед хиймэл оюун ухааны анагаахын салбар дахь хэрэглээг бид урьд хожид үеэс илүүтэйгээр ойлгох, мэдэх боломж олдож байна.

Ковидын өмнө хиймэл оюун ухааны анагаах ухаан дахь хөгжил дэс дараалалгүй нэг үгээр хэлбэл “замбараагүй” салбар салбарт багахан цар хүрээнд өрнөж байсан бол Ковидын үед зөвхөн нэг зорилгын төлөө өргөн хүрээгээр ажиллах боломж бүрдлээ. Вирус тээгч, түүний хавьтлыг илрүүлэх, оношлох, эмчлэх зэрэг бүхий л гинжин хэлхээнд хиймэл оюун ухаан ашиглагдаж байна.

Нэг чиглэлд нийтээрээ хүч зарцуулан ажиллаж буй нь цаашид хиймэл оюун ухааныг ашиглан өвчнийг цогцоор нь оношлох эмчлэх боломжийг бүрдүүлэх юм. Ингээд та бүхэнд хиймэл оюун ухаан Ковидын үед хүний оюун ухаанд хэрхэн тус хүргэж буй тухай 5 баримтыг өөрийн саналын хамтаар хуваалцъя.

Автоматаар биеийн температур тодорхойлох

Ковидын халдвар авсан хүмүүсийн 98%-д нь халуурах, 76%-д нь ханиалгах, 55%-д нь амьсгаадах шинж тэмдгүүд илэрдэг. Эдгээр шинжүүдээс хамгийн их хувийг эзэлж буй халуурлыг автоматаар хэмжих төхөөрөмжийг Хятадын Megvii болон Baidu компаниуд бүтээн хэрэглээнд нэвтрүүлжээ. Уг төхөөрөмжөөр 5 метр хүрээнд буй хүмүүсийн халууныг 0.3 градусын зөрүүтэйгөөр тодорхойлж чадах аж. Мөн маск зүүсэн, малгай өмссөн үед ч уг хиймэл оюун ухаанд суурилсан төхөөрөмжөөр хүний биеийн халууныг хэмжих ба нэг минутад 15 хүний халууныг хэмжин мэдээлэх боломжтой.

Бид үйлчилгээний газруудаар үйлчлүүлэхдээ дараалал үүсгэн биеийн халуунаа хэмжүүлж байна. Магадгүй нэг хүнийг бүртгээд халууныг үзэх хугацаа 15 секунд орчим байж болох юм. Тиймээс энэ төрлийн аппликэйшнүүд нь хүний хөдөлмөрийг хөнгөвчлөөд зогсохгүй цагийг ч бас хэмнэж буй юм.

 

Халдвартай хүнтэй ойр байсан эсэхийг илрүүлэх

Энэтхэгийн Мэдээлэл харилцаа холбоо технологийн яам хувийн компаниудтай хамтран Aarogya Setu нэрт гар утасны аппликэшныг зохион бүтээжээ. Уг аппликэйшн нь гар утасны Bluetooth болон газар зүйн байршлын мэдээллийг ашиглан хэрэглэгч Коронавирус тээгч хүнтэй ойролцоогоор хоёр метр зайд байсан эсэхийг хэлж өгөх чадвартай аж. Хэрэв уг гар утасны аппликэйшнээр “эерэг” буюу  Коронавирус тээгч хүнтэй ойролцоогоор хоёр метр зайд байсан гэж үзвэл уг мэдээллийг цааш холбогдох газруудад нь мэдээлэх боломжтой.

Коронавирусыг компьютер томографи шинжилгээнд оношлох

Цээжний рентген зураг болон компьютер томографи нь коронавирусын тест эерэг гарсан үед эмнэлэгт хийгдэж буй дараагийн шатны чухал шинжилгээнүүд юм. Хятадын технологийн салбарын томоохон компаниудын нэг болох Алибаба компани хиймэл оюун ухааныг ашиглан компьютер томографын шинжилгээгээр коронавирусыг 20 секундэд 96%-н үнэн магадтай оношлох хиймэл оюун ухааны бүтээгдэхүүнийг нэвтрүүлжээ. Уг аппликэйшнийг 5000 гаруй коронавирусын халдвартай өвчтөнүүдийн мэдээлэл дээр тулгуурлан бүтээсэн ба одоогоор 100 гаруй эмнэлэг ашиглаад байгаа аж. Гэвч одоогоор энэ төрлийн бүтээгдэхүүнүүд нь алдаа гаргах магадлал өндөр байгаа тул мэргэжлийн дүрс оношилгооны эмчийн хяналтын дор онош баталгаажиж, эмнэлзүйд тусгагдан ажиллаж байгаа гэж бодож байна.

 

Ковидын эсрэг эмийг гарган авах

Улс орон бүр Ковидын эсрэг вакцин, эмчлэх эмийг зохион бүтээх уралдаан шинээр эм, вакцин зохион бүтээх эсвэл өнгөрсөн үеийн мэдээлэл дээр ашиглан коронавирусын мэдрэг эмийг гарган авах чиглэлүүдэд өрнөж байна. Их Британид төвтэй Benevolent компани өнгөрсөн үеийн өгөгдөл дээр суурилан Коронавирусын эмчилгээнд эерэг нөлөө үзүүлж буй үе мөчний үрэвслийн үед хэрэглэдэг baricitinib нэрт эмийг танихад багагүй хувь нэмэр оруулжээ.

Уг эмийг Ковидын халдвартай 12 хүний эмчилгээнд хэрэглэхэд хоёр долоо хоногийн дараа тэдгээр өвчтөнүүдийн халуун буурч, ханиалгах шинж тэмдэг үгүй болж эмнэлгээс гарцгаасан байна. Хэдэн арван жил шаардаж байж тодорхойлох Baricitinib-г хиймэл оюун ухааны тусламжтайгаар хэдхэн өдрийн дотор илрүүлсэн. Анагаахын салбар дундаас хиймэл оюун ухааныг өргөнөөр ашиглаж буй гол салбаруудын нэг бол эм судлалын салбар юм.

Алексатай хамт Ковидыг оношлох

Амазон компанийн автомат, хиймэл оюун суурилсан хөтөч болох Алекса нь хэрэглэгчдээс анхан шатны асуумжыг авч цаашид чиглүүлж, зөвлөгөө өгч байна. Хэрэв та Алексад “Alexa, what do I do if I think I have coronavirus?” or “Alexa, what do I do if I think I have COVID-19?” хэмээн асуухад уг ухаалаг туслах нь аяллын түүх, шинж тэмдэг болон вирусээр халдварлагдсан эсэхийг тодруулан Америкийн өвчний хяналт болон урьдчилан сэргийлэх төвийн зөвлөгөөний дагуу хэрэглэгчид мэдээлэл өгдөг байна.

 

Та бүхэнд эрүүл энхийг хүсье