Зураг
Зураг
Индэр    
2019 оны 2 сарын 14
Зураг
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Танд ирсэн баглаа цэцгийн байгаль орчны төлөөс

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монголчууд Валентины баярыг сүүлийн жилүүдэд өргөн дэлгэр тэмдэглэдэг болжээ. Авхаалжтай маркетерууд ч арилжааны зорилгоо сайтар биелүүлж, хүн бүрийг дор бүр нь хөдөлгөөнд оруулж чадаж байна. Хүн төрөлхтөн түүхэндээ хайрыг төрөл бүрээр бэлгэдэж, илэрхийлэх аргуудаа ч хөгжүүлэн хөрвөсөөр өнөө цагт жилдээ нэг удаа нижгэр тэмдэглэдэг болж. Зөвхөн Монголчууд туйлшраад байгаа ч биш дэлхий даяараа хайр дурлалд нэг өдөр онцгойлон цаг гаргах хэрэгцээ нь үнэхээр байгаа юм байна гэж харж болохоор. Бэлэг дурсгал, үнэт эдлэл, шоколад амттанаар бялхсан энэ баяр хосуудад үнэ цэнэтэй дурсамж авчирч байвал мэдээж гайхалтай. Харин тэр үнэ цэнийг бий болгож, хайртын тань гараар дамжин ирсэн баглаа цэцэг ч гэсэн өөрийнхөө амьдралын замаа туулан танд ирж буйг хэлэх гэсэн юм.  

1910 онд ил захидал урладаг Холлмаркийн бүтээгдэхүүнүүд дээр анх Валентин гэдэг үгс бичигдэж эхэлснээс хойш онцгой нэгэндээ хайраа илэрхийлдэг, бэлэг солилцдог уламжлал эхэлсэн гэж үздэг байна. Хайр дурлалыг маркетингийн симбол буюу бэлгэ тэмдэг болгосон анхны тохиолдол гэж үүнийг тооцжээ. Дараа нь 1939 онд дэлхийн алдарт  Дэ Бийрс компани хайраа илчлэхдээ очир эрдэнийн бөгж буюу алмаз бэлэглэдэг гэх ойлголтыг түгээснээр ердөө 3 жилийн дотор сүйн бөгжний талаас илүү хувийг алмазаар хийдэг болсон байгаа юм. Улмаар хууль бус очир эрдэнийн олборлолт, худалдаа хэрээс хэтэрсэн тул 2000 онд зөрчилгүй очир эрдэнийн худалдаа, гэрчилгээжүүлэлтийн арга хэмжээг дорвитой авсан тухай Blood Diamond киноноос та үзсэн байж магадгүй. 

Алт ч бас ялгаагүй бүх цаг үед үнэ цэнээ алдаж байгаагүйн дээр хайр дурлалаа бататган харуулах, нотлох хэрэгцээг гайхалтай биелүүлж байв. Харин орчин цагт арай энгийн даруугаар сэтгэлээ илчилж, хайртыгаа баярлуулах үүргийг цэцгийн баглаа хүлээж байна. Аль эртний Грек, Ромын түүхэнд ч хайр дурлал, сарнай цэцгийг холбосон сэжүүрүүд олон байсан аж. 19-р зууны сүүлчээс цэцгийн үйлдэрлэл Англид хөгжиж эхэлснээс хойш эдүгээ 33 тэрбум ам.долларын зах зээл бүхий томоохон салбар болсон байна. Голланд улс энэ салбарын хамгийн том тоглогч, түгээгч төдийгүй АНУ, Японд тариалсан нийт цэцгийн талаас илүүг олон улсад түгээж борлуулж байна. Цэцгийн түгээлтийн 60 хувийг Голланд улс дангаараа хийж байгаа боловч ердөө10 орчим хувийг өөрсдөө тариалж хангадаг юм байна. 

 

1990-ээд оноос цэцгийн тариалангууд уур амьсгал таатай дулаан орнууд, тэр дундаа хөдөлмөрийн хөлс доогуур байдаг Колумб, Кени, Экуадор, Этиоп зэрэг улсууд руу шилжсэнээр энэ салбар байгаль орчныг доройтуулдаг эмзэг салбаруудын нэг болж эхэлжээ. Учир нь цэцэг бол богино настай эмзэг бүтээгдэхүүн учир тэдгээрийг асар хурдан хугацаанд ургуулж хураан авахын тулд хүчтэй химийн бүтээгдэхүүнээр бордож байна. Ингэснээр агаар, хөрс, усны бохирдлууд энэ салбарыг байнга дагах болов. Цэцэг өөрөө хүнсний бүтээгдэхүүн биш учир энэ салбарт мөрдөгддөг байгаль орчны норм, дүрэм журам харьцангуй сул гэж болно. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад хэрэглэхийг хориглосон хортой пестицидүүд өдгөө хөгжиж буй орнуудад тогтмол ашиглагддаг.

Усны нөөц хамгийн бага байдаг Африкийн орнуудад усны хэрэглээ асар их шаарддаг цэцгийн үйлдвэрлэлүүд төвлөрсөн. Мэдээж цэцэг дагаад нутгийн оршин суугчид амьдралаа залгуулж байна. Жишээлбэл Кени улс жилдээ 141 сая ам.долларын цэцгийн экспорт хийдэг нь улсынхаа 2 дахь том салбарт ордог аж. Цэцэгтэйгээ адил энэ салбар нь өөрөө маш эмзэг ч гэлээ Валентины баяр мэт томоохон тэмдэглэлт өдрүүд дэлхийн цэцгийн тариалалт, худалдааны бизнесийг амь оруулдаг. 2050 он гэхэд дэлхийн нийт хүн ам 10 орчим тэрбумд хүрэх бөгөөд тэр үед хүмүүсийн өдөр тутмын хүнсийг тариалах хөрс шороо, цэвэр ус, цэнгэг агаар олдох уу гэдэг асуудал одоо тогтмол хөндөгдөж байна. Ингээд бодохоор өнөөдөр бидний гартаа барьж зогсох баглаа цэцэг 30 жилийн дараа гайхамшигтай тансаглал болж хувирна гэмээр. 

Манай урд хөрш Хятад улс ч Кенийн цэцгийн салбарт асар их хөрөнгө оруулж зах зээлийг эзэлж эхэлсэн бөгөөд Азидаа хамгийн том үйлдвэрлэгч болоод байгаа. Хятадад тариалсан сарнай цэцэг Америк юм уу Европт тээвэрлэгдэн очихдоо өөрийн өртгөөсөө 90 орчим хувийн өндөр үнээр зарагддаг байгаа юм. Тун удахгүй Хятад улс Голландын дараах хамгийн том цэцэг экспортлогч болох нь тодорхой. Ингээд бүхлээр нь том зургаар харвал энэ их хэмжээний тариалалт явуулах газар нутаг, үржил шимтэй хөрс улам хомсдож байгаа энэ цаг үед хэрхэн нөхөн сэргээж, илүү байгальд ээлтэй болгох тухай санааширмаар. 

Гэхдээ өнөөдөр хайраа тэмдэглэх баяр учраас таны гар дээр ирсэн баглаа цэцэг аль улсын хөрсөнд ургаж, усаар нь услуулан хол зам туулан ирснийг нь, түүнийг ургуулахын тулд асар бага хөлсөөр уйгагүй ажилладаг ажилчдын хөдөлмөрийг бодоод нандигнаарай. Үнэ цэнийг нь аль болох удаан мэдэрч хариуд нь чин сэтгэлээсээ талархаарай.