2019 оны 2 сарын 4
Эдийн засагч, шинжээч

Монголчууд 371 сая бууз бэлтгэж түүнийхээ 70%-ийг дөрөв хоногт иддэг бол хүн тус бүрт хэдэн бууз ногдох вэ?

Гэрэл зургийг MPA.mn

ТА ЦАГААН САРЫН ҮЕЭР ӨДӨРТ ДУНДЖААР ХЭДЭН БУУЗ ИДВЭЛ ЗОХИСТОЙ ВЭ?

Монголчуудын уламжлал болгон тэмдэглэдэг цагаан сар хаяанд ирээд байна.

Цагаан сарын баярыг Монголын нийт өрхийн 64 хувь буюу 572 мянган өрх тэмдэглэдэг байна. Энэ үеэр хамгийн тулгамддаг асуудал нь идээ, будааны зохистой хэрэглээ юм.

Гэвч цаг цагаар нэг цаддаг, цагаан сараар нэг цадах нь хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг болохыг энгийн тооцоолол хийж харуулая. Цагаан сараар нэг айл дунджаар 650 орчим ширхэг бууз чимхдэг бөгөөд нийтдээ 371 сая бууз улсын хэмжээнд бэлтгэдэг байх нь. Тэгэхээр энэ буузын 70 хувийг шинийн 4-н хүртэл дундаж 4 хүнтэй, 572 мянган өрх хэрэглэлээ гэж үзвэл нэг хүнд дунджаар 24 ширхэг бууз оногдож байгаа юм. Өдөрт хамгийн багадаа 3 айлаар ороход нэг айлд 8 ширхэг бууз иддэг байна.

Эрүүл мэндийн яамнаас 1 буузны илчлэгийг 185-215 ккал гэж тооцсон бөгөөд дунджаар 200 ккал болж байгаа юм. Үүнээс өдрийн 24 ширхэг буузыг 200 ккалордоо үржээд үзвэл та өдөрт 4,800 ккалорийг зөвхөн буузнаас авдаг байх нь. Харин түүнийг дагаад буузны хамсаатнууд ороод ирнэ ээ. Жижиг таваг нийслэл салат 260 ккал, 50 грамм цагаан архи 115 ккал гэхээр өдөрт 3 айлаар ордог хүн маань 1,125 ккалор авна. За тэгээд буузны ккалор дээрээ нэмээд үзвэл 5,925 ккалорыг та өдөрт авдаг болж байна.

ӨДӨРТ ТАНЫ АВАХ ЗОХИСТОЙ ИЛЧЛЭГ ХЭД БАЙДАГ ВЭ?

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөр дундаж хүн 2,250 ккалорийг өдөрт авах шаардлагатай байх нь. Гэвч цагаан сарын үеэр бид ямар нэгэн идэвхтэй хөдөлгөөн хийхгүйгээр машинаас машин, айлаас айл хооронд явдаг. Тиймээс эндээс ч бага илчлэг авах боломжтой. Ядаж нэг айлруу 30 минут алхвал 250 ккалор шатаах боломжтой. Цагаан сарын үеэр энгийн өдрүүдээс авдаг ккалороос 2.6 дахин их авдаг байна. Ийм байдлаар 4 өдөр үргэлжлэхэд таны бие организмд ямар хэмжээний өөрчлөлт гарах вэ?

Биеийн жин нэмэгдэнэ. Тэгэхээр илүү авсан 3,600 ккалор тутамдаа та 420 грам өөх тосыг биедээ хуримтлуулдаг байна. Ийм байдлаар 4 өдөр үргэлжлэх юм бол дунджаар 1.6 кг –р жин нэмэгдэх нь байна. Харин шууд бусаар дагасан хоолны хордлого, архины хордлого гэх мэт хүний бие организмд нөлөөлөхүйц өвчлөлүүд бий болох боломжтой.

ТЭГВЭЛ ХЭРХЭН ЗОХИСТОЙ ХООЛЛОХ ВЭ?

Хамгийн зөв нь заавал бүгдийг нь идэх шаардлагагүй юм. Мөн эрүүл мэндийн байгууллагуудын зөвлөмжөөр шинэ ногооны салат, байцаа, яншуй гэх мэт хоолыг түргэн боловсруулдаг ногоон навчит ургамлуудыг түлхүү хэрэглэхийг санал болгожээ.

x