Индэр    
2019 оны 1 сарын 21
Зураг
Эдийн засагч, шинжээч

Тэгш бус байдал нэмэгдсээр байвал дундаж давхарга үгүй болно

Зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Монгол Улсын хүн амын ядуурлын түвшин буюу ядуурлын хамралтын хүрээ 30 хувь болсон бөгөөд энэ нь 3.2 сая хүнээс 907.5 мянга орчим нь ядууралд өртсөнийг илэрхийлж байна.

Өөрөөр хэлбэл 100 хүн тутмын 30 нь зайлшгүй шаардлагатай хүнсний болон хүнсний бус зүйлсийг худалдан авах чадваргүй байна гэсэн үг.  Энэ тоо яг юуг илэрхийлж байгааг илүү тодорхой болгох үүднээс өөрийн бяцхан түүхийг өгүүлье.

2000 онд би 10 жилийн хоёрдугаар ангийн сурагч байхдаа олон хүүхэдтэй авга ахындаа байдаг байв. Тэр үед авга ах маань ардчиллын шуурганд өртөн амьдралын зорилго, сэтгэлийн тэнхээгүйдээ архинд орсон байв. Тэр үеийн ихэнх хүмүүст тийм зүйл тохиосон доо. Харин бэр эгч маань ажилгүй гэвч тэр олон хүүхдүүдийн оройн хоолыг олох гээд л өглөө гараад орой ирдэг байв. Хаанаас ч юм хоолны жаахан мах, ногоо олж ирээд л тогоо дүүрэн хоол хийдэг байсан.

Магадгүй бэр эгч маань өнөөдрийг болгож чадлаа гээд маргааш харин яах тухай илүү их боддог байсан биз. Хоёр идэхгүй, хоосон хонохгүй гэсэн ийм л цаг үе байсан.

10, 20 жил өнгөрөхөд Монголчууд бидний дунд энэ дүр зураг өөрчлөгдсөнгүй шар нар, бор хоногийг арайхийн өнгөрүүлж байна. Ядуурлын шугамаас арай дээгүүр оршиж байгаа хэсэг нь банкны өрийн тойрогт орсон. Сард олсон хэд нь банкны зээл рүү явж, үлдсэн хэд нь идэх уухдаа зарцуулагдаад л дуусдаг.

Тиймээс дээрх өрхүүд боловсрол, эрүүл мэнддээ хангалттай мөнгө зарцуулж чаддаггүй. Боловсрол эзэмшээгүйгээс орлого олох боломж нь багасаж, эргээд ядуурлын цикл рүү ордог. 

Судалгаагаар хүн амын бага орлоготой 20 хувийн хүүхдүүд нь өндөр орлоготой бүлгийн хүүхдүүдийг бодвол их, дээд сургуульд элсэн суралцах нь 20 дахин бага байдаг байна.

Эцэст нь тав, 10, 20 жил өнгөрөхөд л дээрх шалтгаануудын улмаас дараа дараагийн үеүдийн орлогын тэгш бус байдал улам бүр нэмэгдсээр байдаг.

Өөрөөр хэлбэл баян хүмүүс нь улам баяжиж, дундаж давхарга нь ядуу бүлэг рүү унадаг. Улмаар давхарга хоорондын зай холдсоор ядуугаас дундаж, дунджаас баян гэх шилжилт байхгүй болдог. Ядуурал, орлогын тэгш бус байдал хоёр нь бие биеэ нөхцөлдүүлж, биеийнхээ шалтгаан болж байдаг хоёр зүйл. 

Бид бүхэн адилхан л энэ Монгол Улсын эзэд.

Гэвч улс төрийн эрх мэдэл, давуу байдлаа ашиглан нийгмийн цөөнх хэсэг нь баялгаа замаас нь хулгайлаад байхад яалтай билээ. Хулгайлахдаа хууль дүрмийг нь өөрчилж, төсөв болон мөнгөний үр ашиггүй бодлого явуулж, эцэст нь эдийн засагт тэр идээ бээр нь баялгийн тэгш бус хуваарилалт, инфляц, зээлийн хүү, валютын ханш гэх мэт зүйлсээр илэрдэг. Тиймээс ард иргэд маань үнийн жаахан өсөлт, валютын ханшийн бага зэргийн өөрчлөлтөд л маш мэдрэг болж байгаа юм. Иймэрхүү байдлаараа үргэлжилсээр байвал Монголд дундаж давхарга гэж байхгүй болно. Зөвхөн баян ба ядуу гэж хоёр л ангилагдах болно. 

МОНГОЛ ОРЛОГЫН ТЭГШ БУС БАЙДАЛ БАГАТАЙ ГЭВЧ ХӨРӨНГИЙН ТЭГШ БУС БАЙДАЛ ИХТЭЙ

Орлогын тэгш бус байдал хэр байгаа эсэхийг ерөнхийдөө Жини коэффициентээр хэмждэг бөгөөд энэ нь 0-1 хооронд утга авдаг. Тус коэффициент 1 рүү дөхөх тусмаа орлогын тэгш бус байдал нэмэгдэж байна гэж үздэг. Гэвч 1997 оноос хойш Монгол Улсын хувьд энэхүү үзүүлэлт ойролцоогоор 0.3 орчимд хэлбэлздэг буюу тэгш бус байдал багатай гэж гардаг.

Үнэндээ энэ тоог бид үгүйсгэж чадахгүй. Зөвхөн орлогын түвшнээр нь тооцсон учраас тус үзүүлэлт өөрчлөлтгүй харагдаж байгаа юм. Төрийн албанд ажилладаг зарим хүн цалингаараа авч дийлэхээргүй хөрөнгөтэй байдаг шүү дээ. Энэ нь хөрөнгийн тэгш бус байдал манайд их байгааг харуулж байгаа юм.

Судалгаагаар орлогын тэгш бус байдалд хүмүүсийн хандлага буюу дургүйцэл нь харьцангуй бага байдаг бол боловсрол, эрүүл мэндийн тэгш бус байдалд маш эмзэг буюу дургүйцэл нь их байдаг байна. Аргагүй шүү дээ, тантай ав адилхан цалин авч байгаа хэр нь эдэлж хэрэглэж байгаа зүйл, амьдарч байгаа байр, хүүхдийнх нь явж байгаа сургууль, өөрсдийнх нь үйлчлүүлж байгаа газар зэргийг харахад хэнд ч шударга бус санагдах болно. 

Хөрөнгийн тэгш бус байдал их байгааг хүн амын хэрэглээний болон хадгаламжийн бүтцээс харах боломжтой.

 

(Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо)

1. НИЙТ ХЭРЭГЛЭЭНИЙ 40 ХУВИЙГ ХҮН АМЫН 20 ХУВЬ НЬ БИЙ БОЛГОДОГ

Хэдийгээр орлогын тэгш бус байдлыг жини коэффициентээр бага хэмээн тооцсон ч тэгш бус байдлыг илэрхийлж болох өөр нэг үзүүлэлт бол хэрэглээний бүтэц байдаг. 2016 оны өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаагаар чинээлэг бүлэг болох хүн амын 20 хувь нь нийт хэрэглээний 40 хувийг бий болгож байгаа бол ядуу хүн амын 40 хувь нь хэрэглээний 21 хувийг л бий болгодог байна (зураг 2).

Хэрэглээний бүтээгдэхүүний 80 орчим хувийг импортоор авдаг манай улсад хэн ам.долларын ханшийг өсгөхүйц нөлөөлдөг гэж бодож байна (Нийт импортын 30 хувийг хэрэглээний импорт эзэлдэг).

Яг дээрх харьцаагаар бол өнөөх чинээлэг 20 хувь чинь хэрэглээний импортын 40, 50 орчим хувийг бий болгож байна. Дээр нь өвөл болохоор нүүдлийн шувуу шиг халуун орныг зорьдог тансаглал нь валютын гарах урсгалыг нэмэгдүүлдэг буюу урсгал данс байнгын л алдагдалтай байдаг (Аялал жуулчлалаар гарч буй мөнгө урсгал дансны 30 хувийг эзэлдэг).

Харин өсөж буй валютын ханшид хэн илүү мэдрэг байх вэ? ядуу болон дундаж давхарга. Энэ бол хэн нэгэн чинээлэг, баян хүнийг үзэн яд гэсэн үг огтхон ч биш. Хөрөнгийн тэгш бус байдлаас бий болсон хор уршиг ядуу болон дундаж давхаргад ийм л хүчтэй нөлөөлдөг болохыг харуулж байна.

Зураг 2. Хэрэглээний бүтэц

 

(Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо)

2. ХАДГАЛАМЖИЙН ТӨВЛӨРӨЛ ӨНДӨР

Нөгөө талаас хөрөнгийн тэгш бус байдлыг илэрхийлж чадах үзүүлэлт бол хадгаламжийн төвлөрөл өндөр байх юм. Нөхдүүд улс төрийн эсвэл мэдээллийн давуу байдлаа ашиглан бизнес хийж эхэлсэн. Улмаар бизнес нь цэцэглэж, олсон ашгаасаа өөрийнхөө эсвэл гэр бүлийнхээ хэн нэгний ч юм уу нэр дээр өндөр дүнтэй хадгаламж бий болгодог. Ерөнхийдөө нийт хадгаламж эзэмшигчдийн нэг хувь нь нийт хадгаламжийн дүнгийн 60 орчим хувийг бий болгодог бол үлдсэн хадгаламж эзэмшигчдийн 99 хувь нь нийт хадгаламжийн дүнгийн 40 хувийг бүрдүүлж байна.

ТЭГШ БУС БАЙДЛЫГ ХЭРХЭН БУУРУУЛАХ ВЭ?
  • Институцийн асуудал. Олон хүн систем, засаглалын буруу зөв эсэхийг ярьдаг. Мэдээж институцийн бүтэц нь авлига, хээл хахуулийг өөхшүүлж байгаа учраас түүнийг өөрчлөх шаардлагатай. Түүнээс гадна хувь хүн бүр авлига, хээл хахуулийн асуудлыг өөрөөсөө эхлэх хэрэгтэй. Бид л өөрсдөөсөө асууж, өөрсдөөсөө эхэлснээр бага ч болов өөрчлөлтийг бий болгож чадна. 
  • Орлогын дахин хуваарилалтыг зөв хийх. Улсын төсвийн орлого бол ард иргэд, ААН, Монгол улсын ард иргэдийн өмч болох байгалийн баялгаа ашигласнаас орж ирэх татваруудаас бүтдэг. Эдгээр мөнгийг бид нийгэмдээ зөв хуваарилан, нийгмийн хөгжилдөө зарцуулах ёстой. Гэтэл төрийн эрх мэдэлтэй хэн нэгэн нь энэ бүхнийг ууж идэн, хахаж цацан байхыг ард түмэн бид зүгээр л хараад сууж байна. 
  • Боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх. Боловсрол болон эрүүл мэндийн салбар нь Монголын хувьд хаягдсан салбар. Тиймдээ ч хариуцсан сайдууд нь байнга солигддог. Монголын ДНБ-н дөнгөж 5 хувийг л бүрдүүлдэг салбар. Гэтэл энэхүү салбарууд нь орлогын тэгш бус байдлыг бууруулах суурь гэдгийг ойлгох хэрэгтэй. Орлогын нөхцөлөөс үл хамааран эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг хүртээмжтэй хүргэх нь ирээдүйн орлогын тэгш бус байдал, ядуурлыг бууруулах боломжийг бий болгоно.
  • Татварын шаталсан систем бус эд хөрөнгийн татвартай болох. Монголчуудын хувьд дундаж давхарга бий болох гэж ядаж яваа энэ үед татварын шаталсан систем эртэднэ гэж хэлж болно. Тиймээс ч орлогын татварын шаталсан системээс илүү эд хөрөнгийн татвар нь тэгш бус байдлыг бууруулах гол арга замын нэг гэж судлаачид үзэж байна.