Индэр    
2018 оны 12 сарын 25
Зураг
iKon.mn сэтгүүлч

Хэвлэл мэдээллийн хумигдаж буй эрх чөлөө

Зураг
Гэрэг зургийг: MPA.mn

Азийн 10 гаруй улсын хэвлэл мэдээллийн болон олон улсын хүний эрхий төлөө тэмцэгч нарыг нэгтгэн хамруулсан "Хэвлэл мэдээллийн төлөөлөл болон хүний эрх хамгаалагчдын форум” энэ сард Тайланд улсын нийслэл Бангкок хотноо “Форум-Ази”-ийн тусламжтайгаар зохион байгуулагдсан юм.

Энэхүү форумаар Азийн улсууд дахь хүний эрхийн асуудал болон хэвлэл мэдээллийн салбарынханд тулгамдаж буй асуудлыг тойрон хэлэлцлээ. 

Форумыг зохион байгуулсан "Форум-Ази" төрийн бус байгууллага нь Азийн бүс нутгийн хүний эрхийн нийт 67 байгууллагыг нэгтгэсэн, 21 улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг хүний эрх хамгааллын байгууллага юм.

Манай улсаас тус байгууллагад Хүний эрхийн хөгжлийн төв болон Глоб Интернэйшнл төрийн бус байгууллага гишүүнээр элсэн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.

Энэ удаагийн медиа форумд Тайланд, Австрали, Монгол, Мьянмар, Индонези, Энэтхэг, Пакистан, Камбож, Филиппин, Мальдив зэрэг улсын хэвлэл мэдээлэл болон хүний эрх хамгаалагчдын төлөөлөл оролцож, өөрийн улс оронд тулгарч буй асуудлуудыг хэлэлцлээ.

Мэдээлэх эрх чөлөө ба түүний хязгаарлалт

 "Ардчилал гэдэг нь хэвлэн мэдээлэх эрх чөлөөгүйгээр оршин тогтнох боломжгүй. Харин ардчилалгүйгээр бид хөгжил дэвшилд хүрэхгүй" хэмээх үгээр "Форум-Ази" байгууллагын Ерөнхий захирал Жон Самуел форумыг эхлүүлсэн юм.

 
John Samuel from Forum-Asia

Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд тулгамдаж буй томоохон асуудлын дунд улс орнуудын төр засгаас гаргаж буй мэдээлэх эрх чөлөөнд саад учруулахуйц хатуу хууль, тогтоомжууд багтаж байгаа талаар хуралд оролцсон олон улсын төлөөлөл санал нэгтэйгээр илэрхийлж байлаа.

Тухайлбал, "Хүнийг гутаан доромжлох, нэр төрд халдах, гүтгэх" зэрэг хуулийн заалтууд ихэнх улсын хууль дүрэмд тусгагдсан байдаг ба үүнтэй холбогдуулан хэвлэл мэдээллийн байгууллага болоод сэтгүүлчдэд их хэмжээний торгууль ногдуулах, шалгах, олон жилээр баривчлах зэрэг харилцан адилгүй шийтгэл ногдуулж, тодорхой хэмжээний дарамтыг үзүүлсээр байна. 

 
Jodesz Gavilan from Rappler

Хуралд оролцсон Филиппин улсын "Rappler" агентлагийн сэтгүүлч Жодез Гавилан тус улсад сүүлийн үед хүчтэйгээр өрнөж буй гүтгэх, нэр төрд халдах, хуурамч болон ташаа мэдээлэл түгээсэн гэх шалтгаанаар үүсгэж байгаа зөрчлөөс болж сэтгүүлч болон хэвлэл мэдээллийн байгууллагад хэрхэн нөлөөлж буй талаар хуваалцсан юм.

Тухайлбал, 2016 онд тус улсын Ерөнхийлөгч Родриго Дутерте засгийн эрхэнд гарч, ерөнхийлөгч болсноос хойш түүний ажилладаг Rappler агентлаг олон тооны заналхийлэл, сүрдүүлгийг амсах болжээ.

Үүнтэй холбогдуулан эрх баригчдын зүгээс тус байгууллагад олон тооны хуулийн заалттай холбоотой олон тооны зөрчлийг тохож, хуулийн өмнө хариуцлага хүлээлгэх болсон байна.

Эдгээрээс гадна Rappler агентлаг тус улсын Ерөнхийлөгч, сонгууль болон олны анхаарлыг татсан гэмт хэрэгтэй холбогдолтой мэдээллийг сурвалжилж болохгүй гэсэн шийдвэрийг гаргасан ба мэдээлэх эрхийг нь хаасан байна.

Манай улсын хувьд мөн УИХ-аас нэр төр гутаахтай холбоотой зохицуулалтыг Эрүүгийн хуулиас хассан нь хэвлэл мэдээллийн зөрчлийг иргэний хуулийн хүрээнд шийдвэрлэдэг болох нөхцөлийг бүрдүүлсэн. Энэ нь олон улсын хэм хэмжээнд нийцсэн алхам байсныг хоёр жилийн өмнө хэвлэл мэдээллийн салбарынхан онцлон тэмдэглэж байсан билээ.

Гэсэн хэдий ч энэ зохицуулалт Зөрчлийн тухай хуульд буцаан тусгагдсанаар улс төр, эдийн засгийн асуудлыг шүүмжилсэн агуулгатай контент гаргасан сэтгүүлч болон хэвлэл мэдээллийн байгууллагууд өндөр хэмжээний мөнгөн торгууль, захиргааны шийтгэл хүлээж байгаа нь сэтгүүлч, редакцыг эдийн засгийн аргаар боох, дарамтлах цензурыг үүсгэж байна.

ЦЕГ-аас өгсөн мэдээллээр, энэ оны эхний 10 сарын байдлаар манай улсад Зөрчлийн тухай хуулийн 6.21-т заасан гүтгэх зөрчлөөр 374 зөрчил бүртгэгдэж, 57 хүн, 2 хуулийн этгээдийг нийт 118 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулаад байгаа аж.

Үүний хоёр хуулийн этгээд нь хэвлэл мэдээллийн редакц бөгөөд нийт 40 сая төгрөгийн торгуульд орсон байна.

Пакистан болон Индонез улсад "Blasphemy", Малайзын "Sedition", Тайланд улсын "Lese Majeste" зэрэг ийм төрлийн, илүү хатуу заалттай олон хуулиар засгийн эрхэнд байгаа төрийн их дээд байгууллага болон Хаантай холбоотой сөрөг мэдээллийг гаргаж, нийтэлсэн тохиолдолд 15 хүртэлх жилээр хорих зэрэг хатуу шийтгэлийг тусгасан нь хэвлэл мэдээллийн салбар болон сэтгүүлчдэд тулгамдсан асуудал болоод байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагын эзэмшил болон хараат бус байдал

Хэвлэл мэдээллийн хараат бус байдалд халдах явдал дэлхийн ихэнх оронд, тэр дундаа Зүүн өмнөд Азийн орнуудад маш түгээмэл асуудал болоод байна.

Ямар ч улс төрийн дэглэмийн үед хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хязгаарлаж, эрх мэдэлтэн, бизнесийн томоохон корпорациуд аливаа чухал мэдээллийг эрхшээлдээ байлгах гэсэн хүсэл зорилго бодит байдал дээр улам хурцадсаар байгаа юм.

Форум-Ази байгууллагаас зохион байгуулсан хүний эрхийн хамгаалагчид болон хэвлэл мэдээллийн төлөөллүүдийг нэгэн дээвэр дор цуглуулсан хоёр өдрийн хэлэлцүүлгийн үеэр ч энэ бүхэн ил тод байв.

Тухайлбал, Энэтхэг, Пакистан, Мьянмар, Филиппин, Тайланд, Камбож болон Монголын нөхцөл байдлыг өнгөц дүгнэн харахад Зүүн өмнөд Азийн аль ч оронд хэвлэлийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн хараат бус байдал улам ярвигтай сэдэв болсныг ярилцсан ба энэ үед хараат бусаар үйл ажиллагаагаа эрхлэх боломж бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслийн тодорхой загварыг бий болгох цаг ирснийг ч илтгэж байлаа. 

Зарим орны хувьд аль хэдийнэ тодорхой загваруудыг амжилттай нэвтрүүлээд байгаа нь энэ чиглэлд ахиц гарах боломж бий болгоод байна.
 

Өнөөдөр дэлхий дахинд хувийн, төрийн болон олон нийтийн эзэмшлийн хөрөнгө оруулалттай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд давамгайлан үйл ажиллагаа явуулж байна.

Эзэмшлийн гурван хэлбэр бүхий эдгээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өргөн нэвтрүүлгийн, кабелийн сувгийн, цахим орчны гээд үйл ажиллагааны суурь платформоороо ялгарах хэдий ч хараат бус байдлаа алдаж, хэн нэгэн сонирхлын бүлгийн эрх ашгийн төлөө илтэд үйлчлэхэд хүрч буй байдал нь нийтлэг бэрхшээл болоод байгааг хуралд оролцогчид онцолсоор байв.

Хэрэв сэтгүүлчид эзэмшигчдийн эрх ашгийн төлөө үйлчлэхгүй аваас амиа алдах хүртэл эрсдлийг үүрэх болов.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр буюу Хил хязгааргүй сурвалжлагч олон улсын байгууллагаас гаргасан тойм мэдээллээр 2018 онд дэлхий дахинаа нийт 80 сэтгүүлч өөрийн мэргэжлийн үйл ажиллагааныхаа улмаас амиа алдсан харамсалтай тоо баримт байна.

Өөрөөр хэлбэл, хэвлэл мэдээллийн хараат бус байдлын төлөө дорвитой алхмууд хийх цаг ирээд байгааг дээрх баримтууд гэрчилж байна. Энэ ч утгаараа "Форум-Ази" байгууллагаас зохион байгуулсан хэлэлцүүлэг нь цаг хугацааны хувьд маш нүдээ олсон үйл ажиллагаа байсан гэдгийг цохон тэмдэглэх нь зүйтэй юм.

Монгол Улсын хувьд ч хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэмшлийн асуудал тулгамдсан асуудал болсон.

Манай улс 1998 оны Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлд Төрийн байгууллагын мэдээллийн хэрэгслийг хориглох: "Төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно" хэмээн тусгасан байдаг.

 
Хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэмшлийн сүлжээ

Монгол Улс гурав гаруй сая хүн амтай, үйл ажиллагаа явуулж буй 500 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагатай. Эдгээр хэвлэл мэдээллийн байгууллагын 90 гаруй хувь нь хувийн хэвшлийн эзэмшилтэй. Үүнээс гадна хэвлэл мэдээллийн төвлөрөл Монголд ч идэвхтэй өрнөж байгааг хоёр жилийн өмнө явуулсан судалгаанд онцолж байсан.

Энэхүү хэвлэл мэдээллийн эзэмшлийн мониторингийн судалгаанд хэвлэл мэдээллийн 39 хэрэгсэл оролцсоноос 29-ийнх нь эзэн, хөрөнгө оруулагч улс төрийн ямар нэгэн хамааралтай байна гэсэн үр дүн гарчээ.

Мөн 2016 оны байдлаар найман компани хэвлэл мэдээллийн хоёр ба түүнээс дээш хэрэгсэл эзэмшиж байгааг харж болно.

 
Хоёр ба түүнээс дээш хэрэгсэл эзэмшиж буй ААН

Ер нь аливаа хэвлэл мэдээллийн хэрэгслийн хараат бус байдалд хөндлөнгийн олон зүйлс нөлөөлөх хэдий ч хамгийн ихээр нөлөө үзүүлдэг эх үүсвэр нь санхүүгийн тогтвортой байдал. Энэ шалтгааны улмаас хараат бус байдлаа алдсан, эсвэл эзэмшигч нь улс төрийн тодорхой хэсэгт үйлчилж, цензурт автаж байдаг дүр зураг ихэд ажиглагддаг.

Тиймээс ч сүүлийн үеийн олон улсын хандлагаар иргэд, уншигчдыг олон янзын байр суурь, олон талт мэдээллийг төрөл бүрийн эх үүсвэрээс хүлээн авах эрхийг нь хангаж, баталгаажуулахын тулд хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэмшлийн бүтцийг ил тод байлгах асуудал чухал болоод байна.

Нэгэнт эзэмшлийн мэдээллийг ил тод болгосон хойно улс төрийн ямар чиг баримжааг баримталж мэдээллийг түгээж буй зэргийг мэдэх, эсвэл ил болгох нь тийм ч ярвигтай асуудал биш бөгөөд ийм төрлийн мэдээллийг мөн ил болгосноор уншигчдад олон ургалч үзлээс өөрийн сонголтыг хийх боломжийг олгож байна гэсэн үг юм.

Олон улсад "олон ургалч" байдлыг судалсан тод жишээгээр өнгөрсөн жил БНСУ-д зохион байгуулагдсан "KPF Journalism Conference"-ээр танилцуулагдсан олон улсын хэмжээний мэдээ мэдээллийн сувгуудын талаарх судалгаа юм.

 
Томоохон мэдээ мэдээллийн сувгуудын олон ургальч байдлын судалгаа

Дээрх графикаас харахад АНУ-ын хүлээн авагчдын хувьд өөрсдийн мэдээлэл авдаг сувгуудаас улс төрийн ямар үзэл баримталдаг тухайд саналыг нь авахад төвийг сахисан буюу аль ч талыг голчилдоггүй хэвлэл мэдээллийн хэрэгсэлд зөвхөн Yahoo News л дөхөж очсон байна.

Харин бид бүхний сайн мэдэх CNN, The New York Times, The Washington Post зэрэг шилдэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл либерал чиг баримжаатай байгаа нь харагдана. 

Үүнээс харахад тухайн мэдээллийн хэрэгслийн баримталж буй чиг баримжааг тодорхойлж иргэдэд мэдээлэх нь зайлшгүй бөгөөд ингэснээр уншигчдын мэдээлэлд итгэх итгэл дээшилж, өөрийн чиг баримжаатай нь нийцэж буй мэдээллийн хэрэгслийг сонгох зэрэг эрхийг нь нээж өгч байгаа юм.

Нөгөө талаар олон улсад төр засаг болон төрийн өндөр албан тушаалтнаас ангид, эсвэл том корпорацын дор бус, өөрийн санхүүгийн эх үүсвэрээр үйл ажиллагаа явуулах хангалттай чадвартай, эсвэл олон улсын донор байгууллагаас санхүүждэг, хараат бус хэвлэлийн байгууллагууд бий болох хандлага ажиглагдаад байна.

 
Prachatai сайтын санхүүгийн эх үүсвэрийн мэдээлэл

Үүний тод жишээгээр форумд оролцож байсан төлөөллийн нэг, олон улсын донор байгууллагуудын дэмжлэгтэйгээр хараат болон ашгийн бусаар үйл ажиллагаа явуулдаг, Тайландын Бангкок хотод төвтэй Prachatai.com сайтыг дурдаж болно.

Тус сайт нь 2004 онд байгуулагдсан ба байгуулагдсан цагаасаа хойш хэзээ, ямар байгууллагаас хэдий хэмжээний мөнгөн тэтгэмж орж ирсэн талаар олонд нээлттэй зарлаж иржээ. Ингэснээр улсын аль нэг талын төрийн чиг баримжааг баримтлах эсвэл томоохон албан тушаалтан, компанийн ашиг сонирхлын дор мэдээлэл түгээх бус, хараат бус, олон эх сурвалжид тулгуурлан, ашгийн бус үйл ажиллагаа явуулах боломжийг олгодог байна.

Энэ бүхнээс харахад хэвлэл мэдээллийн байгууллагын эзэмшлийг олон нийтэд ил болгосноор уншигчдын мэдээлэлд итгэх байдлыг нэмэгдүүлэхээс гадна мэдээллийн хэрэгслийн олон ургалч байдлыг ил тод болгож, уншигчдад ямар мэдээллийн хэрэгслийг сонгож унших зэрэг сонголтыг олгож байгаагаараа өндөр ач холбогдолтой юм.