Индэр    
2018 оны 12 сарын 14
Зураг
Эдийн засагч, шинжээч

Ипотекийн зээлээр ЖДҮ-ийн нүглээ наманчилсан Засгийн газар

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эр эмийн дунд илжиг бүү жороол гэдэг шиг МАН-н зодоон дундуур АН орсноор үр дүнд нь УИХ-даа бүлэггүй болж хоцров.

Манай засгийн газар 1990 оноос хойш хамгийн удаандаа 1486 хоног буюу 4 жил(Энхбаярын ноёрхол) оршин тогтнодог байсан бол хамгийн бага нь 8 хоног байв. 2009 оноос хойш манай нөхдүүдийн хувааж иддэг бялууны хэмжээ(Оюутолгой, Тавантолгой) огцом томорсон нь  Засгийн газрын дундаж нас 1.8 жил болж буурахад нөлөөлөв. Нөгөө талаас жил ирэх тусам улс төрийн олон намууд хоорондоо хүчээ нэгтгэх гэж эвссэн нь эцэстээ дотроо хагарах нөхцөл болж, улмаар Засгийн газар ч огцроход хялбар болсон. Улс төрийн ийм тогтворгүй байдал нь эргээд хөрөнгө оруулалтыг бууруулж, төсвийн зарцуулалтыг үр ашиггүй болгож, популист амлалтууд өгөхөд хүргэдэг.

 

Эх сурвалж: ҮСХ

Энэ жилийн хувьд Засгийн газар золтой л уначихсангүй. Тэд сонгууль хүртэл ажиллах эрхээ сунгуулснаар ард түмний өмнө том хариуцлага хүлээх шаардлагатай болсон. Тиймээс ч маргаашнаас нь хөдөлж эхэлсэн бололтой. Мэдээллийн сайт, телевизээр ойрд сонсогдоогүй томоохон мэдээ гарч эхлэв. Харин бид хашир байх хэрэгтэй. Иймэрхүү сайхан мэдээ чихэн дээр цэцэг ургуулах төдий хуурамч ч байж болох шүү дээ.

Хүснэгт 1. Засгийн газрыг үлдээх болсноос хойш гаргасан шийдвэрүүд.

Засгийн газар тогтвортой болсны дараах мэдээлэл

Хэрэгжих боломж

Шалтгаан

Бензиний үнийг 200 төгрөгөөр буулгахаар болов.

Эргээд үнэ өсөх магадлал өндөр.

Орос, Араб хоёр газрын тосны нийлүүлэлтээ хумина. Газрын тосны үнийг Трамп 50 ам.доллар, Араб 70 ам.доллар, ОХУ 61 ам.доллар дээр барих сонирхолтой байгаа. Өнөөдөр газрын тосны ханш 51 доллартай байна.

Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 тэрбум болгож өсгөв.

Хэрэгжээд явах боломжтой.

Хэдийгээр төсвийн орлого талдаа хэтэрхий өөдрөг төсөөлсөн ч сонгуулийн өмнөх жил учраас Засгийн газар энэхүү бодлогыг үргэлжлүүлнэ.

Нефтийн үйлдвэрийн хүрээн дэх төмөр замын ажил эхлэв.

Хэрэгжээд явах боломжтой.

Гадны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байгаа учраас төлөвлөсний дагуу мөнгө нь орж ирнэ.

Төв цэвэрлэх байгууламжийн төсөл

Хэрэгжих магадлал бага

Хятадаас хөнгөлөлттэй зээл авах байдлаар шийднэ гэсэн боловч албан бус эх сурвалжийн мэдээллээр хэрэгжих магадлал маш бага.

Эх сурвалж: Мэдээллийн сайтууд

Ядаж л юу хийж байгаа эсэх нь мэдэгдэж байгаа нь сайшаалтай юм даа. Эдгээрээс ипотекийн зээлийн санхүүжилтийн талаар дэлгэрэнгүй авч үзье.

8 ХУВИЙН ИПОТЕКИЙН ЗЭЭЛД ЯМАР ИРГЭН ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ ВЭ?

2002 онд хошин урлагынхан нэг үзүүлбэртээ “Их хурлын гишүүн болвол ард түмнээ АНУ-д аваачиж өвөлжүүлнэ” гэж хошигнож билээ. Түүнээс хойш утаанд бараг ойролцоогоор 1 их наяд төгрөг зарцуулсан байна. Өнөөдөр тэр мөнгө нь ор мөргүй замхарч, утаа нь харин аюулын хэмжээнд хүрэв. Тиймээс утааны асуудалтай гэр хорооллыг орон сууцжуулах замаар тэмцэнэ гэж үзсэн нь энэ удаагийн орон сууцны журам өөрчлөгдөхөд голлон нөлөөллөө. Тиймээс гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу баригдаж буй орон сууцнуудыг илүү дэмжих магадлал өндөртэй байх болно. Мөн журамд тусгасан нэг заалт нь банкуудын санал болгож буй байрыг бус та хүссэн байраа сонгох боломжтой юм. Үнэндээ тус зээл 20 жилийн хугацаатай боловч бодит байдал дээр иргэд 8 жилийн хугацаанд багтааж төлдөг. Төлөхдөө банкинд тодорхой хэмжээний шимтгэл төлөх шаардлагатай байдаг. Харин тус журмаар энэхүү журмыг хориглосон нь богино хугацаанд байрны зээлээ төлөх боломжийг иргэдэд олгож байгаа юм.

Тавигдах нөхцөл

Тайлбар

Өр орлогын харьцаа 45 хувиас хэтрэхгүй

Таны сар бүр зээлийн төлбөр нь авч буй цалин, олж буй орлогын 45 хувиас хэтрэхгүй байх хэрэгтэй. Жнь та сард 1 сая төгрөгийн орлоготой бол 450 мянган төгрөг төлөх орон сууцанд хамрагдах ёстой.

18 нас хүрсэн

 

Хугацаа хэтэрсэн зээлийн өр төлбөргүй

Энэ нь одоогоор ямар нэгэн хугацаа хэтэрсэн өр төлбөр байхгүй гэсэн үг. Эсвэл шүүхийн ямар нэгэн асуудал байхгүй.

Орон сууцгүй болохыг тодорхойлсон улсын бүртгэлийн лавлагаатай

 

Өмнө нь ипотекийн зээлд хамрагдаж байгаагүй

Барьцаатай байх

Хэрвээ орон сууцны барилга бол тухайн сонгож буй таны байр барьцаа болох бол амины орон сууцны хувьд тухайн газар нь барьцаа болох юм.

  Эх сурвалж: Барилга, хот байгуулалтын яам болон Сангийн яам

2019 ОНД ХЭДЭН ИРГЭН 8 ХУВИЙН ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ ВЭ?

Ипотекийн зээл олголт оргил үеүддээ жил дунджаар 700-800 тэрбум олгогддог байв. Гэвч багассаар багассаар 2018 онд ердөө 186 тэрбумын зээл олголт хийгдсэн. Ирэх оны төсөвт ипотекийн зээлийг санхүүжүүлэхээр 500 тэрбумыг тусгасан нь ЖДҮ-н нүглээ наминчилсан Засгийн газрын үйлдэл байв. Ядаж л бидний төлсөн татварын мөнгө нь эрх баригч хэн нэгний  халаасанд орохын оронд бие биендээ байр авахад нь туслаад л, улмаар хамгийн их яригддаг утаа нь ч гэсэн буурах боломжтой.

 

Эх сурвалж: Монголбанк

Банкны үүд шагайн 8 хувийн ипотекийн зээл сураглаж буй иргэдийн тооноос л зах зээлийн эрэлт ямар өндөр байгааг харуулж байна. Дараах энгийн тооцоолол хийж үзье. Өнөөдөр олгогдож буй 8 хувийн ипотекийн зээл дунджаар 74 сая төгрөг байна. Хэрвээ тухайн 500 тэрбум төгрөгөөс сар бүр тогтмол 42 тэрбум төгрөг өгөхөөр бол сард 563 зээлдэгч хамрагдахаар байна. Өөрөөр хэлбэл 2018 онтой харьцуулахад ирэх онд 2 дахин их зээлдэгч хамрагдах боломжтой. Гэвч оргил жилүүдтэй харьцуулахад бараг 2 дахин бага дүн юм.

 

Эх сурвалж: Монголбанк, судлаачдын тооцоолол

ОРОН СУУЦНЫ ҮНЭ ӨСӨХ ҮҮ?

Ипотекийн зээлийн санхүүжилт татарсныг ч үл хамааран газар олдвол шав тавиад байсны гор нь гарч, барилгын салбар одоо ч сэргээгүй хэвээр байна. Үндэсний статистикийн хорооноос гаргасан индексээс харахад 2010-2013 оны хооронд орон сууцны үнийн индекс 40 хувь хүртэл өсч байв. Энэ үед барилгын салбарын ашиг 2 нугарч байсан шүү. Тухайн үед дурын нэгэн нь барилга бариад л приусээ солиод ланд, орон сууцаа солиод хаус болгож байв. 2014-2018 оны хооронд орон сууцны үнийн индекс буурахад эдийн засаг муудаж, хөтөлбөрийн зээл багассан зэрэг нь голлон нөлөөлсөн. Тэгвэл ирэх онд орон сууцны үнэ өсөх магадлалтай. Учир нь барилгын компаниуд ипотекийн зээл дээр хамгийн их лобби хийж байгаа төдийгүй 500 тэрбумын санхүүжилт тэдний хувьд том олз юм.

 

Эх сурвалж: ҮСХ

ИРГЭД ЮУНД АНХААРАХ ЁСТОЙ ВЭ?

2019-2020 он эдийн засгийн хувьд ч харьцангуй өсөлт сайтай жилүүд болохоор байна. Тиймээс иргэд эдгээр үеүдийг ашиглан хувийн санхүүгээ эрт төлөвлөн зөв, үр ашигтай хөдлөх нь чухал юм. Ипотекийн зээлийн хувьд шинэ журам батлагдахтай холбоотой холбогдох шаардлагуудыг хангаж байгаа эсэхийг сайтар шалгах хэрэгтэй. Хэрвээ хангаж байгаа бол 2019 оныг хүлээлгүй орон сууцны үнэ өсөхөөс өмнө сонгож, холбогдох бичиг баримтаа бүрдүүлж эхлэх нь иргэдийн хувьд тун чухал юм. Учир нь ипотекийн зээлийн материал бүрдүүлж, зээл авах хүртэл 1 сар гаруй хугацаа үргэлжилдэг бөгөөд банкууд дээр ирэх ачаалал ч нэмэгддэг. Мөн өвлийн улиралд байраа хайж олох нь тухайн байрны чанарыг нь шалгах гол үзүүлэлт болдог.