Индэр    
2018 оны 12 сарын 2
Зураг
Эрүүл амьдралын хэв маягийг түгээгч, Зүрх судлалын эмч

Стив Жобсын өвчилсөн хорт хавдар

Та бүхэнд эрүүл мэндийн боловсрол олгох зорилгоор “www.unsick.me” сайт ээлжит нийтлэлээ хүргэж байна. Тус нийтлэлийг Харвардын эрүүл мэндийн боловсрол олгох мэдээллээс бэлтгэсэн болно.

Технологийн ертөнцийн суут хүн болох Стив Жобс нь нойр булчирхайн хорт хавдраар 2011 оны 10-р сарын 5-ны өдөр нас баржээ. Стив Жобс нь маш ховор тохиолдох нейроэндокрин төрлийн нойр булчирхайн хорт хавдраар өвчилж 8 жил амьдарсан байдаг.

Хүн төрөлхтөн нь асуудал болсон зарим нэг өвчнийг эмчлэх аргыг нээж олон хүний насыг уртасгасаар ирсэн. Харин хорт хавдар хэмээх өвчинтэй олон жилийн турш тэмцсэн ч төгс эмчилгээний аргыг олж чадахгүй байсаар байна. Гэхдээ шинжлэх ухаан хөгжиж нааштай эмчилгээний шинэ арга бий болсоор байна. Тухайлбал, хорт хавдрын эмчилгээний шинэ арга болох дархлаа эмчилгээг боловсронгуй болгох үйл хэрэгт зарим нэг эрдэмтэд том дэвшил гаргасан учраас 2018 оны Нобелын шагналыг авсан билээ.

Тэгвэл Apple компанийг үндэслэгч Стив Жобсын өвчилсөн нейроэндокрин төрлийн нойр булчирхайн хавдрын талаар товч өгүүлье.

Стив Жобс ямар төрлийн хорт хавдартай байсан бэ?

 

Нейроэндокрин төрлийн нойр булчирхайн хорт хавдар бол 1 сая хүн амд 3-5 тохиолддог маш ховор төрлийн хавдарт тооцогддог. Мөн маш ховор тохиолдохоос гадна оношлогдсоноос хойш 5 жил амьдрах чадвар ердөө 4% хувь юм. Өөрөөр хэлбэл, оношлогдсоноос хойш 5 жил өнгөрөхөд 100 өвчтөнөөс 4 хүн л амьд үлдэнэ гэсэн үг. Нейроэндокрин төрлийн нойр булчирхайн хорт хавдар маш хурдан үсэрхийлэл өгөх шинж чанартай, мэс засал хийхэд их бэрхшээлтэй ба эмчилгээний үр дүн багатай зэрэг онцлогтой. Технологийн ертөнцийн суутан Стив Жобс нь энэ төрлийн хорт хавдраар өвчилж нас барсан гэхээр харамсалтай. Гэхдээ тэрээр ийм төрлийн хорт хавдартай өвчтөн дотроос хамгийн урт насалсан хүмүүсийн нэг. Яагаад гэвэл анх оношлогдсоноос хойш 8 жил амьдарч чадсан хүн.

Нойр булчирхайн хорт хавдар яагаад ийм аюултай байдаг вэ?

 

Нойр булчирхайн хорт хавдар нь хоруу чанар ихтэй, эмчилгээний үр дүн бага зэрэг онцлогтой хавдар юм. Энэ онцлог шинж бий болоход дараах хэд хэдэн хүчин зүйл нөлөөлдөг хэмээн эрдэмтэд үздэг.

Нэгдүгээрт, нойр булчирхайн байрлал олон эрхтэнтэй харьцсан байдаг онцлогтой.  Нойр булчирхай нь толгой, их бие, сүүл гэсэн 3 хэсгээс тогтоно. Толгой хэсэг нь нарийн гэдэс, элэгний ойролцоо оршиж, энэ хэсгээс цорго гарч цөсний сувагтай нийлж нарийн гэдэстэй холбогддог. Харин их бие хэсэг нь гол судасны урд оршдог бол сүүл хэсэг нь дэлүү, зүүн бөөр, ходоодны ойролцоо байрлана. Энэ онцлог байрлал нь нойр булчирхайн хорт хавдрын мэс заслын эмчилгээ хийхэд хүндрэлтэй болгохоос гадна төгс эмчлэгдэх боломжийг багасгадаг.

Хоёрдугаарт, нойр булчирхай бол гадаад, дотоод шүүрлийн нарийн нэгдмэл үйл ажиллагаатай эрхтэн юм. Гадаад шүүрлийн үйл ажиллагаа гэдэг нь нойр булчирхайнаас хоол боловсруулах ферментийг нарийн гэдсэнд ялгаруулж хоол хүнсний зүйлийг задалдаг. Харин дотоод шүүрлийн үйл ажиллагаа нь глюкагон, инсулин зэрэг дааврыг цусанд ялгаруулж бодисын солилцоонд оролцохыг хэлнэ. Нойр булчирхайн хорт хавдарыг мэс заслаар эмчлэхэд энэ нарийн төвөгтэй үйл ажиллагаа олон бэрхшээл хүндрэлийг бий болгодог.

Гуравдугаарт, нойр булчирхай нь булчирхайлаг эрхтэн учраас хорт хавдрын эс нь бусад эрүүл эд эрхтэн рүү нэвчиж ургах боломжтой байдаг. Энэ нь хорт хавдрын эс нь эрүүл эд эстэй холилдох боломжтой болдог учраас туяа, мэс заслын аргаар эмчлэхэд эрүүл эд эс гэмтэх магадлалтай.

Дөрөвдүгээрт, нойр булчирхай нь артер, вен, тунгалгийн судсаар баялаг учраас үсэрхийлэл амархан өгнө. Нойр булчирхайн хорт хавдар хожуу үе шатанд оношлогдоход үсэрхийлэл өгсөн байх магадлалтай байдаг.

Эдгээр онцлогоос шалтгаалж мэс засал эмчилгээний үр дүн бага байх учраас туяа, хими эмчилгээ хийдэг. Туяа, хими бол төгс эмчилгээ биш боловч амьдрах хугацааг уртасгадаг хэмээн Харвардын нойр булчирхайн нейроэндокрин хавдраар мэргэшсэн эмч Х. Кулке хэлжээ. Иймд, Стив Жобсын хорт хавдарт дээрх хүчин зүйл нөлөөлсөн болохоор төгс эмчлэгдэх боломж хомс байсан хэмээн дурсан ярьсан байдаг.

Стив Жобсын нойр булчирхайн хорт хавдар юунаас болж үүссэн бэ?

Нойр булчирхайн хорт хавдарт хүргэдэг шалтгаан тодорхойгүй байдаг. Гэхдээ тамхи татах, чихрийн шижин, амьдралын буруу хэмнэл нойр булчирхайн үрэвсэл хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг хэмээн эрдэмтэд үздэг.

Харин нейроэндокрин төрлийн хавдар үүсэхэд “менин” хэмээх хавдар дарангуйлагч генийн мутаци чухал ач холбогдолтой нөлөөлдөг байна. Гэхдээ судалгаагаар нийт хорт хавдартай хүмүүсийн 5 хувьд энэ төрлийн генийн мутаци илэрсэн байдаг.

Нойр булчирхайн хавдар бол хүчтэй өвдөлттэй зовиур их илэрдэг өвчин

Зарим нэг эрхтэнд үүссэн хавдар нь дүлий шинжтэй буюу өвдөлт, зовиур, шинж тэмдэг тэр бүр илэрдэггүй онцлогтой. Харин нойр булчирхайн хавдар бол эсрэгээрээ хүчтэй өвдөлттэй, зовиур шинж тэмдэг ихээр илэрдэг хавдар юм.

Яагаад гэвэл гэдэсний наран сүлжээ хэмээх мэдрэлийн төгсгөлийг хүчтэй цочроох учраас өвдөлт тэсэхийн аргагүй хүчтэй байдаг. Мөн нойр булчирхайн хорт хавдрын үед гадаад болон дотоод шүүрлийн өөрчлөлт илрэх учраас шинж тэмдэг их илэрдэг. Тухайлбал, нейроэндокрин төрлийн нойр булчирхайн хорт хавдрын 10-30% хувьд инсулины шүүрэл ихэсдэг. Цусанд инсулин их ялгаран цусны сахар буурч ухаан алдах, толгой эргэх зэрэг шинж тэмдэг илэрнэ.

Мөн гастрины хэмжээ нэмэгдэн ходоодны шүүрэл их ялгарна. Шүүрэл ихэссэнээр ходоод ба дээд гэдэсний шархлаа үүсдэг. Ийм төрлийн хавдартай хүмүүс хорт хавдраасаа биш дааврын өөрчлөлтийн улмаас хүндэрч нас бардаг байна. Стив Жобсд дээрх шинж тэмдэг, өөрчлөлтүүд их илэрдэг байсан харин тэр хүн их тэвчээртэй байсан хэмээн доктор Х.Кулке дурджээ.

(Үргэлжлэл бий …)

 

Эх сурвалж: facebook.com/unsick.me/