Индэр    
2018 оны 11 сарын 27
Зураг
Эдийн засагч, шинжээч

Та хэдэн мөчлөг дунд амьдардгаа мэдэх үү?

Зураг

Та ер нь “МӨЧЛӨГ” гэх үгийг хэр их сонсож байсан бэ? Мөчлөг гэхээр хамгийн түрүүнд таны ой тойнд юу орж ирж байна вэ? 

  • Магадгүй та түүхч мэргэжилтэй бол улс орны сэргэн мандалт, уналтын мөчлөгийн тухай
  • Магадгүй та биологич мэргэжилтэй бол эсийн мөчлөг, удмын мөчлөгийн тухай
  • Магадгүй та менежер мэргэжилтэй бол бүтээгдэхүүний амьдралын мөчлөгийн тухай
  • Магадгүй та эдийн засагч мэргэжилтэй бол эдийн засгийн мөчлөгийн тухай
  • Хэрвээ та эмэгтэй хүн бол сарын тэмдгийн мөчлөгийн тухай
  • Хэрвээ та лам хүн бол 33-ны мөчлөгийн тухай тус тус бодож байгаа байх.

Өнөөдөр Монгол Улс маань маш олон төрлийн мөчлөг дунд оршдог. Зарим мөчлөгт нь бид амьдралын эрхээр харин заримд нь өөрсдийн алдаанаасаа болж орсон.

  • Улирлын мөчлөг буюу 4 улиралтай. Энэ нь нийтдээ 1 жилийн хугацаанд үргэлжилдэг.
  • Сонгуулийн мөчлөг буюу 4 жилд 1 удаа болдог. Энэ нь улсын бодлого нь 4 жилийн хугацаанд өөрчлөгддөг.
  • Түүхий эдийн үнийн мөчлөг буюу 2 чулууны үнэ маань 4-5 жилийн хугацаатай өсөж, буурч байдаг.
  • ОУВС-н мөчлөг буюу санхүүжилтийн хөтөлбөрт бид 4.5 жил тутамд хамрагддаг.  

Өнөөдөр ийм их мөчлөг дунд унаж босон амьдрахын төлөө тэмцэж, зүтгэж, тэсч үлдсэн өөрсдөөрөө бахархах ёстой ч юм шиг... эсвэл бүр эсрэгээрээ уйлж, гомдож ийм байгаадаа харуусах ёстой ч юм шиг... юутай ч энэ мөчлөгүүдийн үүсэл юу байв. Хэрхэн удирдах боломжтой эсэхийг жаахан сийрүүлье.

УЛИРЛЫН МӨЧЛӨГ БА ӨВӨЛ БОЛОХООР ХҮЙТЭН БОЛДОГ

Манайх бол дэлхий дээр 4 улирал ээлжлэн оршдог орнуудын нэг. Ямар өвөл хөлдөж үхэлтэй биш, заавал нэг дулаан хувцаслах хэрэгтэй. Ядахдаа Хятадаас орж ирсэн хувцасных нь амьдралын мөчлөг 1 хүрэхгүй жил. Дахиад л зардал гаргана. Ганган хүний үхэл хавар, намар гэж бас л түүнд зориулсан хувцас хэрэгтэй. Дахиад л зардал гарна. Хэрвээ Индонези, Тайланд, Энэтхэг хаана ч юм амьдарвал шорт, подвалка хоёр л хангалттай. Энэ улирлын нөлөө нь манай эдийн засагт ч томоохон нөлөөлдөг. Тухайлбал: Барилга, тариалангийн салбараас эхлээд л... 

Биднийг барьж идчих гээд байдаг үнийн өсөлт ч гэсэн улирлын нөлөөтэй мах, хүнсний бүтээгдэхүүнээс илүү хүчтэй хамаардаг. Хэрвээ ийм улирлын нөлөө байхгүй бол манай улсын инфляц илүү бага байх боломжтой юм. Доорх зургаас хүнсний бараа, ус, ундааны үнийн индексийг харвал, дулааны улиралд буюу 3-р сараас 8-р сар хүртэлх хугацаанд зохимжит хэмжээнээс өндөр байдаг байх нь. Харин есдүгээр сараас 2-р сар хүртэлх хугацаанд байх ёстой үнээсээ доогуур байдаг байх нь. Хүн бүр мэддэг юм шиг хэдий ч энэ нь өрхийн, ААН, улсын түвшний шийдвэр гаргалтад нөлөөлдөг нь дээр дурдсан инфляц Монголд өндөр байгаагийн шалтгаан болдгийг харлаа шүү дээ. Гэтэл инфляц өндөр нь маш олон хортой үр дагавартай бид бүхэн мэдэж байгаа.

 
СОНГУУЛИЙН МӨЧЛӨГ БА ЦЭНХЭР УЛААН ӨНГӨНИЙ СОНГОЛТ

Ихэнх улсын бодлого 20, 30, 40, 50 жилээр төлөвлөж, бодлогын залгамж халааг нь хадгалж, хөгжлийн гарцынхаа хүрээнд зорилгодоо хүрэх гэж зорьж зүтгэдэг. Улсын хөгжлийн бодлого нь цэнхэр, улаан өнгө ээлжлэгдэхээс үл хамааран үргэлжилдэг байх ёстой. Хувь хүн, гэр бүл ч гэсэн тийм биз дээ. Бүгд л дор хаяж 5, 10 жилийн дараа ингэнэ тэгнэ гэсэн төлөвлөгөөтэй байдаг шүү дээ. Гэтэл бидний улсад бодлого нь 4 жилээр л ээлжилдэг.

Бүгд гарч ирээд л шинэ зүйлс хийх гэж оролддог. Гэвч хөгжлийн ажлыг хэзээ ч 4 жилд амждаггүй. Зүгээр л та 5 жилийн хугацаатай зээлийг машин, гэр ахуйн бараа, эсвэл бизнесийн эргэлтийн хөрөнгө гэж л авдаг биз дээ. Харин 15, 20 жилийн хугацаатай зээлийг бол бизнесээ өргөжүүлэх, байр сав авахад л зарцуулдаг. Хамгийн энгийнээр бодоод үзэхэд л ийм байна шүү дээ. 

УИХ-н сонгуулийн үр дүн

 
ТҮҮХИЙ ЭДИЙН ҮНИЙН МӨЧЛӨГ БА 2 ЧУЛУУТАЙ ЭДИЙН ЗАСАГ

2000 онд л манайх 1 тэрбум ам.долларын эдийн засагтай ядуу, буурай орнуудын нэг байв. Ядуу болоод тэр үү олон улсын зээл, тусламж авах боломж нь өндөр байдаг байв. Үнэндээ олон улсын зээл, тусламжаар эдийн засгаа тэжээж, ЗХУ-ын ачаар байгуулсан Эрдэнэт хэмээх нэртэй ганц саалийн үнээг л саадаг байв. Гэвч сүүлийн жилүүдэд бид саалийн үнээ гэх үгийг ор мөргүй мартсан нь Оюутолгой, Тавантолгой зэрэг баялагтай толгойнууд гарч ирсэнтэй холбоотой. Манай эдийн засаг 10 жилийн дотор л 10 дахин томорч, монголчууд бид Азийн бар байтугайтай нь нүүр тулахаар итгэл үнэмшилтэй, зоригтой болсон байв.

Гэвч байгалийн баялагтаа хахаж цацсан бид хэзээ ч гарч чадахгүй чөтгөрийн тойргийн нэг хэсэг болсноо ойлгоогүй юм. Манай эдийн засаг болон нүүрсний үнэ хоорондоо салж хагацахгүйгээр хувь заяагаа холбосон. Тиймээс бид түүхий эдийн үнийн мөчлөгийг л дагаж хөдөлдөг. Байгалийн баялагтай Чили шиг сайн цагтаа олсноо арагшаа татаж, муу цагтаа түүнийгээ хэрэглэх ухаан байдаггүй. Түүхий эдийн 2-5 жилийн хугацаанд үргэлжилдэг мөчлөг нь ерөнхийдөө сонгуулийн мөчлөгтэй давхацдаг учраас тэр үед нөхдүүд хураах байтугай хурдан идээд гарах нь л чухал байдаг. 

Эдийн засгийн өсөлт болон нүүрсний үнийн хамаарал

 
ОУВС-Н МӨЧЛӨГ БА ХУВЬ ТАВИЛАНГИЙН ЭРХЭЭР ХОЛБОГДСОН ХОЁР

Пушкиний алтан загасны үлгэрт гардаг шиг Монгол Улс хэцүү, хүнд нөхцөл байдалд оронгуут ОУВС-аас тусламж гуйдаг. Үлгэрээс ялгаатай нь манай улс, ОУВС-с тэтгэмж, тусламж биш, зээл авдагт л байгаа юм. Үнэндээ олон хүн ОУВС-д дургүй. Тэр ойлгомжтой. Төсвөө хяна, зардлаа багасга, татвараа нэм, хүүгээ өсгө. Яг хүмүүсийн туулахыг хүсдэггүй зүйлсийг тулгадаг учраас бид дургүй байдаг. Гэвч үйлийн үрийн онолоор чи өчигдөр орой унтсан бол өглөө нойрмоглох нь зүйн хэрэг гэдэг шүү дээ. Тиймээс бид хэтэрхий задгай байсныхаа үйлийн үрийг л хүртэж буй хэрэг. Бид ч гэж дээ. Ард түмэн бид дээдсийн үйлдсэн үйлийн үрийг өмнөөс нь үүрдэг юм уу даа. Харин тэднийг энэ насандаа биш юм аа гэхэд магадгүй хойд насандаа үйлийн үрээ эдэлнэ гэж найдъя. 

Сүүлийн 27 жилийн хугацаанд Монгол Улс нийтдээ 6 удаа ОУВС-аас тусламж гуйжээ. Өөрөөр хэлбэл, ОУВС нь 4.5 жил тутамд нэг удаа манай эдийн засагт ордог мөчлөгтэй гэсэн үг. Энэ мөчлөг яаж явдгийг анзаарвал түүхий эдийн үнийн өсөлтийн эсрэг явдаг. Яагаад вэ? Түүхий эдийн үнэ өндөр үед тэднийг хөөх шахуу явуулж, харин дараа нь түүхий эдийн үнэ унах үед долоох шахам дуудаж авчирдаг. Гэхдээ бид ОУВС-г алтан загас биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ сангийн цаана Америк, Европын холбооны улсууд, Япон гэсэн томоохон улс гүрнүүд голчлон удирдаж байдгийг мартаж болохгүй. 

Монгол Улсын авлигын индекс

 
БИДЭНД ТОХИОСОН 4 МӨЧЛӨГИЙН ГУРВЫГ НЬ УДИРДАХ БОЛОМЖ БИЙ

Гэнэт идсэн хоол гэдсэнд халтай гэгчээр гэнэтийн их аз жаргал, зовлон бидэнд хүндээр тусдаг. Тиймдээ ч жирийн өдрүүдийн аз жаргал гэдэг хамгийн чухал нь мэт. Яг үүн шиг эдийн засаг огцом өндөр өсөлт, бууралтаас илүүтэй тогтвортой өсөлтөөр явахад тухайн улс хөгжиж, цэцэглэж байдаг. Дээрх 4 том мөчлөгөөс бидний гарт байгаа, бидний шийдэж чадах 3 мөчлөг байна. Байгаль цаг уурыг бид удирдаж чадахгүйгээс хойш энэ мөчлөгт зохицохоос өөр арга байхгүй. Харин сонгуулийн, түүхий эдийн, ОУВС-ийн мөчлөгүүдийг бид өөрсдийн зөв бодлогоороо чиглүүлж өөрчилж чадна.

Тэр дундаа ард түмний гарт сонгуулийн мөчлөгийг өөрчлөх боломж, гарц байна. Хэрвээ сонгуулийн мөчлөгөө шийдэж чадвал түүний үр дүнд бодлого нь зүгширч, бид гадны хоёр мөчлөгийг хаах боломжтой болно. Тиймээс би эмч учраас эдийн засаг надад хамаагүй, би хуульч учраас эдийн засаг надад хамаагүй гэж хандах бус эрүүл мэнд, санхүүгийн боловсролдоо анхаарч, нийгмийнхээ сэтгэлгээгээ 1 түвшинд ахиулах хэрэгтэй.

Тэр үед л бид ... оюутан байхдаа мөнгө олох гэж хөлсний бичээч хийхгүй, өөрийнхөө бяцхан хүүхдийнхээ ирээдүйг өнөөдрийн хэдхэн халтар төгрөгөөр худалдахгүй, улс орныхоо хөгжил биш, өөрийн чинь өрийг дарна, хувьцаа өгнө гэсэн популист амлалтад итгэдэггүй болох болно.