Индэр    
2018 оны 11 сарын 22
Зураг
iKon.mn сэтгүүлч

"O COUTURE WONDERLAND" шоу эмэгтэй хүний романтик хүсэл тэмүүлэл, далд араншинг илэрхийлнэ

 
Гэрэл зургийг mpa.mn

Цахилгаан шатны хаалга нээгдэж, наанаасаа шилэн хаалттай, наран талаас нь том цонхоор гэрэл цэлийж туссан өрөө харагдав. Өрөөний голд классик загвартай буйдан, ширээ байх бөгөөд хоёр ханыг нь дагуулан гоёлын даашинз, үндэсний хувцаснууд өлгөөтэй. Загвар зохион бүтээгч Д.Отгонжаргал тэр өрөөнд үйлчлүүлэгчтэй уулзан, хувцас танилцуулах аж.

Энэ бол “O Couture” брэндийн дахин давтагдашгүй, гар ажиллагаа чимэглэл ихтэй, тансаг даашинзнууд бүтдэг урлан. 

Зураг дээр дарж томруулж үзнэ үү.

Д.Отгонжаргал бидэнд урлангаа бүхэлд нь танилцууллаа. Үргэлжилсэн гурван өрөө бүхэлдээ цэлийсэн гэрэлтэй гэгээлэг бөгөөд оёж өлгөсөн хувцаснууд ч цагаан, шаргал, бүхэлдээ эмэгтэйлэг өнгө зонхилно.

"O COUTURE WONDERLAND" юуг илэрхийлэх вэ?

 

Арванхоёрдугаар сарын 1-нд тав дахь удаагийн “O Couture” загварын шоу болох гэж байгаа талаар мэдээллийг сонссон даруйдаа бид уг урланг зорьж ирсэн юм.

“O Couture” брэндийн даашинзнууд жил бүр өөр өөр онцлог, илэрхийлэлтэй байдаг. Өнгөрсөн жил Өвөр монголын зах зээлд гарахаар зорьж байсан тул загваруудад үндэсний хэв шинжийг оруулсан. Харин энэ жилийн хувьд "O COUTURE WONDERLAND" сэдвийн дор загваруудаа урлаж байгаагаа Д.Отгонжаргал хэлэв.

O.Couture Mongolian Fashion Brand фейсбүүк хуудаст нийтлэгдсэн "O COUTURE WONDERLAND" шоуны постерыг харсан дайруудаа гайхамшигтай хэмээн дуу алдахгүй байхын аргагүй аж. Постерын зургаас жаахан охины, ид цэцэглэж буй насны болон нас биед хүрсэн эмэгтэй хүний гоо үзэсгэлэн харагдана.

 
Гэрэл зургийг mpa.mn

Энэ талаар Д.Отгонжаргал “Эмэгтэй хүн бага насаа, жаахан охин байх үеэ гэгээлэг сайхнаар дурсаж, бага насны хүсэл мөрөөдөл, тэмүүлэл нь сэтгэл зүрхэнд нь оршдог. Түүгээр ч зогсохгүй хүүхдийн гэмээр гомдомтгой, тунимтгай, хөөрүү дэвэргэн зан, хааяа нэг сахилгагүйтэх хүсэл дотоод араншинд нь байсаар л байдаг. Нөгөө талаас охид ээжийнхээ өсгийтэй гутлыг өмсөөд өөрийгөө том болсноор төсөөлж, хурдхан насанд хүрсэн гоё эмэгтэй хүн болохыг хүсдэг. Тиймээс эмэгтэй хүний энэ хүслийг даашинзаар илэрхийлэхийг зорьсон” хэмээн тайлбарлав.

Эмэгтэй хүний романтик хүсэл тэмүүлэл, далд араншинг илэрхийлэх гоёлын даашинзнуудад гэгээлэг алтлаг, мөнгөлөг саарал, зөөлөн яагаан, цагаан цэнхэр өнгө зонхилж байна.

Сэдэвтэй уялдсан энэ жилийн шоунд хүүхдийн загвар танилцуулагдаж байгаа нь “O Couture”-оос гаргасан анхны хүүхдийн загвар болж байна.

Загвар зохион бүтээгчийн хувьд сүүлийн гурван жилийн турш хүүхдийн коллекц гаргахаар төлөвлөсөн ч өдөр тутмын захиалга ихтэйгээс шалтгаалан амждаггүй байснаа хэлж байлаа.

Загвар бүр дээр өөрөө нэг бүрчлэн сууж ажилладаг байсан Д.Отгонжаргал жил гаруйн өмнөөс салоноо өргөжүүлж, чадварлаг мэргэшсэн хамт олонтой болсноо мөн хэлэв.

 
Гэрэл зургийг mpa.mn

Зөвхөн захиалагчид зориулан цор ганц хувиар хийдэг Couture загвар чимэглэл ихтэй байдаг учраас хугацаа их ордог байна. Шүр, тууз, хуниас, хээ, хатгамал гээд чимэглэл хийх деталиас шалтгаалаад загвар бүрийг өөр өөр хугацаанд гардаг бөгөөд бүтээгдэхүүнээ яаж хурдан, чанартай гаргах вэ гэдэг дээр үргэлж шинэ санаа гаргах шаардлагатай болдог гэнэ.

Шинэ жилээр маш энгийн, минималист, ажил хэрэгч загвартай даашинз өмсөх нь

 
Гэрэл зургийг mpa.mn

Шинэ жилийн уур амьсгал хэдийн орсон энэ үед Д.Отгонжаргалаас 2018 оны шинэ жилийн даашинзны загварт ямар чиг хандлага давамгайлж байгааг асуулаа. 

Загварын чиг хандлагыг нэгдүгээрт өнгө, хоёрдугаарт хэлбэр, гуравдугаарт материал буюу деталь ажиллагаануудаас харж болдог.

Энэ жилийн тренд маш энгийн, минимал, ажил хэрэгч загвартай байгаа гэнэ. Энэ нь тухайн даашинзаа ганц удаагийн үдшийн цэнгүүнд өмсөөд өнгөрөхгүй дараа нь өөр арга хэмжээнд, өдөр тутамд өмсөх зорилгоор сонголт хийдэг болсонтой уялдаж байгаа аж. Мөн загвар зохион бүтээгчдийн зүгээс загварын деталиудыг салгаж өөр зүйлтэй хослуулан өмсөх боломжтой загваруудыг санал болгох болжээ.

Өнгөний хувьд  гэгээлэг, энхрий ялдам зөөлөн ягаан өнгөнүүд, цэнхрийн төрлийн өнгөнүүдээс гэвэл саарлаас цэнхэр рүү ууссан, тэнгэрийн цэнхэр өнгө бас зонхилж байгаа гэнэ.

Харин хэлбэр нь “X” буюу дэрвэгэр хормойтой, хормой нь мини эсвэл нүсэр том загвар тренд болж байгаа. Түүнчлэн зөвхөн даашинз гэхгүй тансаг материал, чимэглэлтэй пиджак /хослол/ бас олны анхаарыг татаж байгаа гэв.

Д.Отгонжаргал: “O Couture”, “Cabi” брэндийн Өвөр монголын зах зээл дэх борлуулалт боломжийн байгаа

 
Гэрэл зургийг mpa.mn

“O Couture”, “Cabi” брэнд Өвөр монголын зах зээлд танигдаж, тодорхой хэмжээний худалдан авагчтай болсон. Борлуулалт боломжийн байгаа гэнэ. Үүнтэй зэрэгцэн Өвөр монгол дахь салбарыг өргөжүүлэх мөн Бээжинд салбар нээх талаарх саналууд Д.Отгонжаргалд ирсээр байгааг хэлэв.  Тиймээс хоёр жилийн хугацаанд Хятадын зах зээлд гарахаар төлөвлөж байгаагаа хөдөлмөрч, хичээнгүй бүсгүй ярьж байлаа.

Тэрбээр “Манай салбар маш эрчимтэй хөгжиж байна. Ижил төрлийн үйлчилгээ үзүүлдэг урлан, загвар зохион бүтээгчид маш олон байгаа учраас би амрах эрхгүйгээр ажилладаг.  Үүнээс улбаалаад тогтмол үйл ажиллагаа явуулах шаардлага тулгарч байна. Тиймээс манай хамт олон сар бүр шинэ коллекц танилцуулдаг болохоор зорин ажиллаж байгаа” хэмээн Д.Отгонжаргал ярьж байв.

Арванхоёрдугаар сарын 1-нд Улаанбаатар болох "O COUTURE WONDERLAND" загварын шоунд 70 орчим загвар танилцуулагдах бөгөөд арванхоёрдугаар сарын 15-нд Хөх хотод мөн болох аж.

"O COUTURE WONDERLAND" шоуны постерийн зургууд: