Индэр    
2018 оны 11 сарын 19
Зураг
Эдийн засагч, шинжээч

МОНГОЛЫН АВЛИГАЧДЫН ХОЛБООНООС МЭДЭГДЭЛ ХИЙЖ БАЙНА

Зураг

Эрхэм хүндэт дээгүүр, доогуур, дундуур хажуугаас хавирганаас иддэг авлигачдаа. Чинийх долоо, минийх долоохон уриан дээр сүүлийн жилүүдэд бид үйл ажиллагаагаа явуулж ирлээ. Бид дотроо хувааж, тохиролцож, хуйвалдаж хэрхэн амжилттай идэж чаддаг болсныг сүүлийн таван жилийн Олон улсын байгууллагаас гаргасан авлигын индексээс харж болно.

2015 онд авлигын индексээр Монгол Улс 72-р байранд бичигдэж байсан бол хоёр жилийн дараа 31 байраар ухарсан байгаа нь бидний чамгүй амжилтад хүрснийг харуулж байна. 2017 оны байдлаар авлигын индексээр 176 орноос 103-р байранд бичигдэж байна. Монголын авлигын индекс онооны хувьд харьцангуй тогтмол боловч бусад орнуудтай харьцуулахад эзлэх байр ухраад байгаа нь бид авлигын чиглэлээр дорвитой арга хэмжээ авахгүй байхаар зориг шулуудсан, энэ чиглэлийн ажлуудыг үр дүнгүй байлгахаар хичээснийг илтгэж байна.

 

Эх сурвалж: Transparency International

Гэвч сүүлийн үед бидний байнгын цавчдаг байсан ЖДҮХС-н асуудал нийгэмд тавигдсан нь ард түмний бухимдлыг маш их хүргэж байна. Ийм олон үеүдийг бид туулаад гарсан, туулаад ч гарна. Учир нь ард түмэн угаас л өөрт байгаа эрх мэдлээ хэрхэн ашиглахаа мэддэггүй. Мэддэг хэдийг нь эсэргүүцэл зарласан ч манайхан(намын авлигачид) чинь авьяастай юм болохоороо дундуур нь ороод үймүүлж өгөөд гараад явчихдаг.

Авлигад бид олон хүмүүсийг нэгтгээд байна. Ялангуяа төрийн албанд ажиллаж буй хүмүүст  цалин нь бус, тухайн албан тушаал нь өөрөө мөнгө хийх боломжийг олгох байдлаар системээ шийдэж өгсөн нь бидний ажлыг үр дүнтэй байхад нөлөөлж байна. Тиймээс ч сүүлийн үед “ЦҮНХ БАРИГЧ” гэсэн нэршил гарсан нь залхуу, амар хялбар аргаар албан тушаалд томилогдох хүсэлтэй залуучуудыг ашиглан өөрсдийнхөө гар хөл болгож чадсаныг илтгэж байна. Зууны шилдэг роман болох “Тунгалаг тамир”-т хүртэл "Ахаа намайг бодоорой" гээд гардаг биз дээ. Түүн шиг залуучуудыг нэг бодоод л сэтгэлийн өрөнд оруулчихдаг нь бидэнд илүү амар байгаа юм.

2019 оны босгон дээр бидний хийсэн бүтээсэн ажлыг Монгол Улсын эдийн засгаас ч мөн тодорхой харах боломжтой.

Сүүлийн 7 жилийн хугацаанд Засгийн газрын өрийг 5 дахин өсгөж чадлаа

Бид богино хугацаатай томоохон бондууд гаргаж, өөрсдийн хүссэн төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлж, түүний эргэн төлөлтийг ч улсын төсвөөс хийлгэж чадаж байна. Монгол Улсын Засгийн газар 2011 онд 4.2 их наядын өртэй буюу энэ нь бүтээсэн баялгийнх нь 30 орчим хувийг л бүрдүүлж байв. Харин 2018 онд 21.1 их наядын өртэй болгож, бүтээсэн баялаг болох ДНБ-н 90 хувьтай тэнцэх хэмжээнд хүргэж чадлаа.

 

Эх сурвалж: Сангийн Яам

Цалингийн өсөлтөөс хурдтай Засгийн газрын зардлын өсөлтийг бий болгов

Дундаж цалингийн өсөлтөөс илүү хурдтайгаар төсвийн зардлаа өсгөж чадлаа. Сүүлийн 10 жилийн хугацаанд төсвийн зардал дөрөв дахин өссөн бол дундаж цалин гурав дахин өссөнөөс харж болно. Үнэндээ дундаж цалин уул уурхайн салбарыг оролцуулахгүй бол хоёр дахин л өссөн. Учир нь уул уурхайн салбарын дундаж цалин зургаа дахин өсчихсөн. Гэвч 2017 оноос төсвийн зардлаа буулгасан шалтгаан нь ОУВС-с болсон билээ.

 

Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо

Мөн олон жилийн турш төсвөөс янз бүрийн эх орноо дэмжих сангуудаар дамжуулан олон төрлийн санхүүжилт авч байсан билээ. Тухайлбал, саяхан илэрсэн ЖДҮХС-н асуудлаар 100 тэрбум төгрөгийн асуудал яригдсан. Жинхэнэ ЖДҮ эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэдийн 77 хувь нь жилийн 50 саяын борлуулалтын орлоготой тэнцдэг. Өөрөөр хэлбэл тэдэн шиг 2,600 зээлдэгчид олгох боломжтой мөнгө шүү. Чамлахаар чанга атга гэж...

ӨВСӨН ТЭЖЭЭЛТ БОЛОН МАХЧИН АВЛИГАЧДЫН ЗАХ ЗЭЭЛД ТОГТООСОН ҮНЭ

Та бүхний цалинг өсгөхгүй, үргэлж тогтмол байлгаад байгаа нь мэдээж авлигад ямар нэгэн байдлаар холбогдоосой гэсэн бидний хүсэл эрмэлзэл. Өнөөдөр төрийн албанд ажиллаж байгаа хэнд ч хэн нэгэн авлига өгөхийг санал болгоход түүнийг тосоод авч байгаа нь ӨВСӨН ТЭЖЭЭЛТЭН АВЛИГАЧИД юм. Харин эсрэгээрээ төрийн албанд байгаа нөхөд маань өөрсдөө авлига нэхээд суучихдаг бол МАХЧИН АВЛИГАЧИД юм. Сүүлийн жилүүдэд махчин авлигачдын тоо нэмэгдэж байгаа нь зах зээл дээр авлигын үнэ тогтооход хүргэж байна. Жишээлбэл, хүүхдээ төрүүлэхийн тулд эмчид нь 300 мянга, хүүхдээ сургуульд оруулахын тулд захиралд нь 1 сая төгрөг гэх мэт цуварч гарна даа. Энэ бол бидний тогтоож буй үнэ юм.

БАГА, ДУНД, ӨНДӨР ТҮВШНИЙ АВЛИГАЧДАА АРД ТҮМЭН АСУУДЛЫН ГОЛЫГ МЭДДЭГ БОЛЖ БАЙНА ШҮҮ

2018 онд Азийн сан, Сант Марал сантай хамтран Авлигын талаарх ард түмний ойлголт хэр байгааг судалсан байна. Энэхүү судалгаагаар 2006 оноос хойш “улс төрийн намууд”, “парламент”, “засгийн газар” гэх мэт улс төрийн байгууллагуудад өгөх олон нийтийн үнэлгээ маш муу гарсан байна. Тэд өнөөгийн нийгмийн ороо бусгаа байдлын хамгийн гол буруутан нь авлигатай холбоотой гэсэн байна. Харин бидний уриа лоозон төдий байгуулсан Авлигатай Тэмцэх Газрыг 2018 онд ард түмэн хамгийн муугаар үнэлжээ. Гэхдээ зөвхөн энэ жил ч биш 2007 оноос хойш шүү. Ард түмэн хамгийн их тулгамдаж буй гурван асуудлыг 2006 оноос хойш дараах байдлаар тодорхойлсон. Тэр дундаа ард түмний дунд дургүйцэж буй авлигын байдал нэмэгдсэн байгааг анхаарууштай. Гэхдээ та бүхнийг энэ асуудлыг анхаарсан гэдэгт итгэж байна. Учир нь бүх сонгуулийн турш л та бүхэн ажилгүйдэл болон авлигын тухай ярьж байгаа шүү дээ. Тэрэнд нь ч ард түмэн итгэдэг.

 

Эх сурвалж: Азийн сан, Сант марал

Мөн ард түмний авлигын талаарх ойлголт өргөн цар хүрээтэй болж байгааг энэхүү судалгаа харуулж байна шүү Авлигачдаа. Авлигад хүлцэнгүй хандах байдал 2016 оноос хойш буурсан буюу иргэдийн авлигын талаарх ойлголт өөр болж байна. Анхаарууштай.