Зураг
Зураг
Индэр    
2018 оны 11 сарын 17
Зураг
iKon.mn сэтгүүлч

ҮНЭД ХҮРСЭН ЦЭВЭР АГААР

 
Гэрэл зургийг mpa.mn

Хүн амьдралынхаа 90 орчим хувийг дотор орчин буюу гэртээ, албан тасалгаанд өнгөрүүлдэг.

Тэгэхээр зөвхөн гадаа гудамжинд, автомашинд зорчиж явахдаа амны хаалт хэрэглэж хэвшихээс гадна амьдралынхаа ихэнх хугацааг өнгөрүүдэг дотоод орчны агаараа цэвэр байлгах зайлшгүй шаардлагатай болж байна.

Тиймээс бид дотоод орчны агаарын бохирдлыг бууруулах  цэвэршүүлэгч төхөөрөмж, түүнийг хэрхэн зөв, үр дүнтэй хэрэглэх талаар болон агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийн ач холбогдолыг сурвалжиллаа.

Агаар цэвэршүүлэгч худалдаж аваад, тогонд залгамагц бүх асуудал шийдэгдэхгүй

Дотоод орчны агаарын бохирдлыг бууруулахын тулд агаар цэвэршүүлэгч төхөөрөмж хэрэглэхийг зөвлөдөг. Төр засаг, олон улсын байгууллагуудын санхүүжилтээр сургууль, цэцэрлэгийн орчинд агаар цэвэршүүлэгчийн хэрэглээг нэмэгдүүлж байгаа ч харамсалтай нь тэдгээрийн ашиглалт, хэрэглээ хангалтгүй байгаа аж.

Тодруулбал, НМХГ-аас агаарын бохирдол ихтэй бүсийн сургууль, цэцэрлэгүүдэд тараагдсан 1,467 ширхэг агаар цэвэршүүлэгчийн ашиглалтын байдалд шалгалт хийхэд,

  • Цэвэршүүлэгчийг зааврын дагуу ашиглахгүй байх,
  • Ашиглалтын гарын авлагатай танилцдаггүй, хэрхэн, яаж ажиллуулахаа мэддэггүй,
  • Цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй,
  • Шүүлтүүрийг нь сольдоггүй/2016 онд тараагдсан хоёр жил орчим ашиглагдаж буй агаар цэвэршүүлэгчийн шүүлтүүрийг нэг ч удаа солиогүй/
  • Тооллого дутсан зэрэг алдаа, дутагдал илэрсэн байна.
Гэрэл зургийг: mpa.mn

Үүгээр ч зогсохгүй агаар шүүгчийг хичээлийн өрөө, танхимд бус сургууль, цэцэрлэгийн захирал, сургалтын менежер өрөөндөө суурилуулан ажиллуулж байсан зөрчил ерөнхий боловсролын 71 болон 58 дугаар сургууль дээр илэрснийг мэргэжлийн хяналтын байгууллагаас мэдээлэв.

Тэгэхээр агаар цэвэршүүлэгч авч тавиад л асуудал шийдэгдэхгүй нь. Харин агаар цэвэршүүлэгчийг зөв хэрэглэх дадал хэвшилд суралцах, сургууль цэцэрлэгийн орчин дахь агаар цэвэршүүлэгчийн хэрэглээнд байнгын хяналт тавьж байх шаардлага иргэн таны өмнө тулгарч байна.

Агаар цэвэршүүлэгчийн төрөл, хэрэглээний явцад анхаарах зүйлс:

Дэлхий нийтэд дөрвөн төрлийн агаар цэвэршүүлэгчийг хэрэглэдэг бөгөөд хөгжингүй орнуудад 2015 оноос ионжуулагчтай агаар цэвэршүүлэгчийн хэрэглээг хязгаарлаж байгаа гэнэ. Үүнд,

  • HEPA шүүлтүүр: Энэ төрлийн шүүлтүүрийг хамгийн түгээмэл хэрэглэдэг. HEPA шүүлтүүр нь тоосны хачиг, тоосонцор, хөгц мөөгөнцөр, нян, 0.3 микроноос том хэмжээтэй вирусыг агаараас шүүж авдаг ч түүнээс бага хэмжээтэй нян, органик нэгдэл, үнэр, утааг шүүж цэвэршүүлдэггүй.
  • Ион: Тоосны хачиг, тоосонцор, хөгц мөөгөнцрөөс гадна утааг цэвэршүүлдэг ионжуулагчтай шүүлтүүр озон ялгаруулж, амьсгалын замын тогтолцоог гэмтээдгийг тогтоосон.
  • Цахилгаан тунадасжуулагч: Тоосны хачиг, тоосонцрыг шүүдэг цахилгаан тунадасжуулагч төхөөрөмж тийм ч түгээмэл хэрэглээтэй биш.
  • Нүүрсэн: Энэ төрлийн шүүлтүүр 0.3 микроноос жижиг хэмжээтэй нян, органик нэгдэл, үнэр, утааг шүүж цэвэршүүлдэг давуу талтай ч богино хугацаанд бохирддог тул шүүлтүүрийг ойр ойрхон солих шаардлагатай, зардал өндөртэй байдаг. Энэ төрлийн шүүлтүүрийг ихэвчлэн лаборатрид ашигладаг.

Н.Жавхлан: Агаар цэвэршүүлэгч чийгшүүлэгчтэй нэг төхөөрөмж дотор агуулагдах нь тохиромжгүй

Агаар цэвэршүүлэгч худалдан авахдаа болон хэрэглээний явцад юуг анхаарах ёстойг "Sun healt care" компанийн маркетингийн менежер Н.Жавхлангаас тодруулсан юм.
“Хэрэглэгчдийн зүгээс нэг дор  үйлдлийг хуримтлуулсан төгс зүйлийг хүсдэг. Үүн дээр борлуулагчид тоглолт хийгээд ямар ч сул талгүй хамгийн төгс сайн бүтээгдэхүүнийг зарж байгаа мэтээр сурталчилдаг. Гэтэл шүүлтүүрийг тодорхой давтамжтай заавал солих шаардлагатай байдаг. Нэг саванд ус хийгээд л байвал дүүрч, асгарна гэдэгтэй адил шүүлтүүрээ солихгүй бол шүүж хуримтлуулах чадваргүй болох, хуримтлуулсан бохирдлоо буцаагаад тараах эрсдэлтэй. Тэгэхээр энэ шүүлтүүрийг ямар давтамжтай, яаж солих цэвэрлэх талаар мэдээллийг заавал борлуулагчаас авах ёстой.

Мөн агаар цэвэршүүлэгч чийгшүүлэгчтэй нэг төхөөрөмж дотор агуулагдах нь тохиромжгүй.  Чийгшүүлэгч дотор мөөгөнцөр богино хугацаанд үүсдэг бөгөөд агаар цэвэршүүлэгч цэвэрлээд гаргаж буй агаараа чийгшүүлэгч дотор үүссэн мөөгөнцөртэй хамт цацах эрсдэлтэй гэсэн үг. Ер нь хэрэглэгчдийн сэтгэл ханамж, лабораториудын шинжилгээг үндэслэн гаргасан хамгийн сайн агаар цэвэршүүлэгчийн жагсаалтад чийгшүүлэгчтэй агаар цэвэршүүлэгч байхгүй.

Хөгжингүй орнуудад “Хүн амьдралынхаа 90 гаруй хувийг дотоод орчинд өнгөрүүлдэг. Дотоод орчны агаарын бохирдол гадаад орчноос шалтгаалаад түүнээсээ 4-5 дахин их бохирдолтой байдаг” гэх мэдээллийг байнга иргэддээ өгч, нийгмийн хариуцлагатай компаниуд нь албан тасалгаандаа агаар цэвэршүүлэгч төхөөрөмж хэрэглэдэг жишиг бий.
Ингэхдээ цэвэршүүлэгч тус бүрийн давуу болон сул талыг судлаад өөр өөр төрлийн шүүлтүүрүүдийг хамт ашигладаг болсон” хэмээн тайлбарлалаа.

Тэгэхээр эрүүл байхын үндэс болсон агаараа цэвэр байлгахын тулд нэг төхөөрөмж худалдаж аваад тогонд залгаад л бүх асуудал шийдэгдэхгүй нь. Мөн сүүлийн өдрүүдэд онлайн дэлгүүрүүдээр худалдаалагдаж ихээр худалдаалагдах болсон төгс мэтээр сурталчилж буй төхөөрөмжийг худалдан авахаасаа өмнө анхаарал хандуулах хэрэгтэй болж байна.

Хотын хүүхдүүдийн уушгины багтаамж хөдөө орон нутгийн хүүхдүүдийнхээс 40 хувиар бага байна
 
Гэрэл зургийг mpa.mn

Агаарын бохирдлыг бууруулахаар Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээ болон бодит байдлаас харахад Улаанбаатар хотын агаарын чанарын үзүүлэлт өвлийн улиралд сайжирч, хүлээн зөвшөөрөгдөх түвшинд хүртэл нэлээд хэдэн жил болох төлөвтэй байгааг НЭМҮТ, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран хийсэн "АЮУЛЫН ХАРАНГА: Агаарын бохирдол ба хүүхдийн эрүүл мэнд" судалгаанд дурджээ.

Түүнчлэн Улаанбаатар хотын агаарын бохирдол өндөртэй төв дүүрэгт оршин суудаг хүүхдүүдийн уушгины багтаамж хөдөө орон нутагт амьдардаг хүүхдүүдийнхээс 40 хувиар бага байна гэх судалгааны үр дүнг “Угаарын хийн бохирдол ба уушгины үйл ажиллагаа: Монгол Улсын хот хөдөөгийн хүүхдийг харьцуулсан судалгаа”-наас харж болохоор байна.
Тэгэхээр Улаанбаатар хотын оршин суугч та дотоод орчны бохирдлоо бууруулахаас гадна өөрийгөө болон гэр бүлээ цэвэр агаарт гаргаж байх нь эрүүл мэндээ хамгаалах үр дүнтэй аргад тооцогдож байна.

Агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөлүүдэд хамгийн өртөмтгий хэсэг бол хүүхдүүд, жирэмсэн эхчүүд. Тэдний дархлаагаа дэмжих, цэвэр агаарт гарч байх хэрэгцээн дээр тулгуурлан бий болоод буй хоёр бизнес санааг танилцуулж байна.

Амралт, сувилал:

Эхнийх нь жирэмсэн болон бага насны хүүхэдтэй ээжүүдийг цэвэр агаарт гаргаж, сувилдаг амралт сувиллын газрууд. 

Амралт сувиллын газрууд хэрхэн ажилладгийг  “Хүүхдийн хөгжлийн төв” ТББ-н жишээн дээр тайлбарлая. Өвлийн улиралд бага насны хүүхэдтэй ээжүүдэд ямар үйлчилгээ хүсдгийг тус төвтэй холбогдож тодруулсан юм.

Үйл ажиллагаа явуулж эхлээд гурван жил болж буй тус байгууллага бага насны хүүхэдтэй ээжүүдийг гэрээс нь унаагаар авч Гоодойн аманд байрлах сувилалдаа аваачин уламжлалт бариа заслаар үйлчилж, хүүхдүүдийг хар цай болон ясны шөлөнд оруулдаг аж. Хоёр цаг тутмын хоол, унаатай нэг өдөр агаарт гараад ирэхэд хамгийн багадаа 30,000 төгрөгийн төлбөртэй бөгөөд бариа хийлгэх, хонож амрах зэргээс шалтгаалан үнэ нь нэмэгдэх юм байна.

Зуслангийн байшин түрээслэх:

Дараагийн бизнес бол мэдээж хэрэг зуслангийн байшингийн түрээсийн үйлчилгээ. “Эрүүл, цэвэр агаарт” гэсэн тодотголтой зуслангийн байшингийн зар зарын сонинууд болоод интернет орчинд “дүүрэн” бий. Зуслангийн байшингууд байрлал, халаалтын систем, хэмжээнээсээ хамаараад үнийн хувьд янз бүр байх бөгөөд сарын 100 мянган төгрөгийн байшин байхад 700 мянган төгрөгийн түрээстэй байшин ч бас байна.

 
"Улаанбаатарын эрүүл мэндийн байгууллагууд хүүхдийн амьсгалын замын өвчлөлд 10 гаруй тэрбум төгрөг зарцуулж байна"
 
Гэрэл зургийг mpa.mn

Өөрийнхөө, гэр бүлийнхээ орчинд агаарын бохирдлыг бууруулж, эрүүл цэвэр агаарт гаргаж байх нь өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга. Урьдчилан сэргийлэх нь цаашид гарч болох санхүүгийн дарамтаас таныг чөлөөлнө.

НЭМҮТ, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран хийсэн "АЮУЛЫН ХАРАНГА: Агаарын бохирдол ба хүүхдийн эрүүл мэнд" судалгааны тайлангийн зохиогчдын хийсэн тооцооллоос үзэхэд, агаарын бохирдлын эсрэг арга хэмжээ авахгүй байх нь 2017-2025 онд 1.2 сая хоног хэвтэн эмчлүүлэх, 145,000 удаа амбулаториор эмчид үзүүлэх нэмэлт ачааллыг эрүүл мэндийн тогтолцоонд үүрүүлнэ гэжээ.

Түүнчлэн БОАЖ-ын сайд Б.Цэрэнбат "Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагууд 18-аас доош насны хүүхдийн амьсгалын замын өвчлөлд 10 гаруй тэрбум төгрөг зарцуулж байгаа" талаар мэдээлж байв. Хэрвээ агаарын бохирдлын эсрэг арга хэмжээ авахгүй бол сайдын дурдсан зардал 2017-2025 оны хооронд 33 хувиар нэмэгдэх төлөвтэй байгаа аж. Энэ бол зөвхөн төрөөс гарах зардлын дүн. Гэтэл өрх бүр агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөлийн улмаас эмчилгээний зардлыг бараг тогтмол байдлаар зарцуулах болсон. 

Тэгэхээр Улаанбаатар хотын оршин суугч та өрх гэрийнхээ эмчилгээнд зарцуулж буй зардлыг тооцож үзээд, өнөөгийн нөхцөл байдалд үндэслэн дүгнэлт хийн, гэр бүл, үр хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд анхаараарай.