Индэр    
2018 оны 11 сарын 7
Зураг
iKon.mn сэтгүүлч

Жилийн дотор 130 гэмт хэргийн сэжүүрийг гаргаж, 40 хэргийг илрүүлсэн ШОНХОР

 
Гэрэл зургийг `Асах гэрэл` нэвтрүүлгийн оролцогч Б.Баттөгс

Нэг нас гарантай Шонхор зургаан сартайгаасаа албаны нохойн сургалтад хамрагдаж, өнгөрсөн хугацаанд 1,300 орчим гэмт хэргийн дуудлагаар очин ажиллажээ.

130 хэргийн чиглэл, сэжүүрийг гаргаж, 40 хэргийг нь илрүүлсэн Шонхор дуудлагат албаны нохой хэрхэн ажилладгийг сурвалжлах боломж бидэнд олдсон юм.

ЦЕГ-аас жил бүр тухайн жилийн Шилдэг нохойн төлөөлөгч, Шилдэг нохойг шалгаруулдаг бөгөөд энэ жилийн хувьд Шонхор 40 хэрэг илрүүлэн Улаанбаатар хотын хэмжээнд хэрэг илрүүлэлтийн амжилтаар нэгдүгээрт явж байна. Шонхорын сургагч Д.Чингэлийн хувьд мөн 2016 оны Шилдэг төлөөлөгчөөр шалгарч байжээ.

Д.Чингэл: Эзнээ санаж, бэтгэрдэг нохойныхоо үүрэнд хувцас, эд зүйлээ өлгөөд үлдээдэг

 
Гэрэл зургийг `Асах гэрэл` нэвтрүүлгийн оролцогч Б.Баттөгс

Нохойг албанд хүлээн авч, сургах, үүрэг гүйцэтгэж эхлэхээс авхуулаад тэтгэвэрт гарах  хүртэл нэг төлөөлөгч дагнан нэг нохойгоо хариуцан ажилладаг байна.

“Шонхорыгоо хүлээж аваад жил гаруйн хугацаа өнгөрсөн байна. Шонхор миний албанд хамтарч ажиллаж буй гурав дахь нохой.

Албаны нохойг зургаан сартайгаас нь сургалтад хамруулдаг. Хүүхэд өсгөж байгаа юм шиг л зааж сургана, эрхлүүлнэ. Жижүүртэй үед хэлтсийн гадаа нохойгоо үлдээчихээд гарч ирэх бүрд яг намайг хүлээж байсан юм шиг хаалга руу хараад хүлээгээд байж байдаг. Ижилхэн дүрэмт хувцастай олон цагдаа дундаас үргэлж эзнээ хайж, олж хараад танисан бол тэмүүлнэ.

ШОНХОР:

 
Гэрэл зургийг `Асах гэрэл` нэвтрүүлгийн оролцогч Б.Баттөгс

Нохой ер нь их бэтгэрдэг амьтан. Эзнээ их санана. Ээлжийн амралтаа аваад сарын хугацаатай амраад явсан хойгуур бүр гуниглаад, нүд нь нуухтаад, гархилаад байж байдаг.

Тийм болохоор хувцсаа, эд зүйлээ нохойныхоо үүрэнд өлгөөд үлдээдэг. Санаж, бэтгэрдгийг нь мэддэг болохоор ер нь амралтынхаа дундуур зав гаргаад хэд хэдэн удаа эргэж ирнэ” гэж Шонхорыг хариуцдаг Д.Чингэл төлөөлөгч хуучилж байв. 

Албаны нохойг сургах явцад өдрийн бараг 60 хувийг төлөөлөгч нохой хоёр хамтдаа өнгөрүүлдэг байна. Үүрэг гүйцэтгэх явцад ч гэсэн байнга хамт.

24 цаг хамт жижүүрт гарчихаад нохойгоо ажил дээрээ аваачиж үлдээсэн төлөөлөгч нэг өдөр амраад маргааш нь өдрийн турш нохойтойгоо хамт байж, сургуулилт хийдэг гэнэ.

"Араатан амьтан гэдэг утгаараа дасгал сургуулилтаа тогтмол хийж байхгүй бол дороо мартдаг. Тийм учраас байнгын дадлага хийнэ. Жижүүрт гарч байх үед дуудлагагүй бол бас дасгал, сургуулилтаа хийгээд л байж байдаг” хэмээн тэр ярив.

2018.11.01, Хулгайн хэргийн дуудлагаар хэргийн газарт ажиллав

 
Гэрэл зургийг `Асах гэрэл` нэвтрүүлгийн оролцогч Б.Баттөгс

Биднийг сурвалжлага хийхээр очсон өдөр Д.Чингэл, Шонхорын хамтаар СХД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст 24 цагийн жижүүрт гарсан байв. 

Гэр хороололд ажиллахад ихэнхдээ хулгайн гэмт хэргийн дуудлага ирдэг ажээ. Дуудлагын дагуу шуурхай бүрэлдэхүүн гарч ажиллахдаа, албаны нохойг авч явах бөгөөд ихэвчлэн мөрдлөгт нохойгоо ашигладаг юм байна.

Энэ өдөр 18:30 цагт СХД-ийн цагдаагийн хоёрдугаарт хэлтэст орон байрны хулгайн дуудлага ирж, шуурхай бүрэлдэхүүн албаны нохойн хамтаар 18:35 цагт хэргийн газарт очив.
 
Гэрэл зургийг `Асах гэрэл` нэвтрүүлгийн оролцогч Б.Баттөгс
 
Гэрэл зургийг `Асах гэрэл` нэвтрүүлгийн оролцогч Б.Баттөгс

Хэргийн газрын үзлэг хийсний дараа албаны нохой Шонхор цонхны доор, хөрсөн дээр үүссэн гутлын мөрнөөс үнэр авч, тухайн айлын хашаанаас баруун урд зүгт 150 метр мөшгөөд авто замд хүрээд үнэр алдсан юм. Сэжигтнийг авто зам дээрээс машинд суусан хэмээн үзэж, хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.

 
Гэрэл зургийг `Асах гэрэл` нэвтрүүлгийн оролцогч Б.Баттөгс

Ер нь гэр хороололд байрлах цагдаагийн хэсэг дээр жижүүрт гарахад овчарка үүлдрийн нохой тохиромжтой байдаг байна. Хээр гадаа, уул хадаар явж мөр хөөж ажилладаг учраас үслэг, хүйтэнд тэсвэртэй нь давуу тал болдог бөгөөд Шонхорыг өвлийн нөхцөлд мөр хөөх чадвар сайтай хэмээн магтсан юм.

 
Гэрэл зургийг `Асах гэрэл` нэвтрүүлгийн оролцогч Б.Баттөгс

Төлөөлөгч Д.Чингэл “Эхнэр бид хоёр долоон нохой тэжээдэг. Нохойн төлөөлөгч болсныхоо дараа эхнэртэйгээ танилцсан юм. Тэр үед гэртээ спанель тэжээдэг байлаа. Нохойн төлөөлөгч ажилтай, гэртээ нохой тэжээдэг надтай гэрлэсэн бүсгүй намайг дуурайгаад бас нохойнд хайртай болчихсон" хэмээж байлаа. 

Нохойнд хайртай Д.Чингэлийн гэр бүл хөхөө хөхөж чадахгүй байгаа гөлөгнүүдээ хүүхдийн сүү орлуулагч тэжээлээр тэжээж байгаад л нохой болгоод авдаг гэнэ.

Түүний "Нохойгоо угжиж эхлээд л, баалгаж, шээлгэнэ, угааж цэвэрлэнэ, эрүүл байлгах хэрэгтэй" гэж ярих нь хүүхэд өсгөх талаар ярьж байгаа мэт сонсогдож байлаа. Үүнээс үзвэл Шонхорын амжилт Д.Чингэл төлөөлөгчийн сэтгэл, зүтгэл, туршлагаас их хамаарч байгаа нь харагдана. 

Нохой дунджаар 6-7 жил албанд ажиллаж байна

 
Гэрэл зургийг `Асах гэрэл` нэвтрүүлгийн оролцогч Б.Баттөгс

Монгол Улсын цагдаагийн байгууллагад гэмт хэрэг илрүүлэхэд тусгайлан сургасан албаны нохойг ашиглаж эхлээд 70 гаруй жил болжээ.

1990 он хүртэл мэргэжлийн боловсон хүчнээ ОХУ-д найман жилийн давтамжтайгаар бэлтгэж байсан бол 1992 онд ЦЕГ-ын Албаны нохойн тасгийг байгуулж, цагдаагийн төв болон орон нутгийн цагдаагийн газар, хэлтсүүдэд  ажиллах боловсон хүчин болон албанд хөтлөх нохойгоо дотооддоо бэлтгэж эхэлсэн байна. Гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Улаанбаатар хотын цагдаагийн газрын харьяа Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн жижүүрийн албанд албаны нохойн төлөөлөгчийг нохойн хамт ажиллуулдаг.

Иргэдийн дунд цагдаагийн албанд голцуу овчарка үүлдрийн нохой байдаг гэх түгээмэл ойлголттой байдаг ч Малиуна, Лабрадор, Спанель гэх мэт 4-5 үүлдрийн нохдыг эрлийн, эргүүл хамгаалалтын, үнэрийн лабораторийн, хар тамхи, мансууруулах бодис илрүүлэх чиглэлээр сургаж албанд ашигладагийг Цагдаа дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн Албаны нохойн сургалтын хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч П.Мөнхбат хэлсэн юм.

Нохой дунджаар 6-7 жил албанд ажилладаг бөгөөд үүлдэр, насжилтаасаа хамаараад өөр өөр байдаг байна. Нэг нохойг дунджаар зургаан сар сургаж, дадлагажуулан албанд ашиглаж эхэлдэг.

Албаны ноход улсын хэмжээнд хоногт дунджаар 40-50 гэмт хэргийн газарт очиж ажилладаг бөгөөд энэ оны эхний 10 сарын байдлаар 300 орчим гэмт хэргийг илрүүлээд байгаа талаар албаныхан дурдлаа.  Яг хэчнээн нохой ажиллаж үүрэг гүйцэтгэж байгаа мэдээлэл нь нууц юм байна. 

Бидний онцолсон Шонхорын хувьд гэхэд ганцхан жилийн дотор 130 гэмт хэргийн сэжүүрийг гаргаж, 40 хэргийг нь илрүүлснийг  харвал түүнд маш их боломж, ирээдүй харагдах ажээ.