Индэр    
2018 оны 11 сарын 2
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий эрхлэгч.

Алдагдалтай төсөв баталсан УИХ-ын гишүүдийг 2020 онд СОНГОХГҮЙ БАЙЯ!!!

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Гишүүдийн баталсан алдагдалтай төсөв улсын өрийг улам зузаатгадаг болохыг ikon.mn сайтын санаачилсан “УИХ-ын гишүүдэд зориулсан хичээл” цувралын нэгдүгээрх болох “Засгийн газрын өр хаанаас үүсдэг вэ?” нийтлэлээс уншигчид, сонгогчид хэдийнэ ойлгоод авчихсан. Энэ талаар “ойлголтгүй” байсан УИХ-ын зарим гишүүн ч мэддэг болсон байх гэж найдаж байв. Харамсалтай нь, тэд алдаагаа засаж, улсын өрийг нэмэхгүй байх сонирхолгүй төдийгүй 2020 онд болох УИХ-ын сонгуульд зэхэн хаяагаа манаж байна гэж ойлгохоос аргагүй болов. Төсөв алдагдалтай байх нь хамаагүй, тойроготоо л хэдэн төгрөг тусгуулахаар улайрсныг хоёр дахь хэлэлцүүлгээ амжилттай даваад буй Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл илтгэж байна. 

Энэ удаагийн төсвийн төслөөс реформ шинэчлэл бус, сонгуулийн “сурталчилгаа” үнэртэж буйг хөндлөнгийн шинжээч, судлаачид ч шүүмжиллээ. 

“Монгол Улсын 2019 оны төсвийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 9,676.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 27.4 хувь, нийт зарлагыг 11,589.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.8 хувь, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг -1,913.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий -5.4 хувь байхаар тооцлоо. Ийнхүү Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, төсвийн тухай хуулийн дагуу Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төслийг боловсруулан танилцуулж байна” хэмээн “Монгол Улсын нэгдсэн төсөв 2019” танилцуулгын эхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн зурагтайгаар нийтлүүлсэн нь эгдүүцэл төрүүлнэ.

Зураг 1. Нэгдсэн төсвийн өөрчлөлт 2018-2019 он (тэрбум төгрөгөөр)

 

Товчхондоо ирэх оны төсөв 1.913 их наяд төгрөгийн алдагдалтай буюу Монгол Улсын өр энэ хэмжээгээр дахин нэмэгдэх нь.

ЗДТГ тэргүүтэй төрийн үйлчилгээний барилгуудад 42 тэрбум төгрөг төсөвлөв 

Тэгвэл ийм хэмжээний өр тавин байж баталж буй төсвийн зардалд чухам юу юу багтсаныг Сангийн яамны доорх графикаас харж болно. Энэ дунд 66 хувиар өсөөд буй хөрөнгө оруулалтыг “Үнэн хатамж” ТББ-ын тэргүүн Ж.Сайнзаяа тоймлон судалжээ. Төсвийн зардал үр ашиггүй бөгөөд ямар ч реформ хийгдээгүй нь маш тодорхой харагдаж байна. 

Тухайлбал, 2019 онд улсын төсвөөс 1.4 их наяд төгрөг, үүнээс шинээр хэрэгжүүлж эхлэх 752 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөөд буй. Энэ мөнгөөр 

  • 117 сургууль
  • 143 цэцэрлэг
  • 34 дотуур байр
  • 61 эмнэлэг
  • 52 соёлын төв
  • 37 спорт заал
  • 50 улсын болон орон нутгийн зам
  • 13 гүүрийн байгууламж гэх мэт ажил хийгдэх урт жагсаалт байна.

Энэ дундаас ЗГХЭГ-ын даргын багцад багийн төв, сумын ЗДТГ-ын болон төрийн үйлчилгээний барилга 41-ийг барих бөгөөд 42 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан хэрнээ ХХААХҮ-н сайдын багцад Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих болон тоног төхөөрөмжид улсын хэмжээнд 4.8 тэрбум төгрөг тусгажээ. Өөрөөр хэлбэл, жилээс жилд урсгал зардал нь нэмэгдэх, эдийн засгийн ямар ч үр өгөөжгүй бетон хийцэд 42 тэрбум төгрөг тусгасан хэрнээ үйлдвэрлэлийг дэмжихэд бараг 10 дахин их мөнгө суулгасныг дээрх тоо харуулж байна. Төсвийн тухай хуулийн төслийг цааш харвал Төрийн ордны дахин төлөвлөлтийн ТЭЗҮ-д 1.1 тэрбум төгрөг суулгасан тоо ч гарч ирнэ. 
 
Энэ талаар “Төсвийн хөрөнгө оруулалтын зардлын төлөвлөлт дээр сайжруулах зүйлс байна гэж харж байгаа. Тухайлбал, геологи хайгуулын төсөлд 11 тэрбум төгрөг, төрийн захиргааны байгууллагуудыг үр дүнгээр нь урамшуулахад 600 орчим сая төгрөг, цаг ашиглалтын судалгаа хийхэд 600 орчим сая төгрөг төсөвлөсөн байх жишээтэй. Төсөв өндөр алдагдалтай, дараа дараагийн жилүүдэд гаднаас авсан санхүүжилтийнхээ өр  зээлийн төлбөрийг хийх гэж байгаа нөхцөлд иймэрхүү төсвүүдийг хасах болон бууруулах бүрэн боломжтой” хэмээн Нээлттэй нийгэм форумын хөтөлбөрийн менежер Д.Оюунбадам төсвийн талаарх хэлэлцүүлгийн үеэр хэлж байв. 

Ирэх онд зөвхөн шинээр эхлүүлэх төслүүдэд ШУТИС-БуХС-ийн багш, докторант Д.Баярмаа шинжилгээ хийжээ. 

Зураг 2. 2019 онд шинээр эхлэх хөрөнгө оруулалтын төлөвлөлт-барилга байгууламж

 
Эх сурвалж: Нээлттэй нийгэм форум

Харамсалтай нь, шинээр хийгдэх, өртөг өндөртэй төслүүдийн дийлэнхийг 2020 онд дуусгахаар тусгасан ч 2019 оны төсөвт нийт төсөвт өртгийнх нь 10 орчим хувийг л тусгажээ. Өөрөөр хэлбэл, үлдсэн 90 хувийг 2020 онд санхүүжүүлэхийн тулд улсын төсөвт улам их дарамт учруулах нь тодорхой. Хэрэв төлөвлөсөн ёсоор санхүүжүүлж чадахгүй бол хэдэн жил ч он дамнан гацаж, царцаж, балгас болж мэдэхийг хэлэх аргагүй юм.    

2007 оноос хойш он дамжсаар өнөөг хүртэл дуусаагүй байгаа нийт 32 төсөл байна. Эдгээр төслийн анхны төсөвт өртөг дунджаар 2-5 дахин өсөж, зарим төсөл нь 4-5 жил гацсан.

График 1. Он дамжсан төслүүдийг өртөг өөрчлөгдсөн байдал

 

Тухайлбал, Хан-Уул дүүрэг дэх 60 ортой Геронтологийн төвийн барилгын ажлыг 2011 онд эхлүүлэхдээ 4.72 тэрбум төгрөгийн өртгөөр 2012 онд дуусгана хэмээн төлөвлөн эхлүүлж байж. Гэвч 2012 оноос хойш 5 жил хөрөнгө оруулалт нь царцаж, 2017 оноос мөнгийг нь бага багаар төсөвлөсөөр, 2020 онд 7.39 тэрбум төгрөгийн өртгөөр дуусгахаар төлөвлөжээ. Одоогийн байдлаар төсвөөс санхүүжүүлсэн мөнгөний хэмжээ хэдийнэ 7.62 тэрбум төгрөг болчихоод буйг эдийн засагч Ж.Сайнзаяа жишээ татав. Түүгээр зогсохгүй ашиглалтад ороогүй байгаа эмнэлгийн тоног төхөөрөмжийг 2015 онд төсвийн 31.4 тэрбум төгрөгийн хөрөнгөөр худалдан авчээ. Энэ бол Монгол Улсын төсвийг Засгийн газар, УИХ хэрхэн хийж, баталж, баллаж, үр ашиггүй болгож буйн ганцхан жишээ. 

Түүнчлэн “Улсын хэмжээнд” гэсэн тодорхойгүй малгайн дор том том тоонууд зоосныг дурдвал

  • Эрүүл мэндийн салбарын их засвар улсын хэмжээнд 2 тэрбум төгрөг
  • БСШУ, спортын салбарын их засвар улсын хэмжээнд 3 тэрбум төгрөг
  • Нийслэл, аймгийн төвүүдийн инженерийн шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлт улсын хэмжээнд 9 тэрбум төгрөг
  • Улсын чанартай авто зам, гүүрний засвар, арчлалт улсын хэмжээнд 30 тэрбум төгрөг
  • ЦЕГ-ын тоног төхөөрөмж улсын хэмжээнд 7.3 тэрбум төгрөг гэх мэтчилэн хаана, ямар барилга, ажил үйлчилгээ хийгдэх нь нарийн тодорхой заагаагүй 15 төсөл арга хэмжээнд 84.89 тэрбум төгрөг тусгажээ. 

2019 онд нийт 2,546.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 877 төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийг санхүүжүүлэхээр төлөвлөсний 1,297.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 515 төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийг 2019 онд шинээр эхлүүлэхээр тусгаад буйг ШУТИС-БуХС-ийн багш, докторант Д.Баярмаа онцлон судалжээ. 

График 2. Шинээр хийх хөрөнгө оруулалтуудын төлөвлөгөө төрлөөр.

 

Энд нэг зүйл анхаарал татна. Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр төсвийн талаар байр сууриа илэрхийлэхдээ зураг төсөлгүй барилга байгууламжуудыг шинээр эхлүүлэхийг төсвийн төслөөс хасах тухай саналаа хэлсэн. Ерөнхийдөө тэрбээр маш тодорхой санал, шүүмжлэлийг гаргаж тавьсан.

Зураг 3. 2019 онд шинээр эхлүүлэх барилга байгууламжуудын төсөвт өртөг (тэрбум төгрөг)

 
Эх сурвалж: Сангийн яам

“МН 25-р телевиз суваг”-ийн “Ам нээвэл” нэвтрүүлэгт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төсвийн талаар ярилцлага өгөхдөө жишиг зургийг онцлоод нэгэнт хүчин чадал ойролцоо обьектыг жишиг зураг байхад дахиж зураг хийлгэж байхаар тухайн орон нутагт холбох бага зэрэг өөрчлөлтийг оруулаад төсөвлөх бодлого баримталснаа дурдсан билээ. Тэгвэл ойролцоо хүчин чадалтай барилга байгууламжуудын төсөвт өртгийн хэлбэлзэл маш өндөр байгааг Д.Баярмаа судалгаандаа дурдсаныг доорх хүснэгтээс харж болно. Тухайлбал, багийн төвийн зургаан барилга барихаар төлөвлөсөн нь 40-350 сая төгрөгийн өртөгтэй бол ЗДТГ-ын байрууд 825 саяас 1.3 тэрбум төгрөгийн өртөгтэй байх нь. Төсвийн дүр төрх иймэрхүү янзтай байна.

Төсвийн үр ашгийг нэмэгдүүлэхийн оронд өрийн таазыг нэмэхээр хуульдаа 11 удаа өөрчлөлт хийсэн нь

Энэ бүхнээс харахад хууль батлагчдад алдагдалгүй төсөв боловсруулж, батлах сэтгэл дутаж байна. Төрийн ордонд суугаа эрхмүүд төсвийн үр ашгийг нэмэгдүүлж, зардлаа танахын оронд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг 2010 онд баталснаасаа хойш 11 удаа заалтыг нь өөрчилжээ. Ингэхдээ төсвийн алдагдлыг ДНБ-ий 2 хувиас хэтрүүлэхгүй, Засгийн газрын хүрээний зээлийг ДНБ-ий 30 хувьд барих гэсэн уг хуулийн анхны зорилгыг өөрчлөхдөө “Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн” гэдэг шалтгаанд дөрөөлж, хуулийн зохицуулалтаар “шийдэж” ирж. 

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Д.Даваасамбуу “Төсөв, тэр дотроо урсгал тэнцлийг зөвхөн ашигтайгаар төлөвлөхгүй бол цаашдаа байнгын өрийн сүлжээнд орох нь гэдэг дүгнэлтэд хүрч байгаа” хэмээн хэлсэнчлэн энэ удаа алдагдалтай төсөв баталбал өр тавихаас аргагүй байдалд хүрнэ. 
Төсөв алдагдалтай байх албатай биш ч энэ нь хэвийн үзэгдэл мэт ойлголтыг УИХ бий болгож байна. Хэмнэх боломж байсаар байхад УИХ дахиад алдагдалтай төсөв баталбал тэднийг 2020 оны сонгуулиар СОНГОХГҮЙ байх эрх нь сонгогчдод бий!