Индэр    
Нийтийн сонсголын тухай хуулийг "амилуулъя"
Зураг
2018 оны 10 сарын 10
Зураг
iKon.mn сэтгүүлч

Нийтийн сонсголын тухай хуулийг "амилуулъя"

1. Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар томилохтой холбоотой асуудлаар нийтийн сонсгол хийх хүсэлтийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан гаргаж байв. Гэвч Элчин сайд нь УИХ-аас шууд томилдог албан тушаал биш Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал оруулдаг учраас нийтийн сонсгол хийх шаардлагагүй хэмээн УИХ-ын Тамгын газрын хуульчид тайлбарласнаар энэ асуудал намжсан. 

2. "60 тэрбум"-ын гэх асуудлаар нийтийн сонсгол явуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч болон Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй 19 гишүүн гаргасан. Харин Улсын ерөнхий прокурорын газраас шалгаж байгаа /өнөөдрийг хүртэл хэргийг шалгах ажиллагаа үргэлжилж байгаа/ хэргийн талаар нийтийн сонсгол явуулах эрх зүйн үндэслэл байхгүй учраас уг хэргийн талаарх бодит мэдээллийг олон нийт ялгаж салгаж ойлгоогүй байна.

Тэгвэл Нийтийн сонсгол гэж юуг хэлээд байна вэ? 

Монголчуудын хувьд Нийтийн сонсгол тийм ч шинэ содон зүйл биш юм. Шинэ цагийн түүхэнд хар толбо болон үлдсэн 2008 оны долоодугаар сарын 1-ний үймээний дараа буюу 2009 онд Засгийн газар, УИХ-ын гишүүд, улс төрийн намууд, хүчний байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд оролцсон томоохон хэмжээний нээлттэй сонсгол болж байсан билээ. Энэхүү сонсголыг олон талын оролцоотой зохион байгуулсан нь нийтийг хамарсан үймээн самууны үед чухам юу болсныг том хэмжээгээр харах, олон нийтэд үнэн бодит мэдээлэл хүргэх боломж бүрдсэн юм.    

Түүнээс хойш буюу 2015 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж санаачлан Нийтийн сонсголын тухай хуулийг УИХ-д өргөн барьж батлуулснаар уг хууль 2016 оны эхний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн юм. 

Гэвч өнөөдрийг хүртэлх хугацаанд дээр дурдсан хоёр удаагийн тохиолдлоос өөрөөр Нийтийн сонсгол зохион байгуулагдах нь бүү хэл яригдсан нь үгүй.  

Харин iKon.mn сайт Нийтийн сонсголын тухай хуулийг “амь оруулах” санаачилга гаргаад байгаа билээ. Тодруулбал, хамгийн анхны НИЙТИЙН СОНСГОЛЫГ хүүхэд хамгаалал, хөгжлийн асуудлаар хийе хэмээн санаачилга гаргаад байгаа юм.

Тэр дундаа 2018 онд хүүхэд хамгаалал, хөгжлийн асуудлаар төсөвт тусгагдсан 6.4 тэрбум төгрөгийг хэрхэн зарцуулсныг Нийтийн сонсголын тухай хуульд заасан Төсвийн хяналтын чиглэлээр хэлэлцүүлэхийг зорьж байна.

Нийтийн сонсгол нь хуульд зааснаар дараах төрлүүдтэй:

  1. хууль тогтоох;
  2. ерөнхий хяналтын;
  3. төсвийн хяналтын;
  4. томилгооны;
  5. захиргааны хэм хэмжээний болон төлөвлөлтийн;
  6. орон нутгийн.

Тэгвэл хүүхэд хамгааллын талаар санал бодлыг нь сонсож, асуулт асууж, хариулт авах хэлбэрээр бус яагаад заавал НИЙТИЙН СОНСГОЛ зохион байгуулна гэж?

Учир нь Нийтийн сонсгол нь ардчилсан ёс, хууль дээдлэх, талуудын оролцоог тэгш хангах, иргэний мэдэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хангах, үр нөлөөтэй байх зарчмыг баримтлах учраас хүүхэд хамгаалал, хөгжлийн асуудлаар НИЙТИЙН СОНСГОЛ хийх нь бүх нийтийн эрх ашигт нийцэж байгаа юм. 

Нийтийн сонсголын тухай хуульд сонсголыг нээлттэй, хаалттай хэлбэрээр зохион байгуулах бөгөөд хувь хүн, байгууллага, төрийн нууцад хамаарах болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотойгоос бусад асуудлаар сонсголыг хаалттай явуулахыг хориглоно хэмээн заасан байдаг. 

Дахин сануулахад, iKon.mn сайт хүүхэд хамгаалал, хөгжлийн асуудлаар Төсвийн хяналтын сонсгол явуулъя гэдэг санаачилга гаргаад буй.

Тэгвэл энэ талаар Нийтийн сонсголын тухай хуульд:  

9.1.Улсын Их Хурал улсын төсвийн орлого ба зарцуулалттай холбоотой асуудлаар дараах тохиолдолд сонсголыг явуулна:

  • 9.1.1.Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хүсэлт гаргасан;
  • 9.1.2.Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй гишүүд хүсэлт гаргасан тохиолдолд сонсгол явуулна гэж заажээ. 

Бидний санаачлаад буй НИЙТИЙН СОНСГОЛ явуулах тухайд, 2018 онд хүүхэд хамгаалал, хөгжилд зарцуулагдах төсөв таван тэрбумаар нэмэгдэж, 6.4 тэрбум төгрөгөөр батлагдсан. Энэ хэмжээний төсвийг захиран зарцуулсан төрийн байгууллагын албан тушаалтнуудыг бүгдийг нь НИЙТИЙН СОНСГОЛД заавал байлцуулж, тайланг нь олон нийтэд танилцуулах нь бидний зорилго юм.   

Харин НИЙТИЙН СОНСГОЛД зайлшгүй оролцох ёстой ч тодорхойгүй шалтгаанаар очоогүй бол хариуцлага тооцох дараах хэлбэрүүд байдаг аж.

Үүнд: 

Улсын Их Хурлаас зохион байгуулах сонсголд холбогдох албан тушаалтан сонсголын асуудлаар хариу тайлбар гаргаж өгөөгүй буюу мэдэгдэл хүргүүлсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр сонсголд ирээгүй бол түүнийг Улсын Их Хурлыг үл хүндэтгэсэн хэмээн үзэж хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ гэжээ. 

Түүнчлэн "Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ эсвэл энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ" гэж заажээ.