Индэр    
2018 оны 10 сарын 9
Зураг
iKon.mn сэтгүүлч

Хүүхэд хамгааллын асуудлаар НИЙТИЙН СОНСГОЛ хийхийг ААВ ГИШҮҮД ДЭМЖСЭЭР БАЙНА

Зураг
www.mpa.mn

Ikon.mn сайтын зүгээс дэвшүүлээд буй хүүхэд хамгаалал, хөгжлийн асуудлаар НИЙТИЙН СОНСГОЛ хийх санаачилгыг УИХ-ын гишүүд дэмжсээр байна.

Энэ удаад УИХ-ын гишүүн Б.Наранхүү, Х.Нямбаатар, С.Жавхлан нарын байр суурийг iKon.mn онцлон хүргэе.



С.Жавхлан: төр нь хэрэлдэж байхын оронд хүүхдээ хамгаалъя гэж ярьж байх ёстой


- Манай улс хүүхэд хамгаалал, хөгжлийн төсвөө энэ онд хамгийн ихээр буюу өмнөх оныхоос таван тэрбумаар нэмэгдүүлж, нийт 6.4 тэрбум төгрөгөөр баталсан. Үүнийг хэдийгээр ахиц гэж хэлж болох ч гадны нөлөөтэй, томчуудын хайхрамжгүйгээс эндсэн, бэртэж гэмтсэн хүүхдийн тоо буурсангүй. Тэгэхээр төсөв нь нэмэгдсэн ч хүүхэд хамгааллын ажил бодит үр дүнд хүрэхгүй байгаатай та санал нийлэх үү? 

Мөнгө амьдралыг шийдэхгүй. Хэдийгээр орчин цагт мөнгө бүхнийг шийддэг юм шиг харагдаж байгаа ч мөнгийг хүн л зарцуулдаг. 
Хүүхэд хамгааллын мөнгийг улсын төсөвт хэд дахин нэмж тавиад ч яагаад үр дүн гарахгүй байна вэ. Энэ нь нэг талдаа зохион байгуулалтгүйнх, нөгөө талдаа нийгмийн соён гэгээрүүлэлт, сурталчилгаа, сэрэмжлүүлгийн ажил хийхгүй, хийхийг хүсэхгүй байгаатай холбоотой. 

Дээрээ гүйдлээ олохгүй бол доороо суудлаа олохгүй гэдэг шиг. Томчууд нь арга ухаанаа олохгүй болохоор балчрууд нь хэцүүдэж байна. 

- iKon.mn сайт Хүүхэд хамгаалал, хөгжлийн асуудлыг онцгой анхаарах цаг болсныг сануулж, үүнд төсөвлөгдсөн хөрөнгийг хэрхэн зарцуулсанд үнэлэлт дүгнэлт хийх зорилгоор Нийтийн сонсгол зохион байгуулах санаачлага өрнүүлээд байгаа. Та бидний санаачилгыг дэмжих үү?  

- Дэмжилгүй яахав. Дандаа хэрүүл сонсоод энэ нийгэм залхаж байна шүү дээ. Төрийн хийх ёстой ажлыг танай байгууллага санаачилсан байна. Уг нь төр нь хэрэлдэж байхын оронд хүүхдээ хамгаалъя гэж ярьж байх ёстой юм

- Нийтийн сонсголыг хүүхэд хамгаалал, хөгжлийн асуудлаар хийе гэж байгаа ч нөгөө талдаа төсвийн үрэлгэн байдлыг ил болгох, дүгнэлт хийх ач холбогдолтой гэж бид харж байгаа. Ингэснээр төсвийн үрэлгэн байдалд хяналт тавьж чадах уу?  

- Ард түмэн анзаарсан байх. Төсөв мөнгө хэлэлцэнгүүд энэ гишүүд улайнд шавсан хэрээ шиг болчихдог. Тэгэхээр энд дураараа идэж уудаг сайхан бэлэн юм байдаг байх нь.

Энэ дээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, түмэн олон үргэлж хяналт тавьж байх ёстой. Олон түмний хөлс хүчээ өргөсөн татварын мөнгийг хий займчуулаад байна. Тиймээс иргэд сонор сэрэмжтэй байх ёстой. Буруу зарцуулж байгаа дээр нь хяналт тавих ёстой. Энэ зөв санагдаж байна. 



Б.Наранхүү: Сонсгол явуулаад сайжирчихдаг бол хэд хэдэн сонсгол явуулъя


- Манай улс хүүхэд хамгаалал, хөгжлийн төсвөө энэ онд хамгийн ихээр буюу өмнөх оныхоос таван тэрбумаар нэмэгдүүлж, нийт 6.4 тэрбум төгрөгөөр баталсан. Үүнийг хэдийгээр ахиц гэж хэлж болох ч гадны нөлөөтэй, томчуудын хайхрамжгүйгээс эндсэн, бэртэж гэмтсэн хүүхдийн тоо буурсангүй. Тэгэхээр төсөв нь нэмэгдсэн ч хүүхэд хамгааллын ажил бодит үр дүнд хүрэхгүй байгаатай та санал нийлэх үү? 

Төсөв нэмэгдээд үр дүн гарахгүй байгаа бол энэ нь мөнгөтэй холбоогүй байна гэж ойлгож болох нь, тийм үү. Тэгвэл хэрэгжүүлж байгаа байгууллагууд нь илүү сайн анхаарч, сэтгэл гаргаж ажиллах хэрэгтэй

Ер нь хүүхдээ хамгаална гэдэг бүх хүний үүрэг. 

- iKon.mn сайт Хүүхэд хамгаалал, хөгжлийн асуудлыг онцгой анхаарах цаг болсныг сануулж, үүнд төсөвлөгдсөн хөрөнгийг хэрхэн зарцуулсанд үнэлэлт дүгнэлт хийх зорилгоор Нийтийн сонсгол зохион байгуулах санаачлага өрнүүлээд байгаа. Та бидний санаачилгыг дэмжих үү? 

- Сонсгол явуулаад сайжирчихдаг бол хэд хэдэн сонсгол явуулъя.



Х.Нямбаатар: Өмнө нь нуугдмал байсан хүүхэд хамгааллын зөрчлүүд ил болж байна


- Манай улс хүүхэд хамгаалал, хөгжлийн төсвөө энэ онд хамгийн ихээр буюу өмнөх оныхоос таван тэрбумаар нэмэгдүүлж, нийт 6.4 тэрбум төгрөгөөр баталсан. Үүнийг хэдийгээр ахиц гэж хэлж болох ч гадны нөлөөтэй, томчуудын хайхрамжгүйгээс эндсэн, бэртэж гэмтсэн хүүхдийн тоо буурсангүй. Тэгэхээр төсөв нь нэмэгдсэн ч хүүхэд хамгааллын ажил бодит үр дүнд хүрэхгүй байгаатай та санал нийлэх үү? 

Төсөв мөнгө салбаруудад нэмэгдэж байна гэдэг нь тухайн салбарт төр өөрийнхөө бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор хөрөнгө оруулалттаа нэмэгдүүлж байна гэсэн үг. 

Хүүхэд хамгааллын асуудал сүүлийн үед анхаарлын төвд байна. Мэдээлэл олны хүрээнд ил тод болоод ирэхээр хүүхэд хамгааллын зөрчлүүд, статистик тоо баримтууд илүү нээлттэй, зөрчил дутагдлууд ил тод болж байгаа нь сайн тал. Урьд нь дарагдмал нуугдмал байсан хүүхэд хамгааллын зөрчлүүд ил болж байна. 

Манай улсад хүүхэд хамгааллын чиглэлээр батлагдсан хууль тогтоомжууд жилээс жилд нэмэгдэж байгаа. Гэхдээ хэрэгжүүлж байгаа бодлого маань байгаа онож байна уу үгүй юу гэдгийг бодох ёстой. 

Хүүхэд хамгааллын асуудлын салшгүй нэг хэсэг бол хүүхдийн сурч боловсрох эрх зөрчигдөж байгаа явдал. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт нэг том зорилт тавьсан.  Бүх сургуулийг хоёр ээлжтэй болгоно, цэцэрлэгийн насны нийт хүүхдийн 88 хувийг цэцэрлэгт хамруулна гэсэн зорилт.  Харамсалтай нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар  хийгдэх төсөл хөтөлбөрүүд, худалдан авах ажиллагаа сайн хэрэгжсэнгүй. Энэ нь эргээд хүүхдийн сурч боловсрох эрхийг хөндөж байна гэсэн үг. 

Мөн гэр бүлийн хүчирхийлэл бидний хувьд том асуудал болоод байгаа. Хүчирхийлэлтэй тэмцэхийн тулд Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тухай хууль, тусгай дугаар, олон нийтийн нөлөөллийн байгууллагууд, зан үйлийн сургалт гээд олон цогц арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.

Гэхдээ энэ нь ЕБС-д сурч байгаа хүүхдэд зан төлөв, хүмүүжлийн суурь олгох тал руугаа илүүтэй явах ёстой. Тэд маань дараагийн ээж, аавууд. Төлөвшлөө олоогүй хүүхдүүд өсөж том болоод бүгд аав, ээж болно. Тэгэхээр энэ тал дээр нэлээд анхаарах ёстой санагддаг.  Ирээдүйн эцэг,  эхчүүдийг бид бэлдэж байж, гэр бүлийн хүчирхийлэл гэдэг зүйлээс ангид байж чадна.  Одоо ЕБС, цэцэрлэгүүд хүүхдийг хүн болгож хүмүүжүүлэх асуудал руу илүү анхаарах цаг болсон гэж бодож байна. 

- iKon.mn сайт Хүүхэд хамгаалал, хөгжлийн асуудлыг онцгой анхаарах цаг болсныг сануулж, үүнд төсөвлөгдсөн хөрөнгийг хэрхэн зарцуулсанд үнэлэлт дүгнэлт хийх зорилгоор Нийтийн сонсгол зохион байгуулах санаачлага өрнүүлээд байгаа. Та бидний санаачилгыг дэмжих үү? 

- Дэмжиж байна.  

- Нийтийн сонсголыг хүүхэд хамгаалал, хөгжлийн асуудлаар хийе гэж байгаа ч нөгөө талдаа төсвийн үрэлгэн байдлыг ил болгох, дүгнэлт хийх ач холбогдолтой гэж бид харж байгаа. Ингэснээр төсвийн үрэлгэн байдалд хяналт тавьж чадах уу?  

- Төсвийг ерөнхий болон шууд захиран зарцуулах эрх бүхий субьектүүдийн үйл ажиллагаа ил тод нээлттэй, шилэн байх ёстой. Бид улсын төсөв гэж жил болгон маш их бухимдаж баталдаг. Аж ахуйн нэгж байгууллагуудын хүч хөдөлмөрөөр хэдэн төгрөгийн төсөв бүрддэг. Бүрдсэн төсвөө бүх салбартаа оновчтой түгээн зарцуулах бодлого баримталдаг. Харамсалтай нь улсын төсвийн хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрүүд маань үрэлгэн, үр дүнгүй, тооцоо судалгаагүй явагдаж байна. Энэ дээр анхаарах ёстой. Тиймээс ч хүүхэд хамгаалал, хөгжлийн төсвийн хяналтын нийтийн сонсгол хийхийг бүрэн дэмжиж байна.