Зураг
Зураг
Индэр    
2018 оны 10 сарын 2
Зураг
iKon.mn сэтгүүлч

ТАНИЛЦ: Тээгч эхтэй холбогдох харилцааг зохицуулах Монгол Улсын анхны хуулийн төсөл

Зураг

Тээгч эх, өндгөн эсийн донортой холбогдох харилцааг зохицуулах анхны /Монгол Улсын/ хуулийн төслийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх гэж байна. 

Одоогийн нөхцөлд Монгол Улсын хүн амын дунд үргүйдлийн тархалт 8-15 хувьтай байгаа гэхээс өөр үргүйдэлтэй холбоотой нарийн тодорхой тоо баримт, мэдээлэл хомс,  иргэдийн дунд үргүйдлийн талаар ойлголт бага, хаалттай эмзэг сэдэв байсаар байгаа юм.

Түүнчлэн хууль санаачлагчдын зүгээс олон мянган залуу гэр бүлийн тулгамдсан асуудал болоод буй үргүйдлийг эмчилгээг урт хугацаанд хийлгэх шаардлагатайн дээр өндөр өртөгтэй байдаг талаар “Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай” хуулийн төслийн танилцуулгад дурджээ. 

Тиймээс манай улсад хийгдэж буй үргүйдлийн эмчилгээний төрөл, үр дүн болон хуулийн төслийн гол, онцлох заалтуудыг хүргэхээр бэлтгэлээ.

"Үр шилжүүлэн суулгах эмчилгээ хамгийн түгээмэл байна"
 

Үргүйдлийг эмчлэх чиглэлээр түгээмэл хийгдэж буй эмчилгээ, тэдгээрийн үр дүнгийн талаар "Өөжинмед" үр шилжүүлэн суулгах төвийн эмэгтэйчүүдийн эмч Б.Цогзолмаатай ярилцлаа.

-Үргүйдлийг эмчлэх чиглэлээр түгээмэл хийгдэж буй эмчилгээний талаар мэдээлэл өгөөч?

-Энэ төрлийн эмчилгээ үндсэн гурван чиглэлээр явж байна. Эмчилгээ хийхдээ үргүйдлийн нөхцөл шалтгаан, хосуудын санал гээд олон нөхцөл байдлыг үндэслэдэг. Эхний ээлжинд байгалиараа жирэмслэхэд нь туслах арга буюу бэлгийн харьцааг товлох аргыг зөвлөдөг. Хоёрт нь ямар шалтгаанаас үүдэлтэй вэ гэдгээс хамаараад эр бэлгийн эсийг угааж цэвэрлэн умайн хөндийд цацах аргыг хэрэглэдэг. Гуравдугаарт эр эм бэлгийн эсийг лабораторийн орчинд үр хөврөл болгоод умайд суулгах буюу үр шилжүүлэн суулгах аргыг хэрэглэж байна. 

Одоогийн байдлаар манай эмнэлэгт нийт жирэмсний 658 тохиолдол байгаагийн 556 нь үр шилжүүлэн суулгаж, 60 хүн цацлагын аргаар, бэлгийн харьцаа товлох болон дааврын эмчилгээгээр 40 хүн жирэмслээд байна. 

Үүнээс гадна тээгч эхээр хүүхэдтэй болсон хэд хэдэн тохиолдол бий.

-Үргүйдлийг зөвхөн эмэгтэйгээс шалтгаалдаг гэх түгээмэл ойлголт нийгэмд байдаг. Тэгвэл үргүйдлийн хэдэн хувь нь эмэгтэй эсвэл эрэгтэй талаас шалтгаалсан талаар судалгаа байдаг уу?

-АШУҮИС манай эмнэлэгтэй хамтраад 2016 онд баруун, зүүн, хангай, төвийн бүс болон Улаанбаатарын гурван дүүргийг хамруулан үргүйдлийн шалтгааныг тодруулах судалгааг хийж, 2017 онд үр дүнг нь эмхэтгэн гаргаад байна. Судалгааны дүнгээр нийт үргүйдлийн 55.2 хувь эмэгтэй талаас, 35.9 хувь эрэгтэй талаас шалтгаалсан болох нь тогтоогдсон. Үлдсэн 8.9 хувийнх нь шалтгаан тодорхойгүй байна. 

-УИХ-аар "Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай" хуулийг хэлэлцэх гэж байна. Дээр дурдсан эмчилгээний аргуудыг хэрэглэх явцад хууль, эрхзүйн талаасаа ямар зохицуулалтууд шаардлагатай байдаг вэ?

-Хууль, эрх зүйн зохицуулалт байхгүй учраас бид ирж байгаа хосууддаа албан ёсоор гэр бүл болоогүй байгаа тохиолдолд аль аль нь гэр бүлгүй, өмнө гэрлэж байсан бол гэрлэлтээ цуцлуулсан байхыг шаарддаг. Үүн дээр зайлшгүй зохицуулалт хэрэгтэй. 

Мөн донор, тээгч эхийн тухай асуудал дээр хуулийн зохицуулалт шаардлагатай. Өөрөөсөө өндгөн эс авах боломжгүй бол бид донор авахыг зөвлөдөг. Мөн умай тайрагдсан болон үр хөврөл хүлээж авах боломжгүй бүтцийн өөрчлөлттэй, эрхтэн тогтолцооны архаг суурь өвчний улмаас өөрөө тээх боломжгүй бол тээгч эх авах шаардлагатай болдог. Тээгч эхээр хүүхэдтэй болох тохиолдолд хүүхэдтэй болохыг хүсч буй тал болон тээгч эх аль аль нь ямар үүрэг хариуцлага хүлээх вэ гэдгийг бас хуулиар зохицуулах хэрэгтэй байна.



Дээр дурдсанчлан үргүйдлийг эмчлэхийн тулд тууштай эмчилгээ хийлгэх шаардлагатай бөгөөд хамгийн түгээмэл эмчилгээ болох үр шилжүүлэн суулгах эмчилгээгээр хүүхэдтэй болоход эмчилгээний зардал 8-9 сая төгрөг болдог аж.



Хуулийн төсөлд тусгагдсан гол ойлголт, онцлох заалтууд

Нөхөн үржихүйд туслахад Үр цацах, Үр шилжүүлэн суулгах, Тээгч эхээр хүүхэд тээлгэж төрүүлэх, Бусад шинжлэх ухааны туршигдсан аргыг хэрэглэх талаар хуулийн төсөлд заажээ. 

Дээр дурдсан арга тус бүр дээр ямар хуулййн зохицуулалт тусгагдсаныг танилцуулбал,

Үр цацах, үр шилжүүлэн суулгах аргыг ашиглах үед хүйс сонголт хийж болно

 

Үр цацах, үр шилжүүлэн суулгах аргыг ашиглах үеийн ерөнхий нөхцөл:

  • Гэрлэгчдийн үргүйдлийг эмчлэх эмчилгээний аргыг сонгохдоо талуудын бичгээр гаргасан зөвшөөрлийг үндэслэнэ.
  • Талуудын зөвшөөрлөөр үр цацах, үр шилжүүлэн суулгах аргыг ашиглах үед хүйс сонголт хийж болно.
  • Үр тогтоох чадваргүй нь тогтоогдсон тохиолдолд эмчлүүлэгчийн садангийн хүний зөвшөөрөлтэйгээр садангийн хүнийг эхний ээлжинд донор болгох, садан байхгүй эсвэл садангаас татгалзаж байгаа тохиолдолд бусдын бэлгийн эсийг тухайн хүний зөвшөөрөлтэйгээр донор болгон авч болно.
  • Бэлгийн эс, үр хөврөлийг эзэмшигч /эхнэр, нөхөр/-ийн нэг нь бэлгийн эсээ үр хөврөлдөө ашиглахаас өмнө болон ашиглах явцдаа эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон болон нас барсан тохиолдолд түүний гэрээслэлд зааснаас өөр зориулалтаар ашиглахыг хориглоно. Хэрэв хоёул эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон болон нас барсан тохиолдолд бэлгийн эс, үр хөврөлийг хуулийн дагуу устгана.
  • Ашиг олох зорилгоор хүний үр хөврөл болон бэлгийн эсийг хууль бус аргаар хүсэл зоригоос нь гадуур авах, хууран мэхлэх замаар үр шилжүүлэн суулгахыг хориглоно.

Бэлгийн эс  авах, үр хөврөл, түүнийг хадгалах,хөлдөөх, гэсгээж суулгах, устгах талаар:

  • Нэг донорын бэлгийн эсийг зөвхөн нэг удаагийн төрөлтөд ашиглахыг зөвшөөрнө.
  • Бэлгийн эс, өндгөн эс, үр хөврөлийг хадгалахдаа тухайн иргэний зөвшөөрлөөр тодорхой хугацаанд хөлдөөх аргыг ашиглана. Хөлдөөсөн бэлгийн эс ба үр хөврөлийг эмчлүүлэгчийн зөвшөөрлөөр үр шилжүүлэн суулгах ажилбарт ашиглана. 
  • Үр хөврөлийг анх үүсгэсэн зориулалтаас нь өөрөөр ашиглахыг хориглоно.
  • Хоёроос дээш хүний  генетикийн материалыг нэг үр хөврөл гарган авахад ашиглах,  донор хүний эсийг өөр хүний болон өөр төрлийн эстэй холих, зарах, хадгалах, үйлдвэрлэхийг хориглоно.
  • Бэлгийн эсийг үр шилжүүлэн суулгахаас бусад үйл ажиллагаанд  ашиг олох зорилгоор ашиглахыг хориглоно.
  • Бэлгийн эсийг болон үр хөврөлийг худалдаж авах, худалдахыг санал болгох, худалдах, ашиг олох зорилгоор экспортлох, импортлохыг хориглоно.

Донороос  бэлгийн эс  авахдаа,

  • Энэ хуульд заасны дагуу бэлгийн эс өгөх зөвшөөрлөө бичгээр гаргасан донороос түүний эрүүл мэнд, нэр хүндэд хохирол учруулахгүй аргаар бэлгийн эсийг авна.
  • Амьгүй донороос бэлгийн эсийг авахад  Донорын тухай хууль7-ийн  15 дугаар зүйлд заасныг баримтална.

Хэн тээгч эх байж болох вэ?

 

Эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр эрүүл мэндийн шалтгаанаар өөрөө жирэмслэх, ураг тээх, хүүхэд төрүүлэх чадваргүй нь тогтоогдсон эмэгтэйд тээгч эхээр дамжуулан хүүхэдтэй болохыг зөвшөөрнө хэмээн хуулийн төсөлд заажээ.

Тээгч эх болон тээлгэгч талын харилцааг зохицуулах хуулийн заалтууд:

  • Тээгч эхээр хүүхэд төлөөлөн төрүүлэх харилцааны захиалагч тал нь  зөвхөн гэрлэгчид  байх бөгөөд талууд  эрх зүйн бүрэн чадамжтай байна.
  • Захиалагч нь тээгч эх болох хүнийг хоёр талын садангийн хүнээс  тэргүүн ээлжинд сонгох бөгөөд тохирох хүн байхгүй тохиолдолд талуудын харилцан бичгээр үйлдсэн зөвшөөрлийн дагуу тээгч эхийг сонгоно. 
  • Тээгч эх нь хүүхдийг тээж эхэлснээс хүүхдийг төрүүлэн захиалагчид хүлээлгэн өгөх хүртэл тээгч эхийн үүргийг хүлээнэ. 
  • Тээгч эхийн үүрэг хүлээх хугацаанд бусад жирэмсэн эхийн адил нийгмийн халамж, үйлчилгээ авах, хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд тэгш эрхтэй байна.

Түүнчлэн  тээгч эх болох тохиолдолд доорх шаардлагуудыг хангасан байна:

  • Тээгч эх болохыг зөвшөөрсөн эмэгтэй нь 23-аас 35 хүртэлх настай, бие болон сэтгэцийн хувьд эрүүл болох нь эмнэлгийн байгууллагаар бичгээр нотлогдсон  байх;
  • Өөрийн төрүүлсэн нэгээс доошгүй хүүхэдтэй бөгөөд эрүүл өсөн бойжиж байгаа нь эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон байх; 
  • Тээгч эх болохыг сайн дурын үндсэн дээр зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байх;
  • Тээгч эх нь хуулийн дагуу гэрлэлтээ бүртгүүлсэн бол түүний нөхрөөс бичгээр зөвшөөрөл авсан байх;

Тээгч эхээр хүүхэд төрүүлэх харилцаанд хориглох зүйл:

  • Арилжааны зорилгоор хүүхэд тээх, тээлгэх;
  • Тээгч эх нь төлөөлөн тээх үүргээс гадна өндгөн эсийн донор байх;
  • Тээгч эх нь эрүүл мэндийн байгууллагын ажилтантай үгсэн хуйвалдаж, ургийг тээх явцад захиалагчийг хууран мэхлэх, нэмэлт нөхөн төлбөр шаардах;
  • Тээгч эх ургийг тээж байх явцад гэрээг захиалагчийн санаачлагаар цуцлах; 
  • Тээгч эхийн зүгээс хүүхдийг төлөөлөн төрүүлсэний дараа хүүхдийг барьцаалах, илүү нэмэлт төлбөр шаардах;
  • Тээгч эх хүүхдийг төлөөлөн төрүүлсний дараа хүүхдийг захиалагч эцэг, эхэд хүлээлгэн өгөхөөс татгалзах;
  • Талууд нь төрүүлэх хүүхдийн хүйсийг урьдчилан тохиролцох;
  • Хүүхэд ямар нэг төрөлхийн гажигтай эсхүл удамшлын өвчин эмгэгтэй байх, төрсөн хүүхэд таалагдахгүй байх зэрэг шалтгаанаар захиалагч тээгч эхээс хүүхдийг авахаас татгалзах, орхих, хаях;
  • Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын иргэнээр хүүхэд тээлгэх, тээгч эх болохыг хориглоно.

Үргүйдлийн үр дагавар зөвхөн гэр бүлийн асуудлаар хязгаарлагдахгүй ба тухайн улс орны хүн амын өсөлт, улмаар нийгэм, эдийн засагт сөргөөр нөлөөлдгийг хууль санаачлагчид хуулийн танилцуулгад дурджээ.

Түүнчлэн үргүйдэл нь стресс, сэтгэл гутрал зэрэг сэтгэлзүйн асуудлаас гадна гэр бүлийн хүчирхийлэл, салалт зэрэг нийгмийн сөрөг асуудал үүсгэх аюултай байдаг.

Ямар нэгэн зохицуулалтгүй явж ирсэн өндгөн эсийн донор болох, тээгч эхтэй холбогдох харилцааг зохицуулах хуулийн төсөл УИХ-ын Намрын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан бөгөөд энэ Лхагва гарагт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх нь.

Хуулийн төсөл болон дагаж гарах журмын төслүүдийг бүрэн эхээрээ.

Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөл

Донор бэлгийн эсийг эмчилгээнд ашиглах журмын төсөл

Үр шилжүүлэн суулгах эмчилгээнд тээгч эх ашиглах, харилцааг зохицуулах журмын төсөл