Индэр    
2018 оны 9 сарын 20
Зураг
iKon.mn сэтгүүлч

WINTER IS COMING...

Зураг

Улаанбаатар хотын агаарын бохирдлын 80 хувийг бүрдүүлэгч эх үүсвэр болох гэр хорооллын 215,000 өрх галаа өрдөж эхэллээ. Цахилгаан станцууд ч орон сууцны халаалтыг есдүгээр сарын 15-наас өгснөөр үндсэндээ хүйтний улирал эхэлсэн.

Жил бүрийн халаалтын улирал эхлэхтэй зэрэгцэн агаарын бохирдол огцом нэмэгддэг тул өвөл нийслэлчүүдийн хувьд айдас түгшүүр, сэтгэл зовнил дагуулдаг болсоор удлаа. Утааг бууруулахаар үе үеийн Засгийн газар, нийслэлээс олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсээр ирсэн ч үр дүн алга. 

Нэгэнт утааг арилгаж чадахгүй байгаа тул агаарын бохирдол, хүйтнээс үүдэлтэй өвчлөлөөс өөрийгөө, гэр бүлийн гишүүдээ хамгаалах нь хамгийн зөв шийдэл болоод байна. Тиймээс иргэд эрүүл мэндээ хэрхэн хамгаалах болон гэр, байшингаа дулаалах талаар зөвлөгөө, мэдээллийг бэлтгэлээ.

"Хичээлийн улиралд өөрчлөлт оруулахгүй бол цаашид уушгины өвчлөл буурахгүй"
 
Гэрэл зургийг mpa.mn

Харшлын улирал наймдугаар сарын сүүлээр дөнгөж дуусмагц амьсгалын дээд замын үрэвсэлт өвчлөл огцом нэмэгдсэнийг "Улаанбаатар Сонгдо" эмнэлгийн Дотрын тасгийн эрхлэгч, уушгины эмч Н.Наръяа хэллээ.

Тэрбээр "Энэ жилийн хувьд харшлын улирал удаан үргэлжилж, маш олон хүн өртсөн. Ингээд иргэдийн биеийн эсэргүүцэл сул хэвээр байтал хүйтний улирал эхэлж, амьсгалын дээд замын үрэвсэл их эрт сэдэрч байна. Түүнчлэн вирусийн дэгдэлтүүд олон улсын хэмжээнд эрт эхэлж, тархалт ихтэй байна гэх таамаглал гараад байгаа. 

"Улаанбаатарт удаан амьдарсан хүмүүсийн өвчлөлийн хэлбэр хүнд, эмчилгээний үр дүн ч тааруу байдаг"

Манай иргэдэд түгээмэл тохиолддог амьсгалын дээд замын үрэвсэлт өвчлөл, уушгины өвчлөл нь хүйтэн цаг агаар болон агаарын бохирдолтой шууд холбоотой. Улаанбаатар хотод удаан хугацаагаар амьдарсан хүмүүсийн амьсгалын замын өвчнөөр өвчилж буй байдал нь хотод суурьшаад удаагүй хүмүүстэй харьцуулахад ялгаатай байдаг. Хотод удаан амьдарсан хүмүүсийн хувьд өвчлөлийн хэлбэр хүнд, эмчилгээний үр дүн ч тааруу байгаа. 

Бас нэг санаа зовоож буй асуудал бол хүүхдийн эмийн хэрэглээ. Өвлийн улиралд бараг бүх хүүхэд ханиад хүрч, эм уухаас аргагүй болж байна. Тэгэхээр хүүхдээ хүйтэнд аль болох гадуур авч явахгүй, хол зөөхгүй байх шаардлагатай.

Тиймээс өвлийн эд хүйтнээр сурагчдыг амраах санаачилгыг би эмчийн хувиар 100 хувь дэмжиж байгаа. Хичээлийн улиралд өөрчлөлт оруулахгүй бол цаашид уушгины өвчлөл яагаад ч буурахгүй" гэдгийг хэлж байсан юм. 

ЗӨВЛӨГӨӨ:

Манайхан шиг хоолойн өвчлөл, амьсгалын дээд замын архаг үрэвсэл ихтэй ард түмний хувьд хүйтэн улирал өвчлөлийг сэдрээх гол хүчин зүйл болдгийг Н.Наръяа эмч хэлж байсан юм. 

Хүйтэн болон агаарын бохирдолтой үед амьсгалын замын өвчлөлөөр өвчлөхгүй байхын тулд доорх энгийн зөвлөмжийг дагах шаардлагатайг эмч зөвлөж байна.

  • Дур мэдэн эмчийн зөвлөгөөгүйгээр эм уухгүй байх. 
  • Дулаан хувцаслаж, шингэн зүйл уух /Шингэн уух зүйл нь халуун, бүлээн байх ёстой бөгөөд усыг дангаар нь уухаас татгалзаж, ядаж л үзэмний шүүс, С витамин уух хэрэгтэй/.
  • Биеийн ерөнхий дархлаагаа дэмжих зорилгоор өөрийн нас, биеийн онцлогт тохирсон витаминыг тогтмол уух.
  • Томуугийн вакцин хийлгэх /Амьсгалын замын өвчлөл нь хүндэрдэг бага насны хүүхдүүд болон байнга ханиалгадаг насанд хүрэгсэд/.
  • Цочир хүйтэн агаараас сэргийлэх зорилгоор ороолт, амны хаалт зүүж хэвших /Шууд хүйтэн агаараар амьсгалахаас зайлсхийх нь хоолойн үрэвсэл сэдрэхээс урьдчилан сэргийлнэ/.
  • Өвөл ид хүйтний улиралд хүүхдийг аль болох гадуур дагуулж явахгүй байх /Ингэхдээ хүүхдийг дааруулахгүй, агааржуулагчтай авто машин дотор тогтмол урт хугацаагаар зөөвөрлөхгүй байх шаардлагатай/.
Дотоод орчны агаар дахь РМ2.5 тоосны бохирдол гадаад орчны агаарын бохирдлоос шууд хамааралтай
 
Гэртээ агаар цэвэршүүлэгч хэрэглэдэг өрх /Гэрэл зургийг mpa.mn/

Гадна орчны агаарын бохирдол дорвитой буурахгүй байгаа одоогийн нөхцөлд дотоод орчны агаарын бохирдлыг бууруулах нь эрүүл мэндэд эерэг нөлөөтэйг эрдэмтэд тогтоожээ.

Тодруулбал, түүхий нүүрс түлсэн гэр, галладаг байшингийн дотоод орчны хүхэрлэг хий, азотын давхар ислийн дундаж агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр байдаг байна.

АШУҮИС-ийн НЭМС-ийн эрдэмтдийн 2016 оны 2-5 дугаар сард “ДОТООД ОРЧНЫ АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ ИНТЕРВЕНЦ СУДАЛГАА”-г хийжээ. 

Судалгаанд гэр хороололд байршилтай дөрвөн цэцэрлэгийг харуулахад дотоод орчны агаарт РМ2.5 тоосны бохирдлын дундаж түвшин хоногийн хүлцэх хэмжээнээс 1.9 дахин хэтэрсэн байжээ. Энэ нь хүүхдүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх түвшинд хүрсэн үзүүлэлт гэдгийг эрдэмтэд тайландаа дурдсан байв.

Дотоод орчны агаар дахь РМ2.5 тоосны бохирдол Улаанбаатар хотын гадаад орчны агаарын бохирдлоос шууд хамааралтай. Гадаад орчны агаар бохирдол ихтэй өдрүүдэд дотоод орчны агаарын бохирдол нэмэгдэж байжээ. 

Ингээд судалгааны үр дүнд НЕРА шүүлтүүртэй агаар цэвэршүүлэгч дотоод орчны агаар дахь РМ2.5 тоосны бохирдлыг 3.2 дахин бууруулж байгаа нь тогтоогдсон байна.

Хүн амьдралынхаа 90 орчим хувийг дотоод орчин буюу ажлын байр, гэрийн нөхцөлд өнгөрүүлж, дотоод орчны агаараар амьсгалдаг. Иймд гадна агаарын бохирдлоос дотоод орчны агаараа цэвэр байлгах нь таны болон гэр бүлийн гишүүдийн тань эрүүл мэндэд чухал нөлөөтэйг дээрх судалгааны үр дүнгээс харж болохоор байгаа юм.

"Дулаалгыг чанартай, сайн хийвэл нүүрсний хэрэглээ 40-50 хувиар буурах боломжтой"
 
Гэрэл зургийг MPA.mn

Гэр, байшингийн дулаалгыг чанартай, сайн хийвэл нүүрсний хэрэглээ 40-50 хувиар буурах боломжтойг мэргэжлийн хүн хэлж байна. 

Дулаан алдагдлыг хэрхэн багасгах, энэ нь ямар эерэг үр дүнтэйг "Гоё Дөлгөөн Өргөө" компанийн захирал, дулаалгын мэргэжилтэн Б.Оюунбаатараас тодруулсан юм. 

Тэрбээр "Иргэд "Манайх 64-ийн тоосгон ханатай, хана маань зузаан учраас дулаан алдагдал байхгүй" гэсэн буруу ойлголттой байдаг. Гэтэл тоосго бол дулаан тусгаарлах материал биш гэдгийг онцолж хэлмээр байна. 

Дулаан алдагдал нэвчилт, сийгэлт, туяаны гэсэн гурван хэлбэрээр явагдаж, байшин шал, хана, цонх, тааз хэсгээрээ дулаан алддаг. Хамгийн их дулаан алдагддаг хэсэг болох шаландаа хөнгөн блок дэвсэхэд л дулаан алдагдал 50 орчим хувиар буурах боломжтой. 

Дулаалгын материалын хувьд манайхан хөөсөнцрийг түгээмэл ашиглаж байна. Хөөсөнцөр дулаалгын материал мөн боловч эргээд физик шинж чанараараа байшинд үзүүлэх хор хөнөөл их. Тиймээс болж өгвөл базальт буюу эко хөвөн ашиглах нь тохиромжтой.

Харин монгол гэрт дулаан алдагдал туяаны хэлбэрээр явагддаг учраас гэрээ хөнгөн, зөөлөн материалаар гадна, эсвэл дотроос нь бүрэх нь тохиромжтой" хэмээн зөвлөлөө.

Агаарын бохирдлыг бууруулахын тулд Засгийн газар, Нийслэлээс юу хийж байна вэ?
 
Гэрэл зургийг Mpa.mn

2019 оны тавдугаар сарын 15-наас хот руу түүхийн нүүрс оруулахгүй байх Засгийн газрын шийдвэртэй холбогдуулан 600 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэх шаардлагатай бөгөөд үйлдвэрлэл удахгүй эхэлнэ хэмээн холбогдох албаныхан мэдээлээд байна.

Энэ жилийн хувьд,

  • СХД-ийн найман хороонд 80 мянган тонн сайжруулсан шахмал түлш болон коксжсон нүүрсийг түүхий нүүрстэй адил үнээр нийлүүлэх,
  • Орон сууц, гэр, байшингийн дулаан алдагдлыг бууруулах,
  • Автобусны янданд шүүлтүүр суурилуулах,
  • Гэр хорооллыг хэсэгчилсэн байдлаар дулааны сүлжээнд холбох гэх мэт ажлуудыг хийж, агаарын бохирдлыг 20 орчим хувиар бууруулахаар төлөвлөжээ.

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороон дээр Улаанбаатар хотод АИ-92, А-80 болон "евро-3" стандартаас доогуур дизель түлш зарахгүй байх, нийтийн тээврийн үйлчилгээний 1,000 орчим автобусны янданд шүүлтүүр тавих, 2019 оны тавдугаар сараас том оврын дизель машинуудыг хотын төвөөр зорчуулахгүй байх гэсэн саналууд яригдсан ч тодорхой шийдэлд хүрч чадахгүй байгааг хотын дарга НИТХ-ын ээлжит бус хурлын үеэр хэлсэн юм.

Улаанбаатарын ээлжит утааны улирал "албан ёсоор" эхэлж байна.