2018 оны 9 сарын 14
iKon.mn сэтгүүлч

Х.Булгантуяа: Залуус нь эрч хүчтэй, эвлэлдэн нэгдэж чаддаг улс хурдан хөгжинө

Азийн манлайлагч 21 залуугийн нэгээр шалгарсан Монгол Улсын Сангийн дэд сайд Х.Булгантуяатай уулзаж ярилцлаа. 

Түүнтэй Азийн манлайлагч 21 залуу хөтөлбөрийн талаар болон хувь хөгжлийн тухай хөөрөлдөв.

- Азийн залуу удирдагчдын хөтөлбөрт сонгогдсонд баяр хүргэе. Өмнө нь манайхаас бас хэд хэдэн залуу манлайлагч сонгогдож байсан байх аа?

- Баярлалаа. Өмнө нь энэ хөтөлбөрт УИХ-ын гишүүн А.Ундраа, Гадаад Харилцааны сайд Д.Цогтбаатар, "Deloitte-Onch" ХХК-ийн ерөнхий захирал Д.Ончинсүрэн гэх мэт Монголын улс төр, хувийн хэвшилд манлайлж буй  хүмүүс шалгарч байсан. 

Энэ хөтөлбөр нь өөрийн ажиллаж байгаа салбартаа манлайлж буй залуусыг хооронд нь танилцуулах, туршлагаа хуваалцах, хамтын ажиллагааг нь хөгжүүлэхэд чиглэгдсэн. Хөтөлбөрт хамрагдсан залуус мөн олон улсын мэргэжилтэн, манлайлагчидтай танилцах, суралцах боломжийг олгодог. Азийн залуу удирдагчдын хөтөлбөрт Америкаас олон залуус оролцдогийг бас хэлэх хэрэгтэй. Энэ нь Ази, Америк тивийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэгдсэн байдаг. Санхүүжилтийн хувьд оролцогчдын замын зардлаас эхлэн олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх гэх мэт бүхий л зардлыг Нью-Йоркт төвтэй Рокфэллер сан хэмээх олон улсын нэр хүндтэй сан гаргадаг. 

- Тантай хамт сонгогдсон залуучуудын талаар та сонирхож судалсан байх. Энэ тухай мэдээллээсээ хуваалцахгүй юу?

- Энэ онд сонгогдсон залуусаас онцолбол Австралийн парламентын хамгийн залуу гишүүн, Афганистаны эмэгтэйчүүдийн худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч, цахим орчны аюулгүй байдлын мэргэжилтэн, хүний эрхийн зөрчил ихтэй Азийн зарим орноос сэтгүүл зүйн салбарынхан, сонирхолтой төрийн бус байгууллагын төлөөллүүд, ер нь тухайн улс орон, өнөөгийн нийгэмд тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэхээр зориг шулуудан зүтгэж байгаа залуучууд сонгогдсон байна. Монголоос дараа дараагийн жилүүдэд старт-ап компаниас шалгарч оролцоосой гэж хүсэж байна. 

Өсөж яваа залуусын хувьд туршлагатай хүмүүсээс суралцах зайлшгүй шаардлага байдаг. 

Хөтөлбөрийн эхний шатны арга хэмжээн танилцахад чиглэгдсэн. Дараагийн шатанд алдартай бизнесмен, төрийн бус байгууллагын тэргүүнүүдийн лекцэд нь суух юм билээ. Өсөж яваа залуусын хувьд туршлагатай хүмүүсээс суралцах зайлшгүй шаардлага байдаг. 

 

- Энэ хөтөлбөрт оролцох өргөдлийг яагаад гаргах болсон бэ?

- Одоогийн ажил, албатай холбоотойгоор олон төрлийн хөтөлбөрт хамрагдах саналууд ирдэг ч оролцож чаддаггүй. Гэтэл өнөөгийн нөхцөлд 10-20 жилийн өмнө их сургуульд сурсан зүйлээрээ явна гэвэл хангалттай биш. Тиймээс цаг үетэйгээ хөл нийлүүлж алхаж, өөрөө өөрийгөө хөгжүүлэхэд тасралтгүй өөрийгөө сорьж, суралцаж, залуучууд, туршлагатай ахмад үеийнхнээс үндэстэн хамаарахгүйгээр уулзаж санал бодлоо солилцож, мэдлэг, мэдээлэл, туршлагаа ахиулж байх ёстой. Тиймээс ч уг хөтөлбөрт хамрагдахыг хүссэн.   

Миний хувьд ажлынхаа хажуугаар хэд хэдэн төрийн бус байгууллагад харьяалагддаг.  Төрийн бус байгууллагад ажилладаг, харьяалагддаг хүмүүс сайн мэднэ дээ. Өөрийн хүсэл эрмэлзлээрээ цаг зав, мөнгө санхүү, мэдлэг, чадвараа дайчлан ажиллаж байхад заримдаа тэр хүсэл эрмэлзэл маань дарагдчих гээд байдаг. Хэвлэлээр гарч буй цочирдмоор мэдээ, улс төрийн намууд, улс төрчдийн байдлыг хараад “Сайхан үе миний үед ирэх болов уу даа" гэсэн бодол төрөх үе ч бий. 

Ийм үед хүсэл эрмэлзэлтэй залуустай уулзаж туршлага судалж урам зориг "цэнэг" авах ёстой.   

Хонгилын үзүүр дэх гэрлийг байн байн, дахин дахин харж байх хэрэгтэй учраас л оролцохыг хүссэн. 

Хүний эрх зөрчилтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх хязгаарлагдмал, баялгийн тэгш бус хуваарилалт ихтэй гэх мэт бүс нутгийн улс орнуудад ижил төстэй удаан хугацаанд шийдвэрлэж чадахгүй байгаа асуудлууд их. Сүүлийн үед цахим аюулгүй байдал, старт апыг дэмжих бодлого гэх мэт шинэ шийдвэрлэх асуудлууд ч бүс нутагт их байгаа.  Бидний өмнө тулгамдаж байгаа асуудлыг хэдийнээ шийдсэн улс орнууд ч байгаа.  Тэдний туршлагаас хуваалцах боломж, бололцоо байх болов уу гэж найдаж байна. 

- Урам зориг авах, туршлага хуваалцах нь таны гол зорилго гэлээ. Тухайлбал ямар асуудлаар бусад орны туршлагаас судалж, манай улсын хувьд тулгамдаад байгаа ямар асуудлын гарцыг олох болов уу гэж найдаж байгаа вэ?

- Монголчуудыг тэр дундаа Улаанбаатарчуудыг хамгийн их бухимдуулж байгаа асуудал бол агаарын бохирдол. Агаарын бохирдлыг бууруулахад улсын төсвөөс ихээхэн санхүүжилт шийдэж шөнийн тарифыг хөнгөвчилж, дэд бүтцийг сайжруулж, сайжруулсан түлшээр Улаанбаатарыг 100% хангах гээд олон ажлын заримыг аль хэдийн хэрэгжүүлж заримыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна. 

Сүүлийн 10 жилд агаарын бохирдол улам л нэмэгдээд байгаа гэж би хардаг. Тиймээс ээж хүний хувьд өвөл болж утаа ихсэхэд өөрийн эрхгүй бухимдаж, хүүхэд өвдөх бүрт төр засагтаа гомдож энэ асуудалд яаралтай ахиц гараасай боддог. Дорвитой ахиц яаралтай гарахгүй бол аль ч намын үед би аав, ээж нартайгаа нийлээд жагсахад бэлэн.  

Агаарын бохирдлыг шийдвэрлэхэд ганцхан шийдэл гэж байхгүй. Богино хугацаанд сайн түлшээр хангах, шөнийн тарифыг хөнгөвчлөх, муулж байгаа ч гэсэн зуухны чанарыг сайжруулах нь олон улсад үр дүнтэй болох нь батлагдсан.

Үүний хажуугаар урт хугацаанд орон сууцжуулах, ингэхийн тулд ипотекийн зээлийн нөхцөл, хүртээмжийг сайжруулах, иргэд хамрагдахыг Улс орон бүрт цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалаад агаарын бохирдол өөр өөр байдаг ч нэг түгээмэл илрэл нь хот суурин бий болж, хөгжих явцад агаарын бохирдол бий болдог. Тэгэхээр хөгжлийн явцад бий болсон агаарын бохирдлыг яаж шийдвэрлэсэн юм бэ гэдэг нь миний хувьд маш сонин асуудал. 

Залуус нь эрч хүчтэй эвлэлдэн нэгдээд асуудлыг шийдвэрлэхээр зүтгээд эхэлбэл аливаа улс амархан хөгжинө гэх ойлголт байдаг

- Та түрүүн  төрийн бус байгууллагад ажиллах хэцүү гэж хэлж байсан. Төрийн бус байгууллага болон эвлэлдэн нэгдэхийн ач холбогдол нь юу юм бэ?
- Монгол залуус өмнөө тулгамдаж байгаа асуудлыг олж харж чаддаг ч эвлэлдэн нэгдэж, шийдвэрлэх гэхээр яаж нэгдэхээ мэддэггүй. Тиймээс хөтөлбөрийн үеэр төрийн бус байгууллага байгуулж эвлэлдэн нэгдээд амжилттай ажиллаж байгаа залуусыг бас монголынхоо залуустай холбох үүрэг хүлээж байгаа гэж ойлгож байна. Ер нь залуус нь эрч хүчтэй эвлэлдэн нэгдээд асуудлыг шийдвэрлэхээр зүтгээд эхэлбэл аливаа улс амархан хөгжинө гэх ойлголт байдаг.  Бидний хүсэж буй хөгжлийг ч хурдасгах боломжтой шүү дээ. 

- Таны хувьд маш завгүй ажилтай, бага насны хүүхдүүдтэй ээж хүн. Үүн дээр спортын уралдаан тэмцээнд орж, өдөр бүр шахуу лекц семинарт оролцож харагдах юм. Энэ бүх ажлыг яаж амжуулж байна вэ?
- Ээж болох үеэс ээж бүр өөр өөрийн сонголтыг хийдэг. Миний сонгосон зам зөв эсэх талаар би хэлж мэдэхгүй. Хүүхдүүдтэйгээ хамт байх цагаас хумслан байж залуучууд, эмэгтэйчүүд рүү чиглэсэн үйл ажиллагаанд оролцож байгаагийн маань үр дүн гарах болов уу гэж байнга боддог. 

Би сайн эцэг, эхийн буянаар чанартай боловсрол эзэмшсэн. Үүнийгээ зөвхөн өөрийнхөө, гэр бүлийнхээ сайн сайхны төлөө бус, өндөр цалин авч, брэнд өмсөхийн төлөө биш, энэ нийгмийг сайн сайхан болгохын төлөө зориулах ёстой гэж боддог. Хүн өөртөө хэдий чинээ том зорилго тавина төдий чинээ эрч хүч, нөөц боломжоо гаргаад зүтгэдэг л юм байна. 

Зарим залууг харахад өдөр тутмынхаа амьдралд нухлагдаад мөрөөдөл нь жижиг, зорилго нь тодорхойгүй болчихсон юм шиг санагддаг.

Нөгөө талаас нь харвал, өнөөдрийн Монголын нийгэмд гэр бүлийн хоёр хүний нэг нь ажиллаж нөгөө нь гэртээ хүүхдүүдээ асарч, хүмүүжүүлээд нэгнийхээ цалингаар сайхан амьдарна гэдэг боломжгүй зүйл. Жирийн гэр бүлийн хүмүүс хоёулаа л зүтгэж байж сайхан амьдарна.

Миний хувьд ядардаггүй гэж хэлж чадахгүй. Гэхдээ ядралтаас гарах эрч хүчийг спорт надад өгдөг. Хүн өдөр бүр нүүрээ, шүдээ угааж, цэвэр хувцас өмсөх ёстой гэдэгтэй адил хүн бүр спортоор хичээллэх ёстой гэж би боддог. Миний хувьд долоо хоногт дор хаяж гурван удаа хөлсөө гартал гүйдэг. Гүйхээр ядрах биш харин ч стресс тайлагдаж, маш их эрч хүч авдаг. 

- Спортоор хичээллэхийг өдөр бүрийн дадал хэвшил болгохын ач холбогдлын талаар мэдээлэл өгөөч. Та хаанаас ийм дадал хэвшлийг өөртөө бий болгосон бэ?
- Намайг Америкт ахлах сургуулийн сурагч байхад хүн болгон спортоор хичээллэх ёстой гэж уриалдаг, шахдаг байсан. Дунд сургуульд хүүхдүүдийг бүх төрлийн спортоор хичээллүүлдэг байсан.  Олон төрлийн спорт дундаас би насан туршдаа хичээллэх, дуртай спортын төрлөө олж авах ёстой. Ингэснээр би насан туршдаа аль нэг спортоор хичээллэж, эрүүл байх үндэс суурийг олж авах жишээтэй. 

Дараа нь оюутан болоод Хятадад байх үед манай ангийн оюутнууд бүгд өглөө 6-7 цагт босоод гүйдэг байсан. Дунд сургуулиасаа спорт, дасгал хөдөлгөөний ач холбогдлыг мэдэрсэн хүмүүсийн хувьд энэ нь насан туршийн л дадал болдог юм байна. 

- Сүүлд триатлоны улсын аваргад та орж яваа харагдсан. 
- Тийм ээ. Би триатлоны тэмцээнд оръё гэж гурван жилийн өмнө бодож байсан. Өгий нуурын хажуугаар өнгөрөхөд тэмцээн болж байгааг хараад “Бэлдэж байгаад орно” гэж бодсон. Гэсэн ч дараа жил нь жирэмсэн байсан. Тэрний дараа жил нялх хүүхэдтэй байсан болохоор бэлдэж чадаагүй. Хүүхдээ ой гарантай болонгуут нь Цагаан сарын дараа аажим аажмаар бэлдэж эхэлсэн. 

Яг үнэнийг хэлэхэд би жаахан айж байсан ч бэлдэж байгаад улсын аваргадаа оролцсон доо. Намайг бэлдэж байсан дасгалжуулагч Уянга гээд эмэгтэй надтай адил гурван хүүхэдтэй. Тэгэхэд сая улсын аваргад хүрэл медаль аваад олон улсын тэмцээнд ороод ирж байна. 

Гэтэл зарим нэг нь хүнтэй суугаад хүүхэд гаргасан юм чинь юун тэмцээн, яаж бардаг юм гэдэг. 

Миний хувьд би өөрөө өөрийгөө том юманд сорьж триатлонд орохын тулд Өгий нууранд шөрмөс нь татаад живэхгүйн тулд, ямар ч байсан дуусгаад ирнэ гэдэг надад хангалттай амжилт гэж зорилт тавьсан.  

Ер нь спортоор хичээллэх нь хүнийг тэсвэр, хатуужилтай болгож, тууштай занг төлөвшүүлэх зэрэг олон давуу талтай.  Б.Бат-Эрдэнэ, Д.Сумъяабазар, А.Сүхбат аваргуудыг хараад байхад нэг зүтгэсэн асуудлынхаа ард гардаг юм шиг.  Хариуцлагатай байгаа нь ч ажиглагддаг. Энэ бүхнээс харахад спорт тэсвэр хатуужлыг өгсөн нь мэдрэгддэг юм. 

Спортоор хичээллэхийн давуу талыг ойлгож мэдэрсэн би гэдэг хүн хүүхдүүдээ ч бас спортоор хичээллүүлээд эхэлсэн. Спортоор хичээллэж биеэ эрүүл авч явахад суралцана гэдэг нэг том соёл. 12 настай охин маань спортод их дуртай болсон. Өөрөө өөрийгөө дайчлаад, бараг хоёр км амьсгаадахгүй сэлж чаддаг. 

Тэгэхээр спорт бол хүнд тэсвэр хатуужил суулгаж, аливаа зүйлийн ард гардаг чанарыг өгдөг. 

Тэсвэр хатуужилгүйгээр ямар ч салбарт амжилт гаргана гэж байхгүй шүү дээ.  

 

ikon.mn сайтын Редакцийн бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x