Зураг
Зураг
Индэр    
2018 оны 8 сарын 28
Зураг
iKon.mn сэтгүүлч

Гадаадад сурахаар шийдсэн бол өгөх ёстой ХЭЛНИЙ ҮНДСЭН шалгалтууд

Монгол залуучууд дэлхийн хөгжилтэй орнуудад, өндөр чанартай боловсрол эзэмшиж, нүд тайлахыг ихээр хүсэх болжээ. Үүний тулд тухайн улсын их дээд сургуулиудад хэлний чадвараа шалгуулах шаардлага тулгардаг. Тиймээс та аль оронд, ямар шалгалтыг, ямар түвшинд өгч байж дэлхийн чанартай боловсролыг эзэмших боломжтой талаар зөвлөгөөг бэлтгэлээ.

БНХАУ- HSK 
 

HSK бол Хятад хэлний түвшин тогтоох шалгалт юм. HSK шалгалт 6 түвшнээр ялгаж шалгалтаа явуулж байна. Түвшин бүр тодорхой тооны ханзны мэдлэгтэй байхыг шаарддаг.

  • HSК1 150 ханз
  • HSК2 300 ханз
  • HSК3 600 ханз
  • HSК4 1,200 ханз
  • HSК5 2,500 ханз
  • HSК6 5,000 ханз

Мэдээж түвшин бүрт тохирсон дүрмийн мэдлэгтэй байх хэрэгтэй. HSK 5 дугаар зэргийн шалгалтад өндөр оноо авснаар цаашид БНХАУ-д бакалавр болон магистрын түвшинд тодорхой хувийн тэтгэлгээр элсэн суралцах боломж нээгдэнэ.

HSK шалгалтыг ихэвчлэн тухайн улсын томоохон сургуулийн дэргэдэх Күнзийн институт дээр авдаг. Шалгалт бичгээр болон компьютерээр гэсэн хоёр хэлбэрээр явагддаг ч Монголд зөвхөн бичгээр авдаг. МУИС болон МУБИС-ийн дэргэдэх Күнзийн институтэд HSK шалгалтыг өгөх боломжтой юм байна.

БНСУ-TOPIK
 

TOPIK гэдэг нь Test of Proficiency in Korea буюу Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт гэх үгийн товчлол.

Шалгалтын зорилго нь олон улсад Солонгос хэл соёлыг түгээн дэлгэрүүлэх, БНСУ-ын их дээд сургуулиудад элсэн суралцах гадаад оюутнуудын хэлний мэдлэгийн түвшинг тогтооход оршино.

Нийтдээ 1-6-р  түвшинд үнэлэгдэх бөгөөд 4-өөс дээш түвшинд тэнцсэн тохиолдолд БНСУ-ын их дээд сургуульд 50-иас доошгүй хувийн тэтгэлэг хүртэх  мөн хэлний ангид суралцалгүй шууд үндсэн ангид элсэх боломжтой болох юм. БНСУ-ын ихэнх их дээд сургуулиуд Солонгос хэл дээр хичээлээ явуулдаг учраас англи хэлний оноогоор элсэх боломжтой сургуулиуд цөөхөн байдаг аж.

Монгол улсад жил бүрийн арваннэгдүгээр сард болон дөрөвдүгээр сард тус тус нэг удаа шалгалт явагддаг бөгөөд шалгалт эхлэх өдрөөс 3 сарын өмнө МУИС-ийн 2-р байрны 133 тоот өрөөнд бүртгүүлэх шаардлагатай. Хэрэв Улаанбаатар хотоос өөр газар шалгалт өгөхийг хүсвэл topik.go.kr хуудсанд зочлон мэдээлэл авах боломжтой юм.

Япон- JLPT
 

JLPT шалгалт нь Япон хэл сурдаг гадаад хүмүүст зориулсан олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн түвшин тогтоох шалгалт юм. Японд сургуульд сурах, ажилд ороход энэ шалгалтын сертификатыг шаарддаг байна. Дотроо N1, N2, N3, N4, N5 гэсэн 5 бүлэгт хуваагддаг. N5 хамгийн бага түвшин, N1 хамгийн дээд түвшинд тооцогдоно.

Японд их сургууль, мэргэжлийн коллежид суралцах хүсэлтэй бол N1, N2 түвшин,
Дадлагажигч ажилтан, үйлдвэрийн ажилтнаар явах бол N3, N4 түвшин шаарддаг байна.

Тус шалгалт нь Япон улсад жилд 2 удаа буюу 6, 12 дугаар сард болдог. Монгол Улсад жилд нэг удаа буюу зөвхөн 12 дугаар сард авдаг. Гэхдээ бүртгэл нь 3 сарын өмнөөс буюу 9 сарын эхний долоо хоногт Монгол-Японы төв дээр долоохон хоногийн хугацаатай болдог.

"Ном унших нь хэл сурах хамгийн үр дүнтэй арга"

Харин дэлхийн хэл болсон Англи хэлээр гадаад улсад суралцахад өгөх хэд хэдэн төрлийн шалгалтууд байдаг. Тиймээс бид энэ талаар Universal төвийн үүсгэн байгуулагч Н.Амаржин багштай ярилцаж, дараах зөвлөгөөг авлаа.

 

-Англи хэлээр элсэлт авдаг гадны их, дээд сургуулиудад ямар шалгалтууд өгөх ёстой байдаг вэ?

-Мэдээж үндсэн хоёр шалгалт нь  IELTS, TOEFL. Ихэнх их дээд сургуулиуд IELTS-н 6.5, TOEFL-н 79 оноог шаарддаг. Гадаад оронд сурах хүсэлтэй хүн энэ хоёр шалгалтын алийг нь ч өгсөн болно. IELTS, TOEFL шалгалтууд нь хоёулаа унших, бичих, ярих, сонсох гэсэн дөрвөн ур чадварыг шалгадаг. 

Энэ хоёр шалгалтын алийг нь өгөх вэ, аль нь амархан бэ гэж хүмүүс их асуудаг. Ихэнх хүмүүс IELTS-г амархан гэж хариулдаг. Гэхдээ аль нэг нь амархан гэхээсээ илүү тухайн хүний онцлогоос шалтгаална.

IELTS нь цаасан хэлбэрээр, танхимд сууж шалгалт авдаг. Харин TOEFL-г ихэвчлэн компьютер дээр онлайн хэлбэрээр өгдөг. Тухайлбал, ярианы хэсэг дээр хүнтэй нүүр тулж ярих нь амар байдаг бол IELTS өгсөн нь зүгээр. Эсвэл хүнтэй ярихаар сандардаг, компьютер дээр ирсэн ирсэн асуултад өөрөө түвэггүй хариулж чадна гэж бодож байвал TOEFL өгөх нь хялбар.

Мөн унших хэсэг дээр TOEFL-н ихэнх даалгавар тестээр, сонгох хэсгүүдтэй байдаг.  Харин IELTS-н унших хэсэг бичих, нөхөх, сонгох, хооронд нь холбох гэх мэт даалгавруудтай байдаг. Тэгэхээр хэрвээ шалгалт өгөх хүн тест бөглөхдөө сайн, авьяастай бол TOEFL-г сонговол зүгээр. Харин цаасан хэлбэрээр уншаад бөглөх нь амар байдаг бол IELTS.

Сонсох хэсэг дээр бүтнээр нь даалгавраа сонсочихоод хариулахад амар байдаг бол TOEFL. Харин сонсонгоо бичиж, хариулах нь амар байдаг бол IELTS. 

Бичих хэсгийн шалгалтад хоёулан дээр нь адилхан эсээ бичнэ. Гэхдээ IELTS-н бичих хэсгийн эхний даалгавар нь график, чарт, газрын зураг зэргийг хараад анализ хийж бичих даалгавар байдаг. Магадгүй график хараад ойлгодоггүй, хэцүү санагддаг бол TOEFL өгсөн нь зүгээр. Энэ мэтчилэн эдгээр асуултуудыг өөрөөсөө асууж байгаад аль нь өөрт илүү тохирохыг мэдэж байж шалгалтаа өгөх хэрэгтэй.  Монголд IELTS-г сард 2 удаа, TOEFL-г нэг удаа авч байна.

-Хүмүүс Америкт суралцах гэж байгаа бол TOEFL, Англи, Австралид суралцах бол IELTS өгнө гэсэн ойлголттой байдаг. Энэ талаар?

-Одоо улсаар нь хуваадаг ойлголт байхаа больсон. Тухайн сургуулийн шалгуураас шалтгаална. Америкийн ихэнх сургуулиуд одоо IELTS-н оноогоор элсэлт авдаг болсон. Сургуулийн вэбсайт дээр бүх зүйл тодорхой байдаг. Тиймээс хүмүүс сурах гэж буй сургуулиа эхлээд сайн судлах хэрэгтэй.

-Тэгвэл GRE, GMAT, SAT зэрэг шалгалтуудыг ямар үед өгөх вэ?

-SAT шалгалтыг АНУ-ын их, дээд сургуулийн бакалаврын түвшинд орох хүсэлтэй хүүхдүүд өгнө. Манай улсынхаар бол ЭЕШ-тай их ойролцоо юм. АНУ-ын шилдэг их, дээд сургуульд суралцахад SAT шалгалт өгсөн оноотой бол том давуу тал болно. Зарим том сургууль нь SAT оноог шаарддаг. Тэтгэлэг авахад, шилдэг их сургуульд ороход, цаашлаад ирээдүйд ажилд ороход хүртэл өндөр SAT оноо үнэтэй хувь нэмэр оруулдаг. Ганц АНУ төдийгүй дэлхий даяар хүлээн зөвшөөрдөг болсон. Тиймээс энэ давааг давсан тохиолдолд тэтгэлэг авах боломж 80 хувиар өснө.

SAT нь нийт 1,600 онооны шалгалт. Унших хэсэг 400, Дүрмийн хэсэг 400, Математик хоёр хэсэгтэй (тооны машинаар бодох, тооны машингүй бодох) 800 онооноос бүрдэнэ. Мөн сүүлийн хэсэгт эсээ бичих даалгавар сонголтоор орж ирдэг. Дэлхийн шилдэг их, дээд сургуулиуд нийт онооноос доод тал нь 1,400 оноо авсан байхыг шаарддаг. 

GRE шалгалт нь гадаадад магистр, докторын зэрэгт нийгмийн чиглэлээр суралцахаар төлөвлөж буй хүмүүст тохиромжтой. 

GMAT шалгалт нь Бизнесийн удирдлагаар магистрын зэрэгт суралцах гэж буй хүмүүс өгвөл давуу тал болно. Зарим менежментийн сургуульд GRE, GMAT хоёрын аль алийг зөвшөөрдөг тул аль нь өөрт илүү хялбар байна, түүнийг нь сонгох боломжтой. Шалгалтыг жилд дээд тал нь 5 удаа өгөх боломжтой. Олон улсын оюутнаас энэ хоёр шалгалтыг төдийлөн их шаардаад байдаггүй. Гэхдээ өгсөн бол тэтгэлэг авахад маш том давуу тал болно гэсэн үг. 

-Гадны их, дээд сургуулиудад элсэхийн тулд шалгалтаас өөр юу хэрэгтэй вэ?

-Мэдээж хэрэг гадаадад суралцахаар төлөвлөж буй оюутанд шалгалт бол нэг том даваа. Гэхдээ шалгалтаас гадна материал бүрдүүлэх зэргээс эхлээд шаардлагатай хэд хэдэн зүйлс бий.

  • Дипломын голч дүн - дор хаяж 3.0-оос дээш буюу В дүнтэй байж боломж нэмэгдэнэ
  • Нийгмийн идэвх (extracurricular activity) - Энэ зүйл яригдах нь бага байдаг. Гэхдээ гадны их сургуулиуд ганцхан хичээлдээ сайн байхыг хардаггүй. Тухайн суралцагч бусдын дунд ороод хэр идэвхтэй байж, сургуулийн нэр хүндийг нь улайлгахгүй авч явж чадахыг нийгмийн идэвхээс хардаг. Тиймээс болж өгвөл оролцсон арга хэмжээ, сайн дурын ажил зэргээсээ тодорхойлолт авч байх хэрэгтэй. 
  • Тодорхойлолтууд - Ялангуяа магистрт сурах хүмүүст зайлшгүй шаардлагатай. Ажил олгогч болон их сургуулийн багшаасаа тодорхойлолт авна. 
  • Эсээ (Essay) - Сургууль руу бичих эсээнээс чиний хэн бэ гэдэг харагдах ёстой.

-Сургуульд элсэх эсээний талаар дэлгэрүүлж ярихгүй юу?

-Монгол оюутнуудын эсээ бичихдээ гаргадаг түгээмэл алдаа бол уран сэтгэмж (creativity). Эсээ бичих талбар хязгаарлагдмал. Хүнд анхны сэтгэгдэл төрүүлэх боломж ганцхан. Тэгэхээр бакалавр, магистр алинд нь ч сургуульд элсэх эсээгээ бичихдээ "Сайн байна уу. Намайг ... гэдэг. Би танай сургуульд.." гэж бичвэл цааш нь үргэлжлүүлж уншихгүй. Аль хэдийн CV, анкет дээр байгаа зүйлсээ эсээндээ дахин бичиж алдаа гаргадаг.

Би танай сургуульд тохирно биш, танай сургууль надад тохирох уу гэсэн сэтгэхүйгээр эсээгээ бичих хэрэгтэй

Гадны сургуулиуд эсээндээ маш сонин асуултууд тавьдаг. Жишээлбэл, Чикагогийн Их Сургууль хамгийн сүүлд "Алим жүрж хоёрыг харьцуул" гэсэн асуулт асуусан байсан. Дэлхийг ус, агаар бүрдүүлдэг бол таныг юу бүрдүүлдэг вэ? Таны хувьд төгс зүйл гэж юу вэ? гэх мэтчилэн санаанд оромгүй сэдэв, асуултууд их сургуулийн элсэлтийн эсээнд ирдэг. Тиймээс асуултад хариулангаа өөрийгөө хэн бэ гэдгээ илэрхийлэх өвөрмөц эсээ бичих хэрэгтэй. Тодруулбал, эсээгээ эхлүүлэхдээ ямар нэгэн богино түүх, анекдотоор эхлүүл гэсэн бичигдээгүй хууль байдаг. Тэгвэл уншигчийн анхаарлыг татаж, цааш унших сэдлийг төрүүлнэ. 

Нэг жишээ дурдъя. Миний нэг суралцагч саяхан University of Pennsylvania-д элсэж орсон. Түүний эсээнд эхнээс нь дуустал майонезтэй талхны талаар ярьсан байсан. Тэр майонезийг тэр талхан дээр түрхэж, зүсэх нь ямар дахин давтагдашгүй зүйл гэдгийг илэрхийлэхдээ өөрийгөө ямар лаг, мундаг гэдгээ бичсэн байсан. Үүнийг л би creativity буюу уран сэтгэмж гээд байгаа юм. Аливаа зүйлийг өөр өнцгөөс харж чадаж байгаагаа харуулах юм. Би танай сургуульд тохирно биш, танай сургууль надад тохирох уу гэсэн сэтгэхүйгээр эсээгээ бичих хэрэгтэй. 

-Англи хэлийг анхан шатнаас нь суралцаж байгаа хүмүүст зөвлөгөө өгөөч.

-Англи хэл суралцагч нарын дунд хэдэн төрлийн хүмүүс байдаг. Үүнд:

  • 20 гарчихсан бол одоо сурна гэж байхгүй, өнгөрсөн
  • Сурах ч сонирхолгүй. Тэгсэн мөртлөө дэлхий дахинтай хөл нийлүүлж, гадагшаа явах сонирхолтой
  • Сурах маш их сонирхолтой. Хаанаас эхлэхээ мэдэхгүй.
  • Англи хэлний 26 цаг дээрээ гацчихсан хүмүүс 
  • Уншаад, сонсоод ойлгодог. Гэхдээ ярьж чадахгүй
  • Маш их үг мэддэг хэрнээ хэрэглэж чаддаггүй
  • Үг цээжлэх гэхээр толгойд ордоггүй гэх мэтчилэн олон төрлийн хүмүүс бий.

Тиймээс хүмүүс англи хэл сурахын тулд зорилгоо маш бодит тавих хэрэгтэй. Хэл сурна гэдэг маш удаан процесс. Гэнэт шийдээд л хамгийн хурднаар сураад л гадаад явчихъя, сургалтын төв дээр ирчихээд оноо амлах уу гээд л эхэлдэг. Гэхдээ хамгийн чухал нь "хэл сурах нь тухайн хүнээс өөрөөс нь л шалтгаална". Хамгийн сайн программаар шахаад, заагаад хүн өөрөө хичээхгүй, сурах сонирхолгүй бол хэцүү. Хэрэв англи хэлний чинь түвшин дундаас доогуур бол доод тал нь өөртөө 6 сар өгөх хэрэгтэй. Гадны их, дээд сургуульд элсэх процесс доод тал нь жил болдог. Эдгээрийг сайн ойлгох хэрэгтэй.

Өдөр болгон хичээлийг тогтмол давтаж байж сурдаг. Үүнтэй адил өдөр бүр англи хэлээр 15-хан минут ном унш. Хэсэг хугацааны дараа гайхалтай үр дүн мэдэгдэнэ. Заавал 15 минутаар хязгаарлагдахгүй, нэг цаг байсан ч болно. Гэхдээ өдөр бүр тогтмол, алгасахгүй унших хэрэгтэй. Ойлгохгүй байсан ч хамаагүй, толь бичиг харахгүй унш. Хүмүүсийн түгээмэл гаргадаг алдаа нь хэлийг орчуулж сурах гэдэг. Ном уншуулж байгаа нь нүд, чихийг нээж, аливаа зүйлийг давтах дадал өгнө. Миний хувьд ном унших нь хэл сурах хамгийн үр дүнтэй арга. Гэхдээ огт мэдэхгүй байж шууд том боть ном уншаад эхэл гэсэн үг биш юм.

-Таны хувьд ямар арга барилаар англи хэлийг заадаг вэ?

-Universal төв дээр англи хэлний бүх түвшний ангиуд байгаа. Манайд ирсэн ихэнх хүмүүс IELTS, TOEFL-н ангид суралцдаг. Энэ ангид сурсан сурагч нараа бид шалгалтад нь бэлдчихээд л хаячихдаггүй, цаашид их, дээд сургуульд элсэж ортол нь эсээн дээр нь тусалж, зөвлөгөө өгдөг. Мөн сурагчийн нийгмийн идэвхийг дэмжиж ажиллах үүднээс Монголын тусгай олимпын хороотой хамтарч ажиллаж байна. 

Харин анхан дунд шатны хүмүүст зориулсан дүрмийн ангийг гаргасан. Англи хэлэнд үндсэн 120 дүрэм байдаг. Энэ 120 дүрмийг тухайн суралцагчийн хичээл зүтгэлээс нь шалтгаалаад маш хурдан 6-8 долоо хоногт гүйцэт эзэмшүүлэх хөтөлбөрийг боловсруулж ажиллаж байгаа. Ер нь анхан дунд шатаас IELTS, TOEFL хүртэл маш эрчимтэйгээр 6 сар бэлдэх хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. 

-Ер нь англи хэлийг сургалтын төвд сурсан нь үр дүнтэй юу? Эсвэл гэртээ бие даагаад сурах боломжтой юу?

-Хүн хичээх юм бол хаана ч сурах боломжтой. Номын дэлгүүр ороод ямар нэгэн англи хэлний ном аваад гэртээ үз. Хүмүүс нэг ч ном эргүүлж харж үзээгүй байж аль ном нь сайн бэ гээд л эхэлдэг. Зүгээр ямар ч хамаагүй өөрт таалагдсан номоо уншаад, хийгээд үзэх хэрэгтэй. Дээр хэлсэнчлэн англи хэлээр ном унш, сонсголоо сайжруулъя гэвэл кино үз, подкастууд сонс. Ярих чадвараа сайн англи хэлтэй хүнтэй ярилцаж сайжруулж болно. 

Ядаж л фэйсбүүк, инстаграмаар дагадаг хуудсуудаа өөрчилж, англи хэлтэй холбогдолтой болгох хэрэгтэй. Хэл сурахын тулд амьдралын хэв маягаа тэр чигт нь өөрчлөх шаардлагатай болдог. Сургалтын төв бол хүмүүсийг чиглүүлж, зөв голдрилд нь оруулахад тусалдаг газар. 

-Ярилцсанд баярлалаа.