Зураг
Зураг
Индэр    
2018 оны 8 сарын 22
Зураг
iKon.mn сэтгүүлч

В.Бэрцэцэг: Урлагийн сэтгэл засал нь хүний асуудлыг гаргаад орхидоггүй, шийдэхэд нь тусалдаг

Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Европт хөгжиж эхэлсэн “Арт терапи” буюу урлагийн сэтгэл засал хэмээх мэргэжил манай улсад хөгжиж эхэлж байна. Тиймээс энэхүү мэргэжлийг хөгжүүлэхээр өөрийн хувь нэмрээ чамгүй зориулж буй Монголын Урлагийн Сэтгэл Заслын Мэргэжлийн Холбооны үүсгэн байгуулагч В.Бэрцэцэгтэй ярилцсанаа хүргэе. Тэрбээр холбооныхоо дэргэд Урлагийн сэтгэл заслын төв буюу Арт терапи төвийн үүд хаалгаа энэ сарын 24-нд албан ёсоор нээх гэж байгаа аж. 

-Сайн байна уу? Юун түрүүнд урлагийн сэтгэл засал буюу арт терапигийн талаар дэлгэрэнгүй  мэдээлэл өгөөч? 

-Урлагийн сэтгэл засал нь манай улсын хувьд шинэ ойлголт юм. Магадгүй та анх  удаа энэ үгийг сонсоод  дуу, дуулах, бүжиглэх, зураг зурах, бүтээл хийлгэдэг хүн бүр хийж болох юм шиг санагдаж болох юм.  Гэвч энэ мэргэжил маань өөрөө маш өвөрмөц, сонин мэргэжил. Өөрөөр хэлбэл хүнээс маш нарийн мэдрэмж, ур чадвар, мэдлэг,  туршлага шаарддаг. 

Урлагийн сэтгэл засал нь хүнд үгээр хэлж, тайлбарлахад хүндрэлтэй, бэрхшээлтэй асуудлыг урлагийн хэрэгслүүдийн тусламжтайгаар илэрхийлж асуудлынхаа мөн чанарыг ойлгох, гарах гарцаа тодорхойлох, даван туулах чадвараа нэмэгдүүлэх, өөр асуудалд өртөхөөс урьдчилан сэргийлэхэд тусалдаг мэргэжил юм. 

-Анх энэ мэргэжил нь хэзээ, хэрхэн үүсэж хөгжиж байсан юм бол?

-Дэлхийн хоёрдугаар дайны  дараа Европт  сэтгэцийн асуудалтай хүмүүсийн тоо нэмэгдсэн. Дайнд гэр бүлийн хүмүүсээ алдсанаас болж өнчрөх, хагацах, гашуудах зовлон үзсэн хүмүүс зөвхөн эмэн  эмчилгээнээс гадна эмийн бус аргаар эдгэж, өөрчлөгдөх боломжтой гэж сэтгэл зүйчид үзсэн. 

Өөрөөр хэлбэл тэдгээр хүмүүсийн дотор буй уй гашуу, зовлонг урлагийн олон төрлүүдээр илэрхийлж, асуудлаа өөрөө таньж мэдэж өөрчлөгдөж болно гэдгийг энэ үед олж мэдсэн.
Манай өнөөгийн нийгэмд нийгмийг цочроосон гэмт хэрэг  их гарч байна. Хохирогчийн  хүнд хэцүү нөхцөл байдлын тухай дахин дахин ярьж, хэвлэл мэдээллээр яригдах бүрт түүний асуудал улам сэдэрч биеийн эрүүл мэнд муудаж, улмаар сэтгэцийн эмгэгтэй болох аюултай.

Нийгэм хөгжихийн хэрээр нийгмийн асуудлууд ч мөн адармаатай болж мэргэжилтэн биднээс улам их  нарийн ур чадвар, мэдлэг, боловсролыг шаардаж байгаа юм. Тийм учраас урлагийн сэтгэл заслыг мэргэжлийн түвшинд Монгол Улсад хөгжүүлэхэд багахан ч гэсэн хувь нэмэр оруулахаар чармайн ажиллаж байна. Ингэснээр хүн амын хэсэг бүлгийн дунд ч гэсэн сэтгэцийн эрүүл мэндийн асуудлууд багасаж, урьдчилан сэргийлэх, цаашлаад эдийн засгийн хор хохирлыг ч багасгах ач холбогдолтой.

-Урлагийн сэтгэл засал гадуур зохион байгуулагддаг урлаг, соёлын арга хэмжээнээс ямар ялгаатай байдаг вэ? 

-Урлагийн сэтгэл заслын талаар хүмүүс тэр бүр мэдэхгүй. Энэ нь чөлөөт цагаа өнгөрөөх зураг зураг, дуу дуулах, бүжиглэх зэрэг  арга хэмжээ биш юм. Эдгээр нь урлагийн эцсийн бүтээгдэхүүнийг чанартай гаргах зорилго тавьж ажилладаг бол урлагийн сэтгэл засал нь тухайн хувь хүн, бүлэг, хамт олонд тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэхийн тулд тохирсон урлагийн хэрэгслийг утга учиртай ашиглаж зорилгодоо хүрэх үйл явц байдаг. 

Тийм учраас урлагийн сэтгэл заслын үйлчилгээ авах хүн заавал зураач, дуучин,бүжигчин байх шаардлагагүй. Урлагийн сэтгэл засалч мөн өөрөө мэргэжлийн урлагийн хүн байх албагүй. 

Урлагийн сэтгэл засал нь бүтээлч урлагийн хэлбэрүүдийг ашиглан хүний сэтгэл санаа, оюун ухаан, бие физиологийн сайн сайхан байдлыг нэмэгдүүлэх мэргэжлийн үйл явц юм.

Урлагийн сэтгэл засал нь хүнийг оношилдоггүй, харин дотор байгаа мэдрэмж, асуудлыг нь олон төрлийн аргуудаар ил гаргадаг.

-Таны хувьд яагаад энэ мэргэжлийг сонгох болсон бэ?

-Би нийгмийн ажилтан мэргэжилтэй, одоо 20 дахь жилдээ ажиллаж байна. Ихэвчлэн хүүхэд, гэр бүл, олон нийттэй ажилладаг. Одоогоос 6 жилийн өмнө Австрали улсад суралцаж байх хугацаандаа нийгмийн ажлын дадлага хийж, дүрвэгч хүмүүстэй ажилласан юм. Тэдгээр хүмүүс нь ихэвчлэн дайн дажинтай улсаас ирсэн учраас сэтгэл зүйн хямралтай байсан. Энэ үед Австралийн нийгмийн ажилтнууд болон арт терапистууд урлагийн сэтгэл заслыг ашиглаж байхыг харсан юм. 

Эндээс л энэ мэргэжлийн талаар мэдэж, Монголын нийгэм, сэтгэл судлалын салбарт шинэ зүйл байж болох юм гэдгийг ойлгосон. Тийм ч учраас үргэлжлүүлэн урлагийн сэтгэл заслын мэргэжлээр гурван Монгол оюутантай  хамт сурч төгсөөд эх орондоо ирсэн. 

Ингээд энэ мэргэжлийг Монголд системтэй хөгжүүлэх хэрэгтэй гэдэг үүднээс бид Урлагийн сэтгэл заслын мэргэжлийн холбоогоо нэг жилийн өмнө байгуулсан. Энэ хугацаанд бид үйл ажиллагаагаа холбогдох газруудад танилцуулж, сургалт зохион байгуулж, тус тусын үйлчилгээг хийж ажиллаж байсан. Мөн бид Америк, Канад, Австрали зэрэг олон улсын урлагийн сэтгэл заслын холбоодтой хамтарч ажиллаж байгаа. Бид удахгүй урлагийн сэтгэл заслын төвийн нээлтээ хийх гэж байгаадаа маш их баяртай байна. 

 
Гэрэл зургийг mpa.mn

-Ер нь энэ сэтгэл засалд урлагийн ямар хэрэгслүүдийг ашигладаг вэ? Жишээ нь, дуу дуулах дургүй, зураг зурж чаддаггүй хүн байж болно шүү дээ.

-Урлагийн сэтгэл засалд бүх төрлийн хэрэгслийг ашиглаж болно. Зурах, сийлбэр, баримал, коллаж хийх, дуу, шүлэг, хөгжим, ном, зохиол, бүжиг, драм, зураг гэх мэт. Мэргэжлийн хүн тухайн үйлчлүүлэгчийн асуудлыг шийдвэрлэхийн тулд тохирох урлагийн төрөл болон хэрэгслийг оновчтой ашигладаг.

Мөн дээр дурдсанчлан урлагийн сэтгэл заслын үйлчилгээ авч байгаа хүнд ямар ч урлагийн боловсрол эзэмшсэн, туршлага шаардлагагүй. Зөвхөн өөрийн асуудлаа авч ирэхэд хангалттай байдаг. 

Урлагийн сэтгэл засал нь хүнийг оношилдоггүй, харин дотор байгаа мэдрэмж, асуудлыг нь олон төрлийн аргуудаар ил гаргадаг. Нэг удаа уулзаж уйлуулж, дуулуулчхаад л хаячихдаггүй, тухайн хүний хүсэж байгаа үр дүнд хүртэл өөрийн аргачлал, техникээр зорилго тавьж ажилладаг.  

 
Гэрэл зургийг mpa.mn

-Хэр удаж байж үр дүн гардаг вэ?

-Урлагийн сэтгэл заслын үйлчилгээг үр дүнтэй зохион байгуулахын тулд 4-6, 6-12 удаа уулзалт хийдэг. Ингэхдээ ганцаарчилсан болон бүлгийн сэтгэл засал хийдэг.Мэдээж хүн бүрийн асуудал  өөр учраас зөвхөн тэр хүнд тохирсон аргачлал, техникийг  оновчтой ашиглаж үр дүн гаргана.  

-Танай мэргэжлийн онцлог гэж бий юу? 

-Мэргэжил бүр л өөр өөрийн гэсэн онцлог, үнэ цэнэтэй шүү дээ. Түүний адил урлагийн сэтгэл засалч мэргэжил ч маш өвөрмөц. Тодруулбал, энэ нь байгальд их ээлтэй мэргэжил байгаа юм.

Учир нь бид үйлчлүүлэгчийнхээ асуудлыг шийдвэрлэн ажиллахдаа хэрэглэсэн сонин, сэтгүүл, мод, чулуу, шилний хагархай, картон  гэх мэт хязгааргүй олон хэрэгслийг ашигладаг. Ингэснээр хог хаягдал гаргахгүй. Мөн хүний насан туршдаа  ашиглах эерэг зан төлөв, асуудлыг даван туулах чадварт сургадаг. Тиймээс би хүний амьдралыг  утга учиртай болгодог хамгийн үр дүнтэй мэргэжил гэж боддог. 

-Энэ чиглэлийн мэргэжилтнүүд манай улсад хэр их байна вэ?

-Монгол Улсад одоогоор сэтгэл зүйч, нийгмийн ажилтан бэлдэж буй их, дээд сургуулиуд байгаа боловч урлагийн сэтгэл засалч мэргэжлээр бэлдэж хараахан эхлээгүй байна.  
Манай байгууллага Англи, Канад, Австрали, Америк  зэрэг улсуудын Урлагийн Сэтгэл заслын холбоотой уялдаатай хамтран ажиллаж байна. Канадын олон улсын урлагийн сэтгэл заслын институттэй хамтран ажилчдынхаа мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхийн тулд сургалтад хамруулж эхэлж байна. 

-Урлагийн сэтгэл засалч хүн яг хаана ажилладаг юм бэ?

-Урлагийн сэтгэл засал нь бүх насны хүмүүст тохиромжтой, бүхий л төрлийн асуудалтай хүмүүс хандаж болдог. Тэгэхээр энэ салбарын мэргэжилтнүүд нь хүн хаана байна тэнд л ажиллаж байдаг гэж хэлж болно. Тухайлбал, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, хорих анги, цагдаагийн газарт ч ажиллаж байж болно. Эсвэл зарим мэргэжилтнүүд явуулын байдалтай ажилладаг. Бүх багаж хэрэгслээ нэг цүнхэнд хийгээд үйлчлүүлэгчийн байгаа газар очиж үйлчилнэ гэсэн үг.Бид ч гэсэн байгуулагдсанаасаа хойш жил гаруй хугацаанд хар чемоданаа бариад л ажлаа хийгээд явж байлаа. Энэ мэргэжил маань ер нь маш их юм цуглуулдаг мэргэжил л дээ.

-Урлагийн сэтгэл заслын төвийг анх удаа Монголд нээж байна. Энэ төвийнхөө талаар танилцуулаач.

-Урлагийн сэтгэл заслын төв бол бидний өөрсдийн нөөц, боломж, хүчин чармайлтаа гаргаж хийж байгаа ажлуудын нэг юм.   

Энэхүү төв нь хүмүүсийн дотоод сэтгэл, уур бухимдал, айдас, түгшүүр, стрессийг тайлах газар байх учраас бид аль болох тав тухтай, дулаахан, хүний аюулгүй байдлыг хангасан орчин бүрдүүлэхээр тохижуулсан байгаа. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Төв маань бүх насны, төрөл бүрийн асуудалтай хүмүүст нээлттэй байх болно. Бид ойрын  үед төвийн үйл ажиллагаагаа танилцуулах, сурталчлах ажлыг хийж байгаа. Мөн цөөн тооны үйлчлүүлэгчид чанартай үйлчилгээг үзүүлэхээр зорьж байна. 

Цаашид хүүхдийн хөтөлбөр, насанд хүрэгчдийн хөтөлбөр, гэр бүлийн хөтөлбөр, хосуудын хөтөлбөр гэх мэт бүх насны хүнд хөнгөн асуудалтай хүмүүст зориулсан арт терапи хөтөлбөрийг зохион байгуулна. Хөгжлийн бэрхшээлтэй, өрхийн орлогоо нэмэгдүүлэхээр хөдөлмөрлөж байгаа бүтээлч хүмүүстэй хамтран ажиллах, бүтээгдэхүүнийг нь сурталчилж, борлуулах боломж олгох ажлыг мөн төлөвлөж байна. 

Монголд энэхүү мэргэжил шинээр хөгжиж эхэлж байгаа учраас мэргэжлийнхээ талаар олон нийтэд таниулах, сурталчлах, ажлыг зохион байгуулах хэрэгцээ шаардлага байна. Ингэснээр хүн амын дунд энэ чиглэлийн нэгдсэн  ойлголт мэдлэгтэй  болж,  мэргэжлийн нэр хүнд, үнэ цэнэ нь  нэмэгдэж ирээдүйд төрөн гарах мэргэжилтнүүдийг дэмжих ач холбогдолтой юм. 

Мөн энэ дашрамд хэлэхэд бидэнтэй хамтарч ажиллах хүсэлтэй хувь хүн, албан байгууллагад байнга нээлттэй байна. Фэйсбүүк: Монголын Урлагийн Сэтгэл Заслын Мэргэжлийн Холбоо

-Ярилцсанд баярлалаа. Та бүхний цаашдын ажилд амжилт хүсье.