Зураг
Зураг
Индэр    
2018 оны 8 сарын 14
Зураг
iKon.mn сэтгүүлч

Г. Угалзцэцэг: Өдөрт ганцхан цаг хөлсөө гаргах нь л хөдөлгөөний дутагдлаас сэргийлж эрүүл амьдрах үндэс болдог

Зураг

Сүүлийн үед залуучуудын чөлөөт цагаа идэвхтэй өнгөрүүлэх болсон газруудын нэг бол фитнесс клуб. Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, эрүүл мэнд, гоо сайхандаа анхаарахад фитнесс яах аргагүй зөв сонголт.

Тиймээс бид тус спортыг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрийг бахархалтайгаар оруулж буй Бодибилдинг, фитнессийн Азийн хошой аварга, дэлхийн гурван удаагийн аварга, Олон улсын хэмжээний мастер Г.Угалзцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр саяхан "Hunnu 2222" хороололд өөрийн шинэхэн "Champ Fitness"-ээ нээсэн юм.

 -Анх яагаад фитнессээр хичээллэх болсон тухайгаа ярихгүй юу?

-Би фитнессээр хичээллээд зургаан жил болж байна. Анх олон цагаар суудаг, оффисын ажил хийдэг байсан учраас хөдөлгөөний дутагдалд орж, жин нэмэх асуудалтай тулгарсан. Тиймээс жингээ хасаж, хөдөлгөөний дутагдлаас ангижирч, эрүүл байх үүднээс фитнессээр хичээллэж эхэлсэн. 

Эхний нэг жилд өглөө бүр ажилдаа явахаас өмнө тогтмол фитнессдээ явдаг байсан. Ингээд анхныхаа тэмцээнд орсны дараа цаашдаа тамирчин болохоор шийдсэн. 

-Фитнессээр хичээллэхийн давуу тал, ач холбогдлын талаар яриач?

-Фитнесс бол эрүүл мэндийн спорт гэж хэлж болно. Бүх спортын суурь болдог. Ямар ч төрлийн хүн энэ спортоор хичээллэж болно. 

Мэдээж нэн түрүүнд хөдөлгөөний дутагдал, хэт таргалалтаас сэргийлж, эрүүл байж, өв тэгш биетэй болно. Мөн стресс тайлж, чөлөөт цагаа өнгөрүүлэх шинэ хоббитой болж, шинэ хүрээлэлд орж, шинэ найзуудтай болох гэх мэт олон ач холбогдлууд байна.

-Фитнессээр хичээллэж буй хүмүүс юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Зарим хүн фитнессээр хичээллээд л шууд гоё биетэй болчихно гэж боддог. Зарим нь зөвхөн фитнесс, аеробэкт яваад л турчихна гэж ойлгодог. Гэхдээ зөвхөн дасгал хөдөлгөөн хийснээр л тураад, сайхан биетэй болчихдоггүй. Дасгал хөдөлгөөн, фитнессийнхээ хажуугаар эрүүл, зөв хооллох ёстой гэдгийг хүмүүс ойлгож, анхаарах хэрэгтэй.

-Сүүлийн үед залуу хүмүүс фитнессээр түлхүү хичээллэдэг болсон. Гэхдээ зарим нь маш хурдан шантарч, болих тохиолдол бий. Танд ч бас тийм үе байсан уу?

-Хүн бүрт л шантрах үе бий. Магадгүй энэ нь тухайн хүн үр дүнг нь мэдэрч амжилгүй больж байгаатай холбоотой. Зарим фитнесст хүмүүс орж ирчихээд ямар дасгал, яаж хийхээ мэдэхгүй зогссоор гараад явах тохиолдол бий. Хэрэв зөв багш, дасгалжуулагчийн дор, зөв хичээллэвэл өөрийн гаргахыг хүссэн үр дүнгээ нэг сарын дотор бага ч болов мэдэрнэ. Ингэж чадвал цаашид үргэлжлүүлэх хүсэл улам их төрнө шүү дээ. 

Өөрийнх нь бие өөрчлөгдөөд ирэхээр хүн илүү дурладаг. Харин нэг сар үр дүнгүй явсан хүмүүс амархан шантарчихдаг талтай.

-Та саяхан Champ Fitness гэх өөрийн фитнесс клубээ нээсэн байна. Клубийнхээ талаар танилцуулахгүй юу?

-Манай фитнесс клуб наймдугаар сарын 1-нд нээлтээ хийсэн. Нээгдээд удаагүй ч аль хэдийнэ 100-аад гишүүд бүртгүүлээд явж эхэлсэн байна. 

Яг энэ жил ингээд фитнесс клубээ нээчихнэ гэж ерөөсөө төлөвлөөгүй байсан. Харин хувьдаа өөрийн шавь нарыг олон улсын тэмцээнд бэлдэх, медальтай тамирчид төрүүлэх мөрөөдөлтэй байсан тул тамирчдаа бэлдэж эхэлсэн. Маш богино хугацаанд манай тамирчид Ази, дэлхийн аваргаас медаль авсан. Тэмцээнд оруулсан бүх эмэгтэй тамирчид маань медаль хүртсэн. 

Тиймээс нөхөртэйгөө хамтран ирээдүйн дэлхийн аваргуудыг бэлдэх зорилго тавин, энэхүү фитнесс клубээ энэ онд багтаж нээсэндээ маш баяртай байна.

-Танай фитнесс клубийн бусдаас ялгарах давуу тал, онцлог нь юу вэ?

-Мэдээж миний өөрийн фитнесс клуб учраас би үргэлж эндээ байж, орж ирсэн хүн бүрт, нэг бүрчлэн заавар, зөвлөгөө өгдөг. Мөн бусад багш, дасгуулагчдаараа дамжуулан өөрийнхөө зүгээс мэдээллүүдийг өгдөг. 

Манай клуб нийт 19 тамирчинтай. Тэр дунд миний болон өөр туршлагатай багшийн шавь нар байгаа. Тэд энд өөрсдийн бэлтгэлээ хийхээс гадна хүмүүст заавар, зөвлөгөө өгнө. 

Орчин нөхцөлийн хувьд нэг дор 50-80 хүн хүлээж авах хүчин чадалтай. Манайх өглөө 06:00 цагт онгойдог. Эрт ажилтай хүмүүст энэ нь их таалагдаж байгаа гэсэн.

Мөн зөвхөн фитнессээс гадна би өөрийн "Хэвлийгээрээ инээмсэглэе" кардио хөтөлбөр хичээлээ явуулдаг. Йога, эрчимжүүлэн тураах анги, уран нугаралтын хичээл болон ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйл ажиллагааг анх удаа манай фитнесс клуб явуулж эхэлж байгаа.

-Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан сургалт гэхээр хүмүүст сонирхолтой санагдах байх. Энэ талаараа илүү тодруулж ярихгүй юу?

-Бид 15:00 цагаас өмнө эдгээр хүмүүст хямдралтай үнээр үйлчилж, нэг бүрчлэн хөтөлбөр гаргаж өгдөг. Зарим тулгамдсан хүмүүст үнэгүй үйлчилгээ үзүүлэх боломжтой.

-"Хэвлийгээрээ инээмсэглэе" хөтөлбөрийнхөө талаар танилцуулаач. Хэвлийн өөхлөлтийн асуудал маш түгээмэл бөгөөд хялбар салчихдаггүй. Хэвлийгээрээ турахын тулд хүмүүс юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Өнгөрсөн оны нэгдүгээр сараас би энэхүү хөтөлбөрөө явуулж эхэлсэн. Анх би өөрөө фитнессээр хичээллэж эхлэхдээ өдөр болгон, маш удаан хугацаагаар, зөвхөн хэвлийн дасгал хийдэг байсан. Тиймээс хурдан үр дүнд хүрч болохыг өөрийн туршлага дээрээс харж, хөтөлбөрөө боловсруулсан юм. 

Энэхүү хөтөлбөрийн дасгалуудаа би өөрийн болон олон улсын сонгодог хэмжээний хэвлийн хичээлүүдтэй хослуулан гаргасан. Үүнийгээ дахиад өөрийн бие дээрээ сар туршин, яаж хийвэл илүү үр дүнтэй олох талаар мэдэж авсан. 

Түүнчлэн хөтөлбөрийг хоолны зөвлөгөөтэй хавсаргана. Ингэхдээ хоолны дэглэм биш, эрүүл хооллолтын зөвлөгөөг өгдөг. Зөвхөн дасгал хийгээд л гоё болно гэж байхгүй. 

Хөтөлбөр эхлээд жил хагасын хугацаа өнгөрөхөд давхардсан тоогоор 350 гаруй хүн хамрагдсан байна. Гол зорилго нь хурдан хугацаанд, булчингаа алдахгүйгээр хэвлийгээрээ турж, нарийсаж, галбиржих. Ихэнх хүмүүс зорилгодоо хүрдэг. Мөн богино хугацаанд хурдан жин хасах нь гол биш, турчихаад эргэж таргалахгүй, жингээ барих тал дээр нь бид илүү анхаардаг. Ер нь их үр дүнтэй байгаа.

-Фитнесс, аэробэк, йога зэргээр давхар хичээллэвэл илүү хурдан жин хасаж, сайхан болно гэсэн ойлголт бий. Энэ нь хэр үр дүнтэй вэ?

-Давхар хичээллэж болно. Гэхдээ угсруулаад л нэг дор бүгдийг нь хийгээд байвал их ядарна. Сайхан биетэй болохоосоо илүүтэй ядаргаанд орох талтай. Ядарснаар хүний жин хасагдахгүй, стресст орно. Хоол, амралт, дасгалыг цогцоор нь зөв хийж байж сайхан биетэй, эрүүл байх боломжтой.

Тиймээс өглөө фитнессдээ яваад, орой нь йогад явах зэргээр зохицуулах хэрэгтэй. Нэг дор их хийснээр гоё болно гэж байхгүй.

-Таны хувьд эрүүл хооллолт гэж юу вэ?

-Манайхан жин хасна гэхээрээ хоолоо хэт сойж, мацаг барьж, цагаан хоолтон болох болж. Эсвэл хоолны маш хатуу дэглэм барьж эхэлдэг. Мэдээж хоол бага идвэл жин хасагдана. Гэхдээ энэ нь жин хасах биш, булчингаа алдаж байгаа гэсэн үг. Эргээд хоолоо идээд эхэлбэл эргээд л нэмчихнэ шүү дээ. 

Тийм учраас заавал фитнесст явж байгаа хүн гэлтгүй бүгд л эрүүл, зөв хооллож сурах хэрэгтэй байна. Өглөө, өдөр, оройн хоолоо зөв зохицуулж, юу идэх ёстойгоо мэдэх хэрэгтэй. Тэгвэл заавал дасгал хөдөлгөөн гэлтгүй, хоолоороо жингээ барих боломжтой.

-Фитнессээр нэг хичээллэж эхэлсэн л бол тасралтгүй хичээллэх хэрэгтэй юу?

-Цаг заваасаа шалтгаалаад янз бүр байж болно. Гэхдээ мэдээж нэг сар явчихаад болиод, дахиж сарын дараа явбал үр дүн муутай байна. Тиймээс дасгал хөдөлгөөнийг зүгээр л амьдралынхаа хэвшил болгох хэрэгтэй. Өдөрт ганцхан цаг хөлсөө гаргачихад л хөдөлгөөний дутагдлаас сэргийлж, эрүүл амьдрах үндэс суурь болж өгдөг. 

Түүнчлэн фитнесст явж, заавал тамирчин болох албагүй. Хамгийн гол нь бие, эрүүл мэнд, гоо сайхандаа анхаарч буй хэрэг юм.

-Таны хувьд гурван удаа дэлхийн аварга болсон. Цаашид ямар зорилго тавьсан байгаа вэ?

-Би 2018 онд Mr.Olymp тэмцээнд оролцож, хүрэл медаль авсан. Цаашид ч мэргэжлийн хэмжээний тэмцээнүүддээ оролцсоор байна. Мөн өөрийн шавь нараа тэмцээнд бэлдэж, олон улсын чанартай тэмцээнүүдэд оролцуулж, аль болох олон медаль авчрахыг л хичээнэ. 

Фитнесс бол хэзээ ч зодог тайлдаггүй спорт гэж хэлж болно. Бусад төрлийн спортын тамирчид зодог тайлсныхаа дараа фитнессийн спорт руу орж ирдэг. Тиймээс би зодог тайлахгүй, насаараа энэ спортоороо хичээллэнэ гэж боддог.

-Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.