Индэр    
2018 оны 8 сарын 13
Зураг
Medical Doctor | Youth activist (United Nations) |Youth Scholar | International Development

Сантьягод тэгш байдал бус тэгш боломж хэрэгтэй

Зураг

Салхинд өнгө нь гандаж хуучирсан хүрэм нөмрөн , бүрх малгайгаа духруугаа далийлган тавьсан хорь орчим л настай болов уу гэмээр хүү гартаа хонины шилбүүр барьж хаа нэг хонин дундуураа тас няс хийлгэнэ. Хоньчин хүү ном унших дуртай ч заримдаа номноосоо илүү дөрвөн улирлыг хамт туулдаг хонинуудаасаа суралцана. Энэ бол Пауло Коэльогийн алдарт зохиол Алхимич номын гол баатар Сантьяго. Өөрийн хүсэл мөрөөдөл, зөн билэг, зүүдэндээ итгэн хоньчноос Египетийн Пирамидын тэнд байгаа эсэх нь үл мэдэгдэх нуугдсан эрдэнэсийн хайгуулчин болно. Адал явдал өрнүүлж, амьдралыг, тэр дундаа өөрийгөө ойлгож эрсэн зүйлээ олдог.

Сантьяго бол хүсэл мөрөөдлөөрөө жигүүр хийгч эгэл залуусын байж болох нэгэн хувилбар. Ялгаа гэвэл зарим хоньчин эрдэнэс олох хүсэлтэй байхад, зарим эрдэнэстэй хүмүүс хоньчин болох хүсэлтэй байдагт л байгаа юм. Гэхдээ хэсэг нь тэмээчин болох нь ч бий. Хүн бүрийн хүсэл мөрөөдөл, боломж харилцан адилгүй. Хүмүүсийн ялгаатай байдлыг мэдэрч түүнд зориулсан боломжийг хуваарилах, үйлчилгээг санал болгох нь хүн бүрийг амжилттай, аз жаргалтай амьдруулахад чухал. Бүгдээрээ хоёр нэр томьёо ярилцъя. Тэгш байдал (equality) Тэгш боломж (equity). Тэгш байдал нь хүмүүст эрүүл, аюулгүй амьдрах, хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд нь яг адил зүйлээр хангах.

Тэгш боломж нь хүмүүст эрүүл, аюулгүй амьдрах, хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд юу хэрэгтэйг ойлгох, түүгээр нь хангах. Хүүхдийн мөнгийг хэрэгцээтэй хэсэгт л олгож байгаа нь өөрөө тэгш боломж юм. Бид тэгш дийлэнхээрээ тэгш байж үзсэн. Тэгш байдлаас уйдаад ардчиллын хонх жингэнэсэн, түүнээс хойш одоог хүртэл таг чиг байна, магадгүй зэвэрсэн байх. Нийгэмд сөрөг нөлөө ихтэй эдийн засгийн тэгш бус байдлыг орлогын (income inequality) болон баялгийн (wealth inequality) гэж авч үзэж болно.

Дэлхийн нийт баялгийн хэмжээ 260 триллион доллар бол үүний 67% нь нийт хүн амын дөнгөж 20% ийг бүрдүүлэгч Америк, Европ тивд хуримтлагдсан байдаг. Өнөөдөр Монголд үүсээд буй баялгийн тэгш бус байдал нь ардчиллын жилүүдэд өрнөсөн өмч хувьчлалтай ч бас холбоотой. Эндээс баялгийн тэгш бус байдал эхлэлтэй гэж болно.Зарим нь компанийн захирал болж хэдэн хэдэн үйлдвэртэй болж байхад, зарим нь ягаан тасалбараа тэврээд яг байдгаараа хоцорч байв.

Тэгш бус байдлыг тодорхойлох нэг үзүүлэлт бол Палма индекс. Палма индексийг орлогын орлогын төвшин дэх хамгийн өндөр орлоготой хүмүүсийн 10%-ийг хамгийн бага орлоготой хүмүүсийн 40%-тай харьцуулан тооцно. Монголд энэ индекс 1.6 буюу өндөр орлоготой хүмүүсийн 10% нь бага орлоготой хүмүүсийн 40%-аас 1.6 дахин  их орлоготойг харуулж байна. 
 
ОРЛОГЫН ЯЛГААТАЙ БАЙДАЛ НЬ БОЛОВСРОЛ БОЛОН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЭГШ БУС БАЙДЛЫГ ҮҮСГЭДЭГ   

 
Дэлхийн орлого хэрхэн хуваагддаг вэ? Өнөөдрийн дэлхийн орлого 1 сая  төгрөг гэж бодъё. Энэхүү орлогоо баянаас ядуу хүртэл 20%-иар ангилсан 5 бүлэгт хуваая. Тэгвэл хамгийн эхний тэргүүн баян 20% - 830,000₮, хоёрдугаар 20% - 100,000₮, 3 дугаар бүлэг  буюу алтан дундаж бүлэг 40,000₮, 4-р бүлэг 20,000₮, харин хамгийн сүүлийн нэн ядуу 20% - 10,000₮ хүртэнэ. Эдийн засгийн өсөлт, хөгжлийн үр шимээр хүн бүрийн л орлого нэмэгдэж байгаа.

Харин зарим хэсгийн орлого таны орлогоос хэд дахин илүү байгааг анзаарах хэрэгтэй. Өрхийн хувьд хангалттай хэмжээний орлоготой бол хүүхдээ хувийн сургуульд сургах, англи хэлний дамжаанд явуулах, эрүүл мэндийг үйлчилгээг чанартай хувийн эмнэлгээс авах зэрэг сонголтыг хийнэ. Харин өрхийн орлого тийм биш бол, өөрт олдсон эмнэлэгтээ үзүүлж, сургуульдаа сурна. Хувь хүний хичээл зүтгэл ажилтанд нөлөөлөх ч эрүүл саруул, өндөр боловсролтой хүмүүсийн эзлэх хувь амжилттай хүмүүсийн дунд илүү байх бизээ. АНУ-д эцэг эхийн орлого 150,000$ болон түүнээс дээш бол хүүхдүүд нь эцэг эхийнхээ олж буй нэг доллар бүрд 0.33 доллар илүү олдог гэсэн судалгаа байдаг. 
 
2018 оны 5-р сарын байдлаар Монгол улсын нийт өрхийн 56.7% нь сарын 900,000₮-с доош төгрөгийн орлоготой. Хүнсний бүтээгдэхүүндээ дунджаар 20 гаруй хувийг зарцуулдаг. Орчин үед англи хэл гадаадад сурах, ажилд орох, мэдээлэл авах хамгийн эхний шалгуур болсон. Харин англи хэлний IELTS шалгалтад бэлтгэх сургалтын төлбөр 250,000- 1,200,000₮. Хэдэн хувь нь хүүхдээ нэмэлт дамжаа, сургалтад явуулах бол? Хэдэн хувь нь энэ хэмжээний төлбөрийг төлж чадах вэ? Зөвхөн англи хэлний мэдлэг дутмагаар жишээ авъя. Англи хэлгүй бол мэдээлэл авч чадахгүй. Мэдээлэл бол 21-р зуунд боломж. Боломжийг уншиж мэдэж чадахгүй тул боломжийг алдана. Англи хэлтэй бол хүссэн сургуулийн мэдээллээ өөрөө уншаад, судлаад, материалаа явуулаад тэнцэж чадна. Харин англи хэлний мэдлэг дутмаг, мэдээлэл хомс хэсэг нь нь нөгөө борооны дараах мөөг шиг гадаадад суралцуулах, зуучлах төвүүдэд хандана. Тэнд олсон хэдэн төгрөгөө дахиад шулуулна. Эдгээр байгууллагууд бол мэдээлэл дээр тоглолт хийж л мөнгө олдог. 
 
Залуус бол ирээдүй гэж ярьдаг, лоозонддог. Залуус бол өнөөдөр бас маргааш юм. Өнөөдөр анхаарал тавилгүйгээр маргаашийн  ирээдүй гайхалтай, нүд сохлом гэрэлтэж байна хэмээн суух нь угаасаа логикгүй. Маргааш ярих асуудал тусдаа, хүн амын насжилтын тухай яригдана. Тиймээс ирээдүйгээ гэвэл одоо, өнөөдөр чухал. Монгол улсын хүн амын 37.5 хувийг 15-34 насныхан, 64.1%-ийг 35-с аас доош насныхан эзэлж байна. Монгол улс залуусын орон. Яг энэ үед л залууст хөгжих дэвжих боломжийг бүрдүүлж орлого, нийгмийн байдлыг нь харгалзан тэгш боломж олгох нь нэн тэргүүний асуудал юм. Ажилтанд хүрэх нь хувь хүний хичээл зүтгэлээс хамаарах ч системийн алдааны улмаас боломжоор хязгаарлагдсан байгаа Сантьягонуудад анхаарал хандуулах хэрэгтэй. Тэгш боломжгүйгээр тэгш байдал хэзээ ч цогцлохгүй.

Хүсэл мөрөөдөлтэй, хичээл зүтгэлтэй залуус сорилго дүүрэн залуу нийгмийн золиос болох учиргүй билээ.