Зураг
Зураг
Индэр    
2018 оны 7 сарын 24
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий эрхлэгч.

Х.Хоснаран: Зарим хүнээс “Харин та нар Чингисээ яаж байгаа юм бэ” гэж асуумаар байдаг

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

“Боргио” барьж, янжуур салаавчилсан, нүдний шилтэй “танхай” Чингис хаан, дуучин Укагийн өвөрмөц донж, магнитафон мөрөн дээрээ барьсан монгол баатар, нум, сум агссан монгол эмэгтэйн зургаар нь Heesco хэмээх уран бүтээлчийг монголчууд таних болсон.

Street art буюу гудамжны урлаг өндөр хөгжсөн, өрсөлдөөн ихтэй Австрали улсад авьяас чадвараараа толгой цохиж, эх орныхоо нэрийг гаргаж, Монголдоо мөн энэ урсгалын хөгжлийг түүчээлэн түгээж буй Хиско буюу Х.Хоснаранг Монгол ирээд буй богино хугацаанд нь амжин ярилцлаа. 

Тэрбээр зун бүр эх орондоо ирэхийг хичээдэг бөгөөд зүгээр ч нэг амраад буцчихдаггүй. Мэргэжил нэгт дүү нартайгаа нэг ч гэсэн зургаар Улаанбаатар хотод чимэг нэмж, туршлага хуваалцахыг эрхэмлэдэг байна. Энэ жилийн хувьд Хиско Play time наадамд өнгө нэмж, Нарны зам дагуух Regency Residence хотхоны үүдийг чимсэн бол дөнгөж өчигдөр Шангри Ла бизнес цамхагт байрлах Австралийн ЭСЯ-ны байрны ханан дээрх уран бүтээлээ дуусгаад байна. Хиског уг бүтээл дээрээ эд ажиллаж байхад нь Шангри-Ла молл дахь Ruby Room-д хэсэг саатуулж, хэдэм хором ярилцсанаа хүргэж байна. Тэрбээр өнгөрсөн зун ирэхдээ Ruby Room-ийн ханан дээрх эл зургийг зуржээ.

 
Гэрэл зургийг MPA.mn

Анхны үзэсэлэнгээ усан будаг, гуашаар зурсан есөн зурагтайгаар Сиднейд гаргаж байв

- Удахгүй Австрали буцах гэж байгаа гэж дуулсан. Энэ зун уран бүтээлийн олз омог ихтэй байв уу?

- Энэ жил хоёр зураг зурсан. Яг одоо Австралийн ЭСЯ-ны иргэд хүлээн авдаг өрөөний хонгилыг чимэглэж байгаа. Мөн энэ сарын 26-нд Club coworking-д өнгөрсөн зун австрали найзтайгаа ирж хийсэн баримтат кино болон видеонуудаа үзүүлэхээр төлөвлөж байна. 

- Юуны тухай баримтат кино вэ? 

- Би Монголдоо ирээд ургийн баяртаа оролцож байгаа тухай. Дундуур нь “Monalun” брэндийн зохион бүтээгч Б.Номунгэрэл, “Лантуун дохио”-гийн Ч.Ганжавхлан, "Ger Hub" ТББ-ын үүсгэн байгуулагч Г.Бадруун нараас гадна багшаар ажиллаж байгаад тэмээчин болсон, өөрөө англи хэл сурсан мундаг өвөө гээд сонирхолтой хүмүүстэй ярилцсан бичлэг бий. 

Гол нь миний мэддэг Монголыг богино хугацаанд танилцуулж, морь малаар манай орныг төсөөлдөг хүмүүст ойлголт өгөх зорилгоор хийсэн. 

Кевин Флоурис гээд Австралид рекламны видео хийдэг найруулагч найз маань намайг Монгол явбал хамт явж, бичлэгийг чинь хийж өгье гээд санал тавьж байсан юм. Тэгээд өнгөрсөн зун бид хоёр хамт ирж, баримтат кино хийсэн. 

- Та яаж Австралид сурахаар болсон бэ. 1990-ээд оны сүүл бол монгол залуус гадагшаа сурахаар явж эхэлж байсан л үе болов уу?

- Би 1997 онд дунд сургуулиа төгсөөд МУИС-ийн Олон улсын харилцааны сургуульд жил хагас суралцаад 1999 онд Австрали явсан. Анх Австралид очоод урлагаар биш, олон улсын бизнесийн ахисан түвшний диплом олгох хоёр жилийн курст сурсан. Залгуулаад Сиднейн их сургуулийн Урлагийн сургуульд контенпорари арт, уран зураг, хэвлэлийн чиглэлээр сурч 2005 онд төгссөн. 

- Контенпорари арт чиглэлээр төгссөн хэрнээ өнөөдөр та стрийт арт чиглэлээр бүтээл туурвидаг уран бүтээлч болсон байна. Тэр чиглэлээрээ явах сонирхол байгаагүй юу? 

- Контенпорари арт буюу галерейн урлагаар явах амаргүй. Зүгээр л чадвараараа явчихдаг зүйл биш. Эцэст нь зарахын төлөө л уран бүтээл хийдэг болох юм шиг санагдсан. Энэ бол миний хувьд утгагүй зүйл.  

Шүршдэг будгийг ханандаа хүргэхгүйгээр зайнаас шүршдэг тул бараг л бүжиг шиг

- Тэгээд л одоогийн уран бүтээл рүүгээ шууд орчихсон хэрэг үү? 

- Би багадаа комикс их уншдаг байсан. Түүндээ хөтлөгдөөд комикс зурдаг хүн болохыг хүсэх болсон. Үүний тулд зөвхөн гол баатрыг бус, арынх нь байшин барилга, халбага сэрээнээс авахуулаад бүгдийг зурах ёстой юм байна гэдгийг ойлгож, зурганд улам хорхойссон. Мэргэжлийн зураач болохын тулд юу л бол юуг зурж чаддаг болох ёстой гэдэг шалгуурыг өөртөө тавьсан. 

Гэтэл явж явж зургийн арга барил заадаггүй их сургуульд сурчихсан. Зурах дуртай байсан учраас үндсэн техникээ ашиглаад бусад зүйлийг өөрөө сурсан даа. Ялангуяа, шүршдэг будгийг мэддэг ч үгүй байсан. Гудамжны урлаг гарч ирэх үед л анзаарч, өвөрмөц маягаар, чөлөөтэй уран бүтээлээ хийж болох, яг надад таарсан урсгал байна гэж бодсон.

Мөн гудамжны урлагийг энгийн хэн ч байсан, өдөр бүр, мөнгө төлөхгүйгээр харж болдог. Энэ нь аль болох олон хүнд уран бүтээлээ хүргэх ёстой гэсэн миний үзэлтэй нийцсэн. Зураг өөрөө өөрийгөө хүмүүст тайлбарлаж, ойлгуулж чадаж байвал тэрийг чанартай уран бүтээл гэж нэрлэнэ. Гудамжны урлаг энэ боломжийг олгодог. 

- Та Австралид зургаан удаа үзэсгэлэнгээ гаргасан байсан. Үзэсгэлэн гаргах, тэр тусмаа гаднын оронд үзэсгэлэнгээ гаргаж, хүмүүсийн таашаалд хүргэнэ гэдэг уран бүтээлч хүний хувьд том амжилт гэж бодож байна. Анхны үзэсгэлэнгүүдээ ямар төрлийн бүтээлүүдээр гаргаж байсан бэ? 

- Анхны үзэсэлэнгээ усан будаг, гуашаар зурсан есөн зурагтайгаар Сиднейд гаргаж байсан. Зураг дээр би дотуур өмдтэйгөө модноос дүүжлэгдэж байгаагаар хэд хэдэн янзаар зурсан. Нэр нь “Six feet over”. Англиар “Six feet under” гэдэг нь оршуулах буюу нас барсан хүнийг газарт тийм хэмжээний гүн нүхэнд оршоох утгыг илэрхийлдэг. Харин over буюу газраас дээш гэсэн санааг би гаргасан. Хүмүүс янз янзаар л тайлбарласан. Ер нь бол миний оюутан байсан үе, урлагаасаа чүү ай зүүгдэж байгаа санаа юм. 

Хоёр жилийн дараа дан хар, цагаан зургаар дахиад нэг үзэсгэлэн гаргасан. Би их сургууль төгстлөө голдуу хар, цагаанаар, бэх, харандаа, үзэг, балаар зурдаг байсан. Үүндээ ч их дуртай байсан болохоор үзэсгэлэн гаргая гээд маш олон зүйл хийсэн.  

Хар, цагаанаар гараа гэмттэл зурсан

- Хар, цагаанаар зурах нь гудамжны ханан дээр зурахаас илүү хэцүү байх, тийм үү? 

- Хар, цагаанаар зурахад сrosshatching буюу солбилцсон нарийн зураасаар зурдаг болохоор маш их цаг авдаг. Би ч бараг л донтчихсон байсан. Бүр гараа гэмттэл зурсан. Булчинг нэг чигт нь бариад байхаар чангараад хатуурдаг. Гэтэл тийм болсон булчингаа суллахгүйгээр, хатуу чигт нь нааш цааш татаад байхаар ястайгаа холбогдсон мяндсан утас шиг зөөлөн эдүүд нь тасарч эхэлдэг юм билээ. Тэгээд ирэхээр яах ч аргагүй маш их өвдөж, сүүлдээ шүдээ ч угааж чадахгүйд хүрсэн. Зовиуртай байсан болохоор зүүн гараа ашиглаж эхэлсэн. Гэтэл зүүн гар яг ижилхэн өвдсөн. Хүний бие чинь өөрийгөө хуулбарладаг, их сонин юм билээ. Эцэст нь эмчилгээнд явж, төлжүүлэх тариа хийлгээд, хоёр гарынхаа бугалга орчимд ачааллыг нь тохойноос холдуулах зориулалттай резинэн бүс бараг бүтэн жил зүүсэн. Тэрнээс болоод хар, цагаанаар зурахаа багасгасан. 

Харин ханан дээр томоор зурна гэдэг чинь бүх биеийн хөдөлгөөн шаарддаг. Тохой, бугалга гэхээсээ илүү мөрний хөдөлгөөн ихтэй. Дээр нь, шүршдэг будгаар зурахдаа ханандаа хүрэхгүйгээр зайнаас шүршинэ. Бараг л бүжиг шиг.

Би өөдөөс нь хараад  “Харин та нар Чингисээ яаж байгаа юм бэ” гэж асуумаар байдаг

 
Гэрэл зургийг MPA.mn

- Таны бүтээлүүдийг харахад монгол агуулга их байдаг. Та аль болох үндэсний сэдвээр уран бүтээл хийхийг хичээдэг үү? 

- Заавал монгол агуулга хийх гээд зүтгээд байдаггүй. Угаасаа монгол хүн болохоор сэдэв нь цаанаасаа ургаад гараад ирдэг. Монгол сэдэвтэй зургийг хүмүүс яах аргагүй их асуудаг. 

Зураг зурдаг хүний хувьд хүмүүст бага багаар мэдлэг түгээж, соёлоо бас таниулахыг зорьдог. Жишээ нь, бөө л гэхэд нүүрээ цацгаар халхалсан, өд сөд болсон, олон төрлийн өнгөтэй, зурахад их сонирхолтой. Барууныхан мэдэхгүй болохоороо хэнгэргийг нь бамбайтай андуурч, “Энэ ямар дайчин бэ, сэлэм нь хаана байна” гэж хүртэл асуудаг. Тэр болгонд нь тайлбарлаж, бага ч гэсэн ойлголт өгөхийг хичээдэг. 

 
 

- Таны зургуудаас Чингис хааны зураг хамгийн их анхаарал татсан. Яагаад тийм дүр бүтээх болсныг тань яриулахгүй бол болохгүй байх? Бас Укаг Австралид зурах болсон нь сонирхол татсан. 

- Чингис хааныг гурван жилийн өмнө зураад хэл аманд орсон (инээв). Угаасаа ёгтолж зурсан л даа. Төрийн ордны өмнө суудаг Чингис хааныг билэг танхай, нарны шилтэй, алтан гинж зүүчихсэн, гартаа бүдүүн навчин тамхи, нөгөө гартаа шар айраг барьснаар зурсан. Хүмүүс хараад “Хүүе ээ, Чингисээ яаж байгаа юм бэ?” гэж их асуусан. Би өөдөөс нь “Харин Чингисээ яаж байгаа юм бэ” гэж асуумаар байдаг. 

Монголд Чингис гэдэг хэчнээн ч компани, бүтээгдэхүүн байдаг юм. Архи нь ч Чингис, онгоцны буудал нь ч Чингис, сүүлдээ төв талбайгаа хүртэл Чингис болгосон. Бидний үед Чингис гэж бараг ярьдаг ч үгүй байсан. Ямар чухал хүн гэдгийг яс, махандаа хүртэл мэдэрдэг, ухаардаг байсан байхгүй юу. Одоо бол материаллаг юм болгоныг "Чингис" гэж нэрлэж, олон давтсаар байгаад хэн ч тоохоо больж байна. “Өнөөх Чингисээ л ярьж байна уу” гэх маягтай. Ингэж үнэ цэнийг нь алдуулаад байгааг ёгтолсон юм. Одоо тэр зураг байхгүй болсон. 

 

Укаг Мельбурндээ хамгийн анхны графитти артуудын нэг, 50 гаруй настай Дьюүк гээд уран бүтээлчтэй хамтарч зурсан. Мельбурнийн Хөзьер Лэйн гээд стрийт арт зурах зөвшөөрөлтэй, жуулчдыг татдаг гудамж байдаг. Тэндхийн “Movida” ресторан жил бүр холбоо барьж, надаар зураг зуруулдаг. Гэхдээ сэдвээ би өөрөө сонгодог.

Тэр үед эртний баатрыг хип хоп элемент оруулаад, магнетафон бариулж, Кэня Уэстийн судалтай шил зүүлгэж, алтан гинжтэй зүүлгэх зэргээр бүтээлүүд хийсэн байсан. Графитти бол хип хоп урсгалтай салахгүй хамт явдаг. Тэр дунд нь би монгол агуулга шингээж, нэлээд хэдэн зураг зурсан. Монгол сэдвээр зураад эхэлсэн байсан яг тэр үед Ука шинэ гаргасан цомгийнхоо нүүрэн дээр эртний өмсгөлтэй, час улаанаар уруулаа будчихсан, хурдны машин дотор суусан байсан. Тэр нь миний бүтээлтэй санаа ижил байсан тул зурсан. 

 

- Хөдөлмөрөө шингээж, бодож тунгааж ханан дээр зурсан бүтээл тань нэг л өдөр байхгүй болчихоор хайран санагддаг уу. Ямар мэдрэмж төрдөг вэ? 

- Ер нь ханан дээрх бүтээл гэдэг үүрд мөнхийн зүйл биш. Хэзээ нэгэн цагт алга болдог. Тэр хувь тавилантайгаа эртнээс эвлэрсэн. Угаасаа графитти урлаг бол “Зураад л зургийг нь ав. Тэгээд л болоо” гэсэн зарчимтай. Тэр зурган дээр хэзээ нэгэн цагт өөр хүн дараад зурж болно. Харин таны зурсан зураг удаад байвал хүндлэл хүлээж буйн илрэл болдог. Яг л байгалийн шалгарал шиг. 

Тийм ч учраас ханан дээр зурахдаа илүү чөлөөтэй, зоригтой байж чаддаг. Сэтгэлгээний хувьд ч илүү нээлттэй ханддагаараа давуу талтай. 

 

Бас нэг давуу тал нь ханын бүтээл тухайн орчныг болон хүмүүсийн сэтгэлгээг өөрчилж чаддаг. Жишээ нь, Regency Residence-ийн гадна зураг зурсан газар нь машины зогсоолын дэргэдэх цахилгааны шийт байрладаг жижигхэн цулгуй хоосон ханатай барилга байсан. Ард нь хог хаях цэгтэй. Тэнд надаас гадна стрийт арт зурдаг дүү нар бас бусад ханыг нь ирж зурснаар тэр жижиг байшин тэр чигтээ гоё тод өнгөтэй болсон. Дагаад орчин нь тэр чигээрээ өөр болж, хүн болгон орж, гарахдаа хардаг, зарим хүн зорьж ирж үздэг болж байгаа юм. Нийслэлийн зарим нэг хэсгийг хөгжүүлье гэвэл гоё гоё зураг зурчихад л хүмүүс үзэх гэж очно, жуулчдыг татна, тэнд нь кофе шоп, ресторан нээгдэнэ. Том хотууд тэгж хөгждөг.

Хүмүүсийг ядаж амны хаалт зүүж, уушгиа хамгаалаасай гэж бодож Улаанбаатарын утааг Мельбурнд зурсан

 
Гэрэл зургийг MPA.mn

- Улаанбаатар хотын утааны гамшгийг Heesco Мельбурнд зурсан тухай мэдээлэл олон хүний сонирхлыг татсан. Утаа Улаанбаатар хотын үнэхээр том бэрхшээл болоод буй. Та ч бас энэ асуудалд анхаарал хандуулахыг хүсэж буйгаа ярьсан байсан. 

-Тэр санааг “Лантуун Дохио”-гийн Азаа гээд Нью-Йоркт ажиллаж амьдардаг гишүүн гаргасан. Бид Нью-Йоркт танилцаад, агаарын бохирдлын талаар зураг хийхээр хөөцөлдөж, ханаа олоод, зургаа бэлдсэн байтал хана нь бүтэхээ больж, миний буцах цаг болчихсон. 

Мельбурнд надад хана чөлөөтэй олддог тул буцаж ирээд зургаа зурсан. Гол нь зураг зурах үеийн бичлэгээ олон нийтийн сүлжээгээр дамжуулж олон хүнд хүргэхийг зорьсон. Би Улаанбаатарын утаанд эмзэглэж явдаг. Ялангуяа, хүүхдүүдийн өмнөөс. Манай эхнэр, охин хоёр Монголд нэг жил ажиллаж, амьдарсан. Тэгсэн манай охин хатгаа тусаад, өвөлжин эмнэлгээр яваад, маш хүнд байсан. Утаанаас болж хүүхдүүд л хамгийн ихээр хохирч байна. Тиймээс ядаж амны хаалт зүүж, уушгиа хамгаалаасай гэж бодож тэр зургийг зурсан. 

- Та Монголдоо бүр ирэх тухай бодож байсан уу? 

- Ирье гэхээр энд урлагаараа ажиллаад ар гэрээ авч явж чадах уу гэдэг нь асуудал. Би мөнгө хийх гэж зурдаггүй болохоор энэ их хэцүү. Хэрэв мөнгө хийх дээрээ тулбал будгийн олдоц,  хүмүүсийн төлбөрийн чадвар гээд асуудлууд гарна. Мөн давхар өөр ажил хийх хэрэгтэй болно. 

Харин нөгөө талд, Австралид надаас өөр ханан дээр зураад явсан монгол хүн байхгүй. Тиймээс шинэ зүйл сурч, Монголдоо ойр ойрхон ирж, тэр туршлагаа авчирч байгаа минь энэ урлагийн хөгжилд оруулж буй бага ч болов хувь нэмэр болов уу. Би ингэж явахгүй бол өөр хэн ингэж явах билээ гэж боддог. 

Хүн дуртай юмаа хийхгүй бол стресс нэмэгдэж, сэтгэл ханамж байхгүй болохоор амьдралын аз жаргал үгүй болдог болов уу. Би зурах, тэр тусмаа шүршдэг будгаар ханан дээр зурах үнэхээр дуртай. Үүнийгээ хийгээд ар гэрээ авч явж байгаа нь том аз жаргал. Миний туйлын зорилго энэ л байсан.  

- Стрийт артын чиглэлээр өндөр хөгжсөн гаднын тэр олон уран бүтээлч дундаас ялгарч байгаа тань бахархалтай. Зургийнхаа ур хийц, агуулга, өвөрмөц байдлыг та хэрхэн бүрдүүлдэг вэ?

- Ер нь амаргүй. Гэхдээ туршлага гол. 2010 оноос хойш ойролцоогоор долоо хоног бүр алгасахгүй зурсан гээд бодохоор олон ханан дээр зурсан байгаа юм. Аливаа зүйлийг 10,000 цаг хийвэл тэрэндээ мэргэшдэг гэдэг. Тэгэхээр найман жил ажилласан би мэргэшихгүй бол болохгүй байх (инээв). Мельбурн урлагийг дэмжих тэр талаараа хамаг нөхцөл нь бүрэлдсэн хот. Зурах хана нь чөлөөтэй. Хүмүүс нь ойлгож, захиалж байдаг. 

Маш мундаг чадвартай залуус олон. Тэдэнтэй өрсөлдөхийн тулд чадвартай л байх хэрэгтэй. Заримдаа доор нь орохгүй гэсэн монгол зан гардаг л даа. Түүнд л хурцлагдаж явдаг. Тэгээгүй бол би өдий зэрэгт хүрэхгүй байсан. 

Скэйт боордоор гулгадаг хүмүүсийн дунд “Mongo push” гэж нэр томъёо хүртэл байдаг. Мангар хүн шиг түлхэх гэсэн санаатай

- Таны зургууд “Монго Хасл” гэсэн тамгатай байдаг юм билээ. Энэ үгийн утга учрыг тайлбарлахгүй юу? 

- Монго гэдэг нь англиар Монголойд гэдэг үгийн товчлол. Мангар тэнэг гэсэн утгатай. Дауны синдром өвчтэй хүмүүсийг бас Монголойд гэж нэрлэдэг дээ. Нэг ёсондоо монгол шиг харагдаж байна гэсэн утга. Муухай байхгүй юу. 

Тийм учраас Монголойд гэдэг үгийн тэр муухай ойлголтыг өөрчлөхийн тулд би бүтээлүүдээ “Mongo Hustle” гэж тамгалсан. Хасл гэдэг нь юмханаар юм хийдэг, аливаа зүйлийн төлөө зүтгэж чадах чанарыг илэрхийлдэг. 

 

Монголойд бол XIX зууны ялгаварлах үзлээс үүдсэн, хоцрогдсон нэршил. Скэйт боордоор гулгадаг хүмүүсийн дунд “Mongo push” гэж нэр томъёо хүртэл байдаг. Тэр нь солгой хөлийн түлхэлт юм. Мангар хүн шиг түлхэх гэсэн санаатай. Түүнийг нь шүүмжилж би Монго-гоор түлхэж байгаа монгол баатрыг нум сумтай нь, “Монго хасл” гэж бичээд зурсан. Дотроос бачимдуулдаг байхгүй юу. Надаас өөр хүн бол өөрийгөө “Монго” гэж хэлж чадахгүй байх. Би энэ үгийг өөрийн болгож, өөр ойлголт төрүүлдэг болгохыг хүсдэг.

- Нэрлэдэг гэснээс таны нэр их содон юм. Өмнө нь Хоснаран гэдэг нэр огт дуулж байгаагүй юм байна. Нэрнийхээ тухай ярихгүй юу?

- Би хүртэл амьдралдаа өөртэйгөө ижил нэртэй хүнтэй нэг ч таарч байгаагүй(инээв). Өглөөний нар маш том улаанаар мандахад би уйлаад л төрсөн гэсэн. Тэгээд аав маань Хоснаран гэж нэрлэсэн гэсэн. Манай эгчийг Хосбаяр гэдэг. Тэгээд намайг ялгахын тулд Хооско гэдэг байж байгаад сүүлдээ Хиско болсон. Манайхан бүгдээрээ намайг Хиско гэдэг. 

Австралийн ЭСЯ-ны байранд хийсэн ханын зураг:

Бусад үрэн бүтээлээс: